| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/00588/И |
| Дугаар | 101/ШШ2021/01402 |
| Огноо | 2021-05-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2021/01402
| 2021 05 18 | 101/ШШ2021/01402
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эрдэнэтолгой 29 дүгээр гудамж, 765 тоот хаягт оршин суух, Батат овгийн Данзангийн ******* /РД:ЦК62040100/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга нарт холбогдох,
БЗД-ийн ЗДТГ-ын даргын 2021 оны 1 сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ, хамтран хариуцагч З.Цэрэнмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн гэрээ үүссэн гэж үзэж байгаа. Ажил үүргээ цаг хугацаанд хийж гүйцэтгэсэн байдаг. Мөн хэсгийн ахлагчийн ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэж байна. Мөн 2021 оны 1-р сарын 4-ний өдөр цаашид хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгдэж байна. Мөн өмнө нь удаа дараа БЗД-ийн ЗДТГ-т амаар илэрхийлсэн. Гэвч БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 1-р сарын 6-ны өдөр Б/03 дугаартай “Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж манай хорооны 12 хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан. Хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.
Ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос “Хэсгийн ахлагчийн ажиллах журам” гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна. Монгол улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйл заасан Хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь хүний хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг болно. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10-р сарын 30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт “Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосон байдаг. Мөн БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 1-р сарын 6-ны өдөр Б/03 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь засаг даргын тамгын газрын орон тоонд багтаж байх бөгөөд цалингийн сангаас нь урамшуулал буюу цалингаа авч ажилладаг. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй. Мөн хэсгийн ахлагчийн цалин нь ЗДТГ-ын цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу хэсгийн ахлагч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно. Хэсгийн ахлагч нар нь нийтдээ 7 хоногт 40 цаг ажилладаг. Мөн амралтын өдрүүдэд болон нийтээр амрах амралтын өдрүүдэд амардаг. Уг хууль нь хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчлэх тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ. БЗД-ын ЗДТГ нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэж хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна. Иймд БЗД-ийн ЗДТГ-ын даргын гаргасан 2021 оны 1-р сарын 6-ны өдрийн Б/03 дугаартай тушаал хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.*******г хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.*******г ажилдаа ирээгүй гэж тайлбарлаад байна. Үргэлжлүүлэн ажиллах хүсэл сонирхол байгаагаа илэрхийлснээ нэхэмжлэлдээ дурдсан. Яагаад энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзээд байна вэ? гэхээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхой тусгасан байгаа. Байнгын ажлын байртай байж болохуйц нөхцөл байдалд ажилласан. Бодит байдал дээр өглөө 8 цагт ирээд цагаа бүртгүүлээд орой тардаг цагтай хүмүүс байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр эдгээр хүмүүс бол төрийн чиг үүргийг гүйцэтгэдэг гэж байна. Тэгэхээр төрийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүмүүс бол төрийн албан хаагч нар л байдаг. Хэргийн материалд авагдсан гэрээг харах юм бол Иргэний хуулийн 198.5-т заасан холимог төрлийн гэрээний төрөлд орохоор харагдаж байна. Яагаад гэхээр хөдөлмөрийн гэрээний үндсэн зохицуулалт, хөлсөөр ажиллуулах зохицуулалт аль аль нь байна. Тэр дагуу Засаг дарга нь ямар үүрэгтэй юм, эдгээрт ямар цалин яаж өгөх юм гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21-т заасан үндсэн 4 агуулгыг тусгаж өгсөн гэрээ байна. Иймээс хөдөлмөрийн гэрээ гэж дүгнээд байна. Тэр дундаа холимог гэрээг хэрхэн яаж тайлбарлах вэ? гэвэл Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 4, 6 дугаар хэсэгт тодорхой заачихсан байгаа. Дийлэнх хэсгийг агуулсан ойролцоо төрлийн гэрээгээр тайлбарлана гэж заасан. Эдгээрийг харахад хөдөлмөрийн харилцаагаар тайлбарлах бүрэн боломжтой гэж үзэж байна. Эдгээр хүмүүсийг ажиллуулахын тулд тодорхой сонгон шалгаруулалтыг зарладаг. Сонгон шалгаруулалтын журам бол хөдөлмөрийн харилцаа нь дээр яригддаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Хөлсөөр ажиллах гэрээ нь хугацаатай байгуулагдаж болно. Хууль тогтоомжийн журам тогтоох эрх хэмжээний хүрээнд хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлсөн. Хэсгийн ахлагч нарт ямар нэгэн байнгын ажлын байр байхгүй. Мөн энэ талаар гэрээнд ямар нэгэн тусгасан заалт байхгүй. Хэсгийн ахлагч нар тогтмол өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүрэг биш ба хэсгийн ахлагч нар нь дэмжлэг шаардлагатай үед тодорхой нэг өдөр ирж ажилладаг /цагийн бүртгэл байхгүй/ юм. Хэсгийн ахлагч нарт тогтоосон горим, хөдөлмөрийн багаж хэрэгсэл байхгүй бөгөөд баталсан норм, үнэлгээ сүлжээгээр цалин хөлс авч ажилдаггүй болно. Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагч нарыг гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтоосон байгаа нь ажлын байранд заасан горим, удирдлагаас баталсан хийж гүйцэтгэвэл зохих норм, үнэлгээ биш бөгөөд тухайн хэсгийн ахлагч хүрч ажиллах тоон хязгаар биш юм. Иргэний хуулийн 359.2 дах хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно гэж заасан байдаг. 364.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан. Үүний дагуу Д.*******тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2020 оны 12-р сарын 22-ны өдөр Засаг даргын ажлыг хүлээж авсан. Энэ үед 3 хэсгийн ахлагч огт байхгүй ажлаа хаяж явсан байсан. Миний зүгээс Д.*******тай хамтарч ажиллаагүй учир мэдэх зүйл байхгүй байна. Утсаар нь холбогдох гэхээр утсаа авахгүй байсан. Ажлын хөлс болох урамшууллаа бүтэн авсан байсан бөгөөд гэрээний хугацаа дууссан гэрээг цуцласан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 1 сарын 06-ны өдрийн б/03 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж тодорхойлсон.
Нэг талаас Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрыг төлөөлөн 17 дугаар хорооны Засаг дарга Л.Эрдэнэцэцэг, нөгөө талаас иргэн Д.******* нарын хооронд 2020 оны 1 сарын 02-ны өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулагдаж, хэсгийн ахлагчийн эрх үүрэг, Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын эрх үүрэг, хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэх, урамшуулал, гэрээ дуусгавар болох үндэслэл, цуцлах үндэслэл болон хариуцлага, маргаан шийдвэрлэх асуудлыг гэрээнд тусгаж, гэрээний хугацааг 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар тохиролцсон байна. /хх-ийн 34-38 дугаар тал/
Гэрээний агуулга, зорилго, хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Тодруулбал, гэрээний нэг тал болох ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал болох ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Нэхэмжлэгчээс хэсгийн ахлагчийн ажил үүргийг байнгын ажлын байр гэж үзэж, хөдөлмөрийн гэрээ гэж тайлбарласан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоол, хавсралтаар “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг баталсан бөгөөд журмын 1.2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нь Монгол улсын хууль тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад хөнгөн шуурхай хүргэх, мэдээллэх, суртчилах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан. /хх-ийн 27-31 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлсон.
Хөлсөөр ажиллах гэрээний хувьд ажиллагчийг ажлын байраар хангах, ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүргийг ажиллуулагч хүлээж байдаг нь энэ гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэгч нь дахин давтагдан хийж гүйцэтгэх, тодорхой орчин нөхцөл, хугацаа шаардсан ажил, үйлчилгээ үзүүлдэгтэй холбоотой бөгөөд ажиллагч, ажилтны хувьд ажлыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.
Харин тогтмол ажлын байранд хийж гүйцэтгэх ажил мэргэжилтэй холбоотой харилцааг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар хууль тогтоомжид заасан байх бөгөөд хөлсөөр ажиллах гэрээ нь мөн л дахин давтагдан хийх ажил үүрэгтэй холбоотой байгуулагддаг ч хөдөлмөрлөх гэрээний нэгэн адил ажлын байр, ажил, амралтын цаг, хөдөлмөрлөх нас гэх мэт хуулиар тусгайлсан журам баримталдаггүйгээрээ харилцан ялгаатай.
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр ажил, амралтын цаг, хөдөлмөрлөх нас, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн дотоод журам, түүнд нийцүүлэн гаргасан ажлын байрны тодорхойлолт зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүд тусгагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн байнгын ажлын байр гэж үзэж хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 01 сарын 02-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Д.******* нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 4 хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар “хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон” үндэслэлээр 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 50-54, 78-81 дүгээр тал/
Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-т “хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж зохицуулсан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоор тохиролцсон байх бөгөөд “....хэсгийн ахлагч нь гэрээг үргэжлүүлэхийг хүссэн саналыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх..., гэрээг үргэлжлүүлэхийг хүссэн хэсгийн ахлагчийн саналыг хүлээн авч, ...сунгах эсэх асуудлыг дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх”-ээр гэрээгээр тохиролцсон байна.
Хэрэгт авагдсан баримтаар Д.******* нь гэрээний хугацааг сунгах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, энэ талаарх баримт авагдаагүй байх бөгөөд мөн ажиллуулагч талаас гэрээний хугацааг сунгах хүсэл зориг байгаагүй талаар хэн аль нь тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох хуулийн зохицуулалттай. Харин тодорхой хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дуусч ажиллагч тал буюу нэхэмжлэгч Д.******* нөгөө талдаа гэрээг сунгах талаар хүсэлтээ гаргаагүй, хариуцагч тал гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш дараа сарын ажлын эхний өдөрт ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж байгаа нь гэрээг цааш үргэлжлүүлэхээс татгалзсан гэж үзэхээр байна.
Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа тул хөдөлмөрийн гэрээний харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг хөлсөөр ажиллуулах тал баримтлах үүрэггүй юм.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын гаргасан 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хөлсөөр ажиллах гэрээ нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, иргэн Д.******* нарын хооронд байгуулагдсан бөгөөд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга нь дүүргийн Засаг даргын тамгын газрыг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, талуудын хооронд үүссэн маргаан гомдлоор авч хэлэлцэх хэргийн төрөлд хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэг сарын хөлс болох 630,000 төгрөгөөс тэмдэгтийн хураамжийг тооцож, 19,550 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох “Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгох, хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 19,550 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА