Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2021/01236

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хаалттай хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.Д - ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  А.Т -д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болсныг 2000 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталгаажуулжээ. Ингээд 3 хүүхэд төрснөөс 2 хүүхэд нь насанд хүрч, тусдаа гараад, 2006 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Т.М 15 настай, эцэг эхийн асрамжинд амьдарч байна.

Гэрлэгчид нь сүүлийн жилүүдэд гэр бүлийн харилцан хүндлэл, итгэлцэл байхгүй , дулаан халуун харилцаа байхгүй болж олон хоногоор дуугарахгүй тал тал тийшээ харсан, өрөө өрөөндөө суусан байдалтай, тааралдахгүйгүээр олон хонох жишээтэй байсаар сүүлийн 3 жилд тусдаа амьдарч байна.

Хариуцагчийн хувьд сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундаа их хэрэглэх, донд автах, гэр бүл үр хүүхэддээ халамж анхаарал муу тавих болсноос хамаарч энэ байдал үүссэн.

Нэхэмжлэгч нөхрийнхөө энэ байдлыг засах гэж, эмчлүүлэх гэж нилээд оролдсон боловч талаар болж, хариуцагч засрахгүй байгаа төдийгүй, сүүлийн үед бүдүүлэг догшин авирлах ч энүүхэнд, уур уцаар ихтэй зүй бус харьцаатай болсон тул нэхэмжлэгч өсвөр насны охины хамт эрсдэлтэй байдалд аж төрөх, байнгын айдас түгшүүртэй амьдрахыг тэвчих аргагүй болж тусдаа амьдарсан ба гэр бүлээ цуцлуулахаар гэрлэгчид тохиролцсон болно.

Дундын өмчлөлийн хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн асрамжийг эх нь хариуцах ба эцгээс тэтгэмж нэхэмжлэх шаардлагагүй талаар мөн тохиролцсон.

Иймд М.Д , А.Т  нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -Тус шүүхэд миний эхнэр М.Д нь намайг хариуцагчаар татан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасныг авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Гэр бүл цуцлуулахыг зөвшөөрч байна. Хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдүүд том болсон, тусдаа амьдарч байгаа” гэв.

 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Д  нь хариуцагч А.Т д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Д , хариуцагч А.Т  нар нь 1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болсноо 2000 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 2001 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү Т.Т,  2006 оны 08 дугаар сарын 09-ний өдөр охин Т.М нар төрсөн, 1995 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү Т.А-ыг 2000 онд үрчилж авсан болох нь зохигчдын тайлбар, 402 тоот гэрлэлтийн гэрчилгээ, охин Т.Мын төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.Д , хариуцагч А.Т  нар нь 2018 оноос хойш тусдаа амьдрах болсон, мөн цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагатай хамт хүүхдийн асрамж  шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

 

1995 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү Т.Ананд, 2001 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү Т.Тэмүгэ нар нь насанд хүрсэн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй ба талууд охин Т.Мыг эх М.Д гийн асрамжид  үлдээхээр тохиролцсон тул охин Т.Мыг эх М.Д гийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, мөн талууд дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М.Д, А.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Т.Мыг эх М.Д гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч М.Д , хариуцагч А.Т  нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т ас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Д д  олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР