| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/00803/И |
| Дугаар | 102/ШШ2021/01398 |
| Огноо | 2021-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2021/01398
2021 оны 05 сарын 31 өдөр Дугаар 102/ШШ2021/01398 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,226,170 /дөрвөн сая хоёр зуун хорин зургаан мянга нэг зуун дал/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2019.03.25-ны өдөр Б.Гт дансаар нь шилжүүлж 3,0 сая төгрөг олгосон. Гэтэл тус шилжүүлсэн мөнгийг эргүүлэн төлөхгүй байна. Тухайн үед би банкнаас зээл авч бизнесээ эрхэлж байсан бөгөөд тус мөнгөний эх үүсвэрээс Гт шилжүүлэн өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн мөнгийг буцаан төлөөгүйгээс энэ хугацаанд би тасралтгүй банкинд зээлтэй хэвээр байсан бөгөөд тус 3,0 сая төгрөгт ногдох 1,226,170 төгрөгийн зээлийн хүүг би өнөөдрийг хүртэл төлж байна. Иймд зээлийн хүү 1,226,170 төгрөгийн хамт нийт 4,226,170 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.С нь Б.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,226,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ хүсэлтээр нь зээл өгсөн, зээлийг хугацаандаа төлөөгүйгээс банкинд хүү төлсөн гэж тайлбарлав.
Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр 1 сарын хугацаагаар зээл өгөхөөр аман хэлцлээр тохиролцон 2019.03.25-ны өдөр Б.Гийн Хаан банк дахь 5034824092 дугаар дансаар 3,000,000 төгрөгийг шилжүүлжээ.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
Хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн авснаар зээлийг өгсөн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээ хүчин төгөлдөр болж, талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэгч мөнгийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, харин хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул Б.С нь Б.Гоос зээлийг буцаан шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан ба хариуцагч нь хэлцлээр хүлээсэн 3,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь банкинд 1,226,170 төгрөгийн хүү төлж хохирсон байх тул хариуцагч хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Гоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд /3,000,000+1,226,170/ нийт 4,226,170 төгрөгийг гаргуулан Б.Сд олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн /63,000+19,700/ нийт 82,700 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 82,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 2219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,226,170 /дөрвөн сая хоёр зуун хорин зургаан мянга нэг зуун дал/ төгрөг гаргуулан, С олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 82,700 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 82,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ