| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/01453/и |
| Дугаар | 101/ШШ2021/01666 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/01666
| 2021 06 02 | 101/ШШ2021/01666 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0давхарт байрлах, “ Т ББСБ” ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигин овогт Машлайн Ц /рд:ХЖ78113005/,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Шаргачин овогт Доржийн Ч /рд:ЧК77080411/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,304,503 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч М.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч М.Ц, хамтран зээлдэгч Д.Чнар нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 059050432007 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн 059050432007 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 4,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан үүрэг үүссэн байна. Зээлдэгч нараас зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 1,117,524 төгрөг, хүүнд 673,734 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 742 төгрөг нийт 1,792,000 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд, үндсэн зээлийн төлбөрт 2,882,476 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 1,178,356 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 235,671 төгрөг нийт 4,296,503 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал 8,000 төгрөгийн хамт нийт 4,304,503 төгрөгийн хамт зээлдэгч нараас нэхэмжилж байна. Иймд Зээлдэгч иргэн М.Ц, Д.Чнараас зээлийн гэрээний үүрэгт нийт төгрөгийг 4,304,503 төгрөг гаргуулж өгнө үү. Гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дууссан. Гэрээний хугацаа дуусах нь үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан гэсэн зүйл биш. 1 жил гаруйгийн хугацаанд зээлдэгч төлбөрийг бүрэн төлөх боломжтой байсан. Бид үүрэг гүйцэтгэх хугацаа олгосон гэв.
Хариуцагч Д.Чшүүхэд ирүүлсэн хүсэлт, тайлбартаа:
“Транскапитал ББСБ-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож буй иргэн Д.Чминий бие нь 2020 оны 05-р сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зорчсон боловч тус суманд нэвтрэнгүүт цагдаагийн хамгаалалт дор хөл хорионы хязгаарлалтад албадан тусгаарлалтад орсон. Миний бие Транскапитал ББСБ-ын нэхэмжлэлтэй хэрэгт өөрийн биеэр оролцох хүсэлтэй байсан боловч дээрх шалтгааны улмаас өмнөх шүүх хуралд оролцож чадаагүй билээ. Миний зүгээс Транскапитал ББСБ-ын нэхэмжилсэн үнийн дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын улмаас эрхэлж байсан лангууны бизнес маань зогсож, орлогогүй болсон. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад “цар тахлын үеэр бизнес нь доголдсон иргэдийн зээлийн хугацааг сунгах, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх” тухай үүрэг өгсөн билээ. Гэтэл Транскапитал ББСБ нь төрийн холбогдох байгууллагуудаас өгсөн үүргийг биелүүлэхгүй, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож буй нь хууль бус гэж үзэж байна. Энэхүү нөхцөл байдлыг ойлгон үзэж нэхэмжлэлийн үнийн дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэж өгнө үү. Миний бие хөл хорионы хязгаарлалтаас гараад хувийн ажлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үргэлжлүүлэн байх шаардлагатай болсон бөгөөд 2021 оны 06-р сарын 02-ны шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагч М.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 4,000,000 төгрөгийг “ Т ББСБ” ХХК-иас зээлсэн. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хамгийн сүүлд зээлийн хүү төлөөгүй байсан. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлд гэрээ цуцлах талаар заасан. Гэрээний 8.2-т “зээлдэгч үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, гэрээний 7.1-7.13-т заасан зөрчлийг гаргасан бол цуцална” гэж заасан. Гэтэл 2019 оны 12 дугаар сараас эхлээд зээлдэгч нар зээлийн гэрээг зөрчөөд гэрээг цуцлах үндэслэл үүсээд байхад 2021 оны 2 дугаар сар хүртэл хүүг нь явуулж байгаад нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэ нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийг санаатай хүүгээ нэмэгдүүлсэн үйлдэл байна. Тухайн үедээ нэхэмжлэгч шүүхэд хандсан бол үүрэг илт нэмэгдэхгүй. Бид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс зээлийн хүү, тооцоолол зогсох ёстой гэж үзэж байна. Ковидтой холбоотой хуультай уялдаж Засгийн газрын 183 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын 8 дугаар заалтад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг хүсэлтийг үндэслэн зээл төлөх хугацааг хойшлуулах талаар үүрэг болгосон. Иймээс хариуцагчийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөр төлөлтийг тасалбар болгож тооцоолж өгнө үү. Үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ Т ББСБ” ХХК нь хариуцагч Д.Чинбат, М.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,304,503 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нар зээлийн үндсэн төлбөр төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ Т ББСБ” ХХК нь хариуцагч М.Ц, Д.Чнартай 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 059050432007 тоот зээлийн гэрээг байгуулж, 4,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь тохирсон хугацаанд графикийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 8-10 дугаар тал/
Талууд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил, зурагт, хөргөгч, угаалгын машин зэргийг барьцаалсан байна. /хх-ийн 11-12 дугаар тал/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүсчээ.
Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Зээлдэгч М.Ц, Д.Чнар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл төлөлтийн хуваарийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зөрчсөн, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2,882,476 төгрөгийн мөнгөн хөрөнгө үлдсэн талаарх үйл баримтад талууд маргаагүй.
Харин хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргасан. Уг тайлбарын үндэслэлээ Ковид-19 цар тахалтай холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох ёсгүй гэж тайлбарласан.
Хариуцагч нарын татгалзлын үндэслэлээ болгосон Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1020 дугаар Коронавирус /КОВИД-19/-ын цар тахлын үед банк бус санхүүгийн байгууллагуудад хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулж 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллахыг үүрэг болгосон байна. Мөн тус газрын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 854 дүгээр Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодод авах арга хэмжээний тухай тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллахыг үүрэг болгосон байна. /Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны http://www.frc.mn/ сайтын 2020 оны СЗХ-ны тогтоол хэсэг/
Дээрх Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолуудаас үзэхэд зээлдэгч нараас гүйцэтгэвэл зохих зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг төлөх хугацааг хойшлуулах эсхүл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох талаар арга хэмжээ авахыг банк бус санхүүгийн байгууллагуудад үүрэг болгоогүй байна.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасан. Уг хуулийн зохицуулалтад талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зориулалт хамаарахгүй байна.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хэн аль нь “...зээлдэгч нар нь цар тахалтай холбоотойгоор зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх хугацаа хойшлуулах хүсэлтийг зээлдүүлэгчид гаргаагүй” талаар тайлбарласан. Иймд хариуцагч нарын цар тахалтай холбоотойгоор зээлийн хүү төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,
Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны журмын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан.
Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 2,882,476 төгрөг, гэрээний хугацаа хүү болон хугацаа хэтрүүлсэн хүүд нийт 1,178,356 төгрөг, нийт 4,060,832 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.
Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүд шаардсан 235,671 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ” гэж заасан.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.7-д “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцон” гэж заажээ. Дээрх гэрээний заалтаас үзэхэд нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн хүүгээс тооцох хуулийн зохицуулалттай байхад төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж заасан нь гэрээний урьдчилан тогтоосон стандарт нөхцөл нь хууль зөрчсөн байна.
Иймд Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээний заалтыг зээлдэгчид ашигтайгаар тайлбарлаж, зээлдүүлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагч нарыг зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргахын тулд нотариатын зардалд 8,000 төгрөг төлсөн болох нь Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбарын баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн нотариатын зардалд нэхэмжилсэн 8,000 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нараас нийт 4,068,832 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 235,671 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг, хариуцагч Д.Чнь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.Ц, Д.Чнараас 4,068,832 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ Т ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 235,671 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 80,051 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ