Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/285

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч ***- түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас *** овогт ***-ын ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2302000000467 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймаг *** суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт *** аймаг *** сум *** баг *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***-ны ***

 

Шүүгдэгч ***- нь өөрийн шалгагдаж байгаа хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэхээр буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орой 19 цаг 23 минутын орчим Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 211 тоот өрөөнд тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ***-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 5,040,000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Дүрс бичлэгт үзлэг хийсэн “ ... 19:23 цагт ***- нь цэнхэр өнгийн хайрцагтай зүйл өөрөөсөө гаргаж ирж байгаа хэсгийг гэрэл зургаар харуулав.

***- нь цэнхэр өнгийн хайрцагтай зүйлийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч ***-д өгч ширээн дээр тавьж байгаа хэсгийг гэрэл зургаар харуулав. Мөрдөгч ***- нь цэнхэр өнгийн хайрцагтай зүйлийг аваад онгойлгож байгаа хэсгийг гэрэл зургаар харуулав. 19:23 цагт мөрдөгч ***- нь цэнхэр өнгийн хайрцагтай зүйлийн цахилгааныг татаж онгойлгож байгаа хэсгийг гэрэл зургаар харуулав. Мөрдөгч ***- нь цэнхэр өнгийн хайрцагтай зүйлийг ширээн дээр тавиад гар утсаа авч нээх үед ***- нь цэнхэр өнгийн хайрцагтай зүйлийг буцааж авах гэж зүүн гараараа татахад ***- дээр нь дарж байгаа хэсгийг гэрэл зургаар харуулав. ... ” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4-16 дахь тал/

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 17-20 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 21-22 дахь тал/

 

Гэрч ***-ын “ ... 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн орчим миний утас руу надад шалгагдаж байгаа сэжигтэн ***- нь утсаар залгаж орой уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би ***гээс ямар хэргээр уулзах гэж байгаа талаар асуухад *** орой 20 цагт гадуур уулзъя гэж ямар хэргээр уулзах гэж байгаагаа нарийн хэлээгүй. Би орой 19 цагт гэртээ байхад ***- над руу дахин залгаж уулзах хэрэгтэй байна, та хаана байна гэж асуусан. Би ***д ажил руугаа явж байна гэж хэлэхэд *** би ажил дээр чинь яваад очъё гэж хэлээд 19 цаг 40 минутын орчим манай ажлын гадаа ирсэн.

Би ***тэй ажлын гадаа таарч намайг машин дотор уулзах уу гэхээр нь би манай өрөөнд орж уулзъя гэж хэлээд цагдаагийн хэлтсийн 211 тоот ажлын өрөөнд орсон. *** миний ажил бүтэмжтэй байгаа гэж хэлээд би танд жаахан мөнгө өгөх гэсэн юм гэж хэлээд надад цэнхэр өнгийн хайрцагтай юм өгсөн.

Би уг хайрцагийг нь нээж үзэхэд 20,000 төгрөгийн дэвсгэртүүд нэлээн олон байсан. Би ***д та яагаад надад мөнгө өгч байгаа юм эгчийнхээ хэргийг аргалаад өгөөч гэж надад хэлсэн.

Би уг хэргийн талаар шууд цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад ***-, жижүүрийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч М.***-, ерөнхий эргүүл цагдаагийн хошууч ***, мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн хошууч ***, хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа *** нарт мэдэгдэж танилцуулсан. Удирдлагаас ***- нь цагдаагийн алба хаагчид авлига өгсөн тул материалжуулж шалга гэсэн үүрэг өгсөн.

Сэжигтэн ***- нь *** гэдэг хүнээс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мах маркет ХХК-ны хашаанаас 9,248,167,500 төгрөгийн үнэ бүхий 796 тонн малын махыг нь авч залилсан хэрэгт шалгагдаж байсан.

Би ***-гээс ямар ч мөнгө нэхээгүй. ***- утсаар надтай уулзах хэрэгтэй байна гэж ярьсан. Яг яах гэж уулзах гэж байгаагаа надад хэлээгүй. Уулзах хэрэгтэй байна гэхээр нь би ажил дээрээ байна хүрээд ир гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дахь тал/

 

Гэрч ***гийн “... Бугат 10-аас над руу залгаад та мөрдөгч ***-ын өрөөгөөр ороод орхиоч тэнд нэг асуудал болоод байна гэсэн. Би ***-ын өрөөгөөр ороход нэг эмэгтэй өрөөнд нь сууж байсан ба *** тэр хоёроос өөр хүн байгаагүй. Би юу болсон бэ гэж асуухад *** энэ хүн надад авилгал өгөх гэж байна, тэгээд би жижүүртээ хэлсэн. Бас дарга удирдлагууддаа мэдэгдлээ гэсэн. ***-ын ширээн дээр савтай 20,000 төгрөгийн дэвсгэртүүд задлаад тавьчихсан байсан. Би ямар асуудалтай хүн бэ гэж асуухад залилангийн хэрэг дээр над дээр шалгагдаж байгаа юм гэсэн.

Би нөгөө эмэгтэйгээс та ямар учиртай хүн бэ гэхэд би махны бизнес хийж байгаад шатчихсан юмаа гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дэх тал/

 

Гэрч Ж.***-н “... Мөрдөгч *** надад ахлахаа миний шалгаж байгаа хэргийн холбогдогч надад авилга өгөхийг завдлаа. Энэ мөнгө нь байна гээд ширээн дээр байгаа цэнхэр өнгийн дэлгэдэг үзэг балны сав ч гэмээр, гоо сайхны сав ч гэмээр цахилгаантай зүйл дотор байсан задгай 20,000 төгрөгийн дэвсгэртүүд болох мөнгийг заасан. Тэгээд хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байна. Үзлэг хиймээр байна. Тасгийн дарга Батбаатарт мэдэгдсэн байгаа гэсэн.

*** мөрдөгч дээр шалгагдаж байгаа эмэгтэй доошоо харсан, царай төрхөө гараараа нуусан байдалтай сууж байсан. Уг эмэгтэйн хувьд уучлаарай, битгий тэг л дээ гээд хоёр алгаа хавсраад мөрдөгч ***аас гуйгаад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 101-102 дахь тал/

 

Гэрч М.***-ын “... Орой 19 цаг 30 минутын орчим намайг хүнээс мэдүүлэг аваад сууж байтал манай тасгийн мөрдөгч *** яаралтай өөрийнхөө ажлын 211 тоот албан өрөөнд ороод ирээч гэсэн. Тэгээд би мэдүүлгээ түр завсарлаад мөрдөгч ***-ын өрөөнд ороход мөрдөгч *** залилангийн хэргээр *** дээр өөр дээр нь шалгагдаж байгаа ***ий хамт сууж байсан. Өрөөнд өөр хүн байгаагүй.

Мөрдөгч *** ширээнийхээ ард, харин *** гэх эмэгтэй ***-ын ширээний баруун талд *** руу хараад сууж байсан. Мөрдөгч *** надад энэ хүн надад авилга өгөхийг завдлаа. Энэ мөнгө нь байна гээд ширээн дээр байгаа цэнхэр өнгийн дэлгэдэг үзэг балны сав ч гэмээр зүйл дотор байсан задгай 20,000 төгрөгийн дэвсгэртүүд болох мөнгийг заасан.

... Тэгээд би мөрдөгч ***д нас барсан хэргийн материал дээр яаралтай ажиллагаа явуулж хүнээс мэдүүлэг авч байна. Ийм учраас мэдүүлгээ дуусгаад үзлэг хийе гэдгээ хэлээд өрөөнөөс нь гарсан.

... Үзлэг хийхэд оролцоогүй. Сүүлд сонсоход 5,000,000 гаран төгрөг байсан гэж дуулдсан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 104-105 дахь тал/

 

Гэрч Д.***-ын “... Мөрдөгч *** нь хэлтсийн 2 давхрын уулзалт мэдүүлгийн 211 тоот албан өрөөнд суудаг. Уг өрөө нь камертай. Тухайн өдрийн камерын бичлэгт үзлэг хийхэд дүрс бичлэг хийдэг. Харин дуу ярианы бичлэг хураадаггүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 108-109 дэх тал/

 

Гэрч ***ын “... *** надтай утсаар яриад над дээр залилангийн хэргээр шалгагдаж байгаа *** гэх эмэгтэй миний хэргийг аргалаад өгөөч гээд хахууль өгөхийг завдлаа. Одоо манай өрөөнд *** сууж байна. Би өнөөдрийн жижүүрийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч ***-д мэдэгдчихлээ. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 150-152 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч ***-д холбогдуулан Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бөгөөд мөрдөн байцаалт явуулах эрхий бүхий ажилтнаар мөрдөгч цагдаагийн дэслэгч ***- ажиллаж байжээ.

Ийнхүү шүүгдэгч ***- нь шалгагдаж байх хугацаандаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орой 19 цаг 23 минутын орчим тус хэлтсийн 211 тоот өрөөнд өөрийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл хийлгэхийн тулд мөрдөгч цагдаагийн дэслэгч ***-д 5,040,000 төгрөгийн хахууль өгчээ.

Энэ үед мөрдөгч цагдаагийн дэслэгч ***- нь түүний санал болгосон хууль бус үйлдлийг гүйцэтгэхээс татгалзаж, 5,040,000 төгрөгийн хахууль өгсөн талаар нэн даруй эрх бүхий албан тушаалтанд мэдэгджээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***- нь хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хууль зөрчсөн үйлдэл хийсэн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд шүүгдэгч ***-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бодит хор уршиг бий болсон нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “Шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***- анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан түүнд улсын яллагчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтэд дурдсан торгох ялыг багасган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгож, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

“Хээл хахууль” өгөх гэмт хэрэг нь “Авилгын гэмт хэрэг” гэсэн бүлэгт багтах бөгөөд энэ бүлэгт дурдсан гэмт хэргийн дотроос нийгмийн хор аюул хамгийн ихтэйд тооцогдохоос гадна хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг гэмт хэрэг тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Нөгөө талаар Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид уг журмыг шүүх хэрэглэх эсэх зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм. 

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч ***- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Авилгатай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хахуульд өгсөн 5,040,000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***-ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***-г нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***-г торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***-г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, ***- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Авилгатай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 5,040,000 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ