| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/00241/И |
| Дугаар | 101/ШШ2021/01496 |
| Огноо | 2021-05-20 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2021/01496
| 2021 05 20 | 101/ШШ2021/01496 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Сэдүүд овогт Шагдаргивын Д /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 дүгээр байр, “И Э Э ОУДС” ХХК /рд:/-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 8,697,772 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, илүү олгосон амралтын мөнгө 3,742,295 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б /Ү-0/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулах олон улсын “И Эс Эм” сургуульд найман жил ажилласан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус сургуулийн захирал Гремм Хилл Б45 тоот тушаал гарган намайг ажлаас үндэслэлгүй халсан юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02998 тоот шийдвэр гарч намайг өмнөх ажилд эргүүлэн томилж ажилгүй байсан хугацааны олговор болох 8,106,666 төгрөгийг хариуцагч “И Эс Эм” олон улсын дунд сургуулиас гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2198 тоот магадлалаар хэвээр үлдээсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр хэвээр байгаа тул уг шийдвэр, магадлал, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар заавал биелэгдэх журамтай. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн захирал, хүний нөөцийн менежер, нягтлан бодогч нартай уулзаж өмнөх ажилдаа орох шүүхийн шийдвэрт дурдсан цалингаа авах, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 3 cap 13 хоногийн цалинг авах шаардлага гаргасан. Миний энэ шаардлага хууль ёсны байсан атал сургуулийн буюу хариуцагч талын Ч.Уянгоо, Н.Отгонбавуу нар намайг илтэд басамжлан “Бид зөвхөн шүүхийн шийдвэрт заасан заалтыг биелүүлнэ, чамайг ажилд авах тушаал бэлэн, чамтай хөдөлмөрийн гэрээ байгуулна, шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэлх цалинг олгохгүй, ийм асуудал үүсвэл чамд олгосон ээлжийн амралтын 3,700,000 төгрөгийг суутгана” гэх мэтээр дарамталсан тул би аргагүйн эрхэнд та бүгд шүүхийн шийдвэрт заасан мөнгө буюу 8,106,666 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх цалинг олгоно уу. Эл тохиолдолд өмнөх ажилдаа орохоос татгалзана гэсэн тайлбарыг өгсөн боловч тэд үл зөвшөөрч хариуцагч талд шүүхийн шийдвэрт заасан мөнгө болон, ээлжийн амралтын мөнгийг шүүхэд хандан нэхэмжилнэ хэмээн маргалдаж асуудлыг шийдвэрлээгүй өнөөдрийг хүрч байна. Хариуцагч талын надтай харьцаж буй хандлагаас үндэслэн би өмнөх ажилдаа орсон тохиолдолд намайг ая тохитой ажиллах ямар нэгэн нөхцөлгүй болгох нь зайлшгүй гэсэн сэтгэгдэл тэр үед төрсөн тул 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгосон нөхцөлд өмнөх ажилдаа орохоос татгалзсан хүсэлт гаргасан юм. Гэвч хариуцагч тал миний хүсэлтийг үл зөвшөөрч шүүхийн шийдвэрт дурдсан ажилгүй байсны олговрыг зохих суутгал хийх замаар миний цалингийн дансанд шилжүүлсэн тул миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойшх хугацааны буюу шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй хугацааны олговрыг нэхэмжлэх зорилгоор шүүхэд хандаж байна. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 4 cap 13 хоногийн цалин нийт 8,697,772 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа:
Шүүхийн шийдвэр гарсны дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хурал болж, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2198 тоот дугаар бүхий магадлалыг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хуулинд заасан хугацаа дуусгавар болмогц, дараагийн шатанд хандахаас татгалзан, шүүхийн шийдвэрийг биелүүлье гэж “И Эс Эм” олон улсын дунд сургуулийн зүгээс үзсэн байдаг. Ингээд Ш.Дд болон түүний өмгөөлөгчөөр дамжуулан ажилд нь эргүүлэн авах, ингэхдээ одоогийн ажиллаж байгаа байгууллагаас тооцоог дуусгавар болгоод нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримт бичгээ авчрахыг хэлсэн. Гэтэл ирэхгүй байх, эсвэл ажилд орохгүй мөнгөө авна гэх зэрэг зүйл ярьж байтал 2020 оны 12 сарын 14-ний өдөр болсон. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 14-нд түүнийг ажилд нь эргүүлэн томилсон ч Ш.Д 2020 оны 12 сарын 15-нд захирал, хүний нөөцийн менежер, ерөнхий нягтлан нартай хамт уулзахдаа өөрөө энэ сургуульд цаашид ажиллахгүй, одоо ажиллаж байгаа Jet сургуулиасаа гарахыг хүсэхгүй байгаа гэдгээ сургуулийн захирлын өмнө хэлсэн атлаа төд удалгүй хурлын дараа хүний нөөцийн менежерийн өрөөнд хэлээгүй зүйлээ хэлсэн болгож хурлын тэмдэглэлд бичихийг шаардсаныг нь татгалзсан. Ингэмэгц өөрийн гараар мөнгө өгвөл ажиллахаас татгалзана гэж бичээд өрөөнөөс гараад явсан. Гэхдээ байгууллагын зүгээс шийдвэрийг биелүүлж байсан учраас Ш.Дг математикийн багшийн ажилд нь эргүүлэн томилж, шийдвэрт заасан 8,106,666 төгрөгөөс зохих даатгал, шимтгэлийг хасан олгосон. Сургалтын албаны дарга Том Даффи Ш.Дгийн хичээл заах анги, цахим сургалтын бэлтгэл ажлыг хангуулахаар хуваарь төлөвлөгөөг өөрчлөн, зааварчилгаа өгөхөөр хүлээж байсан ч Ш.Д эргэж сургуулийн байранд ирээгүй, утсаар ярьж дуудахад мөнгөө л яриад байсан. Ажилдаа эргэн ормоор байна гэж шүүх танхимд хэлж байсан хүн сургуулиас яаж аль болох мөнгө авах вэ гэхээс өөр зүйл бодохгүй хариуцлагагүй, хэнэггүй байдал гаргаж байсан тул бүтэн 2 долоо хоног хүлээсний эцэст хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэж үзэж 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлж, тушаалыг өөрт нь шуудангаар хүргүүлсэн. Иймээс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 15-ыг хүртэлх хугацааны цалинг олгох үндэсгүй байна гэж үзэж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“И Эс Эм” олон улсын дунд сургууль 2020 оны 04 дүгээр сарын 27-нд Б/45 тоот тушаалаар тус сургуулийн математикийн багш Ш.Дг ноцтой зөрчил гаргасан гэж үзээд, хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ ажлаас халагдаж байгаа тус ажилтаны тухайн сарын ажилласан хугацааны болон мөн ээлжийн амралт дуусгавар болж 2019-2020 оны шинэ хичээлийн жил эхэлснээс хойшх ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг нь тооцож олгосон. Тодруулбал, Багш ажилтны ээлжийн амралтын олговор тооцож олгох хуулийн хугацаа 48 хоног байдаг. Багш Ш.Д 2019 оны 8 сараас 2020 оны 4 cap хүртэл ажилласан бөгөөд нийт ажилласан 8 cap ээлжийн амралтын олговрыг 43 хоногоор тооцоод, нийтдээ 3,788,295 төгрөгөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаад, 2020 оны 4 дүгээр сарын 27-нд 3,742,295 төгрөгийг шилжүүлсэн болно. Гэтэл тухайн ажилтан үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах хэмээн шаардсаныг шүүх 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн. Боловсролын дунд сургуулиуд нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 09 дүгээр сарын 01-ний өдөр эхэлдэг. Мөн хуулийн 15.2-т зааснаар хичээлийн жилийн дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор заасан бөгөөд тухайн 2019-2020 оны хичээлийн жилд 06 дугаар сарын 01-нд дуусгавар болгох талаар Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор зохицуулсан байсан. Ийм учраас ажилгүй байсан хугацаанд ээлжийн амралт багтаж байгааг анхаарах ёстой гэсэн боловч ажлаас халагдсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш шүүх хурал хуралдах өдөр хүртэлх хугацааны олговрыг олгож шийдсэн. Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчаас давах гомдол гаргасан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 сарын 30- ны өдрийн 2198 дугаартай магадлалд “Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид 3,742,295 төгрөгийг олгосон гэх боловч уг мөнгөн дүнд түүний ээлжийн амралтын мөнгө орсон гэж тооцож, илүү шилжүүлсэн гэж дүгнэхээр бол хариуцагч нь нэхэмжлэгчээс тусдаа нэхэмжлэл гаргаж нэхэмжлэхэд уг шийдвэр саад болохгүй ” гэж дүгнэсэн. “И Эс Эм” олон улсын дунд сургууль дээрх магадлалыг 2020 оны 11 дүгээр сарын 24-нд гардан авсаны дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2020 оны 12 дугаар сарын 14-нд Ш.Дг ажилд эгүүлэн авах Б/200 тоот тушаал гаргаж, мөн ажиллаагүй хугацааны олговор болох 8,106,669 төгрөгөөс хуулийн дагуу зохих суутгалыг хийж, 7,174,400 төгрөгийг Ш.Дд төлсөн. Шүүхийн шийдвэрээр багш Даваасүрэнд 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан гэж үзээд ажилгүй байх үеийн олговрыг олгохоор шийдсэн. Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн багш нар нь нийтээрээ жил бүрийн 6 сараас 8 cap хүртэл хугацаанд амардаг, энэ хугацааны амралтын олговрыг байгууллага олгосон байгаа нь тухайн этгээдэд цалин буюу олговор аль аль олгогдох нөхцөлийг бүрдүүлсэн байгааг давах шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэсэн юм. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу Ш.Дгээс илүү шилжүүлсэн 3,742,295 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:
Тус сургуульд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд багшийн үүрэгт ажлыг гүйцэтгэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйл, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 сарын 14-ний өдрийн 116 дугаар тушаалаар баталсан ээлжийн амралтын зааварт тус тус зааснаар багшийн хувьд ээлжийн амралт эдлэх нь зайлшгүй. Тэрээр 7 сарын амралт ажлын 28 хоногоор эдлэх тооцоо бий. Шүүхээс түүнийг өмнөх ажилд нь эргүүлэн тогтоож, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлуудаас үндэслэн Ш.Дгээс 3,742,295 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Ш.Дд ээлжийн амралтын мөнгө хэмээн шилжүүлсэн мөнгийг хариуцагч буюу сөрөг нэхэмжлэл гаргасан “И Эс Эм” олон улсын дунд сургууль өөрийн санаачлагаар, хууль зүйн дагуу шилжүүлсэн. Энэ бол тэд Ш.Дд ээлжийн амралт олгох ёстойг хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагаа буюу де юри болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч “И Э Э ОУДС” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 8,697,772 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, илүү олгосон амралтын мөнгө 3,742,295 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02998 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2198 дугаар магадлалаар Ш.Дг “И Э Э ОУДС” ХХК-ийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8,106,666 төгрөгийг “И Э Э ОУДС” ХХК-иас гаргуулж Ш.Дд олгож, Ш.Дгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж дэвтэрт бичилт хийхийг “И Э Э ОУДС” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 5-12 дугаар тал/
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч “И Э Э ОУДС” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Ш.Дг математикийн багшийн ажилд эгүүлэн томилсон тушаалыг гаргасан байна. /хх-ийн 22 дугаар тал/
Нэхэмжлэгч Ш.Д нь түүнийг математикийн багшийн ажилд эгүүлэн томилсон 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тушаал гарсныг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн. Харин уг тушаалын дагуу намайг буцаан авч ажиллуулах бодит боломж нөхцөлөөр хангах эсэх нь эргэлзээтэй байсан, сургуулийн холбогдох ажилтнуудын зүгээс надтай зүй бусаар харьцаж байгаа байдал зэргээс үзэхэд шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн гэж үзэхээр байсан тул би тус сургуульд үргэлжлүүлэн ажиллаагүй гэж тайлбарласан.
Хариуцагч нь “...Ш.Д нь манай сургуульд үргэлжлүүлэн ажиллах сонирхолгүй байсан. Жэт сургуульд тэрээр үндсэн ажилтнаар орж, сарын 2,500,000 төгрөгийн цалин авдаг. Манай сургуульд 1,900,000 төгрөгийн цалин авдаг байсан. Илүү өндөр цалин олгодог сургуульдаа ажиллах сонирхолтой байсан. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Жэт сургуульд ажиллаж байсан тул түүнийг ажилгүй байсан гэж үзэж, цалин хөлс олгох үндэслэлгүй” гэж маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны олговор нь ажил олгогчийн хууль бус тушаал, шийдвэрийн улмаас ажилтан албан үүргээ гүйцэтгэж, авах байсан цалин хөлсөө авч чадаагүй учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүртэл хугацаанд гаргуулах цалин хөлс байдаг тул ажилгүй байсан хугацааг ажил олгогчийн хууль бус тушаал гарч, ажилтан ажиллаагүй үеэс ажилд эгүүлэн тогтоолгох хүртэл хугацаагаар тодорхойлох журамтай.
Хариуцагч “И Э Э ОУДС” ХХК нь нэхэмжлэгч Ш.Дг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах тушаал гаргаж, түүнийг ажил үүргээ гүйцэтгэхийг мэдэгдсэн байхад нэхэмжлэгч нь “...зүй бусаар харьцаж байгаа нь намайг цаашид ажиллуулахгүй байхаар байсан” гэх үндэслэл зааж, “И Э Э ОУДС” ХХК-ийн математикийн багшийн ажилд өөрийн санаачилгаар ажиллахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч Ш.Дг математикийн багшийн ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байх үйлдэл, эс үйлдэхүйг хариуцагч “И Э Э ОУДС” ХХК-иас гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй.
Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй тул ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гарснаас хойш хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн өдөр болох 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгч Ш.Д нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтод дурдсан нэр бүхий байгууллага болох “Жэттрак” ХХК-д ажил эрхэлж байсан нь тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч Ш.Д нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь хариуцагч “И Э Э ОУДС” ХХК-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхийг хязгаарлахгүй, мөн хариуцагчийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02998 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2198 дугаар магадлалаар ажилтан Ш.Дгийн 1 сарын дундаж цалин хөлсийг 1,900,000 төгрөг, 1 өдрийн цалин 84,444 төгрөг болохыг тогтоосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
Иймд хариуцагч “И Э Э ОУДС” ХХК-иас 6,797,772 /1,900,000 х 3 сар, 13 хоног/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дд олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Нэхэмжлэгч Ш.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цалин хөлсийг тухай бүр авсан үйл баримтын талаар талууд маргаагүй. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02998 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2198 дугаар магадлалын дагуу нэхэмжлэгчид олгосон. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалинг энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг сар бүр тасралтгүй авсан байна.
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь заалтад “багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй” гэж заасан.
Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч “И Э Э ОУДС” ХХК-д математикийн багшийн ажил, албан тушаалд ажилладаг байсан тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т тус тус зааснаар тэрээр ээлжийн үндсэн амралт эдлэхээр байна.
Ажилтан Ш.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл биечлэн ажиллаж, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ээлжийн амралт эдлэхээр байжээ. Энэ хугацааны ээлжийн амралтын олговор нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Ээлжийн амралтын олговор тооцох журмын 3, 4-т заасны дагуу олгогдохоор байна.
Гэвч ажилтан Ш.Д нь ээлжийн амралтын олговор авбал зохих хугацаа буюу 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговор тооцуулж энэ хугацааны цалин хөлсийг бүрэн авсан.
Аливаа ажилтан тухайн жилд сар бүр цалин хөлсийг тасралтгүй авсан тохиолдолд ээлжийн амралтын олговрыг давхардуулан авах хуулийн зохицуулалтгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшуулалд хамаарна. Ажилтан Ш.Д нь ээлжийн амралтыг биеэр эдэлж чадахгүй байсан буюу амрах хугацаа болох 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд амралтыг биеэр эдлэхгүйгээр ажиллах байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Хариуцагч “И Э Э ОУДС” ХХК-иас нэхэмжлэгч Ш.Дд 2020 оны ээлжийн амралтын олговорт тооцож 3,742,295 төгрөгийг олгосон үйл баримтад талууд маргаагүй, хэн аль нь тайлбарласан. Энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 63 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч Ш.Д нь ээлжийн амралтын олговорт 3,742,295 төгрөгийг авсан нь үндэслэлгүй байх тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулж, хариуцагч “И Э Э ОУДС” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан хариуцагч “И Э Э ОУДС” ХХК-иас 6,797,772 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Дгээс 3,742,295 төгрөг гаргуулж хариуцагч “И Э Э ОУДС” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 123,714 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,826 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 74,826 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ