Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/347

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

           улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

       шүүгдэгч П.Батбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Далайван овогт Пүрэвсүрэнгийн Батбилэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405005550231 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, “Да хүрээ” захад авто механик ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Улаанхуаран гудамжны 521 дүгээр байрны 119 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1967 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар тус тус шийтгүүлсэн

Далай Ван овогт Пүрэвсүрэнгийн Батбилэг /РД:ЛК80091611/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Батбилэг нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Би Ти Си” караокед иргэн Ш.Энхбаттай маргалдан улмаар толгой тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Батбилэг нь мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Торгох ял оногдуулж өгнө үү..” гэсэн,

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хавтаст хэргээс хохирогч Ш.Энхбатын “... 2023 оны 12 дугаар сарын 29-нийөдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Би Ти Си” караокены гадаа хүнтэй танилцаад байж байсан. Танилцсан хүмүүстэй тус караокед орж юм ууж суусан. Бид нар тухайн караокеноос гараад явах гэж байхад миний танилцсан хүмүүстэй хүмүүс маргалдаж эхэлсэн. Тухайн үед би үүдэнд тамхи татаад байж байсан ба би очиж салгаад байж байтал Батбилэг гэх хүн миний толгой руу хаалганы төмөр бариулаар толгойны орой хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1089 дугаартай “1.Ш.Энхбатын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22 дахь тал/,

 

Хохирогч Ш.Энхбатаар 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтэн П.Батбилэгийг “гэрэл зургийг хараад танина. Би намайг цохисон залуутай нэг орцонд амьдардаг байсан, уг асуудлаас хойш уг залуу манай орцонд байхаа больсон” гэж заасан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 14-17 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Батбилэг нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Би Ти Си” караокед иргэн Ш.Энхбаттай маргалдан улмаар толгой тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Энхбатын “... 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ... Батбилэг гэх хүн миний толгой руу хаалганы төмөр бариулаар толгойны орой хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1089 дугаартай “1 .Ш.Энхбатын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22 дахь тал/,

 

Хохирогч Ш.Энхбатаар 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтэн П.Батбилэгийг “гэрэл зургийг хараад танина. Би намайг цохисон залуутай нэг орцонд амьдардаг байсан, уг асуудлаас хойш уг залуу манай орцонд байхаа больсон” гэж заасан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 14-17 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байх, амьд явах эрхийг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч П.Батбилэг нь хохирогч Ш.Энхбатын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамрсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1089 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоно.

Мөн шүүгдэгч П.Батбилэг нь хохирогч Ш.Энхбатын толгойд шууд санаа зорилготойгоор хаалганы төмөр бариулаар цохисон идэвхтэй үйлдэл болон хохирогчийн “зулайд шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж дүгнэлээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч П.Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч П.Батбилэг нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Энхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбогдуулан гомдолтой гэж мэдүүлэг өгч, хохирогч Ш.Энхбат нь баримтаар 209,186 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч П.Батбилэг төлж барагдуулаагүй байх тул энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөртэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Шүүгдэгч П.Батбилэг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ би Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч П.Батбилэгт холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч П.Батбилэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирол төлөгдөөгүй учир хохирогчид 209.186 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгч П.Батбилэгт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 800 нэгжтэй тэнцэх буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй. ...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч П.Батбилэгт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ш.Энхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч П.Батбилэгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч ********д төлөх 209,186 төгрөгийн төлбөртэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ************ овогт Пүрэвсүрэнгийн ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ********* овогт Пүрэвсүрэнгийн ************ийг хохирогч ***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Батбилэг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу П.Батбилэг нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж /15.000/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

            5.Шүүгдэгч П.Батбилэгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6.Шүүгдэгч П.Батбилэгээс хохирлын 209,186 төгрөгийг гаргуулан хохирогч ********д олгосугай.

            7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Батбилэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН