Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/01727

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Я-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.Н-д холбогдох

1,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Я-, хариуцагч А.Н-, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хажуу өрөө түрээсэлнэ гэсэн зарын дагуу иргэн А.Н-д холбогдсон. Хажуу өрөө түрээсэлнэ ирж үзэх үү гэсний дагуу миний бие очиж үзээд, сарын 200,000 төгрөгөөр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 28-ныг хүртэл 5 сарын хугацаатайгаар түрээсийн төлбөр 1,000,000 төгрөгийг А.Н-ийн Голомт банкны дансанд шилжүүлсэн. А.Н- нь 2021 оны 02 дугаар сарын 10-нд Голомт банкны дансаар 300,000 төгрөгийг, 02 дугаар сарын 18-ны өдөр 350,000 төгрөгийг 02 дугаар сарын 10-нд 130,000 төгрөг, 02 дугаар сарын 10-нд 15000 төгрөг, 02 дугаар сарын 02-ны өдөр 65,000 төгрөг нийт 860,000 төгрөгийг зээлж авсан. Гэтэл А.Н- зээлж авсан мөнгөө буцааж нэхэхээр байр түрээсэлснээс хойш 2 сар 15 хоногийн дараа хажуу өрөөндөө байлгамааргүй байна, үлдсэн 2 сар 15 хоногийн мөнгө 500,000 төгрөг, зээлсэн 860,000 төгрөгийг буцааж өгнө гээд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр намайг байрнаасаа гаргасан. Гэтэл А.Н- өнөөдрийг хүртэл надаас авсан мөнгөө өгөхгүй удаа дараа хэл амаар доромжилж цагдаа шүүхээр явж мөнгөө аваарай гээд миний утсыг блоклосон. Иймд бие А.Н-ээс  1,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Н- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Б.Я-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зээлж авсан 650,000 төгрөгийг би төлнө, үлдэх 210,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид цагаан сарын баярыг мөнгө нийлүүлэн хамт тэмдэглэн өнгөрүүлэхээр хүнсний зүйл авахаар тохиролцож өөрийнхөө данснаас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 15,000, 65,000 төгрөгөөр тус тус миний дансанд шилжүүлсэн. Бид мөнгө нийлүүлж авсан хүнс аваад ширээгээ засаад бууз хуушуураа хийж идээд баяраа тэмдэглэсэн. Нэхэмжлэгч би ганцаараа хоол унд хийж идэж чадахгүй, хамт хоолоо хийж идэх саналыг өөрөө гаргаснаар бид дундаа гал тогоотой байсан.Баян-Өлгийгөөс мах ирсэн. Надаа өгсөн 130,000 төгрөгийг махны мөнгөнд суутгалаа гэдийг өөрт хэлж байсан. Манайд амьдарч байх хугацаанд нэг удаа мах, хоол хүнс аваагүй. Хөдөөнөөс ирсэн махаар хоол хийж идэж байсан. Би бүрэн тавилгатай өрөөг сарын 250,000 төгрөгөөр хөлслүүлнэ гэж тохирсон Хэрэгт өрөөний зураг авагдсан байгаа. Анх манай хажуу өрөө хөлслүүлэхдээ би барьцаа 300,000 төгрөг авна гэдгийг өөрт нь хэлсэн. Барьцаагүйгээр өрөө хөлслүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Би жирэмсэн, нялх охин хүүхэдтэй гэтэл нэхэмжлэгч 5 эрэгтэй хүүхэд авчирч архидан согтуурсан тул би байрнаас гаргасан. Өрөөнд байгаа сандал, төгөлдөр хуур, хаалганы бариул зэрэг эд хогшил эвдэлсэн. Иймд үлдэгдэл 400,000 төгрөгийг төлөхгүй, эвдэлсэн эд хөрөнгөнд суутгаж авна гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Я- нь хариуцагч А.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 860,000 төгрөг, орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээний үүрэгт 500,000 төгрөг, нийт 1,360,000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 650,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1. Зээлийн гэрээний үүрэгт 860,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Я- өөрийн эзэмшлийн Хаан банкны 5113114517 данснаас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 50,000 төгрөгийг, 02 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөгийг, 02 дугаар сарын 10-ны өдөр 15,000 төгрөгийг, 02 дугаар сарын 18-ны өдөр 350,000 төгрөг нийт 715,000 төгрөгийг хариуцагч А.Н-ийн 001605172729 дансанд шилжүүлсэн талаар талууд маргаагүй./хх-ийн 5-6 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч А.Н- нь нэхэмжлэгч Б.Я-гээс зээлийн гэрээний үүрэгт 650,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч  ......би хариуцагчид 150,000 төгрөгийг өөрийн картад мобайлаар шилжүүлж өгөөч гээд бэлнээр өгсөн  гэтэл миний дансанд мөнгийг шилжүүлээгүй, мөн дэлгүүрээс хүнсний зүйл авахад мөнгө дутлаа гээд утсаар яриад 15,000 төгрөгийг, 50,000 төгрөгийг шилжүүлж авсан... гэж, хариуцагч ....бид цагаан сарын баярыг хамт тэмдэглэхээр ширээ засах, хуушуур бууз хийж идэхээр мөнгөө нийлүүлж дэлгүүрээс хүнсний зүйлс худалдаж авахад зориулж миний дансанд шилжүүлсэн, мөн хоолоо хамт хийж идэхээр тохиролцож Баян-Өлгийгөөс ирсэн махыг дундаа авч идэхээр тохиролцоод надаа өгсөн 150,000 төгрөгийг махны төлбөрт суутгаж авсан.... гэж тус тус  тайлбарлаж байна..

Нэхэмжлэгч Б.Я- нь хариуцагчийн гэр бүл болон хамтран өөр өрөө, хөлсөлсөн хөлслөгч нартай цагаан сарын баярыг  хамтран тэмдэглэсэн,  тэд дундаа нэг гал тогоотой байсан, Баян-Өлгий аймгаас ирсэн махаар хоолыг дундаа хийж иддэг байсан талаарх хариуцагчийн тайлбарыг няцаагаагүй.

Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсэх, талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай. 

Дээрхээс үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч хариуцагчид зээлсэн гэх 215,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу үүссэн үүрэг гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэр бүл  түүний өмчлөлийн орон сууцны өрөөг хөлслөгч нартай нийтээр тэмдэглэх үндэсний баярыг тэмдэглэхэд 65,000 төгрөг, 15,000 төгрөгийг тус бүр хүнсний зүйл худалдан авахаар А.Н-ийн дансанд шилжүүлсэн, тэд хоолоо дундаа хамтран хийж иддэг байсан үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул хариуцагчид шилжүүлсэн 150,000 төгрөг нийт 215,000 төгрөгийг зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч А.Н-ээс 650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 215,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

2. Орон сууцны өрөө хөлслүүлэх,  хөлслөх гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчид харилцан тохиролцож, хариуцагч А.Н-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 48А дугаар байрны 23 тоот орон сууцны өрөө /тавилгатай/-г нэг сарын 200,000 төгрөгөөр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд хөлслүүлэх, хөлслөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч Б.Я- хариуцагч А.Н-ийн Голомт банкны 0000000000 дансанд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй./хх-ийн 4 дүгээр тал/

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд орон сууцны өрөө хөлслүүлэх, хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Б.Я- нь  хариуцагчийн  өмчлөлийн орон сууцны өрөөнд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нүүн орж, 3 дугаар сарын 18-ны өдөр гарсан, 2 сар 20 хоногийн хугацаанд 1 өдрийн 13,500 төгрөгт тооцон хөлсөлсөн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч А.Нүргүл нь  .......Б.Я-тэй анх өрөөг хөлслүүлэхдээ ....барьцаа мөнгө авна.... гэж тохирсон, манай гэрийн эд хогшлыг эвдэлсэн, 5 эрэгтэй хүүхэд зөвшөөрөлгүй авчирч архидан согтуурсан тул барьцаа 300,000 төгрөгийг буцаан өгөхгүй.... гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг  тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага  ба татгалзлыг үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй.” гэж заасан.

Хариуцагч өөрийн эзэмшлийн орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэхдээ нэхэмжлэгчтэй  барьцаа 300,000 төгрөг авахаар тохиролцсон гэж маргах боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Иймд хариуцагч А.Нүргүлээс орон сууцны өрөө хөлслүүлэх, хөлслөх гэрээний үүрэгт 330,000 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлээс үлдэх 170,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Дээрх үндэслэлүүдийг дүгнэвэл хариуцагчаас А.Нүргүлээс  зээлийн гэрээний үүрэгт 650,000 төгрөг, орон сууцны өрөө хөлслүүлэх хөлслөх гэрээний үүрэгт 330,000 төгрөг нийт 980,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Я-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 380,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан А.Н-аас 980,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Я-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 380,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ