| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 135/2023/00266/И |
| Дугаар | 001/ХТ2023/00190 |
| Огноо | 2023-10-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2023/00190
Б.Т, Б.Н нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Д.Мөнхтуяа, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 209/МА2023/00060 дугаар магадлалтай,
Б.Т, Б.Н нарын нэхэмжлэлтэй
“Х” ХХК-д холбогдох
Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 12,036,312 төгрөг, орон сууцны дотор хаалга 1 ширхгийг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг, нийт 12,341,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-н гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Б.Т, Б.Н нар нь “Х” ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний алданги 12,036,312 төгрөг, орон сууцны дотор хаалга 1 ширхгийг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг, нийт 12,341,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Х ХХК-аас 12,036,312 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т, Б.Н нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Т, Б.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 207,530 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т, Б.Н нарт олгохоор шийдвэрлэжээ.
3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 209/МА2023/00060 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч “Х” ХХК-иас 12,036,312 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т, Б.Н нарт олгосугай.” гэснийг, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Т, Б.Н нарын хариуцагч “Х” ХХК-иас 12,341,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э хяналтын гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа дараах үндэслэлүүд байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас харахад нэхэмжлэгч нар нь “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж гүйцэтгэгч тал болох “Х” ХХК нь захиалагчийн захиалгын дагуу орон сууцыг өөрийн зардлаар барьж хүлээлгэн өгөх, захиалагч тал нь орон сууцыг хүлээн авч зардлыг төлөх үүрэг хүлээсэн байгаа нь зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг худалдах худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзэж Иргэний хуулийн 243.1, 232.6-д заасныг хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үзэж байгаа болно.
Хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээ, худалдах худалдан авах гэрээнүүд нь агуулгын хувьд адил төстэй шинжтэй байгаа боловч тухайн хэргийн хувьд гүйцэтгэгч тал нь “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” гэж нэрлэн тухайн орон сууцыг барьж эхлээгүй байхдаа захиалагч талтай гэрээ байгуулсан байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзэхээр байна. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “Барилгыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтанд оруулах” үүргээ гүйцэтгэгч тал болох “Х” ХХК нь биелүүлэлгүй 6 сар 23 хоног хугацаа хожимдуулсан болох нь баримтаар нотлогдож байхад “Х” ХХК-тай байгуулсан гэрээний 8.2-т заасан “Талууд гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө” гэж заасны дагуу “Х” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар давж заалдах шатны шүүх Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой байсан гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэжээ.
5.Хариуцагч нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.
6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.05-ны өдрийн 001/ШХТ2023/01065 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг агуулгын хувьд үндэслэлтэй гэж үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
8.Нэхэмжлэгч Б.Т, Б.Н нар, хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан 2021.06.16-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу алданги 12,036,312 төгрөг, орон сууцны дотор хаалгыг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг, нийт 12,341,312 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч хаалганы үнэ 305,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлээ багасгажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж үзэж, гэрээний дагуу алданги шаардахдаа “...2022.07.01-2022.08.29-ний өдөр хүртэл 60 хоног, төлсөн үнийн дүн 24,762,500 төгрөгөөс алданги бодоход нэг өдөрт 24,762 төгрөг, 60 хоногоор үржүүлбэл 1,485,750 төгрөг, 2022.08.29-2023.02.02 хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 145 хоног, 72,762,500 төгрөгөөс алданги тооцвол хоногийн 72,762 төгрөг, үүнийг хугацаа хэтрүүлсэн 145 хоногоор үржүүлбэл 10,550,562 төгрөг, нийт 12,036,312 төгрөг” гэж тооцоолсон байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...орон сууц захиалгаар бариулах гэрээний 9.1, 9.2-т заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө, дэлхий нийтээр тархаад буй цар тахлаас үүдэн манай улсад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 4 удаа ч шилжиж үйлдвэрлэгчид хэвийн тогтвортой ажиллах нөхцөл хангагдахгүй, түүхий эдийн татан авалт хийж чадахгүй санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан, дэлхийн зах зээлд түүхий эдүүд, импортоор оруулж байгаа материал, бүтээгдэхүүний үнэ өссөн, олдоц ховордсон, импортлогч БНХАУ-ын хилийн хорио хязгаарлалтаас болж нийлүүлэлт багасч тээвэрлэлт хүндэрч үнэ өссөн, 2020-2022 онуудад дотоодын жижиг үйлдвэрүүд ихэнх нь үйлдвэрлэл явуулаагүй, импортын нөөц бүрдүүлээгүйгээс дотоодын зах зээлд материалын хомсдол бий болсон зэрэг шалтгаанаар манай байгууллага захиалагч нартай хийсэн гэрээний дагуу орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүй нөхцөл байдал үүссэн учраас бид энэ талаар захиалагч нарт хандан мэдэгдэл хүргүүлсэн, ажил гүйцэтгэх хугацааг дахин тохирсон гэж үзэж байгаа...” гэж маргажээ.
9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч “Х” ХХК-аас 12,036,312 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэх асуудал хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцүүлэх үндэслэл болсон байна.
10.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй болохыг анхаараагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ хангалттай биелүүлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
10.1.Талууд 2021.06.16-ны өдөр гэрээ байгуулж, “Х” ХХК нь ... нутаг дэвсгэрт байрлалтай “...”-ны 331-А байрны .... бүхий 2 өрөө байрыг батлагдсан зургийн дагуу 2022 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх, Б.Т, Б.Н нар нь 2 өрөө байрны үнэ 72,762,500 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байх ба нэхэмжлэгч нар нь 2021.06.08-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл 16,828,750 төгрөгийг урьдчилгаанд төлсөн, ипотекийн зээлд хамрагдан үлдэх 50,933,750 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 4-5-р тал/
Нэхэмжлэгч нар нь 2022.08.29-ний өдөр 48,000,000 төгрөгийг нэмж төлснөөр 72,762,500 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байх ба орон сууцыг 2023 оны 02 сард эзэмшилдээ хүлээн авсан баримт хэрэгт авагджээ.
10.2.Хамтран нэхэмжлэгч Б.Т, Б.Н нар нь хариуцагч “Х” ХХК орон сууцыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр алданги шаардсан.
Гэрээгээр тохирсон алдангийг шаардсан нөхцөлд үүргийн зөрчил байгаа эсэх, зөрчил хэдийд үүссэн, алдангийг хэзээнээс тооцох, нөгөө талаас үүрэг гүйцэтгэгч маргаж, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцлийг илэрхийлж байгаа бол шүүх шаардах эрхийн эдгээр урьдчилсан нөхцөлийг зохигчоос тодруулж, мэтгэлцэх боломжийг бий болгох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад хамаарна.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл талуудын байгуулсан гэрээний 2.2-т “гүйцэтгэгч нь барилгыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө” гэж тусгасан боловч мөн гэрээний 6.10-т “...заасан хугацаанаас 45 хоногоор хойшлогдож болох”-ыг талууд хүлээн зөвшөөрч, гэрээний 4.2-т заасны дагуу орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг орон сууц байнгын ашиглалтад орсны дараа хуанлийн 14 хоногт багтаан төлөх тухай нөхцөлийг үүрэг зөрчсөн хугацааг тогтооход нөлөөлөх эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй, мөн хариуцагч нь нэхэмжлэгч болон захиалагч нарт мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдлийг нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн, гэрээний хугацааг сунгасан гэж гаргасан нотлох баримтын тухайд нэхэмжлэгч мэтгэлцээгүй, хариуцагч нь гэрээг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж татгалзсан боловч ямар баримтаар нотолж байгааг шүүх тодруулаагүйн улмаас алдангийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй байх ба зохигч энэ талаар бүрэн мэтгэлцэж чадсангүй.
Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 209/МА2023/00060 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 212,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА