Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 17

 

Д.Мө-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох Бусад оролцогчид: Нэхэмжлэгч: Д.Мө- Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Ц.Ос- Нарийн бичгийн дарга: Д.Ганчимэг нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишигийн даргалж, шийдвэрлэсэн 2018оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 122 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Ос-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мө- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож уг тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажил хавсран ажилласны 20 хувийн нэмэгдэл хөлс гаргуулах 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 26 тоот тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл цалингийн шатлалын зөрүүг тооцож гаргуулах, нэмэгдсэн цалингийн хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Ос- нь анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Д.Мө-ийг 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 тоот тушаалаар цусны банкны технологич, сувилагчаар томилж ТҮЭМ-ийн 3-аар цалинжуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн тушаал дээр үндсэн ажлын байр болон цалингийн шатлал буруу бичигдсэн тул 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 27 тоот тушаалаар залруулан шүдний кабинетийн сувилагчийн ажилтай нь цусны технологич, сувилагчийн ажлыг хавсруулан гүйцэтгүүлэхээр томилж, тохирох сүлжээт цалингаар цалинжуулахаар шийдвэрлэсэн. ...Цусын банкийг цусны үйлдвэрлэлийн их эмч хариуцан ажиллах заавар дүрэм тушаалтай байдаг бөгөөд манай Нэгдсэн эмнэлэгт цусны үйлдвэрлэлийн эмч байхгүй учир цусны банкны технологич сувилагч ажиллах шаардлагагүй болсон учир 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б/52 дугаартай тушаал гаргаж Д.Мө-ийг цусны банкны технологич сувилагчийн ажлыг хавсруулан гүйцэтгүүлэхээс чөлөөлж нэмэгдлийг 2017 оны 10 дугаар сараас зогсоохоор шийдвэрлэсэн. Иймд Д.Мө-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бололмжгүй юм гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож уг тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажил хавсран ажилласны 20%-ийн нэмэгдэл хөлс болох 737.285 төгрөг, тус эмнэлэгийн даргын 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 26 тоот тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл цалингийн шатлалын зөрүү 6.559.364 төгрөг, нийт 7.296.657 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэмэгдсэн цалингийн хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, ажил хавсран ажилласны нэмэгдэл хөлс болох 612.736 төгрөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Мө-т олгож, 612.736 төгрөгийн нэмэгдэл хөлснөөс тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт даалгаж, 6.683.921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мө- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурадаж, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохолд саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Мө- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:Миний бие нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 122 дугаартай шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад зөвшөөрөхгүй байгаа тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2 дугаар заалтыг зөрчиж миний нэмэгдлийг хассан, 2. Цусын банкийг цусны үйлдвэрлэлийн их эмч хариуцан ажиллах заавар дүрэм тушаалтай байдаг бөгөөд манай Нэгдсэн эмнэлэгт цусны үйлдвэрлэлийн эмч байхгүй учир цусны банкны технологич сувилагч ажиллах шаардлагагүй болсон, 3. Цус бол урсдаг шингэн эрхтэн ба элэг бөөр шилжүүлэн суулгах мэс засалтай адилхан юм. Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх нь цусны банкны эмчгүй байхад сувилагч ажиллана гэсэн нь буруу байна. Иймд уг хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хянаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Ос- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Нэгдүгээрт анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарласан. Учир нь лабораторын эмч, лаборант нар бүлэг тодорхойлох ёстой. Гэтэл Д.Мө- сувилагчийг ямар ч тушаал шийдвэргүйгээр, удирдах байгууллагын зүгээс ямар ч үүрэг даалгавар өгөөгүй байхад бүлэг тодорхойлсныг ажлаа хийсэн гэж үзсэн. Энэ бол буруу юм. Нэхэмжлэгчийн өөрийнх нь үндсэн ажлын байр өөрчлөгдөөгүй. Харин ажил хавсран гүйцэтгэсэн ажлын 20 хувь дээр өөрчлөлт орсон байхад, ажлын байран дээр өөрчлөлт орсон мэтээр хуулийг тайлбарласан нь буруу. Нэхэмжлэгч нь шүдний техникч гэдэг ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байгаа. Үүнээс хойш ямар ч үүрэг даалгавар өгөөгүй байхад хийсэн. Тэр ажлыг хэн дуртай нь хийгээд яваад байдаг ажил биш. Ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн ажлыг хийх ёстой. Тосонцэнгэл сумын эмнэлэг нь нэгдсэн эмнэлгийн статустайгаар ажилладаг. Би өөрөө ч гэсэн цусны эмчээр ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байхдаа хувь авахгүйгээр ажилладаг байсан. Тэр ажлын хувийг өгөхөө байчихаар намайг ажилгүй болгочихлоо гэж буруу ойлгосон байна. Мөн адил анхан шатны шүүх ч буруу ойлгосон. Тухайн ажлыг хийхгүй байгаа ч гэсэн тангараг өргөсөн эмчийн хувьд шаардлага гарвал хийнэ. Эцсийн эцэст асуудал гарвал эмч өөрөө хариуцлага хүлээх чадвартай байдаг. Харин сувилагч бол эмчийн зааврын дагуу ажлыг гүйцэтгэж, үүрэг хариуцлагаа хүлээдэг. 2017 оны 08 дугаар сард удирдах ажилтны сонгон шалгаруулалт орсноос хойш Эрүүл мэндийн газраас томилдог болоод, томилгоог өөрчилсөн. Газрын даргын тушаалаар миний ажил хавсран гүйцэтгэх эрхийг хассан. Дээрээс миний эрхийг хассан болохоор Д.Мө- нь намайг адилхан хассан гэж буруу ойлгоод байгаа. Миний зүгээс Д.Мө-ийг боогоод байгаа асуудал байхгүй. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах үүргийг би хүлээж байгаа. Ямар ч үүрэг даалгавар өгөөгүй байхад Д.Мө- ажлаа хийгээд яваад байгааг зөв гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгч Д.Мө- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд цусны технологичийн курсыг төгсөж ирсэн. Үүнээс хойш цусны технологичийн банкны сувилагчаар 2017 оны 10 дугаар сард хүртэл ажилласан. Тухайн үед тушаал гарсныг мэдээгүй байж байгаад 11 дүгээр сард мэдсэн. Энэ талаар нягтлан, нарийн бичгээс асуухад мэдэхгүй байсан. Мэдэхгүй юм бол тушаалаа авъя гэхэд надад тушаал өгөөгүй. Тэгэхээр нь Үйлдвэрчний хороондоо хандсан юм. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б/52 гэдэг тушаалыг надад өгсөн. Энэхүү Б/52 дугаар тушаалыг авсны дараа эрх, ашгаа хамгаалуулахын төлөө Тосонцэнгэл сумын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь цусны банкны эмч байхгүй бол сувилагч ажиллахгүй гэж тайлбарладаг. Хэрвээ асуудал гарвал хариуцах эмч нар олон байгаа. Миний тухайд хүний цусыг аваад, хүнд аваачиж хийхгүй. Цусны банкны үйл ажиллагаанд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хяналт тавьдаг. Магадлангийн шалгалтаар ч гэсэн бид нар шалгуулж байсан. Манай цусны банканд төслөөр 20 сая төгрөгний тоног төхөөрөмж тавигдсан. Ийм учраас цусны банк ажиллах ёстой. Би 2018 оны 01, 02, 03 дугаар саруудад цусны банкны сувилагчаар дуудагдаж ажилласан. Ингэхдээ хүний амьны төлөө л ажиллаж байгаа. Сая хурал хийгээд тайлангаа тавихад цусны курст сураад ирсэн 3-4 эмч байна лээ. Энэ эмч нар хариуцаж болно. Би бол цусны үйлдвэрлэлийн технологич. Үйлдвэрлэлийн технологич гэдэг нь лабораториар шинжилгээгээр гарсан цус, цусан бүтээгдэхүүнийг захиалсан тасагт олгодог. Энэ ажлаа саяхан хүртэл хийж байсан. Хариуцагч нь Лхамхорол гэдэг хүнийг цусны эмчээр сургаад ирсэн гэж тайлбарладаг. Хэрвээ орон тоо, бүтцээ хэмнэж байгаа бол дахин хүн бэлдэх ямар шаардлага байгаа юм бэ? Нэгэнт цусны банкны сувилагч хэрэггүй, эмч байхгүй гэж байгаа бол хүн бэлдэх ёсгүй биздээ. Мөн бэлдээд ирсэн Лхамхорол нь нийгмийн даатгалын бага эмчийн орон тоон дээр ажиллаж байгаа. Тэгсэн мөртлөө цусны банкны орон тоон дээр дахиад тушаал гаргасан. Цусны банк дээр хоёр хүн тушаалтай явж байгаа. Лхамхорол нь нярай хүүхдээ асраагүй. Солонгос яваад өгсөн хүний оронд ажиллах бүрэн боломжтой байгаа. 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар ажилд авахдаа ТҮ-ЭМ-3 гэдэг шатлалаар цалинжуулахаар байсан. Үүнийг мэдээгүй явж байгаад 20 хувь хассантай холбогдуулаад тушаал, шийдвэрээ авахад тэр тушаал байсан. Өөр ямар нэгэн тушаал байгаагүй. Ийм учраас өөрийгөө ТҮ-ЭМ-3 аар цалинжих юм байна гэж бодож байсан. Гэтэл би ТҮ-ЭМ-2-5 аар цалинжиж байсан. Би ТҮ-ЭМ-2-5 аар цалинжиж байсан бол шүдний техникчийн 20 хувийг авч байсан байна. Хэрвээ ТҮ-ЭМ-3 аар цалинжих ёстой байсан бол ТҮ-ЭМ-3 ийн 20 хувийг авах ёстой. Энэ тушаалыг 2017 оны 11 дүгээр сард л мэдсэн. Манайх тушаал шийдвэр гаргахдаа танилцуулддаггүй. Хариуцагч тайлбарлахдаа Б/52 дугаар тушаалыг танилцуулсан гэдэг. Гэтэл энэ талаарх хурлын тэмдэглэл байхгүй байгаа. Миний тухайд цусны банк үгүй болсон гэдгийг ч мэдээгүй, Б/52 дугаар тушаал гарсан гэдгийг ч мэдээгүй. Цусны сувилагч бол одоо болтол ажиллаж байгаа. Сая 05 дугаар сард яаралтай хүнд дээр шөнө дуудахаар нь ирж ажиллаад хүний амь аварсан. Над дээр гаргасан тушаал дээрээ надтай тохиролцсон гэж байсан. Гэтэл надтай тохиролцсон зүйл байхгүй. Хэрвээ тохиролцсон бол шүүхэд маргаан гаргахгүй байсан. Өнгөрсөн жил бүтэц, орон тоо батлахад цусны техникч, эмч хоёр хоёулаа 0,5 орон тоогоор ажиллаж байсан. Энэ онд ч гэсэн цусны транслогич гээд 0,5 орон тоогоор батлагдсан. Тэгэхээр цусны техникч, эмч хоёр нь 0,2, 0,2 гэсэн орон тоогоор ажиллаж байгаа. Өнгөрсөн онд манай байгууллагын тухайд цалингийн сангаа хэмнэж ажилласан байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Д.Мө- хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан тус эмнэлэгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгуулж, уг тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажил хавсран ажилласаны 20 хувийн нэмэгдэл хөлс болох 737.296 төгрөг, тус эмнэлэгийн даргын 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 26 тоот тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн шатлалын зөрүү 6.559.364 төгрөг,нийт 7.296.657 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэмэгдсэн цалингийн хэмжээнээс тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Мө- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байх ба тэрээр энэ байгууллага байхгүй гэсэн үндэслэлээр үйлдвэрчний эвлэлд хандсан байгааг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Д.Мө- нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт шүдний техникч сувилагчаар ажиллаж байсан бөгөөд түүнийг 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай тушаалаар тус эмнэлэгийн цусны банкны технологич сувилагчийн ажлыг хавсран гүйцэтгэхээр тогтоож, түүнээс хойш тус эмнэлэгт шүдний техникч сувилагч, цусны банкны техниологич сувилагчийн ажлыг хавсран ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Ажил олгогч нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б/52 дугаартай тушаалаар Монгол улсын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.5, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтуудыг үндэслэл болгож,Д.Мө-ийн ажил хавсран гүйцэтгэсэний нэмэгдэл хөлсийг цуцлахаар тогтоожээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа Миний бие нь тус эмнэлэгийн цусны үйлдвэрлэлийн технологич их эмчээр хавсран ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчээр томилогдон ажилласан. Эрүүл мэндийн газрын дарга цусны үйлдвэрлэлийн их эмчийн ажил хавсран гүйцэтгэсэний нэмэгдлийг зогсоосон.

Цусны технологич сувилагч эмчийн хяналтан дор ажиллах цусны банкийг цусны үйлдвэрлэлийн их эмч хариуцан ажиллах заавар дүрэм, тушаалтай бөгөөд манай нэгдсэн эмнэлэг цусны үйлдвэрлэлийн эмчгүй учир цусны банкны технологич сувилагч ажиллах шаардлагагүй болсон учраас Д.Мө- уг ажлыг хавсран гүйцэтгэх боломжгүй гэжээ.

Зохигчидын тайлбараас үзэхэд ажил олгогч нь Д.Мө-ийг тус эмнэлгийн цусны банкны технологич сувилагчийн ажлыг хавсран гүйцэтгэхээс чөлөөлсөн гэж ойлгохоор байна.

Нэхэмжлэгч Д.Мө-ийг цусны банкны технологич сувилагчийн ажлыг хавсран гүйцэтгэх нь түүний хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүрэг учраас уг ажлаас чөлөөлөхдөө ажилтантай харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан талууд шийдвэрлэх ёстой.

Гэтэл ажил олгогч нь Д.Мө-тэй харилцан тохиролцоогүй, түүнд мэдэгдэлгүй тушаал гаргаж, тушаалдаа Д.Мө-ийн ямар ажил үүргийг хавсран гүйцэтгэсэний нэмэгдэл хөлсийг ямар үндэслэлээр цуцлахаар тогтоосоноо тодорхой дурдаагүй, түүнчлэн хариуцагч тайлбарлахдаа Д.Мө-ийг цусны банкны технологич сувилагчийн ажлыг хавсран гүйцэтгэхээс чөлөөлсөн гэсэн байгаа боловч тушаалд энэ талаар дурдаагүй зөвхөн нэмэгдэл хөлс цуцлахаар тогтоосон нь хууль бус байна.

Өөрөөр хэлбэл, тус нэгдсэн эмнэлэгт цусны банкны технологич эмч болон сувилагч ажиллах зайлшгүй шаардлагатай талаар талууд тайлбарлаж байгаа, Д.Мө- нь уг ажлыг мэргэжлийн хүний хувьд ажиллах зайлшгүй шаардлагатай үед ажлыг гүйцэтгэж байсан болон мөн тус эмнэлэгийн бүтэц, орон тооноос дээрх ажлын байр хасагдаагүй цөөрөөгүй зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад түүний цусны банкны техниолгич сувилагчийн ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, нэмэгдэл хөлс олгохыг цуцалсан тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажил хавсран гүйцэтгэсний хөлс 612.736 төгрөгийг гаргуулж, цалингийн шатлалын зөрүү 6.599.364 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 122 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Ос-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Ж.БАТТОГТОХ