Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Б.Түвшинтөр,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  О.Э-д холбогдох 2416000000057 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймаг ******** сумд төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын ***** багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Ж овогт О-н Э.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч О.Э нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын ***********-ын гадна хаалганы цоожийг эвдлэн орж 1 давхрын 4 хаалга, 2 давхрын 2 хаалга, 1 цонхыг тус тус чулуугаар цохиж, 2 цонхны түгжээ, 2 хаалганы цоожийг эвдлэн гэмтээж 1,230,000(нэг сая хоёр зуун гучин мянга)  төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч О.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “...Би хэрэг учрал болсны маргааш Засаг даргын тамгын газарт очоод өөрийн эвдэлсэн зүйлээ харсан мэдэж байгаа... Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тийм зүйл гаргасан нь миний буруутай үйлдэл мөн... Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/

2. Хохирогч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр сумын төвд аавынд байж байхад 16 цаг орчим сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Ц над руу утсаар залгаж Э гэдэг хүн *********-н цонх руу чулуу шийдээд байна. 1 цонх хагарчих шиг боллоо гэж хэлсэн. Би сумын цагдаад хэлээд **********-н байран ирэхэд сумын цагдаа ирсэн байсан ... Тэгээд сумын цагдаа бид 2 Тамгын газрын дотор ороход хаалгануудыг эвдсэн, нэг цонх хагарсан, 2 цонхны түгжээг эвдэж дотогшоо онгойлгосон, 2 хаалганы түгжээ эвдэрсэн байсныг сумын цагдаа зэргийг нь дарж баталгаажуулж авсан ... *******-н гадна талын хаалга цоожтой байсан. Гадна талын хаалганы цоожийг эвдэж ороод 1 давхрын 4 хаалга, 2 давхрын 2 хаалга, нийт 6 хаалгыг чулуугаар цохиж эвдсэн, 1 цонхыг гадна талаас нь чулуугаар хагалсан, 2 цонхны түгжээг эвдсэн, 2 хаалганы түгжээ эвдсэн байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/

3. Гэрч Ж.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим сумын **********-н байрны үүдэнд сандал дээр манай сумын иргэн О.Э том том дуугараад сууж байхыг гэрийн цонхоор харсан. Цаад талд нь мал явж харагдахаар малаа хараад сууж байгаа байх гэж бодсон. Хэсэг хугацааны дараа 17 цагийн орчимд гэртээ хоол идэж сууж байхад юм дуугарахаар нь цонхоор харахад О.Э **********-н газрын байрын цонх руу чулуу шидээд зогсож байхаар нь цонхоо онгойлгоод боль гээд дуудахад хүрээд ирсэн. Хүрээд ирэхээр нь О.Э-д та яагаад албан байгууллагын цонх руу чулуу шидээд байгаа юм бэ гэж асуухад манай эхнэр энэ дотор байгаа гарч ирэхгүй байна гэж хэлсэн... ***********-н дарга руу залгаж танай байгууллагын цонх руу хүн чулуу шидээд байна, цагдаад хэлээч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/

4. Ашид-Билгүүн ХХК-н 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-921/67 дугаартай “...О.Э-н устгасан, гэмтээсэн гэх 6 ширхэг модон хаалга, 2 ширхэг цонхны шил, 2 ширхэг цонхны түгжээ, 2 ширхэг хаалганы бариул, цоож гэсэн эд зүйлсийг 1,230,000 (нэг сая хоёр зуун гучин мянга) төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас/

5. Говь-Алтай аймгийн ****** сумын *******-н байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд./хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/

6. Эвдэрсэн, гэмтсэн эд зүйлсийн талаар тусгасан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд/хавтаст хэргийн 2-13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Говь-Алтай аймгийн ******* сумын *********-н гадна хаалганы цоожийг эвдлэн орж 1 давхрын 4 хаалга, 2 давхрын 2 хаалгыг чулуугаар цохиж цөмлөсөн, 1 цонхыг чулуугаар цохиж хагалсан, 2 цонхны түгжээ, 2 хаалганы цоожийг эвдлэн гэмтээсэн шүүгдэгч О.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн объектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгодог. Шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан цонхны шил хагарсан, хаалга цөмөрсөн бөгөөд эдгээр зүйлсийг адил чанарын өөр хаалга, шилээр солилгүйгээр засварлан дахин ашиглах боломжгүй тул эд хөрөнгө устгах шинжийг,  цоож, түгжээ нь дээрх эд хөрөнгийн бүрдэл хэсэг тул түүнд гэмтэл учруулсан нь эд хөрөнгө гэмтээх шинжийг тус тус хангана. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор тайлбарласан бөгөөд нэг нэгж нь 1,000 (нэг мянга) төгрөгтэй тэнцэнэ. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 1,230,000(нэг сая хоёр зуун гучин мянга) төгрөгийн хохирол учирсан нь бага буюу 300,000 (гурван зуун мянга) төгрөгөөс их хохирол учирсан тохиолдолд дээрх гэмт хэргийн шинжийг хангах хуулийн шаардлагыг хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал болон учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор шүүгдэгч О.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Э-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн яллагдагчаар өгсөн “...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тийм зүйл гаргасан нь миний буруутай үйлдэл мөн ... Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,  Ашид-Билгүүн ХХК-н 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-921/67 дугаартай “...О.Э-н устгасан, гэмтээсэн гэх 6 ширхэг содон хаалга, 2 ширхэг цонхны шил, 2 ширхэг цонхны түгжээ, 2 ширхэг хаалганы бариул, цоож гэсэн эд зүйлсийг 1,230,000 (нэг сая хоёр зуун гучин мянга) төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Э-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч О.Э-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 (таван зуун мянга) төгрөгийн торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,230,000 (нэг сая хоёр зуун гучин мянга) төгрөг шүүгдэгч О.Э-с гаргуулж Говь-Алтай аймгийн ******* сумын ***********-н газарт олгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2023 оны мал тооллогын 3 (гурав) хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ж овогт О-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Э-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч О.Э-с хохиролд 1,230,000(нэг сая хоёр зуун гучин мянга)  төгрөг гаргуулж, Говь-Алтай аймгийн ******** сумын **********-н газарт олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2023 оны мал тооллогын 3 (гурав) хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА