Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/35

 

2024 оны 04 сарын 03-ны өдөр                  2024/ШЦТ/35                              Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                     Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                   Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                            Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.*******д холбогдох 2432000000024 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1953 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ************** 17 дугаар гудамжны №******* тоотод оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ Цэцэнсартуул овогт *******гийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Ч.******* нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг “Баавгайт” гэх газар төв асфальтан зам дээр “Toyota Prius-30” маркийн “*******-*******” УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явсан Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг “Баавгайт” гэх газар төв асфальтан зам дээр “Toyota Prius-30” маркийн “*******-*******” УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явсан Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-11-р тал/, Хохирогч Б.*******гийн мэдүүлэг: ... Би хүргэн ах *******, төрсөн эгч Батсүрэн, төрсөн эгч Должин, хүргэн ах Батбаяр нарын хамт Улаанбаатар хотоос 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн орчимд хүргэн ах Ч.*******ийн машинтай гараад Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршин суудаг төрсөн эгч Цогзолын гэрт ирж золгох санаатай явж байсан юм. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал сум руу орох нэлээд дөхчихсөн байсан ба хүргэн ах Ч.******* өөрийнхөө машиныг өөрөө жолоодоод явж байсан. Би тухайн машины жолоочийн ард талын суудал дээр суучихсан унтчихсан явж байтал гэнэт машин оволзох шиг болсон. Тэгээд сэрэхэд машин төв замаас гараад замын хажуу тал руу цасан дээр онхолдоод, дөрвөн дугуйн дээрээ өөрөө зогсчихсон байсан. Тэгээд бид нар машинаас буутал миний толгой өвдөөд, зүүн мөр орчимд хөндүүрлэж өвдөөд байсан. Тэгээд бид нар цагдаа дуудаад, би хоёр эгчийн хамт эмнэлэг дээр ирээд үзүүлтэл эмч миний зүүн талын эгэмний яс хугарсан байна. Толгойд чинь цус хурсан байсныг соруулаад авчихлаа гэж хэлсэн. Надаас өөр бэртэж гэмтсэн хүн байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/, Гэрч Д.Должингийн мэдүүлэг: ... Тэгээд Зүүнхараа руу салдаг замаар салаад нэлээн явж байтал машины хойд талын дугуй гэнэт шарваад нэлээн эргэх шиг болсон. Тэгсэн машин маш хурдтай замын хажуу тийшээ эргэсэн. Тухайн үед машин 3-4 орчим замын хажуу руу цасан дээр эргээд дөрвөн дугуйн дээрээ буусан. Тэгээд бид нар сандраад чи зүгээр үү, чи зүгээр үү гээд бие биеэсээ асуугаад машинаас бууцгаасан. Тэгсэн Б.*******гаас бусад нь зүгээр байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-р тал/, Гэрч Л.Батсүрэнгийн мэдүүлэг: ...  Би 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг өнгөрч байхад өөрийн нөхөр *******, төрсөн дүү *******, төрсөн эгч Должин, хүргэн ах Батбаяр нарын хамт Улаанбаатар хотоос нөхөр *******ийн машинтай гараад Зүүнхараад ирж төрсөн эгч Цогзолтой золгох санаатай ирж явсан юм. Тэгээд Зүүнхараа руу салдаг замаар нэлээн явж байтал би машины цонхоор хараад байгаль хараад нөгөө хэдтэй юм яриад, нөхрийнхөө хажууд машины урд талын суудал дээр сууж явж байтал гэнэт машин замын хажуу руу ороод цасан дээр хэд хэд эргэлдээд дөрвөн дугуйн дээрээ буусан. Тэгээд бид нар сандралдаад машинаас буугаад бие биеэсээ зүгээр үү гэж асуусан. Тэгсэн *******гаас бусад нь зүгээр байсан. ******* харин толгой, цээж нь өвдөөд байна гэхээр нь би дүү *******г, эгч Должингийн хамт авч яваад эмнэлэгт үзүүлсэн. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р тал/, Гэрч Б.Батбаярын мэдүүлэг: ... Би 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг өнгөрч байхад өөрийн баз хүргэн *******, эхнэрийн төрсөн дүү *******, Батсүрэн, эхнэр Должин нарын хамт Улаанбаатар хотоос баз хүргэн *******ийн машинтай гараад Зүүнхараад ирж хадам эгч Цогзолтой золгох санаатай ирж явсан юм. Тэгээд Зүүнхараа руу салдаг замаар явж байтал би машины зүүн хойд талын суудал дээр суугаад явж байтал гэнэт машин замын хажуу руу ороод цасан дээр хэд хэд эргэлдээд дөрвөн дугуйн дээрээ буусан. Тэгээд бид нар сандралдаад машинаас буугаад бие биеэсээ зүгээр үү гэж асуусан. Тэгсэн *******гаас бусад нь зүгээр байсан. *******гийн толгой, цээж нь өвдөөд байна гэхээр нь манай эхнэр Должин, хадам дүү Батсүрэн нар *******г авч яваад эмнэлэгт үзүүлсэн. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-р тал/, Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаартай дүгнэлтэд: ... 1. Б.*******гийн  биед зүүн эгэмний хугарал, баруун шанаа хэсгийн хуйхны дор, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, эрүүний баруун талд, хүзүүний баруун талд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 28-29-р тал/, “Саруул-Өртөө” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай “Toyota prius маркийн автомашин *******-******* УНМ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн жолооч Чойндоо овогтой ******* /РД:*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 заалтыг зөрчсөн. 2. 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 3. Зам тээврийн осол хэрэг нь жолооч ******* овогтой ******* /РД:*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 заалтыг зөрчсөний улмаас үүссэн байна гэх дүгнэлт /ХХ-ийн 36-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь: Шүүгдэгч Ч.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэмд заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчин авто осол гарч  уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан   /хадам дүү/ Б.*******гийн  биед зүүн эгэмний хугарал, баруун шанаа хэсгийн хуйхны дор, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, эрүүний баруун талд, хүзүүний баруун талд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн гэмтэл учирсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч Ч.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.******* учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн  тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.*******д Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захигааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Цэцэнсартуул овогт *******гийн *******ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,  2700 /хоёр сая долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 2700 /хоёр сая долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч  Ч.*******ийн   №81667 дугаартай жолооны үнэмлэхийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих эрх бүхий  байгууллагад хүргүүлэхийг  шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч  давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл  бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.