Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 909

 

Ө.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Чимгээ,   

яллагдагч Ө.Л, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/815 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Энхбаатарын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ө.Лд холбогдох эрүүгийн 2011007500359 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/,

 

Ө.Л нь 2020 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-272а тоотод оршин суух хохирогч И.Солонгоогийн гэрт архи уун согтуурч, гэрт нь ганцаараа үлдсэн байхдаа И.Солонгоогийн нөхөр Г.Наранбаатарын “Самсунг эс-8” плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 491,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:

Ө.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжпэн судлаад шүүх хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Үүнд: 1. Яллагдагч Ө.Л нь 2020 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-272а тоотод оршин суух хохирогч И.Солонгоогийн гэрт архи уун согтуурч, гэрт нь ганцаараа үлдсэн байхдаа И.Солонгоогийн нөхөр Г.Наранбаатарын Самсунг эс-8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 491,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Тус эрүүгийн хэрэгт яллагдагч Лхамсүрэнг гэрт нь хүргэж өгсөн таксины жолооч Б.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 40 орчим насны махлагдуу бор царайтай эмэгтэй хүн 5 буудлын хотын төв рүү явах төв зэм дээр гараа өргөөд зогсож байхаар нь аваад суулгасан чинь эхлээд 5 шар орно гэж хэлээд суусан юм. Тэр эмэгтэй нь архи үнэртүүлсэн байсан бөгөөд унаанд суугаад 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр ирснээ миний гар утас байхгүй байна гэж хэлээд миний 95807268 дугаарын утсаар өөрийнхөө дугаар руу залгахад гар утас нь холбогдох боломжгүй гэж байсан. Тэгэд тэр эмэгтэй ханын материал явахаар болоод дэнжийн 1000-ын далан давхарын замаар явж байгаад Тэс шатахуун түгээх газрын ойролцоо зогсоод миний гар утаснаас охин руугаа залгахад охин нь утсаа авахгүй байсан. Нилээн удаж байгаад охин нь утсаа авах шиг болоод охин нь надтай яриад гэрээ зааж өгсөн юм. Тэр эмэгтэй тухайн өдөр гэрээ зааж өгөх чадваргүй байсан. Охинтой нь ярьсаар байгаад ханын материалд байдаг гэрт нь очиж буулгасан юм. Гэрт нь буух үед 20 орчим насны охин гарч ирээд тэр эмэгтэй манай охин гээд дагаад буусан юм. Тухайн үед төлбөр тооцоо 15,000 төгрөг гарсан бөгөөд тэр мөнгийг нь авчихаад охинд нь машинд юм нь уначихсан байхуу сайн шалгаарай гэж хэлээд охин нь өөрөө сайн шалгаж байгаад орсон юм. Миний машинд ямар нэг гар утас унаж үлдээгүй. Тэр эмэгтэй миний машинд суухдаа ганц цүнхтэй байсан бөгөөд машинд суухаасаа өмнө гар утсаа унагаасан байх...” гэх /хх 18/,

Яллагдагч Ө.Лг такситай гэрийнхээ гадаа ирэхэд гарч авсан охин Л.Тунгалагсайхан мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед манай ээж Лхамсүрэн нь 95807267 гэх мобикомын дугаараас миний гар утас руу залгасан байсан юм. Тэр үед би унтаж байсан болохоор утсаа аваагүй бөгөөд дараа нь удалгүй манай эмээгийн 89143007 дугаар руу залгаж надтай ярихад ээж нь такси бариад очиж байна гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд би тэр үед ээжийнхээ гар утасруу залгахад гар утас нь холбогдохгүй байхаар нь би надруу залгасан байсан таксины жолоочийн дугаар руу залгаж ээжтэй ярихад би өөрөө гэрээ заагаад яваад очиж чадна гэхээр нь би утсаа салгаад хүлээж байтал удалгүй ээж гадаа ирээд залгахад би гараад ээжийгээ авахад архи нь бага зэрэг гарсан байдалтай байсан. Манай ээж гэртээ ирэхдээ гуталгүй улаан ягаан өнгийн тавчигтай байсан. Би таксины жолоочийн мөнгийг ээжээс өөрөөс нь аваад өгсөн бөгөөд таксины жолооч ах ээжийнхээ цүнх болон эд зүйлийг нь сайн үзээрэй машинд унасан байхвий гэж надад хэлээд би машинд унасан эд зүйл байж магадгүй гэж бодоод сайн үзэхэд ямар нэгэн зүйл байгаагүй юм. Тэгээд би ээжийгээ гэрт оруулаад гар утсыг цүнхэнд нь хайхад гар утас нь байгаагүй юм...” гэх /хх 19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал бүрэн хийгээгүй эргэлзээ бүхий байна. ...” гэж шийдвэрлэжээ. 

 

Прокурор М.Энхбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын явцад гэрч Л.Тунгалагсайхан, Б.Болдбаатар нарын өгсөн мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг бүрэн хийгээгүй эргэлзээ бүхий байна” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Ө.Лгийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаарх баримтууд хангалттай авагдсан байхад шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлаас аль нь нотлогдоогүй, ямар нотлох баримтууд эргэлзээ төрүүлж байгаа, цаашид ямар ажиллагаа хийх талаар шүүгч захирамжиндаа тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” бол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж тусгасан.

Шүүх гэрч Л.Тунгалагсайхан, Б.Болдбаатар нарын өгсөн мэдүүлгийг үндэслэн нотолбол зохих байдлыг бүрэн хийгээгүй эргэлзээ бүхий байна...гэж дүгнэхдээ хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч И.Солонго, гэрч Г.Наранбаатар, Ц.Хишигдаваа нарын мэдүүлэг болон 85416789 дугаарын гар утасны ярианы дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтууд нь ямар нотлох баримтуудаар хэрхэн яаж үгүйсгэгдэн эргэлзээ төрүүлж байгаа талаар дүгнэлтээ огт хийгээгүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтууд буюу яллагдагч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг эргэлзээ төрүүлэхээр байвал шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон шийдвэрлэх боломжтой байтал яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчимд нийцэхгүй байна.

Иймд шүүгчийн захирамжинд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 815 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Лд холбогдох хулгайн гэмт хэргийг мөрдөн шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дүгээр зүйлийн 16.2-д заасны дагуу нотолбол зохих асуудлуудыг нотлож чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ хаана хэрхэн яаж, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй, хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүн нь заавал шунахай сэдэлттэй байдаг гэтэл Лхамсүрэн нь хүний утсыг авч ашиглах шунахай сэдэлттэй байсан болох нь нотлогдоогүй, мөн зайлшгүй хийгдэх мөрдөн шалгах ажиллагаануудыг гүйцэт хийгээгүй мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдаг. Үүнд:

Ө.Л нь хохирогч Солонгоогийн гэрт очихдоо гар утастай байсныг гэрч Наранбаатар, хохирогч Солонго нар мэдүүлсэн, өөрөө ч гар утсаа авахаар маргааш өглөө нь Солонгоогийнд очсон, энэ талаараа мөрдөгч ахлах дэслэгч Б.Баттүвшинд мэдүүлж шалгуулах өргөдөл өгсөөр байхад түүний гар утас хэрхсэнийг шалган тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьж хийсэн, Ө.Лгийн гар утас “Huawei Y 8-6 prime” маркын гар утас байх бөгөөд Ө.Лгийн гар утсыг сераль ноймороор нь олох боломжтой байгаа худалдаж авсан бүх бичиг баримт нь байдаг. Уг гар утсыг олж тогтоосноороо Солонгоогийн гар утсыг хэн авсан болох нь мөн тогтоогдоно гэж үзэж байгаа. Ө.Лг явсны дараа үүд нь онгорхой байхад нь айлын хүн нь эс бөгөөс өөр этгээд орж ирээд 2 ширхэг гар утсыг аваад явсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь, Ө.Л нь 3 дугаар сарын 18-ны өдөр буюу өвлийн тэсгим хүйтэнд архи ууж согтуурсанаасаа болж өөрийн гутлаа өмсөөгүй хохирогчийн гэрийн шаахайтай гар утасгүй таксинд сууж таксины жолоочийн гар утсаар ээж охин 2 руугаа ярьж хүргүүлсэн болох нь таксины жолооч гэрч Болдбаатарын “...Тэр хүүхэн миний гар утас байхгүй байна гээд миний гар утсаар ярьсан, 20 орчим насны охин гарч ирээд ээжийгээ авсан. Машинд юм унагасан байна уу сайн шалгаарай гэж би хэлсэн” гэх мэдүүлгээр нотлогдодог.

Энэ хэргийн ганц гэрч болох Хишигдалайгийн мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадаагүй үнэн зөв болох нь эргэлзээтэй тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Лхамсүрэн надтай 2 удаа залгаж ярьсан” гэдэг /хх 33/ Мобикомын ярианы бичлэгийн хуулбар /95180220 дугаарын утаснаас 2020.03.19-ний 00-31-26 минутаас эхлэн 29-34 секунд ганц удаа ярьсан тэмдэглэл байдаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3.3-д “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн заалтанд хамаарахаар байгаа.

Прокурорт “Лхамсүрэн гар утас хулгайлсан болох нь нотлогдоогүй байна” гэхэд  Эрүүгийн шугамаар цуглуулсан нотлох баримтаар нотлогдсон гээд байдаг энэ талаар хавтас хэрэгт материал байдаггүй. 

          Хохирогч Солонгын гар утас нь хэдэн онд худалдаж авсан ямар эдэлгээтэй гар утас байсан нь нотлох баримтаар тогтоогоогүй байхад хохирогчийн хэлснээр үнэлгээг 491,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд гар утасны үнэлгээтэй яллагдагч Ө.Лг танилцуулаагүй харин хавтас хэргийн 31 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлттэй танилцаж санал хүсэлтээ гаргах хуудсанд Ө.Лгийн гарын үсгийг дуурайн зурж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлтийг холбогдох оролцогчид танилцуулна” 27.7 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт заасан “Оролцогч шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх тайлбар өгөх шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийг 2.6-д заасан нотлох баримтыг хууль бус аргаар бэхжүүлсэн байж болох асуудпыг шалгуулаагүй.

Хохирогч Солонго нь Англи улсаас 2019 онд ах явуулсан гар утас гэх боловч үнэхээр шинэ утас байсан бол хайрцаг савтайгаа ирэх байсан нь ойлгомжтой бөгөөд тухайн гар утсыг ах нь хэдэн онд авсан талаарх гэрээг Монгол Улс руу явуулах боломжтой гэж үзэж байна үүнийг үндэслэн үнэлгээг дахин гаргуулах шаардлагатай байгаа.

Хохирогч Солонго, яллагдагч Ө.Л нарын алга болсон гэх гар утсыг сераль ноймроор нь олж гэм буруутай этгээдийг зөв тогтоолгоогүй.

Хохирогч Солонго, яллагдагч Лхамсүрэн нарын хувийн байдлыг тогтоолгоогүй, өмчийн эсрэг гэмт хэргүүд шунахай сэдэлтээр үйлдэгддэг гэтэл Ө.Л нь хүний гар утсыг хулгайлан ашиглах битгий хэл өөрийнхөө гар утсыг хэрхсэнээ мэдэхгүй байгаа нь гэм буруугүйгээр хохирол учруулсан ч байж болох талтай байдаг. Хэрэв мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулж гэм буруугүйгээр хохирол учруулсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг гэж хариуцлага хүлээлгэхгүй гэсэн заалтанд хамаарахаар байна.

Эцэст нь хавтас хэрэгт гэрч Хишигдалайгийн үнэн эсэх нь эргэлзээтэй мэдүүлгээс өөр түүнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон ямарч нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байдаг. Иймд дээрх дутуу шалгасан асуудлуудыг бүрэн шалгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Ө.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгчийн захирамж нь 2 хүний мэдүүлгийг бичээд энэ мэдүүлгээрээ хэргийн нөхцөл байдлыг дүгнэсэн нь харагдаж байгаа. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг яаж нотлох, ямар байдал нь нотлогдоогүй гэдэг талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хэрэгт хийгдвэл зохих бүх ажиллагаа бүрэн хийгдсэн. Мөрдөн байцаалтаар нэмэлтээр хийгдэх ажиллагаа байхгүй нөхцөлд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах боломжтой байсан гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгчийн захирамжид заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх “...Ө.Л нь 2020 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-272а тоотод оршин суух хохирогч И.Солонгоогийн гэрт архи уун согтуурч, гэрт нь ганцаараа үлдсэн байхдаа И.Солонгоогийн нөхөр Г.Наранбаатарын “Самсунг эс-8” плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 491,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт...” зэргийг нотлох ажиллагааг Ө.Лд холбогдох хэрэгт бүрэн хийгээгүй буюу Ө.Л хохирогч И.Солонгоогийн гэрт архи уун согтуурч, гэрт нь ганцаараа үлдсэн байхдаа И.Солонгоогийн нөхөр Г.Наранбаатарын “Самсунг эс-8” плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” байдлыг нотолж чадаагүй байна.

 

Тухайлбал, хэрэгт хохирогч И.Солонго “...шөнө 01 цаг 30 минутын үед гэртээ орж иртэл Лхамсүрэн эгч гэрт байхгүй, гэрээс таавчиктай гараад өөрийнхөө гутлыг үлдээгээд явсан байсан. Тэгээд нөхөр бид хоёр Лхамсүрэн эгч рүү залгахаар утсаа тасдаад, нөхрийн дугаар руу залгахаар мөн адил тасдаж байгаад холбогдохоо больсон...” /хх 13/, гэрч Г.Наранбаатар “...Лхамсүрэнг гэрт ганцааранг үлдээгээд эхнэртэйгээ хамт дэлгүүрээс архи олж ирэхээр яваад 30-40 минут болчихоод иртэл Лхамсүрэн гутлаа үлдээгээд хаалга үүд онгорхой хаяаад гараад яваад өгсөн байсан. Тэгээд би Лхамсүрэнгийн дугаар руу залгахад, дуудаад салгаад байсан. Өөрийнхөө дугаар руу мөн залгахад салгаж байгаад Лхамсүрэнгийн гар утас болон миний гар утас хоёулаа зэрэг унтраад холбогдох боломжгүй болсон...” /хх 14/, гэрч Б.Болдбаатар “...архи үнэртүүлсэн эмэгтэй таксинд суугаад 57 дугаар сургуулийн автосбусны буудал дээр ирснээ миний гар утас байхгүй байна гэж хэлээд миний утсаар өөрийнхөө дугаар руу залгахад холбогдох боломжгүй гэж байсан юм...” /хх18/, гэрч Л.Тунгалагсайхан “...гэх дугаараас манай эмээгийн дугаар руу залгаж надтай “ээж нь такси бариад очиж байна” гэж хэлээд утсаа салгасан. Би эргүүлээд ээжийн гар утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь би над руу залгасан таксины жолоочийн дугаар руу залгаж ээжтэй ярихад ...би машинд унасан зүйл байж магадгүй гэж сайн үзэхэд ямар нэг зүйл байгаагүй. ...ээжийнхээ гар утсыг цүнхэнд нь хайхад байгаагүй...” /хх19/ гэж мэдүүлжээ. 

 

Дээрх  мэдүүлгүүдээс дүгнэхэд И.Солонгоогийн нөхөр Г.Наранбаатарын “Самсунг эс-8” плас загварын гар утсаар яриад гэрт нь үлдсэн учраас Ө.Л л уг утсыг авсан гэж таамаглах боломжгүй төдийгүй машинд нь суухад цаг хэд болж байсан эсэх /гэрч Б.Болдбаатарын дугаараас Ө.Л өөрийнхөө утас руу, охиныхоо утас руу дуудлага хийсэн гэдэг/, машинаар нь явах хугацаанд утасны дуудлага орж ирж байсан эсэх зэргийг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлобол зохих байдлыг бүрэн тогтоох нь зүйтэй байх ба “Г.Наранбаатарын утсаар яриад гэрт нь үлдсэн тул Ө.Л тус утсыг хулгайлсан” гэж таамаглан шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд шүүгдэгч Ө.Лд холбогдох хэрэгт дээрх шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцэх төдийгүй 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал мөн гэж давж заалдах шатны шүүх дүгнээд 2011007500359 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөн яллагдагч Ө.Лгийн өөрийн гар утас алга болсон гэх үйл баримтыг шалгаж тогтоох нь зүйтэй юм.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/815 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Энхбаатарын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай прокурорын эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ