| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2021/00495/N |
| Дугаар | 182/ШШ2021/01150 |
| Огноо | 2021-05-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2021/01150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э-д холбогдох,
Үйлчилгээний төлбөрт нийт 557 375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулгаас гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Э нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 08 дугаар сарын 19-нд “MONGOLdoo 40” дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган, 14720823 тоот “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ”, “Гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Ингээд 90****** дугаарын эзэмшигч болж “Huawei P20 PRO” маркийн гар утсыг 24 сарын хугацаанд тасралтгүй ашиглах урамшуулалтай нөхцлөөр худалдан авсан байдаг. Хариуцагч нь гэрээний үүргээ үл биелүүлж 90****** дугаарын утасны 2019 оны 5-12 дугаар саруудад, 2020 оны 1-7 дугаар саруудад, нийт 15 сарын төлбөрийг төлөөгүй болно. Үүнийг задалж хэлбэл, 2019 оны 05 дугаар сард 41 175 төгрөг, 06 дугаар сард 41 200 төгрөг, нийт 82 375 төгрөг, 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 07 дугар сар дуусталх 13 сард 40 000 төгрөгөөр тооцон 520 000 төгрөг, нийтдээ 602 375 төгрөг төлөгдөөгүй үлдсэнээс гэрээний 6.5.-д зааснаар барьцаанд үлдээсэн 50 000 төгрөгийг хасч 552 375 төгрөг болсон. Мөн нотариатчийн зардалд 5 000 төгрөг, бүгд 557 375 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үндэслэл маань хариуцагч нь “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ”-ний 6.1., 6.4.-т засан үүргээ болон “Гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээ”-ний 6.1.-д заасан үүргээ биелүүлээгүй, сарын суурь хураамж, хэрэглээний нэмэлт төлбөрийг биелүүлээгүй байх тул үйлчилгээг хаасан.
Хариуцагчаас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, утсаар төлбөрийн нэхэмжлэхийг илгээсэн байдаг. Нотлох баримтуудыг хэрэгт хуулийн шаардлага ханган гаргаж өгсөн. Хариуцагч нь сард 80 000 төгрөгөөр төлбөрийг төлж байсан гэж тайлбарладаг боловч төлбөр төлөлтийг баримтаар шүүж үзэхэд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 467 427 төгрөгийг төлсөн байдаг. Үүнээс хойш төлөлт хийсэн баримт огт байхгүй байна.
Хариуцагчийг гэрээ байгуулах үед манай байгууллага дараа төлбөрт үйлчилгээний “4G LTE” дата багцыг хэрэглэгчийн үйлчилгээнд нэвтрүүлсэн хэрэглэж байсан. Энэ талаарх “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-339 тоот тушаалыг хавсралтын хамт нотлох бармитаар өгсөн. Бид нэхэмжлэлээс нотариатчийн үйлчилгээний хөлсөнд нэхэмжилсэн 5 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хариуцагчаас 552 375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э-ээс шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Миний зүгээс сард 80 000 төгрөгийг төлбөрт төлсөн, одоо төлөх төлбөргүй, эдний байгууллагын үйлчилгээ маш муу мөртлөө төлбөр нэхээд байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчийн эрх бүхий хүмүүстэй уулзан төлбөрийн тооцоог хийсний үндсэн дээр эвлэрэн хэлэлцэх боломжтой. Гаргаж өгөх баримтгүй. Нэхэмжлэгчээс гаргасан баримтуудтай танилцсан. Үүнтэй холбоотой санал байхгүй гэжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүл
|
|
эгт зохигчдын гаргасан тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан, 90****** дугаартай утасны үйлчилгээний төлбөрт 557 375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал үл зөвшөөрч, “Миний зүгээс сард 80 000 төгрөгийг төлбөрт төлсөн, одоо төлөх төлбөргүй, үйлчилгээ маш муу байсан атлаа төлбөр нэхэх нь үндэслэлгүй...” гэж маргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Хариуцагч Б.Э нь харилцаа холбооны сүлжээг ашиглах үйлчилгээг авах зорилгоор нэхэмжлэгчээс “Huawei P20 PRO” маркийн гар утсыг урамшуулалтай үнээр буюу 1 799 000 төгрөгөөр худалдан авч, 90****** дугаарын эзэмшигч болж бүртгүүлэн, тус компанийн “MONGOLdoo 40” дараа төлбөрт үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган үйлчилгээний төлбөрийг төлөх, нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хэрэглэгчид үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээг өөрийн техникийн боломж болон хүчин чадлын хүрээнд чанарын өндөр түвшинд үзүүлэхээр зохигчид харилцан тохиролцсон болох нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр талуудын хооронд байгуулсан 14720823 тоот “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ”, гэрээний өргөдлийн маягт, “Гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээ”, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогджээ.
2.Талуудын хооронд байгуулсан 14720823 тоот “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ”-ний 4.2.1.-д заасан “Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн үйлчилгээг өөрийн техникийн боломж болон хүчин чадлын хүрээнд чанарын өндөр түвшинд үзүүлэх”, 4.2.3.-т заасан “Хэрэглэгчийн сар бүрийн хэрэглээний төлбөрийн нэхэмжлэхийг гэрээнд заасан и-мэйл хаяг, мессежээр хэрэглэгчид мэдэгдэх” үүргийг нэхэмжлэгч тал, мөн гэрээний 3.2.5.-д заасан“ Өмнөх сард ашигласан үйлчилгээний төлбөрөө дараа сарын 05-ны өдрөөс 20-ны өдрийн дотор бүрэн төлнө”, 6.4.-т заасан “Хэрэглэгч нь 6.1.-д заасан төлбөрийг нэхэмжилсэн сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй”, “Гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээ”-ний 6.1.-д заасан “Хэрэглэгч өөрийн дараа төлбөрт үйлчилгээний 90254523 дугаарыг “MONGOLdoo 40” багцаар, 24 сарын хугацаанд тогтмол идэвхтэй ашиглаж, сарын суурь хураамж болон хэрэглээний нэмэлт төлбөрийг сар бүр тасалдахгүй төлөх үүрэгтэй” гэсэн үүргийг хариуцагч тал тус тус хүлээж, сарын төлбөрийн нэхэмжлэлд тухайн сарын суурь хураамж, сарын хэрэглээний дүнгээс зохих хөнгөлөлтийг хасаж тооцсоны дараах дүн, төлбөрийн үлдэгдэл, нэмэгдсэн өртгийн албан татвар, хэрэглээний нэмэлт төлбөр хамаарч тооцогдохоор талууд тохиролцсон байна.
Үүний дагуу хариуцагч Б.Э нь өөрийн эзэмшлийн 90254523 дугаарыг гэрээнд заасан нөхцлийн дагуу ашигласны төлбөрт 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 467 427 төгрөгийг төлсөн нь хэргийн 75-83 дугаар талд авагдсан төлбөрийн нэхэмжлэхүүд, зохигчдын тайлбараар нотлогдсон.
3.Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т “харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” хэрэглэгчийн үүргийг заасан байх бөгөөд хариуцагч буюу хэрэглэгч Б.Э нь өөрийн эзэмшлийн 90****** дугаарын үйлчилгээний төлбөрт 2019 оны 05 дугаар сард 41 175 төгрөг, 06 дугаар сард 41 200 төгрөг, 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 07 дугар сарыг дуусталх 13 сарын төлбөрт сард 40 000 төгрөгөөр тооцож 520 000 төгрөг, нийт 602 375 төгрөг тооцогдсоноос 552 375 төгрөг төлөөгүй үлдсэн байна.
Энэ нь хэргийн 84-98 дугаар талд авагдсан төлбөрийн нэхэмжлэхүүд, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон бөгөөд хариуцагч Б.Э-ийн сард 80 000 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй гэх нэхэмжлэлийг татгалзсан тайлбар баримтаар нотлогдоогүй, энэ талаарх баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй байна.
4.Хэрэгт авагдсан “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-339 тоот тушаалаар тус компани нь хэрэглэгчийн үйлчилгээнд дараа төлбөрт үйлчилгээний “4G LTE” дата багцыг нэвтрүүлэхээр шийдвэрлэж, уг тушаалын хавсралтаар “4G LTE” дата багцын үндсэн нөхцлүүдийг баталсан байна.
Хариуцагч Б.Э-тэй нэхэмжлэгч байгууллага 14720823 тоот “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ”, гэрээний өргөдлийн маягт, “Гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээ” байгуулах үед дээрх үйлчилгээг нэхэмжлэгч байгууллагад хэрэгжүүлж байсан, хариуцагч нь энэ үйлчилгээний “MONGOLdoo 40” гэсэн нөхцөлд хамаарч байсан байх бөгөөд уг үйлчилгээ нь чанарын шаардлага хангаагүй, ашиглах боломжгүй байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэн хариуцагч гэрээнд заасан болон хуульд заасан үйлчилгээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Б.Э-ээс 552 375 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгч нь нотариатчийн үйлчилгээний хөлсөнд төлсөн гэх 5 000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Э-д шүүхийн мэдэгдэх хууудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.5.-д заасны дагуу мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэхээр шүүгчийн захрамжаар шийдвэрлэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 17 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т заасныг баримтлан хариуцагч Б.Э-ээс 552 375 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвдэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК нь 5 000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 17 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА