Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 21

 

Г.Са-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд Даргалагч: Ж.Баттогтох Шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр Бусад оролцогч: Нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Хариуцагч М.Да- Хариуцагч В.Со- нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишигийн даргалж, шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 141 дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч В.*******ын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2018оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Са- нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөрш болох Да-, Со- нар манайд хөрш болоод орохоосоо өмнө маш өндөр хашаа барьж, гэрэл хааж, ус авах, дэлгүүр орох зам хаасан. Учирлаж хэлсэн ч ер ойлгохгүй хэл амаар доромжлон үүдэнд хог хаях, угаадас, шээс цацах, цоож эвдлэн мушгих зэргээр дарамталж мөн иргэн Со- нөхөртэйгөө харддаг гэсэн яриа сонссон ч анзаарахгүй явсан. Гэтэл иргэн Мөнхцэнгэлийг оруулж утсаа өгч бичлэг хийлгэх, цонх хагалах, үүдний дотор цоож эвдлэх, зэрэг хорон үйлдэл байнга гарган сэтгэл санааны, эдийн засгийн хямралыг үргэлж бий болгодог. Сүүлдээ бүүр олон нийтийн хэрэгсэлд бичлэг цацаж дэндүү овилгогүй хүн чанаргүй үйлдэл гаргаж байгаад туйлын гомдолтой байна. 3 үеэрээ сэхээтэн хийж буй боловч сургууль, багш нар, сурагчдад тэр ч байтугай дэлхий даяар энэ бичлэг цацагдаж улам ч ажил хийхэд бэрхшээлтэй болсонд маш их гомдож энэ нөхдөөр нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хямралыг ойлголцох үндсэн дээр шүүхэд хандаж байна. Ер нь гэртээ ч тайван байхгүй, амь нас ч баталгаагүй, эрүүл мэнд ч тун хохирч байна. Иймээс энэ хүмүүст зохих хэмжээний ёс зүйтэй байхыг ойлгуулмаар байна. Иймд нэр төрөө сэргээлгэх, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөг гаргуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Хариуцагч Д.Да-, В.Со- нар нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Са-ын нэхэмжлэлдээ дурдсан асуудлууд бүгд ор үндэслэлгүй зүйл ба харин ч эсрэгээрээ өвөлжингөө манай хашаа руу угаадсаа асгаж, хэрэглэсэн нойлын цаас, уусан архины шилээ давуулан хаяж, шидэж өвөлжсөн. Энэ талаар ярьж хэлэх гэхээр хүний үг огт авдаггүй байсан тул фейсбүүкдээ энэ тухай зурагтай нь нийтэлсэн. Миний зүгээс энэ хүний гаргаж байгаа үйлдлийг нотлох баримттай нийтэлсэн бөгөөд ямар нэгэн байдлаар гүтгэх, доромжлох, нэр төрд нь халдах санаа зорилго байгаагүй, тийм үйлдэл гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд хэргийн оролцогч нь нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтуудаа гаргаж өгч чадаагүй нь уг нэхэмжлэл үндэслэлгүй болохыг давхар нотолж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Мөн М.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Са-ын нэхэмжлэлд бичсэн хашаа барих шалтгаан нь уг айлд ирдэг согтуу хөлчүү, бүтэх бүтэхгүй хүмүүсээс өөрийн эд хөрөнгө, хашаа, байшин зэргийг хамгаалахын тулд зохих хууль журмын дагуу барьсан. Хэл амаар доромжилсон гэсэн нь үндэслэлгүй. Болох болохгүй хүмүүс орж гараад байна, хашаанаас юм алга болвол хэн хариуцах юм бэ гэхээр урдаас чи хүнд алдах юутай гуйлгачин бэ гэж хэлж байсан. Үүдэнд хог хаях, угаадас, шээс цацсан гэсэн нь мөн л ор мөргүй зүйл. Өөрийн хийдэг үйлдлийг бидэнд тулган гүтгэсэн үйлдэл байна. Удаа дараа хашаа давуулж 00-ын цаастай муу ус цацах, уусан архины шил, нохойныхоо цуглуулж авч ирсэн яс гэх мэт зүйлийг хаяж байсан. Уг үйлдлийг нь хэлсэн боловч үл тоож, үйлдлээ давтсаар өнөөг хүрсэн. Цоож эвдэлсэн, мушгисан, дарамталсан гэж буй нь ор үндэсгүй гүтгэсэн байна. Өөрөө л харин чамайг ажил амьдралаар чинь тоглоно, яаж явахыг чинь харна гэх зэргээр удаа дараа дарамталж байсан. Гэрийн үүдэнд 00-ын цаастай муу ус цацах, хог, архины шил зэргээ хашаа давуулж хаяхаа боль гэсээр байхад гэрийн хаалга руу 00-ын цаастай муу усаа цацсан байхаар нь фейсбүүкд зургийг нь нийтэлсэн. Иймд Г.Са-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 3, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.*******, В.Со- нарыг нэхэмжлэгч Г.Са-ын нэр төрийг гутаасан хууль бус үйлдэлдээ уучлалт гуйж, нэр төрийг нь сэргээхийг даалгаж, сэтгэл санааны хохиролд М.*******гээс 358,125 төгрөг, В.Со-ос 358,125 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Са-т олгож, эд хөрөнгийн хохиролд нэхэмжилсэн 283,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Са-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гээс 46,494 төгрөгийг, хариуцагч В.Со-ос 46,494 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Са-т олгож, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэйболохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн доторЗавхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч В.Со- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

В.Со-, М.Да- бид хоёр Г.Са-ын нэхэмжлэлтэй нэр төр сэргээлгэх, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа. Уг хэргийн анхан шатны шүүх хурал 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр болж миний биеийг иргэн Г.Са-ын нэр төрийг гутаасан гэж үзэн сэтгэл санааны хохиролд 358125 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р сургуулийн багш Г.Са- айлын үүдэнд хашааг нь давуулан муу усаа цацаж уусан архины шилээ хаядаг, энэ ардын багш мөн үү гэсэн бичвэрийг нийтээр дагаж мөрддөг зан суртахууны хэм хэмжээнээс гажууд үйлдэл хийсэн агуулгаар бичигдсэн учир нэхэмжлэгч нь нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хохирол гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн.

Дээрх бичвэр нь иргэн Г.Са-ын нэр төрд халдах гэсэн нэг санаа зорилго байгаагүй, үнэн бодит зүйлийн тухай бичсэн. Энэ нь зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, ямар гажууд үйлдэл болох тухай шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдаагүй/шийдвэрийн үндэслэх хэсэгт/ уг нь уг шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй болохыг тогтоож байна.

Г.Са-ын гаргаж байсан үйлдлийн талаар өөрт нь хэлэхэд ер тоодоггүй байсан тул 2018 оны 01 дүгээр сарын 01-ний оройн 11 цагийн үед Fb-д өөрийнх нь үйлдлийн талаар нотлох баримтын хамт /2ширхэг зураг/ тавьсан.

Үүний маргааш өглөө нь Г.Са-ын хүүхдүүд нь ирээд угаадас цацсан байдлыг хараад дахиж ийм явдал гаргуулахгүй, устгачих ээждээ хэлье гээд явсаны дараа буюу өглөө 9-10 цагийн үед устгасан.

Энэ явдлаас хойш 2 сар 15 хоногийн дараа нэр төр сэргээлгэх, эрүүл мэнд сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан нь өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байсан гэх үндэстэй байна. Мөн анхан шатны шүүх хуралд энэ үйлдлийнхээ талаар манай засал хийлгэж зүйг гаргах муу зүг нь тэгж таарч байсан гэсэн миний түүний дээрх үйлдлийг давхар нотолж байна. Миний зүгээс анхан шатны шүүх хуралд Г.Са-ыг өдөр майктайгаа гарч ирж угаадасаа довжоо руу асгачихаадүүд рүү нулимчихаад орсоныг нь хэлж байсан. Ер нь Г.Са-ын дээрх үйлдлийн талаар өөрт нь хэлдэг боловч огт тоодоггүй байсан. Би одоо Г.Са-ын гаргадаг үйлдлээс болоод гэртээ амьдрах боломжгүй болж 2017 оны 09 дүгээр сараас хойш ажлын байрандаа амьдарч байна.

Анхан шатны шүүх хурал болохоос өмнө миний зүгээс Г.Са-ын гаргадаг үйлдлийг нотлохын тулд үзлэг хийж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Гэвч шүүхээс хүсэлтэндээ гэрийн хаяг байхгүй , хэзээ болсон үйлдэл тодорхойгүй гэх шалтгаан хэлж хүлээж аваагүй. Миний зүгээс Улаанбаатар хот явах яаралтай ажил гарсан тул хамт очоод үзлэг хийгээд өгөөч гэсэн боловч М.Да-гээр хүсэлт гаргуул гэсэн. Энэ нь иргэний төрийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхэд халдсан үйлдэл болсон.

Шүүхээс хүсэлтэнд заавал гэрийн хаягаа бичих шаардлагатай гэж байсан ч манай гэрийн хаяг, миний утасны дугаар иргэн Г.Са-ын гаргасан нэхэмжлэлд тодорхой бичигдсэн байгаа тул миний гаргасан хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх хэт нэг талыг барьж миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн захирамжийнхаа нэг хувийг гардуулж өгөөгүй нь миний гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл болсон.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийнг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч В.Со- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Санаатайгаар удаа дараалан үүд рүү угаадас цацаж байсан. Түүнийгээ ор үндэслэлгүй болгож тайлбарласан өөрийн хийсэн бүх үйлдлээ над руу чихсэн, би хүмүүстэй муудалцдаггүй аль болох талаас нь эвээр харилцах гэж үздэг. Багшаа та гэдэг хамаагүй уур хэлэнтэй учраас тэгж эвгүй харьцдаггүй. Өөрийнх нь хажууд ямар ч хүн тогтох боломжгүй болгосон. Муухай харилцдаг байсан миний хүүхдийг элдэв үгээр хэлж байсан. Багш нарт ч гэсэн ор үндэслэлгүй зүйл хэлж намайг ч гэсэн хүүхэд нь хүртэл ангид нь яваад ороход нүүрээ нуудаг хүүхдээ хүртэл ийм болгосон гэж загнаж байсан. Бүр санаатай үүд рүү асгасан биш. Би анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнд орсон 3 шүүгчээс санаа зовж байна. Миний хувьд сэтгэл санааны ихээхэн дарамтай байна. Хашаанд хүүхэд ч тоглуулахгүй хог ч байсан хашаа руу авч шийддэг, маш их архи уудаг, архи уусан хүнээс ямар л ааш авир гардаг билээ.Тосонцэнгэлийн ард иргэд ямар байр байдалтай байдаг тухай бүгд мэднэ гэвч та энэ тухай бичээд өгөөч гэхээр бичиж өгөх хүн олддогүй яахын бэ? наад хүний чинь хэл амнаас хол баймаар байна бид үр хүүхэдтэй хүмүүс гэж бүгд айдаг. Би үнэхээр тийм хэрүүлч хүн байсан бол угаадас цацсан үед нь адилхан цацаад хэрүүл хийгээд л байж байх ёстой. Гэтэл миний тухайд за яах бэ? тэгж байгаад болих байлгүй л гэж бодож байсан. Манай урд талын айл ч гэсэн мэдэж байгаа ямар хэцүү юм бэ? байнга угаадасаа цацах юм гэдэг байсан. Та угаадасаа цацдаг гээд бичээд өг гэхээр үгүй ээ үр хүүхдийг минь харааж зүхнэ гэдэг ийм л зан суртахуунтай хүн өнөөдөр ашгүй энэ 2 хүнээс мөнгө авахаар болчихлоо гэж явж байгаа болохоос миний буруу байсан гэж бодох ухамсаргүй хүн бид 2 Facebook-д бүүр орой тавиад өглөө хүүхэд нь ирээд устгачихаа би ээжид хэлнэ гээд явсан гэв.

Хариуцагч Д.Да- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талд шийдвэр гарсан үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна хариуцагч талаас гаргасан тайлбарыг сонсохгүйгээр нэхэмжлэгч талын тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс ламаас рашаан аваад нүүр гараа угаачихаад зүг нь энэ зүг рүү таарсан учраас рашаанаа цацсан гэж тайлбарлаж байсан. Би баяр ёслолын үеэр архи уудаг гэж өөрөө өөрийгөө нотолж өгөөд байхад түүнд ач холбогдол өгөхгүй байсан гэж үзэж байна. Удаа дараалан архи ууж согтуурч байсан талаар цагдаагийн байгуулагаас шалгаад лавлагаа гаргаад өгөөч гэж хүсэлт гаргахаар хэрэгт ач холбогдолгүй зүйл байна гэж хэлдэг мөртлөө та энэ хүний архи уудаг гэж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна гэж шийдвэртээ тусгадаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Г.Са- нь хариуцагч М.Да-, В.Со- нарт холбогдуулан нэр төр сэргээлгэх, эрүүл мэнд сэтгэл санааны хохиролд 1000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хариуцагч М.Да-, В.Со- нараар уучлалт гуйлгах замаар нэр төрөө сэргээлэх, эрүүл мэнд сэтгэл санааны хохиролд 716.250 төгрөг, эд материалын хохиролд 283.750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч М.Да-,В.Со- нар нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр өөрсдийн фейсбүүк хаягаас Завхан Тосонцэнгэл 1-р сургуулийн багш Г.Са- нь айлын үүдэнд хашааг нь давуулан муу усаа цацаж, уусан архины шилээ хаядаг, энэ ардын багш мөн үү гэсэн бичвэрийг 2 ширхэг фото зургийн хамт нийтэлж, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр устгасан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч М.Да-, В.Со- нар нь Г.Са-ын ажил албан тушаалыг тодорхой дурьдаж, нийтээр дагаж мөрддөг зан суртахууны хэм хэмжээнээс гажууд үйлдэл хийдэг мэтээр түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл нь бодит байдалд нийцэж байгааг шүүхэд нотолж чадаагүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Са- нь эрүүл, мэнд сэтгэл санааны хохиролд 716.250 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч баримтаар няцааж чадаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэл алга байна.

Харин анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь байрны цонхыг хагалж, цоожийг эвдэлсэн талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй байна.

Мөн улсын тэмдэгтийн хураамж нэхэмжилсэн нь үндэслэлгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497, 511 зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч В.*******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 141 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч В.*******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч В.Со- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР