Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/01588

 

 

 

 

                                              2021        05          27

                     101/ШШ2021/01588

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 04 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дагмидын О /рд:0/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 оршин байрлах, БЗДИТХАА-нд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 2,207,352 төгрөг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 04 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан.  Гэтэл намайг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Ажлаас халагдсан тухай хурал, түүний тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0887 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 262 дугаар тогтоолоор намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1,889,626 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгал нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу цалин буюу урамшуулал 1,889,626 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн Хаан банк дахь 5018060601 тоот дансанд хүлээн авсан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсанаас хойш хариуцагч тал давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид удаа дараа гомдол гаргаж явсанаас үүдэлтэйгээр би ажилдаа эргэж орохгүй байсаар 2021 оны 01 дүгээр сард ажилдаа буцаж орсон. Миний нэг сарын цалин буюу урамшуулал нь нэг сард 183,946 төгрөг байсан.

Иймд БЗДИТХАА Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсанаас хойш 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин болох нийт 12 сарын хугацааны буюу 2,207,352 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,207,352 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0887 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 262 дугаар тогтоолоор Д.Ог Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урамшуулал 1,889,626 төгрөгийг нөхөн олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хуралд даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 8-29 дүгээр тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба нь Д.Ог  Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурлын даргын албан тушаалд 2021 оны 01 дүгээр сард буцаан томилсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны олговор нь ажил олгогчийн хууль бус тушаал, шийдвэрийн улмаас ажилтан албан үүргээ гүйцэтгэж, авах байсан цалин хөлсөө авч чадаагүй учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүртэл хугацаанд гаргуулах цалин хөлс байдаг тул ажилгүй байсан хугацааг  ажил олгогчийн хууль бус тушаал гарч, ажилтан ажиллаагүй үеэс ажилд эгүүлэн тогтоолгох хүртэл хугацаагаар тодорхойлох журамтай.

 

Ажилтан Д.О нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсөө авсан үйл баримтын талаар тэрээр тайлбарласан. Одоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0887 дугаар шийдвэр гарсан өдрөөс ажилдаа эгүүлэн томилогдсон 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны цалин гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.О нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурлын даргын албан тушаалд ажиллаж байхдаа сарын 183,946 төгрөгийн цалин хөлс авдаг байсан болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

 

Иймд хариуцагч БЗДИТХАА 2,207,352 /183,946 х 12 сар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар ажил олгогч нь ажилтаны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлж бичилт хийх үүрэгтэй. Иймд ажилтан Д.Од олгох 2,207,352 төгрөгийн цалин хөлснөөс холбогдох шимтгэлийг тооцож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чнь 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалнямд шүүх хуралдааны товыг шүүхээс 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түүний 88073524 дугаарын утсаар холбогдож мэдэгдэхэд тэрээр “ойлгосон” гэх хариу өгчээ. Мөн шүүхээс хариуцагч байгууллагын оршин байрлах хаягийн дагуу шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлэхэд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бичиг хэргийн ажилтан н.Мөрөнгоо гэх хүн гардан авсан байна.

 

Иймд хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан хариуцагч БЗДИТХАА 2,207,352 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 50,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ