Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/467

 

 

 

 

 

 

   2024         05          01                                 2024/ШЦТ/467

                                    

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч Э.Булганчимэг,

гэрч Г.Э, С.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох, И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А ургийн овогт Д.Бөд холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СМГ” ХХК-д “өөрийн “Э” ХХК-г зах зээлд өрсөлдөх үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөхийн тулд ирээдүйгүй өөрийн гэсэн цахим технологи мэдээллийн сурталчилгааны ІТ компанитай байх ёстой” хэмээн өөрийн хамаарал бүхий этгээд болох Э.Саар дамжуулан итгүүлж, “Э” ХХК нь хэвлэл мэдээллийн 1 сайт, фейсбүүкийн 28 групп, 15 пейж тус тус өмчлөх эзэмших, ашиглах эрхтэй бөгөөд сервер компьютер 3 ширхэг, суурин компьютер 20 ширхэг нотебүүк 5 ширхэг, хар лазер принтер 1 ширхэг, өнгөт принтер 1 ширхэг, хувилагч 1 ширхэг, ширээ 20 ширхэг, сандал 20 ширхэг хөрөнгөтэй, одоогоор түрээсийн байранд ажиллаж буй цаашид өргөжүүлэн ашиг олох зорилготой ажиллаж байгаа энэ зорилгоо хангахад 350 сая төгрөг шаардлагатай байгаа ба та бүхэн хөрөнгө оруулсан нөхцөлд компанийнхаа 50 хувийг өгч хамтран ажиллах санал” тавьж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөрт Голомт банк дахь “Э” ХХК-ийн ************ тоот дансаар 300,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн авч 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 260,000,000 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авсан буюу хувьдаа захиран зарцуулж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ С.Д, Д. Б нарын хооронд байгуулсан гэрээ байгуулан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж С.Дт компанийн 50 эрхийг шилжүүлсэн хэдий ч үйл ажиллагаа явуулаагүй буюу бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авахын тулд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн /яллах дүгнэлтэд дурдсанаар/ гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэрч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Д.Б гэх хүнийг танихгүй. 2021 оны 06 дугаар сараас эхлэн “СМГ” ХХК-д ажиллаж эхэлсэн. Би одоо “СМГ” ХХК-д хуулийн мэргэжилтэн хийдэг. Д.Бөд өгсөн 300,000,000 төгрөг бол “СМГ” ХХК-ээс гаргасан мөнгө байсан. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байх үе буюу 2020-2022 оны хооронд Д.Бтэй холбоо барих гэж маш их оролдсон. Д.Бийн дүү нь надтай холбоо барихад “хаашаа явсан нь мэдэгдэхгүй байна хохирол төлбөрийг нь бүгдийг нь төлнө” гэж хэлж байсан. Тухайн үйл ажиллагаа явуулж байсан газар нь очиход үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй байсан. Манай компанид мэдээ, тайлан гаргаж өгч байгаагүй. Манай хуулийн алба 5 ажилтантай. Тухайн хэрэг гарах үед би ажиллаж байгаагүй ба асууж, тодруулсан гэрчүүдийн мэдүүлгээс л тодруулж авсан. 2021 оны 08 дугаар сард дахин гомдол гаргаж байсан. Манай групп бичгээр гэрээнүүдээ хийдэг. Хамтран ажиллах байсан болохоор Д.Бтэй хуулийн дагуу гэрээ хийсэн. Тухайн үед би байгаагүй учир бүх зүйлийг сайн мэдэхгүй байна” гэв.

Гэрч С.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “СМГ” ХХК-ийн охин компани. Би шүүгдэгч Д.Бийг танина. Өмнө нь 2 удаа уулзаж байсан. Гэрээ байгуулах гээд “СМГ” ХХК-ийн 2 давхарт уулзаж байсан. Дараа нь “СМГ” ХХК дээр таарч байсан. Д.Б нь “СМГ” ХХК-д хийсэн бодитой зүйл байхгүй. Би Д.Бтэй хувьцаа эзэмшигчийн хурал хийх, тайлан тооцоо гаргах гээд чадаагүй. Би ажлаа хийгээд л байж байсан ба гадаад, дотоод яваагүй. 2019 оны 02 дугаар сард Г захиралтай хамт Төмөр замд байдаг гэрт очиход гэрийнхээ хаалгыг тайлж өгөөгүй. Би мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ 1 жил ажилласан. Программ хангамжийн чиглэлээр ажиллаж байгаагүй. Хувьцаа шилжүүлж авахад “СМГ” ХХК-ээс надад итгэмжлэл хийж өгч байсан ба итгэмжлэлийг нотолсон зүйл нь хэрэгт авагдсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Манай компани нэг ч тайлан мэдээ аваагүй учраас маш их алдагдалтай ажиллаж байсан. Д.Бийг Аын сонгуулийн ажилд явж байсан эсэхийг мэдэхгүй байна, надад бол явж байгаа нь харагдаагүй. “СМГ” ХХК-ээс Д.Бөд шилжүүлсэн мөнгө нь байхгүй болчихсон учир буцаан шилжүүлэх шаардлагагүй гэж бодож байна. 50 хувийн хувьцаа нь хэдэн төгрөг байхыг би мэдэхгүй байна. Бид “СМГ” ХХК-ийг хөгжүүлэхийн тулд л гэрээ хийж байсан. Надад тухайн 50 хувьцаатай холбоотой урамшуулал болон цалин хөлс өгч байгаагүй. Ц.Г захирал л бүх зүйлийг мэдэж байгаа, би бол сайн мэдэхгүй байна. Д.Бийн хөгжүүлсэн фэйсбүүк хаягуудыг харж байсан гэхдээ 6 жилийн өмнөх үйл явдал учраас нэрийг нь санахгүй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд “СМГ” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг ба одоогоор группийн дэд захирал хийж байна. Манай группт худалдаа үйлчилгээний компаниуд байдаг болохоос хэвлэл мэдээллийн компани байгаагүй. Энэ үед манайд зөвлөхөөр ажиллаж байсан С гэдэг хүн бид нартай нийлж Ази номхон далайн төсөл дээр хамтран ажилласан. Манай хүргэн дүү байгаа гэхээр нь танилцахаар дуудсан. Тэгээд хорооллын Өргөө кино театрын тэнд тааралдсан. Дараа нь группийн төв байран дээр дуудаж уулзсан ба компанийнх нь бичиг баримтуудаа авч ирэхийг шаардсан. Бичиг баримтыг нь үзэхэд Д.Б бол тухайн компанийнх нь 100 хувь эзэмшигч нь байсан ба өөрийнхөө компанийн үйл ажиллагааг танилцуулсан. Үйл ажиллагаатай нь танилцахад 5-6 ажилтан сууж байсан ба өөрөө фэйсбүүк пэйжүүдээ ажиллуулж үзүүлсэн. Ийм учраас Д.Бийг тодорхой ажлын туршлагатай гэж ойлгон хамтран ажилласан. Компанийнхаа 50 хувийг өгөхдөө 350,000,000 төгрөгөөр өгмөөр байна гэж хэлээд түрээсийн байрнаасаа гарах гээд байр захиалсан тухай болон Төв сервер дата тав дээр байдаг тухай хэлж тэрийгээ мөн түрээслэдэг, өөрийн гэсэн дата сервертэй болох тухайгаа бидэнд тайлбарласан. Би тухайн үед дата сервер хэдэн төгрөгний үнэтэй талаар асуухад 50-60 сая орчим төгрөгний үнэтэй гэж хэлсэн. Үлдсэн мөнгийг ажлын байр авахдаа зарцуулбал үйл ажиллагаа нь тогтвортой байх тухай хэлж байсан. Бид тухайн үед машин дотор сууж байгаад 300,000,000 төгрөгөө тохиролцоод компанийх нь 50 хувийн хувьцааг авах гэрээгээ хийсэн. Тухайн компанийг бол манай группийн цаашдын програм хангамж хариуцан ажиллана гэдэг утгаар хамтран ажилласан. Бид програм хангамжийг сайн мэдэхгүй учир хяналт тавиулах зорилгоор группийн ажилтан С.Дийг сонгож, Д.Бийн компанитай танилцуулсан. Тэгэхэд сая Д.Б нь мэдүүлэгтээ С.Дтэй уулзаж байгаагүй гэж хэлсэн нь худлаа. 2019 онд Аын сонгуулийн судалгаа байдлаар группийн маркетингийн хэлтсийнхэнтэй хэд хоногоор хөдөө орон нутгаар явсан нь үнэн. Гэвч 2020 онд Завхан аймгийн гишүүний сонгуулийн ажилд оролцоод явчихсан ба Аын сонгуулийн ажилд оролцоогүй. 2019 он дуусах дөхөх үеэр компанийхаа тайланг гаргах болоод группийн салбар компани гэж үзсэн учир тайлан мэдээ гаргаж өгөхийг шаардаж эхэлсэн ба энэ талаарх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Тайлан нэхэх болгонд шалтаг хэлж хойшлуулдаг байсан. Ар гэрээр нь очихоор гэртээ байдаггүй тул хэрэгт хавсарган гомдол гаргасан. Манай групп 45-46 тэрбум төгрөгний зээлтэй, жилийн хүү нь дунджаар 15,6 хувь орчим байдаг. 300,000,000 төгрөгийг Д.Бөд өгөх үед жилийн хүү 18 хувьтай байдаг байсан тул 250,000,000 орчим төгрөгний хүү төлөх алдагдалтай байна. Зүгээр сонгуулийн ажилд явуулах байсан бол илүүдээ гарсан мөнгө биш учир 300,000,000 төгрөг төлөхгүй байсан. Бид маш олон байгууллагатай харилцдаг, олон мянган харилцагчтай” гэв.

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2007 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг программ хангамжийн мэргэжлээр төгсөөд 2017 онд Тайланд улсын Бангконк хотод тухайн мэргэжлээрээ магистр хамгаалсан. Манай компани 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш Засгийн газрын “Zasag.mn” гээд сайтыг нийт 10 жилийн хугацаанд хариуцаж хөгжүүлэлт хийсэн мөн Ерөнхийлөгчийн тамгын газар болон Улсын Их хурлын “Parliament.mn” гэх сайтыг хөгжүүлсэн. Үйл ажиллагаа явуулсан хангалттай туршлагатай гэж үздэг ба ажил гүйцэтгэсэн төлбөрөө байгууллагын дансаар авдаг.  2012, 2013, 2016, 2017, 2020 оны сонгуулийн үеэр хувь хүнтэй хамтарч ажиллаж байсан. Манай байгууллага хавтаст хэрэгт нэр дурдагдсан пэйж хаягуудыг 2018 оны 07 дугаар сард үүсгэн байгуулж, хөгжүүлсэн. Олон фэйсбүүк хаяг нээсэн гэх шалтгаанаар 2018 онд Цагдаагийн байгууллагаас шалгуулж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгуулсан. 2018 оны 11 дүгээр сард манай хүргэн ах С гэх хүн Атай танилцуулж хорооллын Өргөө кино театрын хавьцаа уулзан 2020 оны Их Хурлын сонгуульд нэр дэвших гэж байгаагаа хэлэхэд нь хамтран ажиллахаар болсон. Улмаар хэрхэн ажиллах талаар ярилцаад 1 жил 6 сарын хугацаанд хамтран ажиллахаар болж зардал нь 350,000,000 гэж хэлэхэд гэрээний явцад 300,000,000 төгрөг болгосон. Тэгээд “СМГ” ХХК-аас гэрээний дагуу ажлаа гүйцэтгүүлэхийн тулд манай компаний 50 хувийн хувьцааг барьцаалж өөрсдөө шилжүүлж авна гэсэн. Цахим хуудсуудад сервер хэрэгтэй байсан ба манай байгууллагын 2 сервер үндэсний дата төв дээр байдаг учир манайд ямар ч сервер авах шаардлага байгаагүй. Мөн ажлын байраа түрээслэдэг байсан ба худалдаж авах шаардлага байгаагүй. Энэ хүрээнд манай байгууллагын 50 хувийн хувьцаа бол 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэхээргүй хэдэн тэрбум төгрөгөөр л үнэлдэгдэхээр байсан. Хувьцаа шилжүүлэх гэрээ хийх өдөр гэрч С.Д гэдэг хүнтэй нотариат дээр л анх удаа уулзсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотойгоор “СМГ” ХХК-д очиж ажиллаж байсан. 2019 оноос эхлэн тасралтгүй ажилласан. Мал хамгаалах нийгэмлэг байгуулаад 5 аймгаар явж хурал цуглаан, уулзалт хийж байсан. 2019 онд олон нийтийн цахим сүлжээнд бүх идэвхжүүлэлтийг хийсэн. А Булган аймагт нэр дэвшихээр болж бүх сумаар тойрч ажилласан ба прокурорын байгууллагад ажиллаж байсан Буян-Очир хуулийн зөвлөх хийлгэж байсан. Сонгууль дууссаны дараа намайг “хувьцаагаа 300,000,000 төгрөгөөр буцааж ав” гэсэн. Тэгээд миний зүгээс ямар ч боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Гэрч болон хохирогч нарын мэдүүлэг хоорондоо маш их зөрүүтэй байгаа. Надаас гадна хохирсон хүмүүс маш их байгаа. Би бол анхнаасаа “төлбөрөө өгчихөө, хэрвээ бидэнд итгэхгүй байвал 50 хувийн хувьцаагаа барьцаанд өгье” гэж л тохиролцсон. Сонгуулийн ажилд явж байхдаа өөрийнхөө хувийн машинтай явж байгаад осолд орж байсан ба энэ хохирлоос надад нэг ч төгрөг өгөөгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************дугаартай хэргээс:

Улсын яллагч “СМГ” ХХК-аас цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хуулийн этгээдийн бүртгэл /1-р хх-ийн 17-18-р хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх авах гэрээ, Хаан банкны 300,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 21-29-р хуудас/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 32-33-р хуудас/, хохирогч Н.Гын мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуудас/, гэрч Г.Эын мэдүүлэг /1-р хх-ийн 52-р хуудас/ гэрч С.Дийн мэдүүлэг /1-р хх-ийн 57-р хуудас/, гэрч Ц.Аын мэдүүлэг /1-р хх-ийн 68-69-р хуудас/, гэрч Г.Бгийн мэдүүлэг /1-р хх-ийн 182-р хуудас/, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Татварын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг /1-р хх-ийн 139-р хуудас/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 159-162-р хуудас/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 6/7545 дугаартай “Э ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна...” гэх албан бичиг /1-р хх-ийн 244-р хуудас/, гэрч Г.Бын мэдүүлэг /2-р хх-ийн 4-р хуудас/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 5-р хуудас/, хохирогч Н.Гын мэдүүлэг /2-р хх-ийн 59-60-р хуудас/, гэрч С.Дийн дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 61-62-р хуудас/, дансны хуулганд дахин үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 63-64-р хуудас/, гэрч С.Бгийн мэдүүлэг /2-р хх-ийн 82-р хуудас/, 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн албан бичиг /2-р хх-ийн 105-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох гэрч Л.Мийн мэдүүлэг /1-р хх-ийн 202-р хуудас/, гэрч Г.Бын мэдүүлэг /2-р хх-ийн 2-4-р хуудас/, Голомт банкны дансны хуулга /2-р хх-ийн 6-12-р хуудас/, Эрүүгийн ************дугаартай хэрэгт авагдсан дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 63-р хуудас/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ү.Батсайханд гаргасан хүсэлт /2-р хх-ийн 68-71-р хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 114-р хуудас/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /2-р хх-ийн 148-р хуудас/, Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулга, хавсралт /2-р хх-ийн 158-167-р хуудас/, “Э” ХХК-ийн дэлгэрэнгүй танилцуулга /2-р хх-ийн 169-235-р хуудас/, Голомт банкны дансны хуулга /2-р хх-ийн 236-250-р хуудас, 3-р хх-ийн 1-9-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-ийн 21-29-р хуудас/, хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 40-50-р хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг /1-р хх-ийн 60-62, 71-72-р хуудас/, гэрч Б.Гүнтэвчимэг /1-р хх-ийн 178-р хуудас/, гэрч Э.Сын мэдүүлэг /1-р хх-ийн 180-р хуудас/, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан гэрч асуулгах тухай хүсэлт /1-р хх-ийн 183-200-р хуудас/, гэрч Л.Мийн мэдүүлэг /1-р хх-ийн 202-р хуудас/, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт нотлох баримт гаргаж өгөх тухай хүсэлт /2-р хх-ийн 65-67-р хуудас/, гэрч С.Бгийн мэдүүлэг /2-р хх-ийн 82-р хуудас/, гэрч Б.Бын дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 168-205-р хуудас/, Голомт банкны дансны хуулга /3-р хх-ийн 1-28-р хуудас/ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Отгонжаргал “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.          

Хохирогч хууль ёсны төлөөлөгч Н.Г нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.           

Шүүгдэгч Д.Б нь “Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст “СМГ” ХХК-ийн гаргасан гомдол /1-р хх-ийн 16-17-р хуудас/, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-ийн 21-22-р хуудас/, “Э” ХХК /Д.Б/-ийн үүсгэсэн цаашид С.Дтэй хамтран өмчлөх, эзэмшиж, ашиглах нийгмийн сүлжээний группуудын жагсаалт 2028-11-08 /1-р хх-ийн 23-р хуудас/, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ /1-р хх-ийн 24-р хуудас/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 25-р хуудас/, “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /1-р хх-ийн 26-28-р хуудас/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан гэрч асуулгах тухай хүсэлт /1-р хх-ийн 29-р хуудас/, Голомт банкны дансны хуулга /1-р хх-ийн 43-46-р хуудас/, хохирогч Н.Гын мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуудас/, гэрч С.Дийн мэдүүлэг /1-р хх-ийн 57-р хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг /1-р хх-ийн 60-61-р хуудас/, гэрч Л.Мийн мэдүүлэг /1-р хх-ийн 64-р хуудас/, гэрч Ц.Аын мэдүүлэг /1-р хх-ийн 67-69-р хуудас/, шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 103-104, 107-108-р хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 143 дугаар хуудас/, гэрч Б.Гүнтэвчимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 178-р хуудас/, гэрч Э.Сын мэдүүлэг /1-р хх-ийн 180-р хуудас/, гэрч Г.Бгийн мэдүүлэг /1-р хх-ийн 182-р хуудас/, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан гэрч асуулгах хүсэлтэд хавсаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 185-200-р хуудас/” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.Бөд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон гэм буруу болон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлтийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Д.Б нь өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулж “СМГ” ХХК-ийг бодит байдлыг нуух замаар хуурч, зохиомол байдлыг бий болгон эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогоод байгаа зүйл “СМГ” ХХК-аас 300,000,000 төгрөгөөр өөрийн компаний 50 хувийн хувьцааг шилжүүлэн өгч худалдах, худалдан авах гэрээ хийж авсан мөнгөө зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь тодорхойгүй ба үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхой боловч анх тохирсон үүргээ гүйцэтгээгүй буюу бодит байдлыг нууж бусдын эд хөрөнгийг хувьдаа шилжүүлэн авч залилсан. Залилах гэмт хэрэг нь итгэл эвдэх аргаар илэрдэг. Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан учир 2019, 2020 онд өөрийн компанийн тайлан мэдээ, хувьцааны ноогдол ашиг зэргийг гаргж өгөх ёстой байсан ба ийм зүйл хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хийх үед л баримт гарган өгсөн. Хэзээ, хаана, хэнтэй авхуулж байсан нь мэдэгдэхгүй зураг гэж ирснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ц.Аын сонгуулийн асуудлыг яриад байх юм. Гэтэл энэ хэрэг дээр тухайн хүнийг сонгуульд ялуулна гэж тохиролцсон асуудал огт биш. Болсон үйл баримт нь “СМГ” ХХК ашигтай ажиллахын тулд жижиг компани худалдаж авсан л асуудал. Авсан мөнгөө юунд зарцуулсан нь тодорхойгүй ба тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний буюу учруулсан гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын дүнг 300,000,000 төгрөгөөр гаргуулах саналтай байна гэв...” гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Отгонжаргал “.....Шүүгдэгчийн зүгээс өөрийн фэйсбүүк хаягийг 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гэж итгүүлэн 300,000,000 төгрөгөөр худалдаж гэрээ байгуулсан. Иргэний хуульд заансаар гэрээг хэлбэрийн хувьд амаар тохиролцсон ба хохирогчийн мөнгийг өөртөө шилжүүлэн авсан. Гэрээгээр халхавчилж эд хөрөнгийг шилжүүлэн авч байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтохоос: “...И.Хонгор өмгөөлөгчийн гаргасан гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна. Байр авахаар тохиролцоо хийсэн зүйл байхгүй байхад улсын яллагч байраа авсан уу л гээд дахин дахин асуугаад байна. Хавтаст хэрэгт  авагдсан нотлох баримт дээр шүүгдэгч байх, авах тухай ярьсаныг нотлох зүйл байхгүй. Энэ зүйлийг ярьж байгаа ганцхан хүн нь хохирогч л байгаа. Үндсэндээ энэ зүйл нь огт тогтоогдоогүй. Үнэхээр байр авах асуудал байсан бол ямар нотлох баримтаар тогтоосон юм үүнийг нотлох зүйл нэг ч байхгүй. Серверийн хувьд 2 сервер байгаа. Ба түүнийг очиж шалгаагүй, шалгах үүрэг нь мөрдөгч болон прокурорт байсан. Компанийн тухай хуулиар тайлан мэдээг “СМГ” ХХК-д гаргаж өгөх үүрэггүй. Худалдах, худалдан авах гэрээ хийчихээд байхад яагаад хамтран ажиллах гэрээ гээд байгааг би ойлгохгүй байна. Ярилцсан зүйл нь сонгуульд явахаар тохиролцоод цалин хөлсөө авахын тулд 50 хувь хувьцаагаа барьцаалж мөнгөө аваад дараа нь гэрээ хийгээд зарсан. Хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагааг хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байна. Гэрчээс мэдүүлэг авхуулахаар хүсэлт гаргахаар татгалзаад, хохирогч талаас хүсэлт гаргахаар дор дор нь шийдээд явчихсан байдаг байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэт хийгээгүй гэж үзэж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэх хуулийн заалтыг харгалзан үзэхийг хүсэж байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгороос: “...Шинжлэн судалсан материалын хувьд 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргаж өгсөн баримт байгаа. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг 3 удаа ялласан. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар татахдаа өөрийн компанийн 50 хувийн хувьцааг өгнө гэж хуурч мөнгө аваад эрхээ шилжүүлэхгүй залилсан, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өөрчлөн өөрийн компаний хувьцааг худалдана гэж худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар зохиомол байдал бий болгосон, 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр дахин өөрчилж, одоо байгаа яллагдагчаар татсан тогтоолыг үйлдсэн. Улсын бүртгэлийн худалдах, худалдан авах гэрээгээр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тогтоогдоод эрх шилжсэн. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт дээрээ ажил гүйцэтгээгүй гэсэн боловч өөрөө сая ярихдаа шүүгдэгчийн хийсэн ажлыг үгүйсгээгүй гээд ярьсан, яллах дүгэнлтэд бичсэн зүйлс зөрөөд байна. Шүүгдэгч “СМГ” ХХК-тай хийсэн гэрээ нь зүгээр л худалдах, худалдан авах гэрээ ба хамтран ажиллах гэрээ хийсэн асуудал биш. Хавтаст хэргийн нотлох баримтуудыг харахаар улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдсэн нөхцөл нь үгүйсгэгдэж байна. Хамтран ажиллах гэрээ биш худалдах, худалдан авах гэрээний 4.1.1 дэх хэсэгт зааснаар энэ гэрээний төлбөр төлөгдсөн, хувьцаа шилжсэн тохиолдолд уг гэрээ дуусгавар болохоор заасан. Тэгэхээр уг гэрээ чинь аль хэдийн хэрэгжээд дуусгавар болчихсон. Энэ худалдах, худалдан авах гэрээний ямар зүйл, заалт дээр хамтран ажиллах тухай заачихаад Д.Бийн компанийн тайлан мэдээг нэхээд байгаа юм. Хохирогчийн мэдүүлгийг үндэслэн яллаж, шийтгэл оногдуулах гээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэргийн үйл баримтыг мэдэж буй хүнийг гэрч гэнэ гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаанд гэрчээр оролцож буй Г.Э нь 2021 оны 06 дугаар сараас тухай байгууллагат ажиллаж эхэлсэн тухайгаа хэлж мэдүүлсэн. Ажил хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байхвий гэж 300,000,000 төгрөгөөр өөрийн компаний 50 хувийн хувьцааг барьцаалсан. Хохирогчийн зүгээс ч гэсэн хэлж байна 2019 онд ажлаа хийгээд явсан. 2020 онд л хийгээгүй гэдгийг хэлж байна. Хохирогч нь “СМГ” ХХК юм уу, С.Д нь юм уу? Үүнийг ч тогтоогоогүй, хэнийг тодорхойлоод байгаа юм байхгүй. Шүүгдэгчийн хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. 260,000,000 төгрөгийг бэлнээр аваад юунд зарцуулсанг мөрдөгч, прокурор шалгах ёстой байсан. Улсын яллагчаас гаргасан санал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал нь үндэслэлгүй байх тул цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

“СМГ” ХХК нь бизнесийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулах, зарим төрлийн үйл ажиллагаа, удирдлагын системийг цахим болгох хэрэгцээ шаардлагын үүднээс тус компанид орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Э.Сийн санал болгосоноор дэд захирал Н.Г нь “Э” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Д.Бтэй 2018 оны 10 дугаар сард уулзалт хийсэн байна.

Улмаар “СМГ” ХХК-ийн дэд захирал Н.Г нь “Э” ХХК-ийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг гэх Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр,т байх 54 дүгээр байранд байрлах ажлын байранд өөрийн биеэр очиж “Э” ХХК-ийн тоног төхөөрөмж, ажлын байр, ажилчдын нөхцөл байдалтай танилцжээ.

Үүний дараагаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СМГ” ХХК-ийн төв оффист дэд захирал Н.Г нь дахин Д.Бтэй уулзахад Д.Б нь “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааг “СМГ” ХХК-д зарж, хамтран ажиллаж болох талаар ярилцаж, байгууллагын хөрөнгө, ажиллуулж байгаа сайт болон олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүкт ашиглаж байгаа админ эрхтэй групп, хуудас /page/, оюуны хөдөлмөрөө үнэлэн 350,000,000 төгрөгөөр “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдаж авах саналыг тавьсан байна.

“СМГ” ХХК-ийн дэд захирал Н.Г нь дээрх саналын дагуу Д.Бтэй “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааг 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, улмаар “СМГ” ХХК-ийн хамаарал бүхий компани болох “Нью Тур Сафарис” ХХК-ийн хангамжийн ажилтан С.Дийг худалдан авч байгаа “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байхаар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г /1-р хх-ийн 21-23-р хуудас/ байгуулжээ.

Дээрх “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Э” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкин дахь ************ тоот данс руу “Э ХХК-ийн хувьцааны 50%-н төлбөр ГМ68070402 99209339 Д” гэх гүйлгээний утгатайгаар 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ” /1-р хх-ийн 24-28-р хуудас/-г байгуулан “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааг С.Дт шилжүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус компаний дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлд С.Дийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ.

Мөн шүүгдэгч Д.Б нь тодорхой хугацаанд буюу 2019 оныг дуустал “СМГ” ХХК-ийн ажлын байранд сошиал маркетингийн ажлыг хариуцан ажиллаж байсан болох нь тогтоогдсон болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Д.Бийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтууд нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гын: “...Би Э ХХК-ны ажлын байран дээр очиж уулзсаныхаа дараа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Соёлын төв өргөөнд байрлах төв оффис дээрээ дахиад Бтэй уулзахад Б “би Э ХХК-ныхаа 50 хувийг танай Содмонгол групп ХХК-д зараад, СМГ ХХК-тай хамтран ажиллаж болно, би байгууллагынхаа хөрөнгө, ажиллуулж байгаа сайт, оюуны хөдөлмөрөө тооцоод Э ХХК-ныхаа 50 хувийг 350,000,000 төгрөгөөр үнэлж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бтэй ярилцаж байгаад Э ХХК-ны 50 хувийн хувьцааг 300,000,000 төгрөгөөр тооцож худалдаж аваад, хамтран ажиллахаар тохиролцсон. Би тухайн үедээ Э ХХК-ны мэргэжлийн үйл ажиллагааг хянах мэргэжлийн хүн байх шаардлагатай гэж үзээд Э ХХК-ны 50 хувийн хувьцаа эзэмшигчээр СМГ ХХК-ны хамаарал бүхий С.Дийг бүртгүүлж 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Э ХХК-ны данс руу 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Э ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу манай СМГ ХХК-ны хэвлэл мэдээлэл, сурталчлах ажлын албаны ажилтангуудтай 2018, 2019 онд Б нь ирж уулзаад хамтарч ажиллаад явж байсан. ...С.Д Э ХХК-ны үйл ажиллагаанд нэг их ороод байдаггүй. Манай компаний М гээд залуу Бтэй холбогдож мэдээ, мэдээлэл солилцдог байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуудас/

“...Д.Бийн хувьд эхний жил гарангын хугацаанд манай түрээслэж байсан байруудад манай хэвлэлийн залуучуудтай хамт ажиллаж, хэд хэдэн удаа хөдөө рүү манай зардлаар явж байсан, энийг бол би мэдэж байна. 2019 оны төгсгөл үед Э ХХК-ийн ажил төрөл юу болж байна, ашиг орлого, тайлан блансаа гаргах талаар асууж эхэлсэн үеэс Д.Б нь цаашлаж эхэлсэн. Миний хувьд ганц нэг удаа тааралдаж компани юу болж байгаа талаар асуухад манай залуучууд ажиллаж байгаа л гэдэг байсан. Д.Бийн хувьд Э ХХК-ийн ерөнхий захирал байсан учир бид компаний үйл ажиллагаанд оролцоод өдөр тутам ажлыг нь хянаад яваад байдаг байсан зүйл байгаагүй юм. ...Д.Бийн хувьд ажиллаж байсан хугацааныхаа ажлын хөлсийг хэд гэж үнэлэх юм, тэр мөнгө хасаж болно...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 59-р хуудас/

- Гэрч Б.Бын: “...Би “Э” ХХК-д 2018 оны 12 дугаар сараас эхэлж ажиллаад 2020 оны 04 дүгээр сараас ажиллахаа больсон. Би ажлынхаа хажуугаар “Э” ХХК-д программ бичиж өгдөг байсан юм. ...Д.Б нь 2018 оны сүүлээр билүү 2019 оны эхээр байхаа тэгж санагдаж байна. Надад эхлээд хэлэхдээ СМГ ХХК-иас компанийхаа талыг тавиад авна гэж хэлж байсан. Ер нь бол сонгуулийн сошиал багийг нь хариуцаад ажиллана гэж байсан. Сонгуулийн сошиал багийг нь үндсийг нь тавих гээд Булган аймгийн бүх суманд тойрч ажилласан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61-р хуудас/

“...Тухайн үед тогтмол 10 сайтыг байнгын хэвийн ажиллуулах зорилготой байсан, ингээд сайт бүрт нэг, зарим сайт дээр 2 ажилтан байдаг байсан, ер нь бол 10 гаран ажилтан байсан. Зарим нэг хүний нэрийг нь л санаж байна, Норжинбадам, Шинэцэцэг, Энхтуул, Оюунбилэг, Хорука энэ хэл бол байнга шахуу ажилладаг байсан. ...Тухайн үед Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Аын сонгуулийн сошиал орчинд ажиллаж байсан, жишээ нь сумдад фейж хуудас нээж өгөөд идэвхжүүлж өгч байсан. Миний санаж байгаагаар Ковид өвчин гарсан байсан үед, хөдөө явж байхад Ковидын тусгаарлалт болоод хөдөлгөөн хорьж байсан үе санагдаж байна, хугацааг нь яг нарийн сайн мэдэхгүй байна. ...Тухайн үед бол Булган аймгийн бүх сумаар явсан бөгөөд сум бүрт очоод сумын иргэдийг хамруулсан фэйж хуудас нээж, сумын иргэдийг нэгдүүлж, фэйж хуудасны хөгжүүлэлтийн ажлыг хийгээд явсан. ...Нэг фэйж хуудас гэхэд л багадаа 2000, тэгээд цаашлаад зарим сум, аймгийн төвд ажиллаж байгаа фэйж хуудас 15,000 хүнтэй болж байсан...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 85-р хуудас/

- “Э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 142-р хуудас/

- Гэрч Г.Бгийн: “...Би Д.Б гэх хүнийг танина. 2019, 2020 онд Д.Б нь манай компани дээр ирж захирал Атай уулздаг байсан юм. Миний мэдэж байгаагаар нилээн хэдэн удаа ирж уулздаг байсан юм. Уулзах шалтгаан нь юу байсныг нь мэдэхгүй, миний хажууд юм ярьж байгаагүй юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 182-р хуудас/

- Гэрч Л.Мийн: “...Би СМГ ХХК-ийн захирал Аын сонгуулийн ажилд оролцсон бөгөөд тус ажилд анхнаас нь буюу 2017 оны дунд үеэс эхлэн 2022 оны 02 дугаар сар хүртэл хамтарч ажилласан. Д.Б нь миний мэдэж байгаагаар 2020 оны 04 дүгээр сар хүртэл хэвлэл мэдээллийн алба доторх сошиал түгээлт чиглэлээр ажиллаж байсан юм. Сошиал түгээлт гэдэг нь фэйсбүүк, твиттер олон нийтийн хэрэгслээр хэвлэл мэдээллийн албаны хийсэн ажлыг олон нийтэд түгээх ажил хийдэг байсан юм. Би 2020 оны 05, 06-р сард Булган аймагт А улсын их хурлын гишүүний сонгуулийн тойргийн ажилд биечлэн очиж ажилласан юм. Тухайн үед надтай хамт хэвлэлийн асуудлыг Юу Би Эс телевизийн Бат-Оргил, Анхбаяр, Ганцэцэг, сошиал хариуцсан 20 орчим хүүхдүүд байсан, тэдгээр 20 орчим хүүхдүүдийн 10 хүүхдийг Б сургаж өгсөн хүүхдүүд байгаа юм. ...Д.Б нь тойрог дээр очоогүй, сошиалын ажлыг хаанаас ч хийж болохоор ажил юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 202-р хуудас/

- Гэрч Г.Бын: “...Д.Б гэх хүнтэй өмнө нь уулзаж байсан, ойр дотно таних зүйл байхгүй. Д.Б нь манай СМГ ХХК-д өөрийн “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааг 300,000,000 төгрөгөөр зарсан. Тохиролцохдоо манай СМГ ХХК-ийн хэвлэл мэдээллийг хариуцаж ажиллахаар тохиролцож, ашгийн 50 хувийг хуваахаар тохирсон. ...манай СМГ ХХК нь 2018, 2019, 2020 онуудад хэвлэлийн мэдээллийн алба гэж байгаагүй бөгөөд Д.Бийн Э ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдан авсан шалтгаан нь хэвлэл мэдээлэл хариуцуулахаар тохирч 300,000,000 төгрөгөөр 50 хувийн хувьцааг авч хөрөнгө оруулалт өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 4-р хуудас/

- Гэрч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Д.Б гэх хүнийг танихгүй. 2021 оны 06 дугаар сараас эхлэн “СМГ” ХХК-д ажиллаж эхэлсэн. Би одоо “СМГ” ХХК-д хуулийн мэргэжилтэн хийдэг. ...Тухайн хэрэг гарах үед би ажиллаж байгаагүй ба асууж, тодруулсан гэрчүүдийн мэдүүлгээс л тодруулж авсан. 2021 оны 08 дугаар сард дахин гомдол гаргаж байсан. Манай групп бичгээр гэрээнүүдээ хийдэг. Хамтран ажиллах байсан болохоор Д.Бтэй хуулийн дагуу гэрээ хийсэн. Тухайн үед би байгаагүй учир бүх зүйлийг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч С.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шүүгдэгч Д.Бийг танина. Өмнө нь 2 удаа уулзаж байсан. Гэрээ байгуулах гээд “СМГ” ХХК-ийн 2 давхарт уулзаж байсан. Дараа нь “СМГ” ХХК дээр таарч байсан. ...Би Д.Бтэй хувьцаа эзэмшигчийн хурал хийх, тайлан тооцоо гаргах гээд чадаагүй. Би ажлаа хийгээд л байж байсан ба гадаад, дотоод яваагүй. 2019 оны 02 дугаар сард Г захиралтай хамт Төмөр замд байдаг гэрт очиход гэрийнхээ хаалгыг тайлж өгөөгүй. Би мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ 1 жил ажилласан. Программ хангамжийн чиглэлээр ажиллаж байгаагүй. ...Д.Бийг Аын сонгуулийн ажилд явж байсан эсэхийг мэдэхгүй байна, надад бол явж байгаа нь харагдаагүй. “СМГ” ХХК-ээс Д.Бөд шилжүүлсэн мөнгө нь байхгүй болчихсон учир буцаан шилжүүлэх шаардлагагүй гэж бодож байна. 50 хувийн хувьцаа нь хэдэн төгрөг байхыг би мэдэхгүй байна. Бид “СМГ” ХХК-ийг хөгжүүлэхийн тулд л гэрээ хийж байсан. Надад тухайн 50 хувьцаатай холбоотой урамшуулал болон цалин хөлс өгч байгаагүй. Ц.Г захирал л бүх зүйлийг мэдэж байгаа, би бол сайн мэдэхгүй байна. ...Д.Бийн хөгжүүлсэн фэйсбүүк хаягуудыг харж байсан гэхдээ 6 жилийн өмнөх үйл явдал учраас нэрийг нь санахгүй байна” гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Бийн “СМГ” ХХК-ийг залилсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь “СМГ” ХХК нь “Э” ХХК-д хөрөнгө оруулалт хэлбэрээр 300,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ тухайн компаний 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нд энэ талаар огт тусгагдаагүй байна.

Уг гэрээнд зааснаар Худалдагч тал буюу “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б нь “СМГ” ХХК болон хамаарал бүхий компани болох “Нью Тур Сафарис” ХХК-ийн хангамжийн ажилтан хувьцаа эзэмшигч С.Д нарт жил болгон ажлын тайлан, тооцоо хүргүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж компаний үйл ажиллагаанаас олсон ашиг орлогын 50 хувийг олгох зэрэг үүргийг хүлээгээгүй байна.

Мөн гэрээний дагуу шилжүүлсэн 300,000,000 төгрөгийн төлбөрийг Д.Б нь хэрхэн, яаж, юунд зарцуулах талаар гэрээнд нарийвчлан тусгаагүй буюу талууд энэ талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй бөгөөд шүүгдэгчийн хувьд өөрийн үүсгэн байгуулсан компанийхаа 50 хувийн хувьцааг бусдад зарж борлуулсны орлогыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байх үндсэн шинжийг шаарддаг.

Энэ гэмт хэргийн субъектив талын шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариун төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго нь яллагдагчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдаг бол объектив талын шинж нь хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар “СМГ” ХХК-ийн дэд захирал Н.Г нь Д.Бтэй түүний үүсгэн байгуулсан “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааг 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, улмаар “СМГ” ХХК-ийн хамаарал бүхий компани болох “Нью Тур Сафарис” ХХК-ийн хангамжийн ажилтан С.Дийг уг худалдан авч байгаа “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байхаар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх Д.Б, С.Д нарын хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний:

1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь Худалдагч талын 100 хувь эзэмшлийн тал хувь болох 50 хувийн эзэмшлийн нийт 50 ширхэг хувьцааг бүхэлд нь Худалдан авагчид худалдах, Худалдан авагч нь гэрээнд заасан үнийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино” гэж,

2.2.1-д “...Худалдагчийн эзэмшлийн нэг бүр нь 6000.000 төгрөгийн үнэтэй, <50> ширхэг хувьцааг бүхэлд нь худалдан авах үнэ нийт 300.000.000 /Гурван зуун сая/ төгрөг байна. Төлбөрийг хувааж төлж болно” гэж, 2.3.3-д “Хувьцааны шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхэд шаардлагатай туслалцаа үзүүлнэ” гэж,

2.4.2-т “Хувьцааны шилжилт хөдөлгөөний талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх ажлыг ажлын <10> өдөрт багтаан гүйцэтгэнэ” гэж,

3.3-т “Энэ гэрээний 4 дүгээр зүйлд заасан ажиллагаа хийгдэж дууссаны дараа компанийн хувьцаа эзэмшигчийн хувьцааны эзэмшлийн хувь хэмжээ нь <Д.Б 50%, С.Д 50%> эзэмшил болж өөрчлөгдөнө” гэж,

5.1-д “Энэхүү гэрээ нь хувьцааны эрх шилжсэнийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж Худалдан авагч тал төлбөрийн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, “СМГ” ХХК-ийн дэд захирал Н.Г нь “Э” ХХК-ийн захирал Д.Бтэй түүний үүсгэн байгуулсан компаний 50 хувийн хувьцааг 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу үүссэн харилцаа байх бөгөөд Худалдагч тал буюу “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б нь өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “СМГ” ХХК-ийн хамаарал бүхий компани болох “Нью Тур Сафарис” ХХК-ийн хангамжийн ажилтан С.Дт шилжүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулан бүртгүүлсэн буюу Худалдагч тал болох Д.Б нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, уг гэрээ дуусгавар болсон байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч буюу хүлээн авагчид шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнэ хөлсийг төлдөг бол залилан мэхлэх гэмт хэргийн үед шунахай сэдэлтээр, өөртөө ашиг олох субъектив санаа зорилгоор чанар муутай, эсхүл иж бүрдэл дутуу бүтээгдэхүүн буюу гэрээнд зааснаас цөөн тооны бүтээгдэхүүн нийлүүлэх, үнийг дутуу төлөх зэргээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, хууль бусаар шилжүүлж авдгаараа ялгагдана[1].

Дээрх тогтоогдсон үйл баримтуудаар шүүгдэгч Д.Б нь “СМГ” ХХК-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, улмаар гэрээнд заасны дагуу 50 хувийн хувьцааг шилжүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн объектив болон субъектив талын шинж тогтоогдохгүй байна.  

Иймд шүүгдэгч Д.Б нь 2018 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СМГ” ХХК-д “өөрийн үүсгэн байгуулсан “Э” ХХК-г зах зээлд өрсөлдөх үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөхийн тулд ирээдүйгүй өөрийн гэсэн цахим технологи мэдээллийн сурталчилгааны ІТ компанитай байх ёстой” хэмээн өөрийн хамаарал бүхий этгээд болох Э.Саар дамжуулан итгүүлж, “Э” ХХК нь хэвлэл мэдээллийн 1 сайт, фейсбүүкийн 28 групп, 15 пейж тус тус өмчлөх эзэмших, ашиглах эрхтэй бөгөөд сервер компьютер 3 ширхэг, суурин компьютер 20 ширхэг нотебүүк 5 ширхэг, хар лазер принтер 1 ширхэг, өнгөт принтер 1 ширхэг, хувилагч 1 ширхэг, ширээ 20 ширхэг, сандал 20 ширхэг хөрөнгөтэй, одоогоор түрээсийн байранд ажиллаж буй цаашид өргөжүүлэн ашиг олох зорилготой ажиллаж байгаа энэ зорилгоо хангахад 350,000,000 төгрөг шаардлагатай байгаа ба та бүхэн хөрөнгө оруулсан нөхцөлд компанийнхаа 50 хувийг өгч хамтран ажиллах санал” тавьж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр “Э” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкин дахь ************ тоот дансаар 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн авч, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 260,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан буюу хувьдаа захиран зарцуулж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г С.Д, Д. Б нарын хооронд байгуулж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ” байгуулж С.Дт “Э” ХХК-ийн 50 хувийг шилжүүлсэн хэдий ч үйл ажиллагаа явуулаагүй буюу бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авахын тулд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт 2 хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан ба бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Бөд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Бийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Шүүгдэгч Д.Б нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Бөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Д.Бөд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Бийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт 2 хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан ба бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Хаан банкнаас ирүүлсэн СиДи – 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай

5. Шүүгдэгч Д.Б нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ОЧБАДРАХ

 

 

[1] Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийг Иргэний зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар тогтоол. Монгол Улсын Дээд шүүх. 2006.12.21-ний өдөр №51