Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/01697

 

 

 

 

                                               2021        06          07

                     101/ШШ2021/01697

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Элдэв овогт Гонгорын Э /рд:0/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод түр оршин суух, Боржигин овогт Цэрэндашийн О /рд:0/-т  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,469,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.О нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г.Эгээс №32 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр барьцаагүй зээл авсан. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хувиарын дагуу төлбөрийн үндсэн зээлнээс 6,353,800 төгрөгийг гэрээний хугацаанд төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,646,200 төгрөгийг 2019 оны 08 сарын 13-аас хойш огт төлөлт хийхгүй байгаа тул дараахь зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг төлөх талаар Г.Э нь удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгииг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасныг үндэслэн шүүхэд хандаж байна. Иймд зээлийн гэрээний дагуу алданги бодож байгаа бөгөөд одоогийн байдлаар зээлдэгч Ц.О нь зээлийн үлдэгдэл 3,646,200 төгрөг, алданги 1,823,100 төгрөг, нийт 5,469,300 төгрөг болсон байна. Иймд Ц.Оээс зээлийн гэрээний дагуу нийт 5,469,300 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүү шаардах эрхтэй боловч хүү шаардаагүй. Гэрээний хугацаанд 1 сарын хүүгийн төлбөр авсан. Үлдэх хугацааны зээлийн хүүг шаардаагүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбар болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Эгээс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлдэж авсан нь үнэн. Уг мөнгөнөөс үндсэн төлбөрт 7,000,000 төгрөгийг төлж, 3 сарын зээлийн хүү нийт 1,800,000 төгрөгийг төлсөн. Ковид-19 цар тахал гарсаны улмаас миний бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлээ төлж чадахгүй болсон юм. Иймд би үндсэн төлбөр 3,000,000 төгрөгийг төлөх хүсэлттэй байна. Алдангийг төлж чадахгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Ц.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,469,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч  3,000,000 төгрөг төлөхийг  зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ  байгуулагдаж, уг гэрээгээр Г.Э нь 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, Ц.О нь тохирсон хугацаанд зээлийг төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Уг гэрээний хугацааг сунгаагүй талаар талууд тайлбарласан. /хх-ийн 3-4 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 10,000,000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байх ба уг үйл баримтад талууд маргаагүй. /хх-ийн 5 дугаар тал/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэгч нь 5,469,300 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ хэргийн 6 дугаар талд авагдсан хариуцагч Ц.Оээс бичиж өгсөн гэх баримтыг үндэслэсэн. Хэдийгээр уг баримтаар хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 5,469,300 төгрөг төлөх талаар тусгагдсан байх боловч хэрэгт авагдсан бусад баримтаар уг үйл баримт няцаагдаж байна.

 

Тодруулбал, хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшлийн 5062263803 тоот данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч Г.Эгийн эзэмшлийн данс 5062263803 болох нь тусгагдсан байх ба шүүх хуралдаанд уг тоот данс нь нэхэмжлэгчийн данс болох үйл баримтад тэрээр маргаагүй.

 

Мөн уг 7,000,000 төгрөгт зээлийн хүү багтаагүй, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг хүүд биш үндсэн төлбөрт төлсөн гэж тэрээр өөрөө шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Иймд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу хариу үүрэгт нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул уг мөнгөн хөрөнгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч /10,000,000-7,000,000/ тооцвол үндсэн төлбөрт 3,000,000 төгрөг төлөх үүрэг үлдсэн байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 6.2 дахь хэсэгт “Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө” гэж заасан байх ба гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан байхад зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймд гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3,000,000 төгрөгөөс алданги тооцвол анзын нийт дүн 3,000,000 төгрөгөөс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувь болох 1,500,000 төгрөгийг алдангид тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 969,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хариуцагч нь дээрх зээлийн дагуу зээлийн хүүд нийт 1,800,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлах боловч уг тайлбартай холбоотой нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөөгүй. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд 1 сарын хүүд 600,000 төгрөг авсан гэж тайлбарлаж, үлдэх 2 сарын зээлийн хүүгийн төлбөрийг нэхэмжлээгүй болно. Хэрэгт авагдсан хариуцагчаас 600,000 төгрөг төлсөнтэй холбоотой баримт нь дээр дурдагдсанаар зээлийн гэрээний дагуу 1 сарын хүү төлсөнтэй холбоотой баримт байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.Оээс 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 969,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БЯМБАЖАРГАЛ