Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/01698

 

 

 

 

                                               2021        06          07

                     101/ШШ2021/01698

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Хоньт Содов овогт Банзрагчийн Э /рд:0/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод түр оршин суух, Дэд овогт Базарсадын Д /рд:0/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э, Б.Д нар нь харилцан тохиролцож, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээ нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай хүүгүйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь заасан хугацаанд зээлийн хуваарийн дагуу мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээгээр зээлдэгч Б.Д зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр үүрэг хүлээлгэж, энэхүү гэрээний үүргийг үл маргах журмаар биелүүлнэ гэсэн боловч Б.Д нь энэхүү үүргээ биелүүлэхгүй 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс одоог хүртэл ямар ч төлөлтийг хийгээгүй байна. Иймд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 8,000,000 төгрөг алданги 4,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийг Б.Дгээс гаргуулж Б.Эд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.Эгаас 2017 оны 06 дугаар сард анх дүү н.Баярмаагаар дамжуулан танилцаж 5,000,000 төгрөгийг хүүгүй зээлж авсан. Ингээд уг зээлээ төлж чадахгүй явсаар 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нотариат орж би ажлаа бүтсэн тохиолдолд 3,000,000 төгрөгийг нэмж нийт 8,000,000 төгрөг болгож төлөхөөр гэрээ хийж байсан. Гэтэл  энэ гэрээг харахад 8,000,000 төгрөг авсан мэтээр хийсэн байна. Үүнийг би тухайн үед сайн анзаарч мэдээгүй байсан байна. Одоо Б.Эгаас нэхэмжилж байгаа 12,000,000 төгрөгийг бол төлөх боломжгүй. Анх тохиролцож байсан 8,000,000 төгрөгөө л ямар атугай төлнө. Эхний төлөлтийг 6 сарын 25-наас эхлэн хэсэгчилэн төлөхийг хичээнэ. Яагаад гэвэл би одоо тогтмол орлогогүй. Мөн 2020 оны 08 дугаар сард тархины тал цус харвалт болж хөдөлмөрийн чадвараа мөн тэр хирээр алдсан. Гэвч анх амлаж байсан 8,000,000 төгрөгийг бол эргүүлэн төлнө гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 8,000,000 төгрөг төлөхийг  зөвшөөрч, үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ  байгуулагдаж, уг гэрээгээр Б.Э нь 8,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.Д нь тохирсон хугацаанд зээлийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5 дугаар тал/

 

Уг гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Дд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн талаарх бэлэн мөнгөний орлогын баримтыг нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн. /хх-ийн 20 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгтМөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 8,000,000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

Хариуцагч Б.Д нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгөөс 5,000,000 төгрөгийг хүлээн авсан, үлдэх 3,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргах боловч хэрэгт авагдсан нотлох баримт болох бэлэн мөнгөний орлогын баримтаар 8,000,000 төгрөгийг бэлнээр тэрээр хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Хариуцагч нь дээрх зээлийн дагуу 5,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарлах боловч уг тайлбартай холбоотой нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлтэй холбоотой баримтаа хариуцагч өөрөө цуглуулж өгөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Б.Дгээс зээлийн үндсэн төлбөр 8,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Харин нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь талуудын байгуулсан зээлийн гэрээний 1 дэх заалтад “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгэээгүй үүргийн дүнгийн хоногт тутамд 0,1 хувийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заажээ.

 

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ” гэж, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасан.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний дээрх заалтын үгийн шууд утгаас үзэхэд “зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн бол” гэж зээл төлөх үүргийн хугацааг зээлдүүлэгч Б.Эд  өөрт нь ногдуулсан гэж үзэхээр байна. Дээрх гэрээний урьдчилан тогтоосон алдангитай холбоотой стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй байна.

 

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэж зааснаар уг гэрээний заалтыг зээлдэгчид ашигтайгаар тайлбарлаж, зээлдүүлэгч  нь алданги шаардах эрхгүй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн алдангид шаардсан 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь уг хуулийн зохицуулалтад нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, хариуцагч Б.Дгээс 8,000,000 төгрөг гаргуулж, 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, тэрээр шүүх хуралдаанд ирэх боломжгүйтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй тул түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болохыг  дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Дгээс 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.БЯМБАЖАРГАЛ