Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 145

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Ц.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Хорчин овогт Цэвэгсүрэнгийн Оюунгэрэлд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013649 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Хорчин овгийн Цэвэгсүрэнгийн Оюунгэрэл, 1972 оны 12 дугаар сарын 15-ны өдер Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 26 дугаар байр 60 тоотод оршин суух гэх, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж, 6 дугаар байр, 22 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Хорчин овгийн Цэвэгсүрэнгийн Оюунгэрэл, ЧЛ72121508 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ц.Оюунгэрэл нь 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хохирогч О.Алтжинг “Иргэний нисэхийн ерөнхий газар оруулж өгнө” гэж худал хэлж, хуурч мэхлэн 2.000.000 төгрөг,

-2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Равжихыг “Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” гэж худал хэлж хуурч мэхлэн Равжихын эх Бумаажаваас 3.500.000 төгрөг,

-2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч М.Цэвэлсүрэнгийн охиныг “Иргэний нисэхийн ерөнхий газарт ажил оруулж өгнө” гэж 3.000.000 төгрөг, “Жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж хэлж 200.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Төрийн албаны шалгалт аргална” гэж 500.000 төгрөг тус тус худал хэлж,  “Гадаад харилцааны яаманд оруулж өгнө” гэж 400.000 төгрөг тус тус худал хэлж, хуурч мэхлэн нийт 4.100.000 төгрөг,

-2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Д.Гантуяагийн хүү А.Баясгаланг “Иргэний нисэхийн ерөнхий газарт оруулж өгнө” гэж худал хэлж, хуурч мэхлэн 3.400.000 төгрөг,

-2016  оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд “Хямд үнээр буулгана” гэж худал хэлж, хуурч мэхлэн хохирогч Г.Сэлэнгээс 525.000 төгрөг,

-2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Нүүрс буулгачих маргааш мөнгийг нь өгье” гэж худал хэлж, хуурч мэхлэн нүүрс Б.Даваасамбуугийн хашаанд буулгуулан хохирогч Ж.Өмөрбекээс 325.000 төгрөг,

-2016 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд “Хямд үнээр нүүрс буулгана” гэж худал хэлж, хуурч мэхлэн хохирогч Б.Алтанцэцэгээс 380.000 төгрөг,

-2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд хохирогч Бадамцэцэгийн хүүхдүүдийг “Цэцэрлэгт оруулж өгч, сургалтын төлбөрийг нь хөнгөлнө” гэж гэж худал хэлж, хуурч мэхлэн нийт 480.000 төгрөг,

-2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд “300.000 төгрөг төлөөд нэг жил сурах боломжтой өртөг багатай цэцэрлэгт оруулж өгнө” гэж худал хэлж, хуурч мэхлэн хохирогч А.Эрдэнэсувдаас 900.000 төгрөг,

-2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “300.000 төгрөг төлөөднэг жил сурах боломжтой өртөг багатай цэцэрлэгт оруулж өгнө” гэж худал хэлж хохирогч Э.Анандын 300.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр авч бусдад нийт 15.910.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Оюунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв,

Хохирогч О.Алтжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг ээж Оюунгэрэлтэй утсаар ярьж байсан бөгөөд ээж ойлгохгүй байна гээд би өөрөө Оюунгэрэлтэй ярьж эхэлсэн. Надад хэлэхдээ Оюунгэрэл миний хуурай эгч Иргэний нисэхийн ерөнхий газар албаны дарга хийдэг гэхээр нь ямар албаны дарга юм бэ гэж асуусан чинь дараа нь асуудал үүснэ, хэлж болохгүй гэсэн. Ингээд 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр над руу өглөө 9 цагаас 15 цаг хүртэл Оюунгэрэл утсаар ярьсаар байгаад 2 сая төгрөг авсан. Ер нь бол надаас 3 сая төгрөг авна гэхэээр нь би ажилдаа орсоныхоо дараа 1 сая төгрөгийг нь өгье гээд 2 сая төгрөг өгсөн. Надад хэлэхдээ 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд чи ажилдаа орчихно гэж хэлсэн. Ажилд оруулахын өмнө манай хуурай эгч намайг дуудаж уулзана гэж Оюунгэрэл хэлсэн. 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр болох гэж байхад над руу нэг залгаад Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга цэрэг нь солигдож байгаа 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хүлээж бай гэж хэлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр болоод 9989**** дутаарын утаснаас над руу нзг эмэгтэй хүн яриулаад би Иргэний нисэхийн ерөнхий газар ажилладаг хүн байна. Чиний анкет тэнцсэн. 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 18 өдрийн хооронд ирж ажилдаа ороорой гэж хэлсэн. Тэгээд би 9 дүгээр сарын 15-ны өдөр болоод Оюунгэрэл рүү залгасан боловч утсаа авахгүй болж эхэлсэн. Тэгээд хааяа нэг утсаа авахаараа та хэдийн ажил болчихсон гэж байна, удахгүй очиж уулзуулна гэж хэлээд байдаг байсан. Ингээд сүүлдээ 9989**** дугаар руу нь залгахаар холбогдох боломжгүй болж эхэлсэн. “...Ингээд худлаа юм шиг санагдаад Оюунгэрэлийн иргэний үнэмлэхний зурагтай лавлагааг нь авч үлдсэн. Маргааш өглөө нь Иргэний нисэхийн ерөнхий газар явна гэж байсан чинь өглөө 7 цаг 50 минутанд Оюунгэрэл над руу залгаад нөгөө хүн чинь хуралтай болчихлоо 3 цаг гээд хүрээд ир гэнээ гэж хэлсэн. Тэгээд хамт Оюунгэрэлд мөнгө өгсөн гэх хүмүүстэй холбогдож байгаад 13 цаг гэхэд Иргэний нисэхийн ерөнхий газар явж очоод 9989**** дугаар руу залгахад утсаа авахгүй таслаад байсан. Оюунгэрэл рүү залгасан боловч утсаа авахгүй байсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын гадаа зогсож байсан чинь зүс таних эгч гарч ирэхээр нь танай удирдах албанд Хишигжаргал гэж хүн байдаг уу гэж асуусан чинь манай ажилд тийм нэртэй хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд худлаа гэдгийг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх35-36/,

Хохирогч Ш.Бумаажав мөрдөн баййцаалтад мэдүүлэхдээ: “...9980**** дугаар руу холбогдоод яаж ажилд оруулах талаар асуусан чинь Иргэний нисэхийн ерөнхий газар миний таньдаг өндөр албан тушаал хашдаг хүн байгаа. Би нэг жилийн өмнө 2 хүүхдийг ажилд оруулахаар захьсан боловч одоо л бүтэж байна. Манай хоёр хүүхэд өөр ажилд орчихсон. Ер нь бол тэр газар ажилд оруулахад ханш нь 5 сая байдаг. Би бол 3 сая төгрөг өгөх юм бол танай найз Цэвэлсүрэн та хоёрын хүүхдийг ажилд оруулаад өгнө гэж хэлсэн...ингээд би итгээд хэдэн төгрөг өгөхийг асуусан чинь та яг одоо 3 сая төгрөг миний данс руу хийчих гэхээр нь нөхөр Бат-Амгалангийн утаснаас мобайлаар 3 сая төгрөг Оюунгэрэлийн данс руу 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлчихээд буцаагаад Оюунгэрэл рүү залгаад за мөнгөө шилжүүлчихлээ, ажил яг хэзээ бэлэн болох вэ гэсэн чинь 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хамгийн эцсийн хугацаа гэж хэлсэн. Тэгээд нэг хэсэг чимээгүй орхиод 8 дугаар сарын сүүлээр Улсын Их Хурал шинээр байгууллагдаж албан байгууллагууд бүтэц орон тоо шинэчлэгдээд ирэхээр нь санаа зовоод Оюунгэрэл рүү залгаад одоо ер нь бүтэх найдвар байна уу, ИНЕГ хөдөлгөөнд орох юм шиг байна аа гэсэн чинь дарга цэрэг солигдох юм байхгүй ээ…Миний ярьсан хүн бол олон жил ажилласан нөлөө бүхий хүн учраас бүгдийг зохицуулж байгаа гэж хэлэхээр нь манай хүүхэд яг ямар албан тушаалд дээр нь орох юм бэ гэсэн чинь Цэвэлсүрэнгийн хүүхдийг олон улс чиглэл рүү, харин таны хүүхэд захиргааны албанд орно гэж хэлсэн. Ахиад чимээгүй орхиж байгаад 9 дүгээр сарын 5-ны өдөр болоод 2, 3 хоног өнгөрөөд Цэвэлсүрэн дуудаад энэ Оюунгэрэл жаахан худлаа яриад байх шиг байна. Би танидаг мэддэг хүмүүсээсээ Олон улсын чиглэлээр Иргэний нисэхийн ерөнхий газар ажил байдаг юм уу гэж асуусан чинь байхгүй гэж байна гэж хэлэхээр нь би бас нэг л итгэлгүй байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Оюунгэрэл рүү залгасан чинь утсаа аваагүй. Нэг өглөө 9989**** дугаарын утаснаас над руу залгаад намайг Арвижих уу гэхээр нь үгүй ээ би ээж нь байна гэсэн чинь "Би Иргэний Нисэхийн ерөнхий газраас ярьж байна. Манай дарга солигдоод бужигнаан ихтэй байна. Яг ойрын хугацаанд ажилд оруулж чадахгүй нь ээ. Одоо эцсийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 15-аас 20-ны хооронд баталгаатай гэж хэлсэн. Энэ Оюунгэрэл биш өөр хүн байсан. Тэгэхээр нь би хэн гэдэг хүнтэй холбогдчихвоо гэсэн чинь “Би нэрээ хэлэх боломжгүй байна, хүн ихтэй байна. Хаашдаа ажилд орохоороо намайг мэднэ” гэж хэлсэн. Ингэж хэлэхээр нь би “Чи худлаа ярьж байна” гэж хэлсэн чинь сандраад утсаа салгасан. Би утсаар ярьж дуусаад, Оюунгэрэл рүү залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь Оюунгэрэл рүү “Сая надруу 9989**** гэсэн дугаараас хүн залгалаа энэ хүн шал худлаа ярьж байна. Та нарыг би зүгээр орхихгүй, та нар нийлж хүнийг хуурч мэхлэж байна гэсэн утгатай” мэссэж явуулсан чинь буцаагаад Оюунгэрэл над руу өө тэгсэн үү би мэдээгүй юм байна. Нөгөө ажилд оруулах хүн өөрөө ярьж дээ би холбогдоод буцааж таньд хариу хэлье” гэж хэлсэн. Ингээд ажил дээрээ очоод байж байсан чинь Оюунгэрэл дахиж над руу залгаад "Би нөгөө хүнтэйгээ холбогдлоо нөгөө газраас ярьсан нь үнэн байна. Та санаа зоволтгүй” гэж хэлсэн. “...2016 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Цэвэлсүрэн над руу залгаад “Нөгөө Оюунгэрэл чинь төрийн албаны шалгалт зохицуулсан чинь мөнгө нэмж өг гээд байна. 600.000 төгрөг гэнэ. Би 600.000 төгрөг шилжүүлчихлээ тийм зүйл байдаг юмуу” гэж надаас асуухаар нь “Байгууллагын шалгалтыг аргалдаг юм байлгүй дээ. Төрийн албаны шалгалтыг аргална гэж байдаггүй юм аа” гээд утсаа тасалсан чинь Оюунгэрэл над руу залгаад та Цэвэлсүрэнгээс сонссон байх над руу яаралтай шилжүүл гэхээр нь мобиалаар шилжүүлэх гэсэн боловч миний утасны сүлжээ байхгүй мөнгө явж болохгүй байсан. Тэгэхээр нь дүү Долгор руу залгаад мөнгө байвал Оюунгэрэл гэх хүний данс руу мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн чинь 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Ингээд нийт 3.500 000 төгрөг Оюунгэрэлд өгсөн байсан. Эдгээр мөнгөнөөс надад 300.000 төгрөг буцааж өгсөн..." гэсэн мэдүүлэг. /хх38-39/,

Хохирогч М Цэвэлсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...9980**** дугаарын утсаар би тэр дороо Оюунгэрэл рүү утсаар ярьсан чинь надад Иргэний нисэхийн ерөнхий газар ажилд оруулах боломж гараад байна гэж хэлээд манай хүүхдийн товч анкетыг надаас асууж авсан. Ингээд төлбөр мөнгөний талаар ярьсан чинь ажилд оруулах хөлс нь ер нь бол 5 сая төгрөг байдаг. Танай хүүхдийг бол 3 сая төгрөгөнд оруулъя гэж ярьсан. Тэгэхээр нь би итгээд 2 сая төгрөгийг Оюунгэрэлийн 500909**** дугаарын данс руу шилжүүлсэн. Би тухайн үед хөдөө явж байсан болохоор бэлэн мөнгө байхгүй байсан учраас Сайханжаргал руу яриад 1 сая төгрөг Оюунгэрэлд өгчихөө би 2 сая төгрөг шилжүүлчихлээ. Би хөдөөнөөс очиж байгаад 1 сая төгрөгийг чинь өгье гэж хэлээд Оюунгэрэлд 1 сая төгрөг өгүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 1 сая төгрөг Сайханжаргалын данс руу хиисэн. Түүний дараа 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би Оюунгэрэл рүү утсаар яриад та жолооны үнэмлэх гаргаж өгч чадах уу, нэг хүний жолооны үнэмлэх сургалтгүйгээр гаргуулах хэрэгтэй байна гэж хэлсэн чинь “Өө би чадна” жолооны курсэд бүртгүүлчихээр 1 сарын дараа гарчихдаг юм гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 364-р байрны гадна ирж манай дүү Лхагвасүрэнгээс 200.000 төгрөг болон иргэний үнэмлэхний хуулбар, нэг хувь зургийн хамт авсан. Тэр 200.000 төгрөгийг би өгүүлсэн юм. Маргааш нь Оюунгэрэл над руу яриад төрийн албаны шалгалтыг нь аргалах гээд байна. 500.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би өөрөе дансаар Оюунгэрэл рүү шилжүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Оюунгэрэл ахиад над руу яриад ажил бүтэх гэж байна. Гадаад харилцааны хэлтэст оруулах гэсэн чинь унаган 2 хэлтэй хүүхэд хэрэгтэй гэж байна. Танай охин Мөнхтуяаг гадаад харилцааны албанд оруулъя гэнэ ээ. Цаад хүн нь гадаад харилцааны албанд оруулахад 400.000 төгрөг хэрэгтэй гээд байна. Та миний данс руу шилжүүлчих гэж хэлхээр нь 400.000 төгрөг банкин дээр очиж шилжүүлсэн. Ер нь өөрөө ярихдаа 9 дүгээр сарын 5-ны өдөр гэхэд бүх хүмүүсийг ажилд оруулчихна гэж хэлсэн Ингээд 9 дүгээр сарын 5-ны өдөр болоод Оюунгэрэлтэй утсаар ярихаар арай болоогүй байна гээд хойшлуулаад байсан. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд 9989**** дугаарын утаснаас над руу залгаад би иргэний нисэхийн ерөнхий газар ажилладаг хүн байна. Би Оюунгэрэлээр зуучлуулж байгаа юм. Таньд нэр албан тушаал, ажлын утсаа хэлж болохгүй байна, таны ажил удахгүй бүтнэ гэж хэлсэн. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр бид нарыг Иргэний нисэхийн ерөнхий газар дээр хүрээд ир гэж дуудсан...ингээд иргэний нисэхийн ерөнхий газар очоод хамт залилуулсан хүнтэйгээ таарсан...” гэсэн мэдүүлэг. /хх41-42/,

Хохирогч Д.Гантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 8 дугаар сарын 1-нд...Сайханжаргал багштай уулзсан. Тэгээд бид 2 хоол идэж байх зуураа…тэр хүүхэн шинэ нисэхэд бас хүн ажилд оруулж өгч чадна гэж ярьж байна лээ, Би яг сайн мэдэхгүй шүү, Би бол тэр хүнд нэг их итгэлгүй байгаа юу ч гэсэн та өөртэй нь яриад үз гээд 9980**** гэсэн дугаарыг өгөөд Оюунгэрэл гээд хүн байгаа шүү гэж хэлсэн. Би тэгэнгүүт нь маргааш нь Оюунгэрэл рүү яриад “Би Сайханжаргал гэдэг хүний найз нь байна. Чи нисэхэд хүн ажилд оруулж өгч чадна гэсэн үү” гэтэл “Өө би оруулаад өгнөө, ямар ч асуудал байхгүй, 3.000.00 төгрөгөө одоо шилжүүл, яаралтай шилжүүлээрэй бүртгэл нь дуусах гээд байгаа шүү, иргэний үнэмлэх, сургууль төгссөн дипломыг нь миний мэйл хаягаар явуулаадах” гэсэн. Би мэйл хаягийг нь сайн санахгүй байна. Би маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 3-нд 3 сая төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андуудын Хаан банкнаас Оюунгэрэлийн өөрийн данс руу хийсэн. Мөн дараа нь 8 дугаар сарын сүүлээр 400.000 төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн...Ингээд Оюунгэрэл надаас 3.400.000 төгрөг авсан. “...Надад цувуулж өгсөөр байгаад 600.000 төгрөг буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх122-123/,

Хохирогч Г Сэлэнгэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай дүү Ганбаатар над руу утсаар яриад хямдхан нүүрс байна 1 гуч машинтай нүүрс 250.000 төгрөг гэнэ ээ гэж хэлэхээр нь би утасных нь дугаарыг аваад 9980**** дугаар руу залгаад Оюунгэрэл гэх эмэгтэй тус утсыг аваад та нүүрс зарж байгаа юм уу, 1 машин нь хэд юм бэ гэж асуусан чинь машин нь 250.000 төгрөг гэхээр нь яагаад ийм хямдхан байгаа юм бэ гэсэн чинь Налайхын нүүрсний уурхайд манай дүү нар байдаг юм. Нүүрсний талонаар нүүрс зарж байгаа бөгөөд талоных нь хугацаа дуусах гээд байгаа болохоор ингэж хямдхан зарж байгаа юм. Гадуур 1 машин нь 500.000-600.000 төгрөгийн хооронд байгаа гэхээр нь урд талынхаа ахынд ороод 125.000 төгрөг эхэлж аваад нөхрийнхөө хамаатан Ганбаатар гэх хүнтэй утсаар яриад хямдхан нүүрс байна 125.000 төгрөг эхлээд явуулчих гээд нийт 375.000 төгрөг бүрдүүлээд Оюунгэрэлийн 500909**** дугаартай данс руу шилжүүлсэн. Ингээд мөнгөө шилжүүлсэнийхээ дараа 3 машин нүүрс авна үлдэгдэл мөнгийг нь нүүрс буусны дараа өгье гэж хэлээд хэзээ нүүрс буухыг нь асуусан чинь 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр гэхэд буучихна гэж хэлсэн...2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Оюунгэрэл яриад нүүрс өнөө маргаашгүй бууна, өөр нүүрс авах хүн амьтан байна уу гэж асуухаар нь би хамаатан Төрмөнх гэх хүнээс асуугаад нүүрс авах уу гэж хэлсэн чинь нүүрс авна гэхээр нь 150.000 төгрөг Оюунгэрэл гэдэг хүнд өгчих гээд бэлнээр өгүүлсэн. Төрмөнх өөрөө бэлнээр өгсөн...Одоо нийт 525.000 төгрөг өгсөн бөгөөд Оюунгэрэлийн эгч нь гэх эмэгтэй 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 50.000 төгрөг над руу шилжүүлсэн. Одоо миний нэхэмжлэх мөнгө бол 475.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-44/,

Хохирогч Ж.Өмөрбек мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 31-ний орой Налайхаас нүүрс ачаад гэртээ байж байсан чинь манай найз Жанарбек над руу залгаад чи ажилд гарах юм уу, машин чинь нүүрстэй байна уу гэхээр нь нүүрстэй байна аа хаана буулгахыг нь асуусан чинь хороололд буулгана гэнэ ээ нэг машин нь 580.000 төгрөгөөр гэж Жанарбек хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө Оюунгэрэл над руу залгаад Жанарбек гэдэг жолоочоос дугаарыг чинь авлаа чи хороолод нүүрс буулгаад өгөөч гэхээр нь Цамбагаравын тэнд буулгасан. Оюунгэрэл өөрөө ирээгүй. Нүүрс буулгасны дараа урьдчилгаа мөнгө гэж Ц.Оюунгэрэл өгөөмөр зах дээр над дээр ирээд 150.000 төгрөг өгсөн. Ингээд араасаа нэхүүлж байж 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өглөө цувуулж 430.000 төгрөг шилжүүлсэн. Орой нь над руу ахиж залгаад манай ажлын газрын айл байгаа юм. Настай хүн нүүрсгүй болчихлоо гээд байхаар нь буулгаж байгаа юм аа гэхээр нь мөнгө төгрөг нь бэлэн юм уу гэсэн чинь маргааш дансаар чинь шилжүүлчихье. 125.000 төгрөгийг нь тэр айлын хүнд хэлээд бэлнээр нь төлүүлчихье гэж хэлсэн. Ингээд би 1 грушик дагуулаад яармагт нэг айлд 1 гуч машин нүүрс буулгасан. Тэр айлын хүн надад 125.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн...Маргааш нь Оюунгэрэл рүү залгасан утсаа авахгүй байхаар нь мөнгө төгрөгөө авъя гэж мессеж бичсэн чинь над руу буцаагаад мөнгийг чинь өгнө гэж хэлээд мессеж бичээд утсаа унтраачихсан. Ингээд хэд хэдэн удаа ахиж залгасан боловч нэг бол утас нь холбогдохгүй, нэг бол утсаа авахгүй байсан. Нөгөө нүүрс буулгасан айлдаа очоод үлдэгдэл мөнгөө авах гэсэн юм аа гэж хэлсэн чинь “Юу яриад байгаа юм бэ? мөнгө төгрөгийг нь өгчихсөн шүү дээ гэж хэлсэн. Ингээд залилсан гэдгийг нь мэдсэн. Сүүлд буулгасан нүүрсний мөнгө одоо 455.000 төгрөгийг нь өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-46/,

Хохирогч Б.Алтанцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын дундуур Оюунгэрэл над руу залгаад нүүрс авах уу 5 тонн өндөрлөгөөтэй зил-130 машинтай нүүрс 300.000 төгрөгөнд зарна. Манай дүүгийн компани ажилчдын нүүрс оруулж ирж байгаа. Тэрнээс нь хувиараа ганц нэг машин нүүрч илүүчилж зарж байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед портертэй нүүрс 170.000 төгрөг гэж байсан болохоор маш хямд санагдсан. Тэгэхээр нь нүүрс авъя, нүүрснийхээ мөнгийг нүүрсээ буулгасны дараа өгье гэсэн чинь одоо өг. Тэнд бас нүүрсээ ачихдаа мөнгө хураалгадаг юм гэхээр нь дүү Раднаабазар руу яриад би нүүрс авахаар боллоо чи Оюунгэрэл гээд хүний данс руу 300.000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа хэзээ нүүрс буухыг асуусан 2, 3 хоногийн дараа буулгана гэж хэлсэн. Мөнгө өгсөнөөс хойш 3 хоногийн дараа нүүрс буухгүй болохоор нь өөрийнх нь 9980**** дугаар руу залгаад нүүрс буулгахгүй юм уу 3 хоночихлоо шүү дээ гэж хэлсэн чинь би дараагийн долоо хоногт гэсэн шүү дээ чи буруу ойлгосон байна гэхээр нь би эмнэлэгт хэвтэх гэж байгаа миний дүү Раднаабазартай холбогдож байгаа буулгаарай гээд утсыг нь өгсөн боловч эмнэлгээс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан чинь нүүрс буулгаагүй байсан гээд залгах болгонд нүүрсэндээ оочерлож байгаа гээд сүүлд нь нүүрснийхээ аманд бэхэлгээ хийж байгаа дуусхаар нь шууд ачаад хүргэж өгнө гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр над руу мессеж бичээд нүүрс орой бууна шүү гэж хэлсэн, ингээд сүүлдээ худлаа гэдгээ хэлсэн…” гэсэн мэдүүлэг. /хх-48/,

Хохирогч Д.Бадамцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...утсаар ярьсан чинь та 300.000 төгрөг төлчих юм бол танай хүүхдийг бүтэн жил үнэгүй явуулна гэж хэлэхээр нь Оюунгэрэлтэй Багшийн хөгжлийн ордны үүдэнд уулзсан. Тэнд Оюунгэрэлд 300.000 төгрөг бэлэн өгчихөөд явсан. Маргааш билүү нөгөөдөр нь манай хүүхдийн офицерүүдийн ордны тэнд байдаг “Намуун гоё” цэцэрлэгт оруулсан. Оюунгэрэл нэг өдөр надтай утсаар ярьж байхдаа манай улаан загалмайд бүртгүүлчих юм бол зарим сургалтын төлбөрийг нь зүгээр төлдөг гэж хэлэхээр нь би өөрийнхөө 2 охиныг Эрдмийн булаг Солонгос хэлний сургалтанд явдаг талаар хэлсэн чинь чи нэг сарын төлбөрийн мөнгөнийхөө тал хувь болох 100.000 төгрөгийг нь надад өгчих. Би сургалтын төлбөрийг нь хөнгөлүүлээд өгье гэж хэлээд надаас бэлнээр 100.000 төгрөг авсан...Манай байрны оршин суугчдын 3 хүүхдийг цэцэрлэгт оруулж өгөхөөр болоод би өөрөөсөө 80.000 төгрөг гаргаад Оюунгэрэлд өгсөн. Нэг хүүхэд 300.000 төгрөгөөр оруулж өгнө гэж ярьж байсан боловч би эхлээд чи хүүхдийг нь оруулчих гээд Жуков худалдааны төвийн хажууд 80.000 төгрөг хувиасаа өгсөн. Шинэ эрин цэцэрлэгт манай хүүхэд 10 гаруй хоног явсаны дараа цэцэрлэгээс төлбөр нэхэгдсэн. Ингээд цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж төлбөр төлөгдсөн талаар хэлэхэд 100.000 төгрөг төлсөн өөр мөнгө төлөөгүй гэж хэлсэн, ингээд худлаа ярьж залилсан болохыг нь мэдсэн…” гэсэн мэдүүлэг. /хх-50/,

Хохирогч А.Эрдэнэсувд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...охин Анхилууныг цэцэрлэгт явуулъя гэж бодоод Оюунтунгалаг гэх хүнээр дамжуулж Оюунгэрэлтэй утсаар холбогдоод ярьсан. Ингээд утсаар ярьсан чинь Оюунгэрэл 300.000 төгрөгөөр оруулж өгч чадна гэхээр нь 2016 оны 9 дүгэр сарын 11-ний өдөр 100.000 төгрөг урьдчилгаа болгож 500909**** дугаартай данс руу хийсэн. Тухайн үед ярихдаа бас эгч Ариунаа, найз Ховроо нарын хүүхдийг оруулж өгнө гээд хэлээд өөрийнхөө данснаас эхлээд 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 150.000 төгрөг, 10 дугаар сарын 6-ны өдөр 100 000 төгрөг, 10 дугаар сарын 14-ний өдөр 150.000 гөгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр бас 100.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд сүүлд шилжүүлсэн 100.000 төгрөгийг авахдаа Оюунгэрэл надад түр зээлчих манайд бараа буучихаад байна гээд надаас авсан. 2016 оны 9 сард бас дансаар 100.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд сүүлд шилжүүлсэн. Ингээд надаас нийт 900.000 төгрөг өгсөн. Эхэлж цувуулж авсан 800.000 төгрөгийг 3 хүүхэд цэцэрлэгт оруулж өгнө гэж авсан. Ингээд манай хүүхэд 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэ эрин цэцэрлэгт явж эхэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр дээрх цэцэрлэгээс төлбөр нэхсэн бөгөөд миний явуулсан 2 хүүхдийн төлбөр гэж нийт 200.000 төгрөг төлсөн байсан. Ингээд төлбөр төлсөн талаар хэлэхэд Оюунгэрэлийг огт танихгүй хүүхэд цэцэрлэгт явуулъя гэж хэлээд оруулсан гэсэн. Би хоёр хүүхдийн цэцэрлэгт төлсөн 200.000 төгрөг, сүүлд надаас зээлж авсан 100.000 төгрөгнөөс буцааж өгсөн 30.000 төгрөгийг хасаад 670.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-53/,

Хохирогч Э.Ананд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Оюунгэрэлтэй утсаар ярьсан чинь 300.000 төгрөг өгчих цэцэрлэгт оруулаад өгч болно гэж хэлэхээр нь 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Оюунтунгалагын гэрт уулзаад бэлэн 300.000 төгрөг Оюунгэрэлд тоолж өгсөн...Маргааш өглөө нь цэцэрлэгт охин Эгшиглэнг “Шинэ эрин” цэцэрлэгт өгсөн. Ингээд 10 гаруй хоног явсаны дараа цэцэрлэгээс нь залгаад төлбөр нэхсэн Анх надад хэлэхдээ бүтэн нэг жил явахад 300.000 төгрөг гэж хэлсэн мөртлөө төлбөр нэхэхээр нь гайхаад Оюунгэрэл рүү залгаад юун төлбөр нэхээд байгаа юм бэ цэцэрлэгээс над руу яриад байна гэж хэлсэн чинь одоо мөнгийг нь хийчихье 500.000 төгрөг хийлээ гэж хэлсэн. Ингээд маргааш нь цэцэрлэгт ирсэн чинь 5 хүүхэд Оюунгэрэл оруулсан. Энэ 5 хүүхдийн эхний мөнгө гэж 500.000 төгрөг хийсэн байсан. 1 хүүхдийн мөнгө урьдчилгаа 100.000 төгрөг гэж хэлсэн байсан. Ахиад Оюунгэрэлтэй ярьсан чинь утсаа авахгүй зугтаагаад байсан...Би цэцэрлэгт өгсөн 100.000 төгрөгийг нь хасаад 200.000 төгрөг нэхэмжилж байна...Оюунгэрэл өөрийгөө Улаан загалмайн нийгэмлэгт ажилладаг гэж хэлж байсан. 300.000 төгрөгийг нь өгчих юм бол нэн ядуу гэдэг шалтгаанаар улсаас үлдсэн мөнгө нь ороод байдаг юм аа санаа зоволтгүй гэж хэлсэн. Хишгээ гэдэг нь Оюунтунгалагийг хэлээд байгаа юм аа бид нар Хишгээ гэж дууддаг юм…” гэсэн мэдүүлэг. /хх-63/,

Иргэний нэхэмжлэгч Ш.Гэрэлцацрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Бадамцэцэг гэдэг хороонд ажилладаг эгч "Манай найз намайг жолооны курст суухуу гэнээ. Би өөрөө ажилтай учир чи суухуу. өөрөө 150.000 төгрөг төлөөд 100.000 төгрөгийг нь хүмүүнлэгийн байгууллагаас гаргах юм байна" гэж хэлэхээр нь Оюунгэрэл гэх хүний 9980**** гэсэн дугаарыг нь аваад залгаад "Би жолоонд суух гэсэн юм. Бадамцэцэг эгч таны утсыг надад өгсөн юм" гэж хэлсэн чинь "За би дансаа явуулъя" гэж хэлээд надад 500909**** дугаарын дансаа өгөхөөр нь би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ зах доторх экспресс банкнаас 150.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 100 айлын ардын эрхийн автобусны буудал дээр байрлах "Сайн ачлал" авто сургуульд явуулж өгсөн бөгөөд сүүлд надаа тэр авто сургууль "Хөөш чи төлбөрийнхөө урьдчилгааг өгөхүү" гэхээр нь би Оюунгэрэл гэх хүнд өгсөн гэж хэлсэн чинь "Тэр хүн чинь бид нарт ямар нэгэн мөнгө өгөөгүй" гэж хэлсэн. “...Намайг "Сайн ачлал авто сургуультай Оюунгэрэл гэх эмэгтэй холбосон. Утсаар яриад намайг "Хичээлдээ сууж бай" гэж хэлсэн би Оюунгэрэл гэх хүнээс 150.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг. /хх64-65/,

Гэрч Б Туяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...та хүүхдээ ажилд оруулах уу гэж асуухаар нь Оюунгэрэлийн утсыг нь аваад холбогдсон чинь 3 сая төгрөгөөр ИНЕГ-т найдвартай ажилд оруулж өгнө. Миний танил тэнд ажилладаг гэж байсан. Тэгэхдээ ямар албан тушаал дээр ажилладаг болохыг нь бид нарт хэлээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-67/,

 

Гэрч С.Самхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Оюунгэрэлийн нөхөр нь байгаа юм...Иргэний нисэхийн газар би болон Оюунгэрэлд таньдаг хүн байхгүй. 2016 оны 8 дугаар сард Оюунгэрэл хүүхэд зусланд явуулсан талаар мэдэхгүй…” гэсэн мэдүүлэг. /хх-68/,

Гэрч А.Жанарбек мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг цайз зах дээр нүүрс зарах гээд зогсож байхад Оюунгэрэл гээд байгаа эмэгтэй над дээр ирээд нүүрс хэд вэ гэж асуухаар нь 650.000 төгрөг гэж хэлсэн. Хороолол руу буулгавал хэдээр буулгах вэ гэж надаас асуухаар нь 620.000 төгрөгөнд буулгана гэж хэлсэн. Тэгээд тэр эгч миний утасны дугаарыг аваад мөнгөө аваад ирье гээд явсан. Тэгээд би зогсож байгаад өөрийнхөө машинтай нуурсийг зарчихсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр над руу Оюунгэрэл гэх эмэгтэй дүүгийндээ нүүрс буулгуулъя гээд байн байн залгаад байхаар нь би нүүрсгүй байна. Найзаасаа асууж өгье гээд Өмөрбек рүү ярьж асуусан. Ингээд би тэр хоёрыг холбож өгсөн...Налайхын нүүрс талонаар өгнө гэж огт байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-70/,

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...нүүрсний талон гэж байсан ойлголт байхгүй. Налайхын нүүрсний уурхайгаас үнэ тохирч аваад жолооч нар энд зардаг Талонаар нүүрс зарж байсныг ёстой мэдэхгүй юм байна. Налайхын уурхай хувьд гарчихсан болхоор талон гэсэн ойлголт байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-71/,

Гэрч Л.Жавзансүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Оюунгэрэл гэх эмэгтэй ирж уулзаад би төлбөр мөнгийг нь өгөх ёстой юм аа дараагийн хоёр дахь өдрөөс хүүхэд оруулъя, би мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд ямар ч мөнгө өгөөгүй. Нөгөө хүүхэд нь цэцэрлэгээс гарсан...” гэсэн мэдүүлэг. /хх-72/,

Яллагдагч Ц.Оюунгэрэл мэдүүлэхдээ: “...Алтжин гэх хүнтэй би өөрийн хүү Энх-Амгалангийн багш Сайханжаргал гэх хүнээр дамжуулж танилцсан бөгөөд тэр хүүхдийг би иргэний нисэхийн ерөнхий газар оруулж өгнө гэж худлаа хэлээд 2 сая төгрөг аваад өрөндөө тараагаад дуусчихсан. Тэр мөнгийг дансаар шинжүүлж авсан. Мөн Сайханжаргалаар дамжуулж Бумаажав гэх утсыг авч ярьсан бөгөөд утсаар ярьж байгаад хүүхдийг нь ИНЕГ ажилд оруулна гэж хэлээд 3.000.000 төгрөг дансаар шилжүүлж авсан. 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед авсан санаж байна...Надад таньдаг хүн байгаа гэж хэлээд тэр өдрөө 3 сая төгрөг дансаар шилжүүлж авсан. Дараа нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үеэр Цэвэлсүрэн над руу утсаар яриад жолооны үнэмлэх гаргадаг хүн таних уу гэж хэлхээр нь танина 200.000 төгрөг байхад болно гэж хэлээд бэлнээр цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын байрнуудын дундаас 2 эмэгтэйгээс бэлнээр тоолж 200.000 төгрөг авсан. Маргааш нь ахиад мөнгөний хэрэг гархаар нь Цэвэлсүрэн болон Гантуяа, Алтжин, Думаажав над руу ярьсан боловч Алтжин, Бумаажав нар мөнгө өгөхөөс татгалзаад харин Цэвэлсүрэн 500.000 төгрөг, Гантуяа 400.000 төгрөг шилжүүлсэн. Мөн дараа нь Цэвэлсүрэнгийн хүүхдийг нь ИНЕГ-ын гадаад харилцааны албанд оруулна гэж хэлээд 400.000 төгрөг нэмж авсан бөгеөд 4.100.000 тегрөг авсан. 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сайханжаргалаар дамжуулж Гантуяа хүүхдээ ажилд оруулна гэхээр нь би ИНЕГ-аар ажилд оруулаад өгье гэж хэлээд 3.000.000 төгрөг дангаар авсан бөгөөд дараа нь төрийн албаны шалгалт аргалах гээд 400.000 төгрөг нэмж авсан. 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өр нэхэгдээд байхаар нь 10 жилийн найз Нарантуяа руу залгаад нүүрс хямд үнээр авах хүн байна уу гэж асуусан чинь ажлынхаа газрын 2 залуутай холбож өгье гэж хэлсэн. Ингээд би цайз зах дээр очоод 2 гуч машинтай нүүрс ямар үнэтэй байдаг талаар асуусан 600.000 төгрөг гэж хэлхээр нь Сэлэнгээ утсаар яриад нүүрс авъя гэж хэлахээр нь 2 гуч нүүрс 250.000 төгрөг. Налайхын нүүрс байгаа юм. Ажилчиддаа хямдралтай талонаар өгч байгаа нүүрс байгаа юм гэж хэлсэн чинь 3 айлд нүүрс авъя урьдчилгаа 375.000 төгрөг өгчихье гэж хэлээд миний 500909**** дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ над руу залгаад бас нүүрс айл байна. Та мөнгийг нь очоод авсан гэхээр нь БЗД-ийн сансар худалдааны төвийн гадна 1 залуугаас 150.000 төгрөг авсан. Нийт Сэлэнгэ гэх хүнээс 525.000 төгрөг авсан. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өнөрбек гэх хүн рүү утсаар яриад яармагт нүүрс буулгаад өгөөч ээ, би мөнгийг нь төлье гэж хэлээд 580.000 төгрөгний үнэ бүхий 2 гуч машин нүүрс яармагт буулгуулсан. Тэр яармагын айлаас би 125.000 төгрөг урьдчилгаа болгоод авчихсан байсан бөгөөд 1.250.000 төгрөгийг нь жолоочид нь өгчих гээд үлдзэсэн. 2016 оны 10 дугаар сарын 20-дын үеэр би Алтанцэцэгтэй эхэлж утсаар яриад найздаа 80.000 гөгрөг зээлчих. Чиний таньдаг хүмүүсээс нүүрс буулгуулах хүн байна уу 1 гуч машин 300.000 төгрөг гэж хэлсэн чинь таслаад 380.000 төгрөг дансаар шилжүүлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Оюунтунгалаг гэх найзаараа дамжуулж танилцсан Бадамцэцэг гэх эмэгтэй хүүхдээ цэцэрлэгт оруулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би 300.000 төгрөг болно. Бүтэн 2 жил үнэгүй явна гэж хэлээд бэлэн 300.000 төгрөг багшийн дээдийн Боловсрол хөгжлийн төвийн үүдэнд авсан. Хүүхдийг нь эхлээд “Намуун гоё” цэцэрлэгт оруулсан боловч хүүхэд нь паар мөргөөд цэцэрлэгээс гарчихаар нь "Шинэ эрин" цэцэрлэгт оруулж өгсөн. Мөн охин нь хэлний сургалтанд нь сурдаг гэхээр нь сургалтыг нь хөнгөвчилнө гэж хэлээд 100.000 төгрөгөөр 3 хүүхэд цэцэрлэгт оруулж өгнө гэж хэлээд 80.000 төгрөг буюу нийт 480.000 төгрөг авсан. Мөн 2016 оны 9 дүгээр сард дансаар болон бэлнээр нийт 900.000 төгрөг нарийн сайн санахгүй байна. Дансны хуулгаар гарч ирэх байх, хүүхэд цэцэрлэгт оруулж өгнө гэж авсан. Мөн зээлнэ гэж авсан. Оюунтунгалагын дүү Ананд гэх залуугийн хүүхдийг нь цэцэрлэгт оруулна гэж хэлээд бэлнээр Оюунтунгалагын гэрт 100.000 төгрөг авсан. Би "Шинэ эрин" цэцэрлэгт 5 хүүхдийн мөнгө гэж 300.000 төгрөг цэцэрлэгт өгсөн. Оюунтунгалагын хүүхдийг үнэгүй тэр цэцэрлэгт явуулсан. Тухайн үед цэцэрлэгт 4 хүүхэд л явж байсан. Би худлаа хэлээд энэ мөнгийг авчихсан…” гэсэн мэдүүлэг. /хх140-142/,

Хохирогч О.Алтжингийн мэдүүлэг /хх-ийн 35-36/, хохирогч Ш.Бумаажавын мэдүүлэг /хх-ийн 38-39/, хохирогч М.Цэвэлсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 41-42/, хохирогч Д.Гантуяагийн мэдүүлэг  /хх-ийн 122-123/, хохирогч Г.Сэлэнгийн мэдүүлэг /хх-44/, хохирогч Ж.Өмөрбекийн мэдүүлэг /хх-46/, хохирогч Б.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-48/, хохирогч Д.Бадамцэцэгийн мэдүүлэг /хх-50/, хохирогч А.Эрдэнэсувдын мэдүүлэг /хх-53/, хохирогч Э.Анандын мэдүүлэг /хх-63/, иргэний нэхэмжлэгч Ш.Гэрэлцацралын мэдүүлэг /хх64-65/, гэрч Ж.Сайханжаргалын мэдүүлэг /хх-66/, гэрч Б.Туяагийн мэдүүлэг /хх-67/, гэрч С.Самхүүгийн мэдүүлэг /хх-68/, гэрч А.Жанарбекийн мэдүүлэг /хх-70/, гэрч Б..Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-71/, гэрч Л.Жавзансүрэнгийн мэдүүлэг /хх-72/, гэрч Н.Пүрэвцэрэнгийн мэдүүлэг /хх-73/, гэрч Б.Даваасамбуугийн мэдүүлэг /хх-74/, яллагдагч Ц.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх140-142/, сэжигтэн Ц.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх90-91/, гэрч Н.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 69/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх193-194/, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.Оюунгэрэл нь 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хохирогч О.Алтжинг “Иргэний нисэхийн ерөнхий газар оруулж өгнө” гэж худал хэлж, хуурч мэхлэн 2.000.000 төгрөг,

-2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Равжихыг “Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” гэж худал хэлж хуурч мэхлэн Равжихын эх Бумаажаваас 3.500.000 төгрөг,

-2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч М.Цэвэлсүрэнгийн охиныг “Иргэний нисэхийн ерөнхий газарт ажил оруулж өгнө” гэж 3.000.000 төгрөг, “Жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж хэлж 200.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Төрийн албаны шалгалт аргална” гэж 500.000 төгрөг тус тус худал хэлж,  “Гадаад харилцааны яаманд оруулж өгнө” гэж 400.000 төгрөг тус тус худал хэлж, хуурч мэхлэн нийт 4.100.000 төгрөг,

-2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Д.Гантуяагийн хүү А.Баясгаланг “Иргэний нисэхийн ерөнхий газарт оруулж өгнө” гэж худал хэлж, хуурч мэхлэн 3.400.000 төгрөг,

-2016  оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд “Хямд үнээр буулгана” гэж худал хэлж, хуурч мэхлэн хохирогч Г.Сэлэнгээс 525.000 төгрөг,

-2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Нүүрс буулгачих маргааш мөнгийг нь өгье” гэж худал хэлж, хуурч мэхлэн нүүрс Б.Даваасамбуугийн хашаанд буулгуулан хохирогч Ж.Өмөрбекээс 325.000 төгрөг,

-2016 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд “Хямд үнээр нүүрс буулгана” гэж худал хэлж, хуурч мэхлэн хохирогч Б.Алтанцэцэгээс 380.000 төгрөг,

-2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд хохирогч Бадамцэцэгийн хүүхдүүдийг “Цэцэрлэгт оруулж өгч, сургалтын төлбөрийг нь хөнгөлнө” гэж гэж худал хэлж, хуурч мэхлэн нийт 480.000 төгрөг,

-2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд “300.000 төгрөг төлөөд нэг жил сурах боломжтой өртөг багатай цэцэрлэгт оруулж өгнө” гэж худал хэлж, хуурч мэхлэн хохирогч А.Эрдэнэсувдаас 900.000 төгрөг,

-2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “300.000 төгрөг төлөөд нэг жил сурах боломжтой өртөг багатай цэцэрлэгт оруулж өгнө” гэж худал хэлж хохирогч Э.Анандын 300.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр авч бусдад нийт 15.910.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Оюунгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Оюунгэрэлийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Оюунгэрэлийн ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс нийт 14.110.000 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Э.Анандад 300.000 төгрөг, хохирогч А.Эрдэнэсувдад 300.000 төгрөг, Д.Бадамцэцэгт 480.000 төгрөг, хохирогч Б.Алтанцэцэгт 380.000 төгрөг, хохирогч Ж.Өмөрбект 325.000 төгрөг, хохирогч Г.Сэлэнгэд 525.000 төгрөг, хохирогч Д.Гантуяад 3.400.000 төгрөг, М.Цэвэлсүрэнд 3.300.000 төгрөг, хохирогч Ш.Бумаажавт 3.200.000 төгрөг, хохирогч О.Алтжинд 1.900.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгч Ц.Оюунгэрэлд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүхээс баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.                                                                    

Шүүгдэгч Ц.Оюунгэрэл нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал боловч хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлөөгүй нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Оюунгэрэлд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хорчин овогт Цэвэгсүрэнгийн Оюунгэрэлийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Ц.Оюунгэрэлээс эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Ц.Оюунгэрэлд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Оюунгэрэлийн урьд цагдан хоригдсон 132 /нэг зуун гучин хоёр/ хоногийг баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Оюунгэрэлийн ар гэрийн хувьд ногдох хөрөнгөнөөс нийт 14.110.000 /арван дөрвөн сая нэг зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Э.Анандад 300.000 төгрөг, хохирогч А.Эрдэнэсувдад 300.000 төгрөг, Д.Бадамцэцэгт 480.000 төгрөг, хохирогч Б.Алтанцэцэгт 380.000 төгрөг, хохирогч Ж.Өмөрбект 325.000 төгрөг, хохирогч Г.Сэлэнгэд 525.000 төгрөг, хохирогч Д.Гантуяад 3.400.000 төгрөг, М.Цэвэлсүрэнд 3.300.000 төгрөг, хохирогч Ш.Бумаажавт 3.200.000 төгрөг, хохирогч О.Алтжинд 1.900.000 төгрөг тус тус олгосугай.

  1. . Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Оюунгэрэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР