| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/03943/и |
| Дугаар | 181/ШШ2021/01180 |
| Огноо | 2021-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2021/01180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.З-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,248,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр миний бие иргэн Б.З тай тохиролцож 8,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай аман хэлцэлээр зээлдүүлсэн. Б.З 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 400,000 төгрөг нийт 800,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш утсаа авахгүй алга болж нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Уг мөнгийг зээлэхдээ Төрийн банкаас миний бие сарын 1.6 хувийн хүүтэй зээлж авч өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 16 сар болсон. Энэ хугацааны хүү нь 2,048,000 төгрөг болсон.
Иймд хариуцагч Б.З гаас нийт 9,248,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч нь хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.З д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,248,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Б.З д 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Зоко” гэх гүйлгээний утгатайгаар 3 удаагийн гүйлгээгээр нийт 8,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь “Б.З д 8,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 800,000 төгрөг буцааж өгсөн. Уг зээлийг өгөх зорилгоор Төрийн банк ХХК-аас хадгаламж барьцаалсан сарын 1,6 хувийн хүүтэй зээл авсан тул хохирол 2,048,000 төгрөг шаардаж байгаа. Үүнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 800,000 төгрөгийг хасаж тооцоход 1,248,000 төгрөгийг хохирол гэж шаардаж байгаа” гэж тайлбарласан.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Төрийн банк ХХК-аас хадгаламж барьцаалсан зээл авч хариуцагч Б.З д шилжүүлсэн гэх боловч 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өмнө зээл авсан байдал баримтаар тогтоогдохгүй, мөн хавтаст хэрэгт удаа дараа хадгаламж барьцаалсан зээл авч байсан нь Б.З д зээл олгох зорилгоор авсан гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар гэрээний улмаас хохирол учирсан гэж үзэхгүй.
Иймд, хариуцагч Б.З гийн төлсөн 800,000 төгрөгийг үндсэн зээлийг төлсөн гэж үзэж, хариуцагч Б.З гаас 7,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,048,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б.З д шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гардуулж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагчид 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Б.З гийн 9917-9071 дугаарын утсаар 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэхэд “За ойлголоо” гэсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Б.З гаас 7,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,048,000 төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,918 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР