| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0188/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/197 |
| Огноо | 2024-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/197
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Д-д холбогдох эрүүгийн 2425000000231 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ц.Д
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.Д нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 22 цаг 30 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг Д.Ц-г цээж, зүүн шанаа хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруул цус хуралт, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д “хэрэг үйлдэх үедээ согтуу байсан учир санахгүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг өөрөө гаргасан. Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ц.Д “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ц.Д ын “2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 22 цаг 30 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн ** тоот гэртээ унтаж байхад гаднаас хүү Д нь согтуу орж ирээд агсам тавиад байхаар нь цохичихсон чинь миний амнаас ихээр цус гараад эхэлсэн чинь Д агсам тавихаа болиод уйлаад уучлаарай ааваа би өөрийн ухаангүй ийм үйлдэл хийчихлээ миний буруу гээд цус арчаад байсан. Тэгсэн Улаанбаатар хотод байдаг миний бага охин Ц над руу фейсбүүкийн дүрст дуудлага хийх үед миний амнаас цус гарч байгааг хараад эгч Ц руу залгаад хэлчихсэн байсан. Удалгүй Ц гаднаас нөхрийн хамт гүйж орж ирээд цагдаа дуудчихсан. Миний зүгээс өөрийнхөө хүүд гаргах гомдол байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12-р тал/
2. Гэрч Ц.Ц ын “2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр миний аав Ц нь Улаанбаатарт байдаг дүү Ц руу дүрст дуудлагаар яриад амнаас нь цус гарч байгаа талаар харуулаад охин дүү над руу залгаад аавын амнаас нь цус гарчихсан байна яваад оч гэхээр нь аавынхаа гэрт яваад ортол аавын зүүн талын шанаа хэсэг язарчихсан мөн аман дотор нь язарсан шарх ихтэй цус ихээр гарчихсан тогтохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16-р тал/
3. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 296 дугаартай “Ц.Д ын биед дээд уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруул цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 26-27-р тал/
4. Яллагдагч Ц.Д гийн “Би 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр найзуудынхаа хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд гэртээ хариад нэг ухаан орсон чинь аавын амнаас нь их хэмжээний цус гарчихсан байсан. Тэгээд алчуураар арчиж цэвэрлээд эгч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд ирсэн. Тэр өдөр аав бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй учраас аавыг надаас өөр хүн цохих боломжгүй. Зөвхөн бид хоёр л байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 22 цаг 30 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг, буюу хохирогч Д.Ц-г хоолоо ид гэж хэлснээс болж уурлан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, цээж, зүүн шанаа хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруул цус хуралт, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Д ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Д ын “хүү Д нь согтуу орж ирээд агсам тавиад байхаар нь цохичихсон чинь миний амнаас ихээр цус гараад эхэлсэн чинь Д агсам тавихаа болиод уйлаад уучлаарай ааваа би өөрийн ухаангүй ийм үйлдэл хийчихлээ миний буруу гээд цус арчаад байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Ц ын “2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр миний аав Ц нь Улаанбаатарт байдаг дүү Ц руу дүрст дуудлагаар яриад амнаас нь цус гарч байгаа талаар харуулаад охин дүү над руу залгаад аавын амнаас нь цус гарчихсан байна яваад оч гэхээр нь аавынхаа гэрт яваад ортол аавын зүүн талын шанаа хэсэг язарчихсан мөн аман дотор нь язарсан шарх ихтэй цус ихээр гарчихсан тогтохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 296 дугаартай дүгнэлт, яллагдагч Ц.Д гийн “нэг ухаан орсон чинь аавын амнаас нь их хэмжээний цус гарчихсан байсан. Тэр өдөр аав бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй учраас аавыг надаас өөр хүн цохих боломжгүй. Зөвхөн бид хоёр л байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Днь 2024 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 22 цаг 30 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн ** тоотод төрсөн эцэг Д.Ц-г зодож, эрүүл мэндэд нь “дээд уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруул цус хуралт, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Днь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д ын эрүүл мэндэд дээд уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруул цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц ын Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-доногдуулсан 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС