Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/шш2022/0537

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэйхийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ж***” ХХК /РД:20*****/

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын хоорондын “Дуудлага худалдаа зохион байгуулах” шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж***” ХХК-иас Нийслэлийн Татварын газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн Татварын газрын Дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/01 дүгээр шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22/03 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 953 дугаар шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ж***” ХХК-иас 3.566.149.600 төгрөг /гурван тэрбум таван зуун жаран зургаан сая нэг зуун дөчин есөн мянга зургаан зуун төгрөг/ гаргуулж Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст олгож, “Ж***” ХХКомпани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 30.0 сая төгрөг барагдуулсныг баталсугай” гэж шийдвэрлэсэн,

Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00106 дугаар шийдвэрээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай, 306 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ******* хаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ ******* тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжид байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1******** дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжид байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 14******** дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжид байрлах 699 м.кв талбайтай нэгж талбарын 14******** дугаартай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж*** ХХК-ийн нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн,

2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 489 дүгээр магадлалаар “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж” шийдвэрлэсэн,

2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 00812 дугаар тогтоолоор “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 489 дүгээр магадлалын 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/*****дугаар шийдвэрийн 1 дэх заалтын: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д ...” гэснийг “Иргэний хуулийн 177 дугаар 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг ...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улмаар Нийслэлийн Татварын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар “Ж***” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 01/***************тоот актаар битүүмжилсэн ... дуудлага худалдаагаар зохион байгуулсугай” гэж шийдвэрлэн, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 22/01 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдэл”-ийг, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Татварын газрын даргын “Хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай” А/74 дүгээр шийдвэрээр “Татвар төлөгч “Ж***” ХХК-ийн хугацаандаа төлөөгүй татварын өрийг хураах зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 01/***************тоот актаар битүүмжилсэн .... эд хөрөнгүүдийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаагаар оролцогч бүрдээгүй үндэслэлээр борлогдоогүй байх тул анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцсугай”, “Дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийн анхны үнэ .... гэж заасны дагуу 20 хувь бууруулж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1 хаягт байрлах Нийслэлийн татварын газраас зохион байгуулах 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлуулсугай” гэж шийдвэрлэн, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Татварын албанаас дуудлага худалдаа зохион байгуулах 22/03 дугаар мэдэгдлийг тус тус гаргасан.

3. Үүнийг нэхэмжлэгч компани эс зөвшөөрч анх 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандан “...Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн татварын газрын Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Татварын албанд холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн Татварын газрын Дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/01 дүгээр шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22/03 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн, энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...1/ Дэлхий дахинд 2020 онд Корона вирусын халдвар тархаж, өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээ тухайн үеийн шүүхийн шийдвэрүүд гарч байсан үеэс даруй 40 хувиар өссөн болох нь Үндэсний статисткийн хорооны судалгаа, тайлан, мэдээнээс тодорхой харагдаж байна.

Ийнхүү нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шууд халдаж эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Түүнчлэн 4 газар, 3 үл хөдлөх эд хөрөнгийн 1 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээнд оруулалгүй орхигдуулсан, мөн 380 цахилгаан станц, дулааны тоног төхөөрөмжүүдийг огт үнэлгээнд оруулан тооцоогүй атлаа өмнөх хөрөнгийг үнэлгээгээр үнэлж, түүний албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль бус манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байна.

2/ Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн татварын газар Дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/01 дугаар шийдвэрийг гаргасан нь Татварын тухай хууль, бусад хууль тогтоомж, Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журмын зэргийг ноцтой зөрчсөн үйлдэл, үйл ажиллаагааг явуулж байна.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлд татварын өрийг тодорхойлж түүнийг барагдуулах, хураах ажиллагааг явуулахдаа Татварын ерөнхий хуулийн 12 дугаар бүлэгт заасны дагуу Татварын алба дараах тохиолдолд татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлнэ гээд 55.1.1-т "...татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй...", 55.1.2-т "...татвар төлөгч энэ хуулийн 54.2-т заасан урьдчилан нэхэмжлэх хуудас болон энэ хуулийн 53 дугаар зүйлээр тогтоосон хугацаанд татвараа бүрэн төлөөгүй...", 55.1.3-т “...Өв залгамжлагчаас татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд татвараа бүрэн төлөөгүй...”, 55.1.4-т “...татвар төлөх хугацаанаас хойш нэхэмжлэх хүлээн авсан татвар төлөгчид энэ хуулийн 54.1-д заасан нөхцөл байдал үүссэн...” бол татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлэхээр байна. Гэтэл татварын албан нь дээрх хуульд заасан нөхцөлүүдийн аль нь ч үүсээгүй байхад татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлж байгаа нь өөрөө Татварын ерөнхий хуулийн дээрх заалтуудыг ноцтойгоор зөрчиж байна.

Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “...Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ гээд 55.2.1-д “...нэхэмжлэх хүргүүлэх..”, 55.2.2-т “...татварын өрийг үл маргах журмаар гаргуулах...", 55.2.3-т “...бэлэн мөнгө хураах...", 55.2.4-т “...хөрөнгө болон авлага битүүмжлэх...", 55.2.5-т "...битүүмжилсэн хөрөнгийг хураах...”, 55.2.6-д “...битүүмжлэн хураасан хөрөнгийг шилжүүлэх...”, 55.2.7-д "...орлогыг хуваарилах..." гэж заасан байна.

Гэтэл Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс уг татварын өр төлбөртэй холбоотой хэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас хэргийг 2021 оны 12 дугаар сард шилжүүлэн авсны даруйдаа дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зарлаж, 2021 оны 12 дугаар 17-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь үе шаттайгаар хэрэгжүүлэх хуулийн дээрх заалтуудыг огт хэрэгжүүлж ажиллахгүй зөрчиж байна.

Үндсэндээ бол Татварын алба нь Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг явуулахдаа Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан дарааллын дагуу хэрэгжүүлэх буюу эхлээд нэхэмжлэх хүргүүлэх, дараа нь татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, бэлэн мөнгө хураах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах, битүүмжлэн хураасан хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх, орлогыг хуваарилах зэрэг үе шаттайгаар явуулахаар байна. Гэтэл нэхэмжлэгч Ж*** ХХК-д ирүүлээгүй, мөнгө хураах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах ажиллагааг хийлгүйгээр хуулийн дээгүүр алхаж, үе шатуудыг алгасаж үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаа нь илт үндэслэлгүй.

Татварын ерөнхий хуулийн 65 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө, агаарын хөлөг, автомашин, барилгын тоног төхөөрөмжийг битүүмжлэх, татварын өр гаргуулах гээд 65.1-д Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, үйлчлэлийн хугацаа болон битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, ашиг орлого олох харилцааг дараах байдлаар хэрэгжүүлнэ. 65.1.1-д “ үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ өртэй татвар төлөгчид битүүмжлэлийн хуудас хүргүүлэх бөгөөд битүүмжлэх ажиллагаа нь тухайн битүүмжлэлийн хуудсыг өртэй татвар төлөгчид хүргүүлснээр эхлэх..."-р заасан байна. Гэтэл энэхүү ажиллагааг Татварын албаас огт хэрэгжүүлж явуулаагүй. Түүнчлэн хуулийн 65.1.2-т "...татварын алба үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн талаар бүртгэх байгууллагад бүртгүүлэхээр заасныг хэрэгжүүлээгүй атлаа дуудлага худалдааг зохион байгуулж байгаа нь хууль бус байна. Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журмын 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэхүү журмын зорилго нь Татварын ерөнхий хуулийн 68.2-т заасан татварын албаны битүүмжилсэн хөрөнгө, барьцааны зүйлээс Иргэний хуулийн холбогдох заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, эсхүл шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино..." гэж заагаад журмын 5-ын 5.2-т "...хөрөнгө битүүмжилсэн тухай битүүмжлэх акт, битүүмжлэлийн хуудас, битүүмжлэх мэдэгдэх хуудас; хөрөнгө барьцаалсан тухай барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ; хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт, улсын бүртгэлийн холбогдох баримт бичгийн хуулбар; тухайн хөрөнгийн ашиглах, эзэмших гэрчилгээний хуулбар; үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрыг ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн бичиг баримт...”-ыг өртэй татвар төлөгчид хүргүүлэхээр заасан байна.

Гэтэл журмын дээрх заалтуудын дагуу нэг ч баримт бичгийг ирүүлэлгүйгээр зөвхөн мэдэгдэх хуудас, зар ирүүлсэн нь журмаа зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг явуулсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.

3/ Монгол Улсын Их хурлаас 2019.03.22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөн журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд ... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн татварын өрийг татварын алба хураана..." гэж заасны дагуу татварын алба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шилжүүлэн авсан татварын өр төлбөрийг шилжүүлэн авсан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийгдсэн бүхий л ажиллагааг зогсоож, битүүмжлэгдсэн байсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоож дуудлага худалдаанд оруулахаар болсон байсныг үл хэрэгсэж, татварын хууль тогтоомжид заасны дагуу үе шаттайгаар зохих арга хэмжээнүүдийг авч өр барагдуулах ажлыг хийж байгаа. Энэ нь татварын ерөнхий газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шилжиж ирсэн татварын өр төлбөртэй иргэн хуулийн этгээд дээр хийгдэж байгаа ажиллагаа. Гэтэл манай компанийн өр төлбөрийг барагдуулахдаа бусдын жишгээр бус, хууль, заасны дагуу ажиллагаануудыг хийлгүйгээр өр барагдуулах ажиллагааг хийж байгаа нь хууль бус байна.” гэжээ.

5. Хариуцагч Нийслэлийн Татварын газрын дэд дарга М.Болдбаатар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...1/ "Ж***" ХХК-ийн 2008 оны зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тайлангаар үүссэн 3,566,149.600 төгрөгийн хугацаандаа төлөөгүй татварын өрийг барагдуулахаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 70 дугаар зүйлийн 70.1-д "Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасны дагуу татварын өр барагдуулах шат дараалсан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гарган Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаар шийдвэрээр татварын өрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Татварын алба нь Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд "2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн өрийг татварын алба хураана" гэж заасны дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас хүлээн авч хугацаандаа төлөөгүй татварын өрийг барагдуулах ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

2/ Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй" байхаар заасан байна.

3/ “Ж***” ХХК нь шүүхийн шийдвэртэй 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаарх 3,307,327,146.07 төгрөгийн татварын өрийг өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй, татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1-д заасан эрхээ эдлээгүй зэрэг шалтгааны улмаас татвар төлөгчийн гаргасан албадан дуудлага худалдааг 3 сар хүртэл хугацаагаар хойшлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Ж***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч компани 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандан “...Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн татварын газрын “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага  гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн Татварын газрын “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22/03 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлсэн, эдгээр шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг явуулахдаа Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан дарааллын дагуу хэрэгжүүлэх буюу эхлээд нэхэмжлэх хүргүүлэх, дараа нь татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, бэлэн мөнгө хураах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах, битүүмжлэн хураасан хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх, орлогыг хуваарилах зэрэг үе шаттайгаар явуулахаар байхад эдгээр ажиллагаануудыг хийлгүй зөвхөн дуудлага худалдааг зохион байгуулж улмаар шууд гэрээ байгуулахаар ажиллаж байгаа нь хууль бус, нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хууль бусаар худалдан борлуулах үйл явцыг зогсоосноор нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг дээрдүүлэх боломж бүрдэнэ...” гэж тайлбарласныг хариуцагч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шат болох дуудлага худалдааг явуулахаар мэдэгдэл гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, иргэний хэргийн шүүх татварын өртэйг тогтоосон, нэхэмжлэл үндэслэлгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч "Ж***" нь 2008 оны зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тайлангаар үүссэн татварын өрийг төлөөгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс тус компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ж***” ХХК-иас 3.566.149.600 төгрөг /гурван тэрбум таван зуун жаран зургаан сая нэг зуун дөчин есөн мянга зургаан зуун төгрөг/ гаргуулж Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст олгохоор,

Уг шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ж***” ХХК нь хөрөнгийн үнэлгээний асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар  2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00106 дугаар шийдвэрээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай, 306 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ******* хаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ ******* тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 17 дугаар гудамжид байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1******** дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 14******** дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 17 дугаар гудамжид байрлах 699 м.кв талбайтай нэгж талбарын 14******** дугаартай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Ж***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэсэн байна.

Ийнхүү дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсноор Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 338 дугаар бүхий “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан, тухайлбал эд хөрөнгө хураах тогтоолуудыг гаргасан, нэхэмжлэгч Ж*** ХХК-иас “төлбөр төлөх” санал хүргүүлсэн, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулсан зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн,

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан “Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 6 дугаар зүйлд "2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн өрийг татварын алба хураана" гэж заасны дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас “Ж***” ХХК-д холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 200925040150 дугаар бүхий “тооцоо нийлсэн акт”-аар Нийслэлийн татварын албанд хүлээлгэн өгч, Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/388 дугаар тогтоолыг үйлдсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

Түүнчлэн дээр дурдсаны дагуу Нийслэлийн Татварын газарт “Ж***” ХХК-ийн татварын өрийг хураах үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу шилжиж ирснээр тус газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн а/57 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, 12 дугаар сарын 01-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар “Ж***” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 01/***************тоот актаар битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулахаар дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэн, улмаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 22/01 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдэл”, дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд “Дуудлага худалдаа зохион байгуулах” гэж, Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 68 дугаар зүйлийн 68.7-д заасныг үндэслэн Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 306 дугаар тушаалаар батлагдсан “Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь Татварын ерөнхий хуулийн 68.2-т заасан татварын албаны битүүмжилсэн хөрөнгө, барьцааны зүйлээс Иргэний хуулийн холбогдох заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, эсхүл шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.”, гэж, 1.2-т “дуудлага худалдааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийг баримтална” гэж, 3.1-д “Дуудлага худалдааг зохион байгуулахад татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хамаарах татвар төлөгчийн өрийг барагдуулах бол түүнийг том татвар төлөгч хариуцсан нэгж, бусад татвар төлөгчийн өрийг барагдуулахад аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс нь аймаг, нийслэлийн хэмжээнд тус тус ажлын хэсэг байгуулан ажиллуулна”, 3.3-т “Энэ журмын 3.1-д заасан тухайн татварын албаны дарга дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг, дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг томилно” гэж тус тус заасан.

Дээр дурдсан журмын дагуу явуулсан дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүйн улмаас мэдэгдэлд заасан хөрөнгүүд борлогдоогүй, энэ үндэслэлээр Нийслэлийн татварын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр “Хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай” тушаалаар анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцож, тушаалын 2 дахь заалтаар “Дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийн анхны үнэ “Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан Үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 289,305,100.00 төгрөгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасан “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу 20 хувь бууруулж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1 хаягт байрлах Нийслэлийн татварын газраас зохион байгуулах 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлуулсугай” гэж шийдвэрлэн,  уг тушаалыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуудлага худалдаа зохион байгуулах 22/03 дугаар мэдэгдлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь эдгээр мэдэгдлүүдийг захиргааны байгууллагаас гаргасан акт гэж үзэж хүчингүй болгуулахаар шаардсан ба уг мэдэгдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт”-ын шинжийг агуулсан ба эдгээр мэдэгдлүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул маргаан бүхий мэдэгдлүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Татварын ерөнхий хууль болон журмын холбогдох заалтуудаас үзвэл дээрх мэдэгдлүүд нь “Ж***” ХХК-ийн төлөх татварын өрийг хураах ажиллагааны хүрээнд Нийслэлийн татварын газрын, хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд гаргасан үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд энэ тохиолдолд тухайн мэдэгдлүүдийг “...Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан дарааллын дагуу явуулалгүй шууд гаргасан нь хууль бус” гэх нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хүлээж авах боломжгүй.

Учир нь Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө “Ж***” ХХК-ийн татварын өр барагдуулах ажиллагааг Шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж байсан, энэ ажиллагааны хүрээнд  Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан ажиллагаанууд бүрэн хийгдсэний үндсэн дээр дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааны шатанд ирсэн байгаа нь хэрэгт цугларсан гүйцэтгэх баримт бичгийн холбогдох баримтуудаар тогтоогдсон тул “дарааллын дагуу явуулаагүй” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй" байхаар заасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэж маргасан боловч Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль үйлчилж эхэлснээр захиргааны байгууллага болох Татварын байгууллага татварын өрийг хураах ажиллагааг хариуцахаар зохицуулагдсан, татварын байгууллагаас гаргасан “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” мэдэгдлүүд нь  захиргааны актын шинжийг агуулсан, мөн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх эрх зүйн зарчмын үүднээс шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүйгээр шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. 

            Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж***” ХХК-иас гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн Татварын газрын Дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/01 дүгээр шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22/03 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН