| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/03753/и |
| Дугаар | 181/ШШ2021/01089 |
| Огноо | 2021-06-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2021/01089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц.Б-т холбогдох
Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Ц.Б т холбогдуулж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль эзэмшигчийг өөрийн эзэмшлийн хашаа байшингаас албадан гаргахыг даалгах, тухайн газар эзэмших эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлүүлэх үйлдэл хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар хариуцагчийн эзэмшиж байгаа Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Цээнийн 1 дүгээр гудамж, 130 тоот байрлах 161.11 м.кв, улсын бүртгэлийн Ү-2203030386, мөн хаягт байрлах 0067549 гэрчилгээний дугаартай 700 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхийн газрыг шилжүүлэхийг шийдвэрлэсэн байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20/01 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож дээрх хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс өмчлөгчийн хувьд тухайн эд хөрөнгийг зарж борлуулан хариуцагчаас авах мөнгөн дүн олж санхүүгийн нөхцөл байдлаа тогвортой байлгах гэтэл өнөөг хүртэл тус газар хууль бус эзэмшигчээр байхаас гадна эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг шилжүүлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Тухайн эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг 2020 оны 04 дүгээр сард мэдэгдэл хүргүүлж байсан.
Тиймээс Иргэний хуулийн 106.1-д заасны дагуу хариуцагч Ц.Б ын эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлж, үйл хийлгэхийг даалгах, нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд 0067549 гэрчилгээний дугаартай 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай эзэмших эрхийн газрыг шилжүүлэн авахаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын хэлтэст хандсан боловч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан бичиг баримтын шаардлага хангуулж бичиг баримтыг ирүүлэхийг шаардсаны дагуу татгалзасан байдаг. Тухайн бичиг баримтын бүрдүүлбэртэй холбоотойгоор Ц.Б т хандсан боловч гаргаж өгөөгүй тул тус бичиг баримтуудыг гаргуулах болон шилжүүлэн өгөх үйлдэл хийэхийг даалгах шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байшингийн хувьд бид эвлэрч гэрээ хийсэн хугацааны хувьд асуудал байна. Газар дээр анхнаасаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнэлгээ хийлгэж ороогүй. Тухайн газар нь өмчлөх биш эзэмших эрхтэй газар учраас шилжүүлж өгч болохгүй байгаа. Ямар ч байсан хугацаа бидэнд олговол төлнө. Буцаагаад тухайн хөрөнгө авна гэж бодож байгаа. Хаягийн хувьд Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Цээнийн 1 дүгээр гудамж ,130 тоот гээд байх юм. Уг нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цолмонгийн 11-9 тоот гэж явдаг” гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б т холбогдуулан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгоход бид байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1441 дүгээр захирамжаар хариуцагч Ц.Б аас 51,297,500 төгрөг гаргуулах, захирамжид заасан хугацаанд мөнгө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн 1 дүгээр гудамж, 130 тоотод байрлах 161,11 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203030386 дугаартай хувийн сууц болон мөн хаягт байрлах 0067549 гэрчилгээний дугаартай Ц.Б ын эзэмшлийн 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрыг шилжүүлэхээр тохиролцож шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг Р ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Улмаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн 1 дүгээр гудамж, 130 тоотод байрлах 161,11 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203030386 дугаартай хувийн сууцыг манай нэр дуур шилжүүлсэн боловч газрын шилжүүлж өгөөгүй тул газрыг шилжүүлэхийг даалгах, мөн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн 1 дүгээр гудамж, 130 тоотод байрлах 161,11 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203030386 дугаартай хувийн сууц болон мөн хаягт байрлах 0067549 гэрчилгээний дугаартай Ц.Б ын эзэмшлийн 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрыг Р ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо 2022 оны 1 дүгээр сар хүртэл 51,297,500 төгрөгийг төлөх хуваарь тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Уг хугацаа дуусгавар болоогүй байна. Хэрэв уг хугацаа дуусгавар болсон тохиолдолд бид маргах зүйлгүй. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан мөнгийг төлөх хугацааг тасалдуусан нь үнэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заажээ.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн 1 дүгээр гудамж, 130 тоотод байрлах 161,11 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203030386 дугаартай хувийн сууцны өмчлөгч нь Р ББСБ ХХК болох нь баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч буюу өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч уг хөрөнгийн эзэмшил нь хууль бус байхыг шаарддаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2022 оны 01 дүгээр сарыг дуустал Ц.Б ын эзэмшилж байхаар бид тохиолцсон”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хариуцагч мөнгөө хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан. Уг нь 2022 оны 1 сарыг хүртэл Ц.Б ыг амьдруулахаар тохиролцсон” гэж тайлбарласан ба энэхүү тайлбараас үзэхэд 2022 оны 1 дүгээр сарыг хүртэл Ц.Б ыг амьдруулахаар тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Уг үйл баримтад талууд маргаагүй.
Иймд, Ц.Б ын эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжтой тул хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн 1 дүгээр гудамж, 130 тоотод байрлах 161,11 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203030386 дугаартай хувийн сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн 1 дүгээр гудамж, 130 тоотод байрлах 161,11 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203030386 дугаартай хувийн сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 01 дүгээр сараас хойш гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 1 дүгээр гудамж, 130 тоотод байрлах газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүсэн.
Нэхэмжлэгч нь “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1441 дүгээр захирамжид заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн 1 дүгээр гудамж, 130 тоотод байрлах газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсон боловч одоог хүртэл шилжүүлэхгүй байгаа. Хариуцагчаас газрын гэрчилгээг эх хувиар нь авахгүй бол эзэмшил шилжих боломжгүй байгаа тул уг баримтыг хариуцагчаас гаргуулан газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү” гэж, хариуцагч нь “...газар эзэмших эрхийн гэрчилгээг хаяж гээгдүүлсэн тул өгөх боломжгүй” гэж тус тус тайлбарласан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/108 тоот албан бичигт “...Төлбөр төлөгч Ц.Б ын эзэмшлийн 0067549 тоот гэрчилгээний дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн 1 дүгээр гудамж, 130 тоотод байрлах 700 м.кв талбайтай газрыг төлбөрт шилжүүлэн тооцон авах хүсэлт ирүүлсэн тул 2017 оны 3/16075 дугаар албан бичгээр нь түдгэлзүүлсэн захиран зарцуулах эрхийг сэргээж, Р ББСБ-ын эзэмшилд шийлжүүлэхийг мэдэгдье” гэж дурджээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д “Төлбөр авагчид зохих хөрөнгийг шилжүүлсэн тухай баримт бичгийг гардуулж, гүйцэтгэх баримт бичгийг хаана.” гэж заажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1441 дүгээр захирамжийн дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож өгөхөөр тохиролцож, гүйцэтгэх баримт бичгийг хаасан тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг бодитоор нэхэмжлэгчийн эзэмшилж шилжүүлснээр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзнэ.
Гэтэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр бүрэн гүйцэтгэгдээгүй байхад гүйцэтгэх баримт бичгийг хааж байгаа нь хуулийн дээрхи зохицуулалтад нийцэхгүй төдийгүй уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй гэж үзэхээр байна.
Шүүх нэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болоогүй байхад дахин шийдвэрлэх боломжгүй тул Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн 1 дүгээр гудамж, 130 тоотод байрлах газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 9 дүгээр зүйлийн 9.4.2-д зааснаар хариуцагч Ц.Б т холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Р ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР