| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/01349/И |
| Дугаар | 101/ШШ2021/01667 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/01667
| 2021 06 02 | 101/ШШ2021/01667 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Шапсай овогт Наранцэцэгийн Э /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Алаг адуун овогт Баасанжавын Б /рд:0/,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигон овогт Дэмбэрэлийн М /рд:0/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 50,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О /Ү-0/, хариуцагч Д.М, хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Япон улсад олон жил ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сард ирсэн. Ирмэгцээ өөрийн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 48б байрны 9 тоотод байрлах орон сууцыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахыг хариуцагч нараас асуухад байрыг барьцаанд тавьсан байсан. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагч нарт мөнгө зээлүүлээд, сарын дараа төлүүлэхээр тохиролцож 20,000,000 төгрөгийг Д.М-д, 30,500,000 төгрөгийг Б.Бд тус тус өөрийн дансаар шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Японд байх хугацаанд нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 48б байр, 9 тоотыг өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан юм. Уг орон сууц нь анхнаасаа Н.Эийн хөрөнгө байсан. Гэхдээ Н.Э нь өмнө нь хэзээ ч уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж байгаагүй. Гэтэл хариуцагч нар “Рус финанс ББСБ” гэх компанид байрыг барьцаанд тавьж зээл авсан байсан. Уг зээлийн төлбөрийг нь Н.Э төлж, уг орон сууцны өмчлөх эрхийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн авсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт Д.М-аас 20,000,000 төгрөг, Б.Бгээс 30,500,000 төгрөгийг тус тус зээлийн төлбөрт гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:
Б.Б нь нэхэмжлэгчийн төрсөн эгч болох н.Баярчимэгийг эртнээс таних бөгөөд түүний гуйлтаар удаа дараа түүний нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлж зээл гаргуулан өгч буцаан төлөлтийг Баярчимэг хийж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Рус Финанс” ББСБ-аас 50,000,000 төгрөгийг зээлүүлж авсан. Зээлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн өдөр дахин 3,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, дахиад 40,000,000 төгрөг гэж 4 хуваан шилжүүлсэн байна. Эхний өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 хувааж орж ирсэн мөнгийг Баярчимэг нь Мөнхжаргалаас авчих нь бэлнээр өгөөрэй гэсний дагуу Мөнхжаргалд АТМ-с бэлнээр 3,000,000 төгрөг, 2,850,000 төгрөг тус тус гаргуулан авсан бөгөөд үлдэгдэл 150,000 төгрөгийг 3 хүний данс руу 50,000 төгрөгөөр хувааж шилжүүлүүлсэн байдаг. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орж ирсэн 44,000,000 төгрөгийг өөрийн хамаатан найз гэх Мөнхжаргалын Хаан банкны 5024654462 тоот данс руу 20,000,000 төгрөг 14,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг гэж 3 хуваалган шилжүүлсэн. Н.Баярчимэг нь Мөнхжаргалын дансаар авна гэсэн. Ингээд удаагүй байтал н.Баярчимэгийн төрсөн дүү гэх Н.Э нь холбогдож эгчийнхээ зээлсэн мөнгийг төлж үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. “Рус Финанс ББСБ”-ын төлөлтийг Н.Э хийхдээ Б.Бгийн дансаар Хаан банкны 5039465875 тоот дансанд 20,000,000 төгрөг шилжүүлснээс “Рус финанс” ББСБ-ын данс руу 10,000,000 төгрөг 9,500,000 төгрөгөөр шилжүүлж, үлдэгдэл 500,000 төгрөгийг Н.Эийн Хаан банкны 5027807621 тоот дансанд буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан шиг 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Н.Эээс 30,500,000 төгрөг зээлсэн зүйл огт байхгүй болно. Мөн Б.Бгийн нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг бүгдийн Н.Эт шилжүүлэн өгсөн. Н.Э нь зээлийн дагуу барьцаалсан хөрөнгийг зээлээс нь чөлөөлж өгөөд, уг орог сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан юм. Орон сууцыг 50,000,000 төгрөгөөр авахын тулд Н.Э төлсөн. Ингээд бүгд хамт байж байгаад Рус финанс ББСБ-ын төрийн банкны данс руу хийсэн. Иймээс нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Мшүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Н.Этэй уулзаагүй. 12 дугаар сарын 9-нд Н.Э өөрийн төрсөн эгч Н.Бийг хүүхэдтэй нь хамт хөөгөөд явуулсан. Н.Э, Н.Б нар нь миний үеэлүүд байгаа юм. Н.Б эзгүй байсан бөгөөд над руу залгаад “Би хөдөө явсан, Эрдэнэчимэгээс салж байна. Сүлжээгүй газар байна. Аавынхаа хамаатныг хайж олж очно. Чи түр зээлийг хаагаад байж бай, тэр хүртэл би хот руу орохгүй” гэсэн. Н.Б нь төвийн ус татуулах гэж гадуур хүмүүст их өртэй байсан. Ингээд би Н.Бийн найз залуу болох Б.Бтэй хамт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр явж “Рус финанс ББСБ” ХХК-иас авсан 50,000,000 төгрөгийн зээлийг авсан. Уг зээлийг авахдаа Б.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 48б байрны 9 тоотод байрлах орон сууцыг барьцаалж авсан. Уг орон сууц нь Н.Бийн өмчлөлд байсан юм. Н.Б нь өр ихтэй байсан тул түүний нэрээр зээл гарахгүй байсан. Ингээд банкнаас зээл авахын тулд орон сууцны өмчлөх эрхээ найз залуу болох Б.Бгийн өмчлөлд шилжүүлж, түүний нэрээр зээл авсан юм. Банк бус санхүүгийн байгууллагаас Н.Бийн найз залуу Б.Б болон би хамтран зээлдэгчээр орж 50,000,000 төгрөгийн зээл авсан боловч уг зээлийг Н.Б өөрөө захиран зарцуулсан. Н.Э нь энэ талаар мэдээд, нийт хэдэн төгрөгийн өрөнд орон сууцыг барьцаалсан талаар асуусан. Нийт 50,000,000 төгрөгийн зээл авсан гэхэд уг зээлийг нь өмнөөс нь төлөөд орон сууцыг өөрийн өмчлөлд авахын тулд эгч Н.Бийн зээлийг төлж өгье гэсэн. Ингээд Н.Эийн саналыг зөвшөөрч банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлүүлж, орон сууцыг түүний өмчлөлд өгөхөөр болсон. “Рус финанс ББСБ” ХХК-ийн зээлийн төлбөрийг төлөх болоход Н.Э нь иргэний үнэмлэх аваагүй, киоскоор үйлчлүүлж чадахгүй байсан тул АТМ-с Б.Бгийн данс руу 30,000,000 төгрөг, миний данс руу 20,000,000 төгрөг хийсэн. Миний данс руу орж ирсэн 20,000,000 төгрөгийг би тэр дор нь Б.Б рүү шилжүүлсэн. Ингээд Б.Б нь “Рус финанс ББСБ” ХХК-ийн зээлийг төлж дуусгаад, орон сууцны өмчлөх эрхийг 1 дэх өдөр нь Н.Эийн нэр дээр шилжүүлсэн. Би огт Н.Эээс мөнгө зээлээгүй. Зөвхөн үеэл болох Н.Бт тусалж зээл авч өгч, өөрийн дансаар Н.Эийн мөнгийг оруулж гаргаж тусалсаны төлөө өнөөдөр ингээд шүүхэд дуудагдаж байгаадаа харамсаж байна. Н.Э нь эгч Н.Баярчимэгийн орон сууцыг авахын тулд дундаас нь чичирж, түүний өрийг төлөх шаардлагагүй байсан. Н.Э өөрийнхөө нэр дээр орон сууцыг шилжүүлж авахын тулд сайн дураараа банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрийг төлье гээд төлсөн.
Би болон Б.Б нь Н.Эээс мөнгө зээлсэн зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Б.Бгээс зээлийн гэрээний үүрэгт 30,500,000 төгрөг, хариуцагч Д.Маас зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Эийн эзэмшлийн Хаан банк дахь 0 тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Б.Бгийн эзэмшлийн Хаан банк дахь 0 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 30,500,000 төгрөг, хариуцагч Д.Мын эзэмшлийн Хаан банк дахь 5024654462 тоот данс руу 20,000,000 төгрөг тус тус шилжсэн болох нь депозет дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. /хх-ийн 9-10, 64 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгүүдийг хариуцагч нар руу шилжүүлэх болсон үндэслэлээ тэдгээрт зээлдүүлсэн гэж, хариуцагч нар нь зээлдэх зорилгоор өөрийн дансаараа уг мөнгөн хөрөнгийг аваагүй, банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлийн гэрээний үүргийг хаахын тулд авсан гэж тус тус тайлбарласан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Тус хэрэгт хариуцагчаар оролцож буй Б.Б, Д.Мнар нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Рус финанс ББСБ” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулж, 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлдэн авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 48б байрны 09 тоотод байрлах 94,98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 42-47 дугаар тал/
Барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах 94,98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн болох нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын маягтын үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаагаар тогтоогдсон. /хх-ийн 110 дугаар тал/
“Рус финанс ББСБ” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Б.Б, Д.Мнар зээлийн болон барьцааны гэрээ байгуулсны дараа 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг бүрэн төлж барагдуулсан болох нь тус банк бус санхүүгийн байгууллагын лавлагаагаар тогтоогдсон. /хх-ийн 41 дүгээр тал/
Дээрх “Рус финанс ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулахын тулд хариуцагч Б.Б нь өөрийн эзэмшлийн дансаар 30,500,000 төгрөг, хариуцагч Д.Мнь өөрийн эзэмшлийн дансаар 20,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Н.Эээс авч, “Рус финанс ББСБ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба хариуцагч нар нь тус бүр өөрсдийн дансаар нийт 50,500,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас нийт 50,500,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь, шүүх хуралдаанд талуудын хэн аль нь “Рус финанс ББСБ” ХХК-ийн зээлийн төлбөрт төлөх мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагч нарт өгч, хариуцагч нарыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан орон сууцыг барьцаалбараас чөлөөлсний дараа уг орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч авах зорилготой байсан. Уг зорилгын дагуу орон сууцны өмчлөх эрх одоо Н.Эт шилжсэн” гэж тус тус тайлбарласан. Уг үйл баримтад талууд маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Орон сууц нь Н.Эийн өмчлөлийн орон сууц байсан. Гэхдээ Н.Э нь орон сууцны өмчлөгчөөр өмнө нь хэзээ ч бүртгүүлж байгаагүй” гэж, хариуцагч нараас “...тухайн орон сууц нь Н.Эийн төрсөн эгч Н.Бийн өмчлөлд байсан. Н.Б нь бусдад төлөх өр төлбөр ихтэй улмаас түүний нэрээр зээл гарахгүй байсан тул найз залуу Б.Бгийн өмчлөлд орон сууцаа шилжүүлж, түүний нэрээр зээл авсан. Үүнийг дүү Н.Э нь мэдээд зээлийг нь чөлөөлж, орон сууцыг хямд үнээр өөрийн өмчлөлд авах зорилготой байсан” гэж тус тус тайлбарласан.
Дээрх талуудаас гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө зээлдүүлэх замаар уг гэрээний үүрэгт тооцож Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах 94,98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд авсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан.
Хариуцагч Б.Б, Д.Мнар нь зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 48б байрны 09 тоотод байрлах 94,98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Эийн өмчлөлд шилжүүлж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Эийн өмнө хүлээсэн хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.
Иймд нэхэмжлэгч Н.Эээс хариуцагч Б.Б, Д.Мнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 50,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б, Д.Мнарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 568,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ