Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/300

 

 

 

 

 

 

 

    

     2024            03             07                                               2024/ШЦТ/300

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч ***, өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** аймгийн *** сумын *** баг, *** гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.   

 

Хэргийн товч агуулга: *** нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зоогийн газрын өрөөнөөс ***ын цүнхтэй зөөврийн компьютер, дүрс тогтворжуулагч, флаш 2 ширхэг, хард диск зэрэг эд зүйлийг авч 1.373.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр *** аймгийн *** сумын *** багийн *** тоотоос иргэн ***ын “Хонда фит” маркийн тээврийн хэрэгсэл, “Рэдми нөүт-8” загварын гар утсыг авч 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” пабын текен доор байсан ***ийн “Айфон-11” загварын гар утсыг авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *** дүүргийн *** хороо “***” төвийн орчимд ***ын “Самсунг галакси-12” загварын гар утсыг хуурч, бодит байдлыг нуух замаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч 523.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1095а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (1-р хавтаст хэргийн 29-34, 35, 47-49, 55-56, 64-65, 93, 134-135, 139-140, 145-146, 155-157, 240, 243-244, 246, 249, 2-р хавтаст хэргийн 1-3, 49-50, 53-54, 55-57, 62-66, 67-72 дугаар хуудас)-ууд, шинээр цагдаагийн газрын албан тоот 4 ширхгийг гаргаж өгөв.

- Өмгөөлөгчөөс “***ы гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч ***ын мэдүүлэг, гэрч ***ын мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (1-р хавтаст хэргийн 142, 144, 241, 243, 2-р хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1.3.1 Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зоогийн газрын өрөөнөөс хохирогч ***ын цүнхтэй зөөврийн компьютер, дүрс тогтворжуулагч, флаш 2 ширхэг, хард диск зэрэг эд зүйлсийг авч 1.373.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр *** аймгийн *** сумын *** багийн *** тоотоос хохирогч ***ын “Хонда фит” маркийн тээврийн хэрэгсэл, “Рэдми нөүт-8” загварын гар утсыг авч, 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” пабын текь доор байсан хохирогч ***ийн “Айфон-11” загварын гар утсыг авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулан нийт 6.273.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “2021 оны 12-р сарын 05-ны өдөр манай ажлын шинэ жил *** гэх ресторанд болсон. Тухайн газар өөрийн осмог авч очоод бичлэг хийгээд зөөврийн компьютероо авч очоод зурагчнаар авхуулсан  зургаа хуулаад осмо, компьютероо цүнхэлж үлдээгээд ажлын газрынхан дуудаад байсан болохоор доош нэг давхарт очиж зураг даруулаад буцаж дээшээ гараад цүнхээ авах гэхэд алга болсон байсан. Тухайн газрын камер шүүж үзэхэд хамт ажилладаг *** авч, гадуур хувцасны дотуураа үүрч гарсан байсан. *** нь мах бэлтгэгчээр 18 хоног ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (1хх47-49),

- “***” ХХКомпани ***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаалын хуулбар (1хх31-34),

- Гэрч ***гийн “*** аймагт байдаг найз *** гэх хүнтэй танилцуулсан. Хотод буцаж ирсний дараа *** хотод ирээд хамт амьдрах болсон. 2021 оны 12-р сард *** “Цагдаа дээр байна, ирээд ав” гээд намайг дуудсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс дээр очиж батлан даалтад авч, болсон явдлыг хэлж байсан. Өргөө кино театрын орчим яг ямар ломбардад тавьсан талаараа яриагүй, 2022 оны 2-р сард архи уугаад агсам тавиад маргалдаад салсан” гэх мэдүүлэг (1хх55-56),

- “Дамно” ХХКомпанийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн СБ1-21-1720 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “зөөврийн компьютер 1 ширхэг-990.000 төгрөг, дүрс тогтворжуулагч 1 ширхэг-228.000 төгрөг, 32 гв флаш диск 2 ширхэг-26.400 төгрөг, 256 гв хард диск 1 ширхэг-102.300 төгрөг, нийт 1.373.100 төгрөг” гэсэн тайлан (1хх64-65),

- Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч И.Мөрөний 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн илтгэх хуудас (1хх35),

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***ын өгсөн “2023 оны 8-р сарын 29-ний өдөр найз ***ы гэрт өөрийн *** маркийн *** улсын дугаартай машинаар ганцаараа очсон. *** бид хоёр дэлгүүрээс 0,75 граммын архи авч хувааж уусан. Тэр үед *** ахын хүүхэд *** ирээд намайг гэрт хүргүүлэхээр нэг найзыгаа дуудаж машин бариулж явуулсан. Тэр залууг *** гэдэг бөгөөд намайг *** хороололд танихгүй айлд орхиод миний гар утас, автомашин хоёрыг аваад явсан байсан. Би тэр хүнийг огт танихгүй, харилцаа холбоо байхгүй” гэх мэдүүлэг (1хх240),

- Гэрч ***ын “...*** ахынд очиход ***той хамт архи ууж байсан. Би тэр хоёртой архи уугаад сууж байтал *** залгаад хаана юу хийж байна гэхээр нь *** ахын гэрт архи ууж байна гэхэд найз нь шартаад үхлээ гэхээр нь хүрээд ир гэж хэлсэн. *** ганцаараа хүрээд ирсэн. Бид нар хоёр шил архи уусан. Тэгсэн *** ах тасраад унасан, *** ах согтчихоод машинаа унаад гэр рүүгээ явна гэхээр нь согтуу машин унаад яах бэ машинаа энд тавиад маргааш ирээд ав гэж хэлээд түлхүүрийг нь аваад *** ахад өгсөн. Тэгээж байж байтал *** ах машиныхаа урд суудал дээр суучихсан, *** машины жолоо дээр суугаад гэнэт хөдлөөд явчихсан.  Би араас нь хашхирсан боловч сонсоогүй. Маргааш өглөө нь *** ах “Миний машин хаана байна. Би танихгүй айлд унтаж байна” гэж хэлсэн. “Та машинаа яасан юм бэ” гэсэн чинь “Чиний найз *** аваад зугтчихсан” гэсэн. Сүүлд над руу нэг удаа ярихад нь асуусан чинь архины халуунд аваад явсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1хх243-244),

- Гэрч ***ын “Тэр өдөр би гэртээ архи уугаад байж байхад *** гэх залуу ***ын хамт манайд согтуу машинаар, нэг шил архитай ирсэн. Тэр архийг нь хуваагаад сууж байхад *** гэрээс гараад явсан. Эргэж ирээгүй. Би архи ууж байгаад тасраад унасан...” гэх мэдүүлэг (1хх246),

- “Дамно” ХХКомпанийн 2023 оны 9-р сарын 19-ний өдрийн ӨЦ-23-91 дугаартай шинжээчийн “*** маркийн 2002 онд үйлдвэрлэгдсэн автомашин 3.645.000 төгрөг, Redmi note-8 маркийн гар утас 1 ширхэг-255.000 төгрөг, нийт 3.900.000 төгрөг“ гэсэн дүгнэлт (1хх249, 2хх1-3),

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн “2023 оны 11-р сарын 04-ний өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй пабад кассчин хийж байсан. Үл таних хоёр залуу орж ирээд 6 ширхэг пиво, банштай хар шөл авсан. Би ажлаа хийж байхдаа өөрийн “Айфоне-11” загварын хар өнгийн гар утсаа текь хэсэгт тавьчхаад цэнэглэгчээ хажуугийн дэлгүүрээс авах гээд гарсан хойгуур миний гар утас алга болчихсон. Гар утсаа хайгаад ажлынхаа хяналтын камерын бичлэгийг шүүж үзтэл нөгөө үл таних хоёр залуугийн нэг нь болох бор царайтай, жирвэгэр сахалтай, өргөн хамартай, өргөн шанаатай, 165-170 см орчим өндөртэй, туранхайвтар биетэй эрэгтэй текь дээрээс аваад гарч байсан. Тухайн залуу утас хулгай хийхээсээ өмнө нь надтай танилцаж, юм яриад байсан. Өөрийгөө “*** гэдэг, *** аймгийн “***” гэх компанид ковшийн оператор хийдэг, 4.800.000 төгрөгийн цалин авдаг” гэх зэрэг ярьсан. Хамт байсан залуугаас нь тодруулж асуухад “Тэр залуутай танай ажлын гадаа танилцаад түүнд хоол, пиво авч өгсөн. Түүнийг *** гэдэг” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг (2хх49-50),

- Гэрч ***ийн “*** гэх хүнтэй 2023 оны 11-р сарын 04-ний өдөр “***” пабын зүүн талд таараад миний утаснаас *** дугаар руу нэг удаа залгаад болохгүй болохоор нь “Надад архи аваад өгчих” гэхээр нь паб руу орж 6 ширхэг сэнгүр захиалаад уугаад байж байсан. Тухайн үед гар утас хулгайлаад зугтсаныг мэдээгүй, хохирогч *** “Айфоне-11” маркийн гар утас аваад зугтсан гэж хэлээд цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг (2хх53-54),

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх62-66),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх67-72),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ц-1009 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “Айфоне-11 маркийн гар утас 1 ширхэг-1.000.000 төгрөг” гэсэн тайлан (2хх55-57) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандан, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд үргэлжилсэн үйлдлээр халдан хохирогч ***, ***, *** нарт 6.273.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан тул шүүгдэгч ***ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

1.3.2. Шүүгдэгч *** нь 2022 оны 10-р сарын 24-ний өдөр *** дүүргийн *** хороо “***” төвийн орчимд ***ын “Самсунг галакси-12” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгий” гэж авч хуурч, бодит байдлыг нуух замаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван 523.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***ын “2022 оны 10-р сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд “***”-ний автобусны буудлаас гэр рүүгээ явах гээд автобус хүлээж байсан. 25-27 орчим насны үл таних эрэгтэй “Утсаараа нэг яриулаач” гээд нэг дугаар руу ярьчхаад утсыг маань өгөлгүй таксинд суухад нь би утсаа авах гээд хамт суугаад явсан. Үл таних залуу таксины жолоочид “***” гэж хэлээд ***ы урд *** байрны урд ирээд нөгөө залуу буугаад *** гэсэн дугаартай мөнгөлөг приус машины хаалга онгойлгоод юм хайгаад байсан. Тухайн машиныг “Манай эхнэрийн машин” гэж хэлсэн. Миний утсыг өгөхгүй өөр үйлдлүүд хийгээд байхаар нь би утсаа авъя гээд халаасанд нь гараа хийхэд түлхээд байрны дундуур гүйгээд явчихсан.  Ямар нэгэн хүч хэрэглэж гар утсыг аваагүй, намайг “Утсаараа нэг яриулаач” гэхэд нь л өгсөн...миний гар утас Самсунг галакси-12 загварын цэнхэр өнгөтэй, бор өнгийн гэртэй, гэрийнх нь ард 80.000 төгрөг бэлнээр байсан...” гэх мэдүүлэг (1хх132-135),

- “Мобиком” ХХКомпанийн *** дугаарын ярианы билл (1хх155-157),

- “Дамно” ХХКомпанийн 2022 оны 11-р сарын 04-ний өдрийн №ЧД1-22-1097 дугаартай шинжээчийн “Самсунг галакси-12 загварын гар утас 1 ширхэг 443.200 төгрөг”  гэсэн дүгнэлт (1хх145-146) зэрэг нотлох баримтуудаар залилах гэмт хэргийн үйлдсэн болох нь нотлогдон байна.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл” байдаг.

Шүүгдэгч *** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан хохирогч ***ыг хуурч итгэл эвдэх аргаар гар утас, бэлэн мөнгийг өөрийн мэдэлд авч буцааж өгөлгүй 523.200 төгрөгийн хохирол учруулж буй үйлдэл нь залилах гэмт хэргийг шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч *** нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч”, түүний өмгөөлөгчөөс “...хэргийн үйл баримт, зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон болохыг тэмдэглэв.

1.4 Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлжээ. 

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг дээрх эрх бүхий байгууллагын дүгнэлт, тайланг үндэслэн нийт 6.796.200 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулан хохирогч ***т 1.373.000 төгрөг, ***од 3.900.000 төгрөг, ***т 1.000.000 төгрөг, ***т 523.200 төгрөгийг олгож шийдвэрлэв.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд шүүхээс хохирогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 04 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасаар нэмж нэгтгэн хорих ялын хэмжээг 03 жил 10 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих  ангид эдлүүлэх саналтай”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, шүүгдэгч гэм буруу хүлээн зөвшөөрч оролцсон, хохирогчдын хохирлыг барагдуулахаа илэрхийлж буйг харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн оногдуулсан хорих ялаас доогуур хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар, холбогдох баримт (1хх77-91, 152-154, 191-192, 196-205, 208-219, 221-226, 2хх-90)-аас үзэхэд *** нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 03-р сарын 18-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар 10 хоногийн баривчлах ял, мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгэж, нэмж нэгтгэн 04 сар 10 хоногийн баривчлах ялаар тогтоож, 2009 оны 07-р сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 03-р сарын 15-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 01 сарын хорих ял шийтгэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 03 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 02 жил 01 сараар тогтоож, 2013 оны 05-р сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,  

- Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 04-р сарын 10-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын баривчлах ял оногдуулж, 2014 оны 05-р сарын 09-ны өдөр суллагдсан,  

- Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн/дууссан/,

-  Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03-р сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас эдлээгүй үлдсэн 251 цагийг 31 хоногийн хорих ялаар сольж, 2022 оны 09-р сарын 19-ний өдөр дуусгавар болсон байна.

Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр хулгайлах, залилах гэмт хэргийг үйлдсэн), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчдод бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, оршин суух хаягийн бүртгэлтэй боловч оршин суудаггүй, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 03 жил, 06 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт өгч хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /2хх115-117/-аар ***ыг 2023 оны 11-р сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 99 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийн “зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулах” хэсгийг хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх төдийгүй, тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал (дээр дурдсан)-д хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх зарчим/шударга ёс, гэм буруу/-д нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго(ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой)-ыг хангасан гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээсэн болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авсан” буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг гурван жил, зургаан сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ы цагдан хоригдсон ерэн ес хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***аас нийт 6.796.200 төгрөгийг гаргуулан хохирогч ***т 1.373.000 төгрөг, ***од 3.900.000 төгрөг, *** 1.000.000 төгрөг, ***т 523.200 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээх болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ***д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР