Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 137

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч О.Оргодол, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Тугчин овогт Отгонбямбаагийн Оргодолд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624001059 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Тугчин овогт Отгонбямбаагийн Оргодол, 1977 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2-36 тоотод оршин суух, урьд 2009 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 236 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 6 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ТД 77110717 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч О.Оргодол нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан-Өлгийн автобусны эцсийн буудлын замд 50-07 УНИ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.5.а,б,в, 2.7.а, 9.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Амаржаргал, Ч.Батчулуун нарыг мөргөж Ч.Батчулууны бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг,

-Мөн дээрх зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Оргодол шүүхийн хэлэлцүүлэгт: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед гэртээ нэг шил архи уусан явах үедээ усанд явж байгаад энэ хэрэгт холбогдсон. Хохиролд  нэг сая төгрөг төлсөн. Жолооны эрхээ хасуулсан байсан. Хөнгөн ял оноож өгнө үү” гэв,

 

Насанд хүрээгүй хохирогч Ч.Батчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг 30 минутын орчим хичээлдээ явах гээд гэрээсээ буюу Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 58-09 тоотоос ээжийн дүүгийн хүүхэд Ч.Амаржаргалын хамтаар гарсан юм. Тэгээд бид хоёр доошоо уруудаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн автобусны эцсийн буудал дээр ирээд замын баруун талд явган хүний зам дээр автобус хүлээгээд зогсож байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан Т.Приус маркийн цагаан өнгийн машин их хурдтай орж ирээд явган хүний зогсож байсан манай 9 настай Амаржаргал бид хоёрыг мөргөөд унагаасан юм. Тухайн үед би дүүгийнхээ зүүн талд зогсож байсан болохоор намайг эхэлж мөргөсөн тэгээд л сайн санахгүй байгаа юм нэг ухаан ороход эмнэлэг рүү явж байсан. Тухайн ослоос бол миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугарсан юм. Одоо гипстэй байгаа. Цагаан өнгийн Т.Приус машин байсан өөр надад санах зүйл алга байна жолооч нь ямар хүн байсныг тухайн үедээ мэдээгүй харин сүүлд нь жолоочийг манайд ирэхэд нь харсан…” гэсэн мэдүүлэг. /хх14-15/,

 

Хууль ёсны төлөөлөгч Б.Чулуунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн орчим манай хүүхэд Ч.Батчулуун нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн автобусны эцсийн буудпын тэнд цагаан өнгийн Т.Приус маркийн Оргодол гэх жолоочтой машинд мөргүүлж хөл нь хугарсан мөн гар нь гэмтсэн юм. Тухайн өдөр манай хүү Батчулуун хичээлдээ явж байхдаа манай төрсөн дүү Чаминчулууны охин 9 настай Амаржаргалтай хамт явсан, азаар Амаржаргал гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Тухайн ослоос болж манай хүүхэд Батчулуун эмнэлэгт хэвтээгүй гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа одоогоор баруун хөл нь гипстэй гэртээ хэвтэж байгаа, хичээлдээ явж чадахгүй байгаа. Эмчилгээндээ энэ мөргөсөн жолоочоос нэг сая төгрөг гаргуулан авсан байгаа тийм болохоор манай зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Хамгийн гол нь хөл нь хугарсан болохоор толгой тархиндаа гэмтэлгүй байгаа…” гэсэн мэдүүлэг. /хх-16/,

 

Насанд хүрээгүй гэрч Ч.Амаржаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг 30 минутын орчим хичээлдээ явах гээд эмээгийнхээ гэрээс буюу Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 58-09 тоотоос ээжийн төрсөн эгчийн хүүхэд Ч.Батчулуун ахынхаа хамтаар гарсан юм. Тэгээд бид 2 доошоо уруудаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо алтан өлгийн автобусны эцсийн буудал дээр ирээд замын баруун талд явган хүний зам дээр автобус хүлээгээд зогсож байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан цагаан өнгийн машин их хурдтай орж ирээд явган хүний зогсож байсан манай Батчулуун ах бид хоёрыг­ мөргөсөн. Би уг машинд мөргүүлээд газарт унасан, харин ах Батчулуун мөргүүлээд хөл нь хугарсан босож чадахгүй уйлаад байсан. Тэгээд тэнд байдаг дэлгүүрийн ахаар ээж рүүгээ утсаар залгуулаад дуудуулсан юм. Манай гэрээс осол болсон газар хол биш болохоор манай ээж Чаминчулуун их хурдан ирсэн тэгээд л тэнд байж байхад эмнэлэг ирээд Батчулуун ахыг аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-19/,

 

Гэрч Б.Чаминчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг өнгөрөөд бараг 13 цаг болж байхад гэртээ байж байтал утас дуугараад 9907-той утаснаас залгаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн автобусны эцсийн буудлын энд танай хүүхэд машинд мөргүүллээ гэж нэг эрэгтэй хүн ярьсан юм. Тухайн осол болсон газраас манай гэр их ойрхон би хүүхдээ осолд орсоныг сонсоод шууд л гараад гүйсэн юм. Тэгээд тэр хүнийг ярьснаас хойш бараг 10 минутын дараа очсон байх, очтол манай төрсөн эгч Чулуунцэцэгийн хүүхэд Батчулуун машинд мөргүүлээд хөл нь гэмтсэн, харин цуг явсан манай төрсөн охин Амаржаргал ямар нэгэн гэмтэл аваагүй байсан. Очоод асуухад замын хажууд явган хүний зам дээр автобус хүлээгээд зогсож байтал дээрээс уруудаж орж ирсэн цагаан өнгийн Т.Приус маркийн автомашин тэр хоёрыг мөргөөд доошоо буюу ертөнцийн зүгээр урагшаа зугтаагаад яваад өгсөн байсан. Тэгтэл аз болж осол болсон газрын хажуугийн "Мөнгөн булган" дэлгүүрийн залуу замаар явж байсан микро автобусыг зогсоогоод тэр мөргөсөн машины араас явуулж зогсоосон байсан. Мөн тэр дэлгүүрийн залуу над руу утсаар ярьж манай хүүхдийг осолд орсоныг хэлсэн. Намайг очих үед нөгөө мөргөсөн цагаан өнгийн машин нь ослын газраас 200 орчим метр зайтай замын хажууд зогсож байсан. Тэр машиныг цагаан өнгийн нэг микро автобус урд нь шахаад зогссон байсан, тэгээд л тэнд бужигнаж байтал цагдаа эмнэлэг ирсэн юм. Дараа нь тэр мөргөсөн залууг харахад маш их согтуу байсан. Ослын дараа Мөнгөн булган дэлгүүрийн камерыг үзэхэд нэг хоног хадгалдаг камер байсан тэр камер дээрээс хүүхэд мөргөсөн машин зугтаагаад явж байгаа бичлэгийг гар утсаараа хуулж авсан. Маргааш нь хуулах гээд очтол устсан байсан нэг хоног хадгалдаг юм байна лээ. Би энэ 3 минутын бичлэгийг СД дээр хуулж өгнө. Тухайн үед сандраад нэрийг нь асуугаагүй мөн номер дугаарыг нь хараагүй. Тухайн үед замаар л явж байсан микроавтобус юм шиг байна лээ. Одоо зүгээр хэвийн байгаа нөгөө мөргөсөн жолоочоос эмчилгээний мөнгө бүрэн гаргуулан авсан байгаа…” гэсэн мэдүүлэг, /хх-20/,

 

Гэрч Р.Гансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны 11 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 48-1 тоотод байрлах Мөнгөн Булган хүнсний дэлгүүртэй байж байтал гадаа хүүхэд уйлах сонсогдохоор нь гартал замын баруун талд явган хүний замын наад талд 13-14 насны машинд мөргүүлсэн газарт хэвтэж байсан хажууд нь 6-8 орчим насны охин байсан. Тэгтэл ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй нэг цагаан өнгийн Т.Приус 20 маркийн машин явж байсан. Тэр машин зам дээр хоёр тийшээ шарваад явахаар нь би хойноосоо ирж явсан цагаан өнгийн микроавтобус шиг машин зогсоогоод тэр цагаан приус хүүхэд мөргөөд зугтаалаа араас нь очоод зогсоо гэсэн. Тэр залуу хойноос нь яваад ослын газраас 200 метр орчим газарт зогсоосон юм, бараг тасарсан залуу байлаа…” гэсэн мэдүүлэг. /хх37-38/,

 

Гэрч Э.Энхээ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг өнгөрөөд бараг 13 цаг болж байхад гэртээ байж байтал манай гэрийн баруун талд хүүхэд орилох сонсогдсон. Тэгэхээр нь юу болов гэж бодоод гэрээсээ гүйгээд гараад иртэл манай гэрийн баруун талд мөн замынхаа баруун талд замын хажууд явган замын цаана 2 хүүхэд машинд мөргүүлсэн байсан, Тэгээд яваад очтол 13-14 орчим насны эрэгтэй хүүхэд газарт хэвтсэн харин нэг 6-8 орчим насны эмэгтэй хүүхэд нөгөө ах бололтой хүүхдийнхээ толгойг өвдөг дээрээ тавьсан ахаа та босоочээ гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би юу болов гээд асуутал цагаан өнгийн Т.Приус маркийн автомашин мөргөчихөөд зугтаагаад яваад өглөө гэж хэлж байсан. Тэгээд нөгөө мөргөсөн машиныг хартал ослын газраас 100 орчим метр зайтай Суман гэх дэлгүүрийн тэнд цаашаагаа буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй удаан 30 орчим км цагийн хурдтай явж байсан. Тэр үед манай хажуугийн “Булган” гэх хүнсний дэлгүүрийн залуу гарч ирээд өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгөөд хажуугаар өнгөрсөн цагаан өнгийн микро автобусыг зогсоогоод ахын дүү тэр явж байгаа Т.Приус хүүхэд дайраад зугтаагаад явлаа араас нь очоод зогсоогоод өгөөч гэсэн, тэгээд тэр цагаан өнгийн микро автобусны жолооч араас нь очоод ослын газраас 200 орчим метр зайд нөгөө машиныг шахаад зогсоосон юм…” гэсэн мэдүүлэг. /хх40-41/,

 

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээч эмчийн №15971 дугаартай дүгнэлт: “...Батчулууны биед баруун атгаал, шаант ясны далд хугарал, дух, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлос.шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт. /хх-48/,

Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт: “...Т.Приус маркийн 5007 УНИ улсын дугаартай автомашины жолооч О.Оргодол нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна…” гэсэн дүгнэлт. /хх53-56/,

 

Яллагдагч О.Оргодол мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өглөө гэртээ байж байгаад 10 цагийн орчим архи уумаар санагдаад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 48-01 тоотод байрлах “Мөнгөн булган” гээд манай гэрт хамгийн ойрхон мөн автобусны буудлын эцэс дээр байдаг хамгийн хойд талын дэлгүүрээс 05 литрийн Арвай гэх архи худалдаж аваад уг архийг гэртээ авчираад ганцаараа гэртээ ус авах гээд Төмөрөөгийн 50-07 УНИ улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг унаад гэрийнхээ хажууд байх худаглуу явсан. Тэгээд явж байгаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн автобусны эцсийн
буудлын зам дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад
явган хүний зам дээр зогсож байсан 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн байсан. Би тухайн үед архи их уусан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байна…” гэсэн мэдүүлэг.

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх3-10/, насанд хүрээгүй хохирогч Ч.Батчулууны мэдүүлэг /хх-ийн 14-15/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чулуунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 16/, насанд хүрээгүй гэрч Ч.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч Б.Чаминчулууны мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч Р.Гансүхийн мэдүүлэг /хх-ийн 37-38/, гэрч Э.Энхээгийн мэдүүлэг /хх-ийн 40-41/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-56/, согтуурал шалгасан баримт /хх-ийн 10/, гэрч Ц.Мажигсүрэнгийн мэдүүлэг /хх-23/, гэрч Ш.Болортуяагийн мэдүүлэг /хх-25/, гэрлэлтийн баталгаа, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч О.Оргодол нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан-Өлгийн автобусны эцсийн буудлын замд 50-07 УНИ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.5.а,б,в, 2.7.а, 9.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Амаржаргал, Ч.Батчулуун нарыг мөргөж Ч.Батчулууны бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг,

-Мөн дээрх зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугтаасан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч О.Оргодолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Оргодлыг согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг,

-Мөн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Оргодол нь урьд онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзан хугацаанаас үлдсэн хугацааг өршөөлийн хуульд хамааруулсан болно.

Шүүгдэгч О.Оргодол ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Хохирогч Ч.Батчулуун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч О.Оргодолд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хорих ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багатааж, шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тугчин овогт Отгонбямбаагийн Оргодолыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг,

-Мөн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар О.Оргодолын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

-мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар О.Оргодолыг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан О.Оргодолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж буюу хөнгөн ялыг хүндэд багтаан О.Оргодолын нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Оргодолд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар О.Оргодолд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Оргодол нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Батчулуунд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

  1. . Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Оргодолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР