Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/01322

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр                 Дугаар 102/ШШ2021/01322                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дгийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхийн 2020.02.04-ны өдрийн 00422 дугаар шийдвэрээр гэрээний үүрэгт 94.728.311 төгрөгийг гаргуулах, барьцаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжилэн хурааж, төлбөр төлөгч надаас барьцаа хөрөнгийн үнийн саналыг авсан. Өмчлөгч болон төлбөр төлөгч нар нь барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээг гаргаж бичгээр саналыг хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу тус үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилуулж үнэлгээ хийлгэсэн байна. Барьцаа үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн нь хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл зөвхөн Үнэгүй.мн сайтаас үнийн мэдээлэл авч үнэлгээ хийсэн, шинжээч нар үнэлгээ тогтоохдоо хуучин тайзны ашигт талбайг хэмжсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 40 м.кв талбайтай гэж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Бодит байдал дээр 95 м.кв талбайтай Барьцаа эд хөрөнгө болох орон сууцыг зах зээлийн үнийн дүн 1м.кв 3.500.000 төгрөг байхад 2,703.845 төгрөгөөр шинжээч үнэлсэн, үнийн зөрүү нь 31.846.200 төгрөгөөр буруулж үнэлгээ тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн 2020.10.26-ны өдрийн 4-147/38178 дугаар мэдэгдлийг аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д зааснаар миний өмчлөлийн улсын Ү-2205009611 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 хороо, 4 хороолол, 16 байр, 104 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 108,153,800 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү.  Шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох тухай тогтоолыг гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгч баталсан байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг үндэслэл болгосон тогтоолд шинжээч гарын үсэг зураагүй, зөвхөн хуулийн этгээдэд хандсан байгаа. Хэнд хандсан нь тодорхойгүй, нэр заагаагүй, хариуцлагын хэсэг дээр сануулаагүй. Шинжээчид очоогүй байхад дүгнэлт гаргасан байна. Цэвээнроломд хүлээлгэн өгсөн. Шинжээч хууль тайлбарласан тэмдэглэлд гарын үсэг зураагүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулт болон ШШГтХ-ийн 55 дугаар зүйлд шинжээчийг томилно гэсэн. Баян-модот гээд хуулийн этгээдийг томилсон. ШШтХ-ийн 9.2-т зааснаар шинжээч томилуулах тогтоолыг шинжээчид хүлээлгэн өгсөн баримтгүй, гарын үсэг зураагүй. Тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаагүй. Үнэлгээг анхнаасаа хууль бусаар хийсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тайланд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байрыг үнэлэхдээ орлогын аргыг тайлбарласан байсан. 17,900,000 гэдгээ тайландаа тусгаагүй. 1,300,000 түрээсийн орлоготой гэж үзсэн нь хаанаас гаргаж ирсэн нь тогтоолгоогүй. Улсын бүртгэлийн хэлтсийн 40 м.кв үнэлгээ хийсэн байсан. Хуульд зааснаар үнэлэх эд хөрөнгөө нүдээр үзэх ёстой, нүдээр үзээд тогтоох боломжгүй бол захиалагч байгууллага мэдээллийг бүрэн өгөх ёстой байтал гүйцэтгээгүй. Бодит хэмжилт хийж, улсын бүртгэлийн гэрчилгээний хэмжээг тайланд тусгаагүй. Ашигтай талбайг одоо хүртэл ашиглаж байгаа. ИХ 170 дугаар зүйлд насжилтийг 39 жил гэсэн. Ямар үндэслэлээр тогтоож гаргасан нь тодорхойгүй, энэ талаар хөрөнгийн үнэлгээний тайландаа тусгаагүй. Улсы хэмжээнд гардаг НОСК-иас гардаг судалгааны баримтыг болон Монгол улсын Стандартыг тайландаа тусгаагүй. Энэхүү Стандарт хэмжил зүйн газраас гаргасан Орон сууцны дотоод стандарт нь м.кв хэмжээг тогтоож гаргадаг. Үзлэг хийх явцдаа энэ талаар тогтоогоогүй. Үүнээс үүдэн хэмжээ буруу гарсан. Эрх зүйн бүрдэл дутуу баримт бичиг үйлдсэн учраас үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасан шинжээчийн тусгай зөвшөөрлийг огт хавсаргаагүй тул шинжээч мөн эсэх нь эргэлзээтэй байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний 102/Ш2020/00422 дугаар шийдвэрээр И.Д, Д.Өлзийнэмэх нараас 94,728,311 төгрөг гаргуулж, Хаан банкинд олгохоор шийдвэрлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020.05.27-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч нарт сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн ч төлбөр төлөөгүй, түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 8 хороо, 4 хороолол, Ард-аюуш гудамж, 43 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, үнийн санал авахад төлбөр төлөгч 108,153,800 сая төгрөгөөр үнэлж, төлбөр авагчид танилцуулахад үнийн саналыг зөвшөөрөөгүй харилцан тохиролцоогүй тул ИХ-н 177.1-д заасны дагуу 2020.10.27-ны өдөр шинжээч томилон, 108,153,800 төгрөгөөр үнэлснийг талуудад мэдэгдсэн. Талууд үнэлгээнд харилцан тохиролцсон тул шинжээч томилон Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний шүүх хурал давхардсан тул намайг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

И.Д нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Баян модот” ХХК-ийн 2020.10.21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020.10.28-ны өдөр гаргаж, тус шүүхээс 2021.01.21-ний нэхэмжлэлийг буцааснаар дахин 2021.02.05-ны өдөр гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Тус шүүхийн 2020.02.04-ний өдрийн 102/ШШ2020/00422 дугаар шүүгчийн захирамжаар И.Д, Д.Өлзийнэмэх нар нь 94,728,311 төгрөгийг хуваарийн дагуу “Хаан банк” ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд тэдгээрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар эвлэрчээ.

 

Дээрх захирамжийг үндэслэн 2020.05.04-ний өдрийн 529 дүгээр гүйцэтгэх хуудсаар хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, Баянгол дүүрэг, дүүргийн 8 хороо, 4 хороолол, Ард-аюуш гудамж, 43 тоот, 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилж, дээрх хөрөнгийг 108,153,800 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч эс зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн нь хөрөнгийг үнэгүйдүүлсэн, харьцуулалт хийгээгүй, шинжээч тусгай зөвшөөрөлгүй, хууль сануулсан тэмдэглэл үйлдээгүй, бодит байдлыг үзэж хэмжилт хийгээгүй, гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээгээр зөвхөн сайтын үнийн дунджаар үнэлсэн гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь үнийн санал авахад төлбөр төлөгч 108,153,800 төгрөгөөр үнэлж, төлбөр авагчид танилцуулахад үнийн саналыг зөвшөөрөөгүй тул ИХ-н шинжээч томилон, 108,153,800 төгрөгөөр үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч шаардлагаа нотлохоор “Сэлэнгэ эстимэйт хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд 2021.05.11-ний өдрийн үнэлгээний тайлангаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 116,796,400 төгрөгөөр үнэлжээ.

     

Хариуцагч нь шинжээчээр “Баян модот” ХХК-ийг томилсон боловч хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэйг нотлосон баримтгүй, харин үнэлгээчин С.Цэвээнроломд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл байгаа боловч хариуцагч түүнийг томилоогүй, дээрх хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур буюу 108,153,800 төгрөгөөр үнэлсэн нь төлбөр төлөгчийн гаргасан үнэлгээнээс зөрүүгүй байх тул бодитоор үнэлсэн гэж үзэхээргүй байна.

 

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчид тогтоол танилцуулаагүйгээс гадна хэнд үүрэг болгож, хууль сануулаад байгаа нь тодорхойгүй, шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл болон шинжээч оролцож болохгүй талаархи мэдээллийн тэмдэглэлд тус тус гарын үсэг зурж баримтжуулаагүй байна.

 

Дээрх байдлаас дүгнэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009611 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 хороо, 4 хороолол, 16 байр, 104 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн “Баян модот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

     

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр авагчийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргаагүй, хариуцагчийн төлөөлөгч нь хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Баянгол дүүрэг, 8 хороо, 4 хороолол, 16 байр, 104 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 108,153,800 төгрөгөөр үнэлсэн “Баян модот” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ