Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

2024 оны 04 сарын 30-ны өдөр             2024/ШЦТ/51                                  Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Г.Тунгалаг

Хохирогч А.*******

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ад холбогдох эрүүгийн 2432000280014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Био анагаах судлаач мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг хуучин ******* ******* ******* оршин суух хаягтай, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт иргэн А.*******ийн өмчлөлийн “22-64” СЭН улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа жалганд унагаж, улмаар осол гарган иргэн А.д уг тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод засварлан хохирлыг барагдуулна хэмээн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 6,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.******* мэдүүлэхдээ: ... Би тухайн үед юу болсныг хараагүй. Дүү маань 14 хоног болоод ирдэггүй. Хүмүүсээс сураг сонссон чинь машинаа голд унагаасан гэж сонссон. Тэгээд яасан бэ гэсэн чинь энэ залуу залгасан чинь нэг ч удаа утсаа аваагүй. Тэгээд аргаа бараад ээж дээр нь очоод уулзсан чинь ээж нь манай ээжийг загнаад явуулсан. 09 дүгээр сард цагдаад өгөөд байж байгаад уулзсан чинь машиныг чинь зарсан гэж хэлсэн. Би маш их гомдолтой байна. Би 2 хүүхдээ хичээлд нь зөөдөг. Тэгээд цагдаа дээр энэ залууг ирэхэд их баярласан. Тэгээд хээв нэг зарсан гэж байж байсан. Үнэлгээгээр тогтоогдсон 6,500,000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Эрүүгийн 2432000280014 тоот хавтаст хэргээс:

 

Хохирогч А.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр миний төрсөн өдөр дүү Т. миний эзэмшлийн “тоёота приус-11” маркийн 22-64 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад гараад явсан. Манайх дүүгийнхтэйгээ нэг ******* хамт амьдардаг юм. Тухайн тээврийн хэрэгслийг манай дүү Т. бид хоёр дундаа хэрэглэдэг. Тэгсэн тэр өдөр Бат-Эрдэнийг “Ноёд”-д байдаг нэг айлд очоод унтаж байхад нь зүс таних Б.******* гэдэг залуу машиных нь түлхүүрийг нь аваад машиныг нь унаж явж байгаад “Өлөнт”-ийн гол руу ороод миний машиныг эвдчихсэн байсан гэсэн. Тэгсэн тэр өдөр тэр орчмоор явж байсан хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл тухайн үед замын цагдаа М. ирсэн гэсэн. Тэгээд М. цагдаа тухайн үед манай дүү Т., Б.******* хоёртой уулзахад Б.******* 7 хоногийн хугацаанд манай машиныг ямар ч асуудалгүй засаж янзалж өгнө гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь манай дүү Т. зөвшөөрөөд М. цагдаад гомдол саналгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд тэр өдрийн маргааш нь Б.******* манай машиныг засуулахаар Улаанбаатар хот руу аваад явсан гэсэн. Тэгтэл одоо болтол Б.******* нь сураггүй, утас нь холбогдохгүй болчхоод байгаа юм. Би дээрх асуудлын талаар төрсөн дүү Т.эс бүх зүйлийг нь сонссон. 2021 оны 03 дугаар сард Улаанбаатар хотоос 7,500,000  төгрөгөөр худалдан авч байсан. Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг эвдэрснээс нь хойш хараагүй. Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг засуулж, янзлуулж эргүүлж авмаар байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-р тал/

Гэрч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2023 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 08 цагт ажилдаа яваад орой 16 цаг өнгөрөөд ажлаа тараад өөрийн найз Алтанцэцэгийнд очсон. Тэгээд тэдний гэрт ороод машиныхаа түлхүүрийг ширээн дээр нь тавиад унтаж байгаад орой 18 цаг өнгөрөөгөөд сэрсэн чинь миний машиныг зүс таних ******* /Манбуул хочит/ аваад явчихсан байсан. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад ******* над руу утсаар яриад би машиныг чинь баруун-Өлөнтийн ард жалганд унагаачихлаа гэж ярьсан. Тэгээд би очсон чинь цагдаа ирчихсэн байсан. Тэгсэн чинь ******* нэлээн согтуу ганцаараа байж байсан. Тэгээд ******* надад тухайн үед найзаа цагдаа сэргийлэх гээд яах вэ найз нь машиныг чинь 7 хоногийн дотор янзлаад өгье гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед зөвшөөрөөд *******ыг 7 хоногийн дотор миний машиныг янзлуулаад өгчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгсэн тэрнээс хойш ******* миний машиныг 2023 оны 08 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад машин дээр ачаад Улаанбаатар хот руу аваачиж засуулж өгнө гэж хэлээд одоог хүртэл сураггүй алга болчхоод байгаа юм. Тэрнээс хойш намайг залгахаар 2-3 хоног утсаа аваад яриад байснаа одоо утсаа ч авахгүй, алга болчхоод байгаа юм. Эхнэр Номиноос нь асуухаар гэртээ байхгүй, гэртээ ирээгүй олон хонож байна мэдэхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 47-48-р тал/

Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2023 оны 08 дугаар сарын 13-ны орой 19 цагаас 01 цагийн хооронд замын цагдаагийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн 2023 оны 08 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд Цагдаагийн хэлтсийн жижүүрээс “Өлөнтийн аманд нэг машин жалганд орчихсон байна гэсэн дуудлага мэдээллийг хүлээж аваад очиж шалгахад тоёота приус-11 маркийн 22-64 СЭН улсын дугаартай саарал өнгийн автомашин өлөнтийн аманд жалганд баруун талаараа хажуулдсан байдалтай, харин тухайн автомашины хажууд гадаа 4 хүн пиво уугаад сууж байсан.Тэгээд намайг очоод юу болсон талаар асууж тодруулахад, тухайн автомашины эзэн гэх нь “манай найз миний машиныг барьж явж байгаад жалга руу ингээд оруулчихсан байна, надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед манай найз ******* миний машиныг барихдаа эрүүл явж байсан. Тэгээд дараа нь бид нар энд ингээд пиво уугаад сууж байна” гэсэн. Машинаа “чирүүлэх, ачуулах машин дуудчихсан байгаа, бид нар дуудлага мэдээлэл өгөөгүй, энэ зам зуур явсан хүмүүс дуудлага мэдээлэл өгсөн байх” гэсэн. Тэгээд би тухайн үед нь бэртэж гэмтсэн хүн байна уу” гэж асуухад надад “ямар нэгэн бэртэж гэмтсэн хүн байхгүй”, машины эзэн гэх залуу “манай найз” ******* тухайн машиныг барьж яваад жалга руу орчихсон байна, надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр өөрсдөө учраа олчихно” гэж хэлэхээр нь тухайн үед зөвлөгөө өгөөд үлдээсэн. Тийм л зүйл болсон. ... Намайг анх тэр газар дуудлагад очиход 2 эрэгтэй, 2 эмэгтэй дөрвөн хүн нь дөнгөж пиво уугаад сууж байсан. Тэгээд намайг тухайн үед автомашиныг хэн жолоодсон талаар тодруулахад гэх залуу “миний найз машин барьж явсан” гээд нөгөө залуу руугаа заасан. Тухайн залуугаас би “чи машин барихдаа архи, согтууруулах ундааны ямар нэгэн зүйл хэрэглэсэн байсан уу” гэж асуухад “би машиныг барихдаа эрүүл саруул байсан, дөнгөж саяхан энэ машиныг чирэх машин дуудчихаад, тэр машинаа хүлээх зуураа найзуудтайгаа нэг пиво уугаад сууж байна” гэж хариулж байсан. ... Тухайн автомашиныг жолоодож явсан залуу нь “би машин барьж явахдаа эрүүл саруул явж байсан, хүн бэртэж гэмтээгүй”, тухайн автомашины эзэн гэгч нь “надад ямар нэгэн санал гомдол байхгүй”, бид хоёр найз нөхдүүд өөрсдөө учраа олчихъё” гэхээр нь мэдээлэлд оруулаагүй юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 50-р тал/

Гэрч Б.Номин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Одоо хаана  байгааг нь мэдэхгүй байна. Намайг 2023 оны 09 дүгээр сарын 25-нд ажилтай байхад ирж уулзсан. Тэр үед нь би А.Бат-Эрдэнийн машины талаар уулзаж хэлж ярьсан. Тэгэхэд юу ч дуугарахгүй чимээгүй суугаад байсан. Тэгээд намайг янз бүрийн юм асуухаар чи ямар их юм үглэдэг юм гээд надад уурлаад байсан. Надад гэмтлийн эмнэлгийн тэнд байдаг нэг засварын газарт өгчихсөн байгаа гэж хэлсэн. 2023 оны 08 дугаар сард Б.******* над руу Зүүнхараад байхдаа видео колл хийж ярьсан тэгэхэд Б.*******, Б.*******ын найз А., Жаргал, бас нэг танихгүй залуу нь А.Бат-Эрдэнийн ажлын газрын залуу гэсэн. Тэр дөрөв над руу яриад бид нар хөдөө Өлөнтийн ам руу гарлаа, мах шарж идчихээд ирье, утас холбогдохгүй шүү битгий залгаад байгаарай гэж ярьсан. Тэгсний дараа нь манай нөхөр Б.*******, А.Бат-Эрдэнийн машиныг унагаасан талаар надад 2023 оны 08 дугаар сарын 20-доор хэлсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-54-р тал/

Гэрч Ч.Баянтөгс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Б.******* гэх залуу 2023 оны 08 дугаар сарын үед гар утсаар холбогдож тээврийн хэрэгслийн мотор солиулах гэсэн юм гэж хэлээд “22-64” СЭН улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг ачиж авч ирсэн. Би тухайн тээврийн хэрэгслийн мотор сольж, баруун талын 2 хаалга, ком батери сольж тухайн тээврийн хэрэгслийг асаагаад Б.*******тай уулзахад ажил хийсэн зардлаа төлнө гэж хэлээд 7 хоног ирээгүй. Утсаар ярихад удахгүй очно гэж хэлээд дахиад хэд хоног ирэхгүй явж байгаад ирж уулзаад надаас 1,500,000 төгрөг авч тухайн машиныг өгсөн. Тухай үед ямар нэгэн гэрээ хийгээгүй юм. Би тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 08 дугаар сарын сүүлээр би бүх эд ангийг нь задалж зар тавьсны дагуу хүмүүст зарсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь ашиглах боломжгүй болсон байсан. Тухайн үед манай эгчийн тээврийн хэрэгсэл байгаа юм гэж хэлээд надад зарсан. Би засварын хөлс 2 сая нэхэхэд тухайн тээврийн хэрэгслийг 1,500,000 мянга төгрөг өгөөд авчих гээд байхаар нь би Б.*******аас авсан. Одоо үлдсэн зүйл байхгүй кузовыг би төмөрт өгөөд явуулсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 56-58-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК-ний шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 1/26 дугаартай дүгнэлт: ...

 

1. Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгсэл, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсад импортоор орж ирсэн мөнгөлөг өнгийн 6,500,000 төгрөг гэсэн дүгнэлт /ХХ-ийн 62-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 84 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байна.

Нэг. Шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт иргэн А.*******ийн өмчлөлийн “22-64” СЭН улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа жалганд унагаж, улмаар осол гарган иргэн А.д уг тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод засварлан хохирлыг барагдуулна хэмээн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  зарж борлуулан мөнгийг ашиглан завшиж 6,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 41-р тал/, Гэрч А.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 47-48-р тал/, Гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 50-р тал/, Гэрч Б.Номины мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 52-54-р тал/, Гэрч Ч.Баянтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 56-58-р тал/, Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК-ний шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 1/26 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 62-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   хэргийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч Б.*******аас “Арвижих Эстимейт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/26 дугаартай “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 6,500,000 төгрөгийг гаргуулж Хохирогч А.*******т олгох нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгч Б.*******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт иргэн А.*******ийн өмчлөлийн “22-64” СЭН улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа жалганд унагаж, улмаар осол гарган иргэн А.д уг тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод засварлан хохирлыг барагдуулна хэмээн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 6,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завших  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.*******аас машины үнэ 6,500,000 төгрөгийг  гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн №187 тоотод оршин суух, /МЗ89051765, Утас:99654707/ ******* овогт Амаржаргалын *******т олгосугай.

5. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.