Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 251

 

Л.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Ариунболд, 

шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Л.Азжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Азжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Л.Бт холбогдох эрүүгийн 1907001450130 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Л.Б нь Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бөмбөрцөгтэй уулзварын засмал зам дээр 2019 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед 04-83 УНУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.8 “...тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а. уулзвар, гарцаас гарахдаа тухай орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 39-31 УБМ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч П.Оюунбаатар, Л.Оюунчимэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Ганчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, М.Ганчимэгийн эзэмшлийн 04-83 УНУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 4.666.500 төгрөг, Ш.Наадамхүүгийн эзэмшлийн 39-31 УБМ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд 6.041.700 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баас 4.041.700 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ш.Наадамхүүд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Оюунбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Л.Азжаргал заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн хувьд Л.Бын гэм буруугийн асуудлаар анхнаасаа маргаж байсан бөгөөд Л.Быг Замын хөдөлгөөний дүрмийн 10.8 заалтын а. “уулзвар гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэж гарсан №12, №264 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 6 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн “осол нь уулзвар нэвтрэх тэмдэг тэмдэглэгээ дутуу ойлгомжгүй байсан нөхцөл байдлаас болсон” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж мэтгэлцэж ирсэн. Анхан шатны шүүх тогтоолын тодорхойлох хэсэгтээ өмгөөлөгч миний хууль ёсны гэж үзэн мэтгэлцсэн нотлох баримт, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг үгүйсгэсэн үндэслэл зэргээ дурдаагүй байна. Л.Бын гэм буруугийн талаар маргах болсон үндэслэлүүд:

1. Л.Быг Замын хөдөлгөөний дүрмийн 10.8 заалтын а. “уулзвар гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалын сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн. Гэтэл 39-31 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчиж  байсан зам дээр байгаа “зам тавьж” өгөх 3.4 тэмдэг, 04-83 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам дээр байрлуулсан “гол зам” “3.1 гэсэн тэмдэгнүүд байсан тул дээрх тэмдэгнүүд нь уулзвар нэвтрэх дарааллыг тогтоож байна гэж үзэж байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.8-д “гол зам” гэж уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 “гол зам” 3.3а-3.3в “Туслах зам нийлнэ. 5.1 “тууш зам” тэмдэг бүхий замыг хэлнэ” гэж заажээ. Дээрх тэмдгүүд байгаа нь уг бөмбөрцөгтэй уулзварыг нэвтрэхдээ хөдөлгөөний дараалал баримтална гэдгийг зааж байна. Мөн дүрмийн 1.2.11-д “давуу эрх” гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг хэлнэ гэж заасан тул Л.Б нь хөдөлгөөнөө урьтан хийх нь зүй ёсны юм.

2. 39-31 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тавьж өгөх үүргээ Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-16-т заасанчлан 04-83 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх ёстой. Гэтэл хавтас хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт Л.Б, гэрч У.Мөнхмандах /1хх 51/ нарын мэдүүлгээр 39-31 УБМ улсын дугаартай Альфард маркийн авто машин зам голлоод хурдтай явж байсан буюу зам тавьж өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэдэг нь нотлогдоно. Мөн 39-31 УБМ улсын дугаартай автомашин жолоодож явсан Э.Эрдэнэбат /1хх 40/ “...хүүе миний хүү наад машин чинь өөдөөс чинь орж ирлээ согтуу юм бишүү цаашаа дар...” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний бие “Эрдэнэбатаас өөрийнхөн зорчиж явсан замын хажуугийн 3.4 тэмдгийг харсан эсэхийг асуухад хараагүй” гэж мэдүүлдэг. Энэ бүх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл 3.4 тэмдгийг хараагүй жолооч уулзвар нэвтрэх хөдөлгөөний дарааллыг баримтлахгүй уулзвар руу орж ирсэн нь тодорхой байна. Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-т “замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчилгээний хүрээнд дагаж мөрдөнө.” гэжээ. 39-31 УБМ дугаартай автомашин нь дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн түүний энэ үйлдэл  нь уулзвар дөнгөж нэвтэрч байсан гол замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон.  

3. 39-31 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явж байсан Улаанбаатараас Налайх чиглэлийн замаас Говьсүмбэр аймаг руу ордог уулзвар дээр байх 3.4 тэмдэгнээс осол болсон “А” цэг хүртэл 63м50см зайтай байгаа нь /1хх 16/ талаас харж болно. 3.4 тэмдгийн үйлчлэх хүрээ хаанаас эхлэх ёстой вэ? Тэмдэг байгаа цэгээс эхлэх ёстой атал 39-31 УБМ улсын дугаартай автомашин зам тавьж өгөх үүргээ биелүүлэхгүй 63 метр 50 см замыг туулсан байна. Харин тухайн осол хэрэг болсон өдөр авсан фото зураг /1хх 12/ 04-83 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл өөрийн нэвтрэх уулзварыг бүрэн нэвтэрч дуусгаагүй зогссон байдалтай байдаг.  

4. Налайх дүүргийн бөмбөрцөгтэй уулзвараар нэвтрэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйл буюу Уулзвар нэвтрэх зүйл заалтыг баримтлах ёстой. Гэтэл шүүх болон шинжээчид Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйл буюу Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх гэсэн зүйл заалтыг хэрэглэн буруутгаж байна. Дээрх уулзвар нь зохицуулагдаагүй уулзвар тул 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалтыг баримтлах ёстой. 39-31 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь дээрх заалтыг зөрчсөн байдаг.

5. Гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 6 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр уг осол нь уулзвар нэвтрэх тэмдэг тэмдэглэгээ дутуу ойлгомжгүй байсан нөхцөл байдлаас болсон гэдэг. Нэгэнт л байх ёстой бүхий л тэмдэг тэмдэглэгээг зохих стандарт шаардлагад нийцүүлэн тавиагүй юм бол замаар зорчиж яваа жолооч нар зам дагуу тавигдсан тэмдэг тэмдэглэгээг л баримтлана. Ийм эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн холбогдох байгууллага албан тушаалтанг олж тогтоох талаарх хүсэлтийг шат шатанд нь гаргаж байсан боловч /1хх 224/ талд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгын зохицуулагч ажилтан Б.Даштогтох гэх хүнийг гэрчээр байцаасан болж хүсэлтийг бүрэн гүйцэт хангаагүй орхигдуулсан байна. Дээрх гэрч нь тэмдэг тэмдэглэгээний талаар судалгаа гаргадаг албан тушаалтан бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээг байрлуулдаг, ашиглалт үйлчилгээг хариуцдаг албан тушаалтан биш юм. Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-т “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгуулж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэж заасан байдаг тул үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанг олж хууль дүрмээ хэрэгжүүлэх нь цаашлаад ийм төрлийн осол гаргахгүй байх ач холбогдолтой юм.  

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн болох нь тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

 

прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Б “би өөрийнхөө боломжит эгнээ рүү дарсан. Тэгээд эсрэг талын урсгал руу орж мөргөлдсөн” гэх мэдүүлгийг өгсөн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8-д зааснаар “жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөн”, “39-31 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Эрдэнэбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн. Түүнчлэн, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 264 дугаартай дүгнэлтээр дээрх дүгнэлттэй адил дүгнэлтийг гаргасан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн багаас шинжээч Т.Ганзориг оролцохдоо “тухайн осол жолооч Л.Бын буруутай үйлдлийн улмаас гарсан байна” гэж мэдүүлсэн. Хэдийгээр шүүгдэгч Л.Б гол замаар давуу эрхтэй явж байсан ч эсрэг урсгал сөрж осол гаргасан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээс тодорхой харагдаж байгаа болно. Л.Б нь уулзвар, гарцаар гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгал сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэх ёстой байтал тухайн урсгалыг сөрж 39-31 УБМ улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан. Тухайн уулзвар нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн шиг 20-35 градусын эргэлттэй уулзвар байгаагүй, тойрч ордог уулзвар байсан. Ослын газрын бүдүүвч зургаас харахад Л.Б нь “Тоёота Альфард” маркийн автомашин явж байсан урсгалын эгц урдаас мөргөсөн байдаг. Энэ нь шүүгдэгч Л.Бын явж байсан эгнээний урсгал биш, мөн хажуу талын эгнээ рүү орох гэж байгаад мөргөсөн үйлдэл биш болно. Иймд шүүгдэгч Л.Б урсгал сөрсөн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Харин жолооч Э.Эрдэнэбат хурд хэтрүүлсэн, Замын хөдөлгөөний дүрэм, заалт зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Түүнчлэн, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөн журмын тухай хуулийн 3 дахь хэсэгт “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан байх тул энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Л.Б нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед 04-83 УНУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бөмбөрцөгтэй уулзварын засмал зам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.8-д заасан “...тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а. уулзвар, гарцаас гарахдаа тухай орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 39-31 УБМ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, П.Оюунбаатар, Л.Оюунчимэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Ганчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийн улмаас түүний эзэмшлийн 04-83 УНУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 4.666.500 төгрөг, Ш.Наадамхүүгийн эзэмшлийн 39-31 УБМ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд 6,041,700 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь:

 

хохирогч Л.Оюунчимэгийн “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн аав Лүмбэн, дүү Батбаяр, найз Мөнхмандах, дүүгийн найз охин Ганчимэг нарын хамтаар Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу өдөр 15 цагийн үед гарч замын турш унтаж явсан. Осол ямар шалтгааны улмаас болсон талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн үед би хол замд ядраад унтаж явсан. Ослын улмаас миний баруун гарын шуу хэсгээрээ хугарч, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Батбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, угаасаа архи уудаггүй. ...” /1хх 21-25/,

 

хохирогч П.Оюунбаатарын “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Налайх руу өөрийн найз Эрдэнэбат, түүний аав нарын хамтаар явсан. Налайх дүүргийн Оргил худалдааны төв өнгөрөөд бөмбөрцөгтэй уулзвар орж байх үед Эрдэнэбатын машины өөдөөс эсрэг урсгал сөрөөд тээврийн хэрэгсэл орж ирсэн. Тэр үед Эрдэнэбатын аав нь “наадах чинь согтуу хүн байх шиг байна зам тавьж өг” гэж байсан ба Эрдэнэбат баруун дарж тоормос гишгээд зам тавьж өгөх гэж байтал өөдөөс нь бид нарын явсан урсгалд орж мөргөлдсөн. Эрдэнэбаттай би тэр өдөр өдөржин л хамт байсан. Эрдэнэбат огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ослын улмаас миний зүүн гарын бугалагны шулуун яс ташуу хугарсан, булчин бүтэн эргэж, хугарсан яс нь доод ясандаа зоогдож доод яс нь ангайсан байсан. ...” /1хх 28-31/,

 

иргэний нэхэмжлэгч М.Ганчимэгийн “...Ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 4.666.500 төгрөгийн хохирол учирсан байна. Би буруутай этгээдээс өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулж авах хүсэлттэй байна. Бөмбөрцөгтэй уулзвараас зам нийлэх гэтэл гэнэт нөгөө талын урсгалаас хурц гэрэл гарч зам голлож, маш их хурдтай тээврийн хэрэгсэл манай машиныг мөргөсөн. Тухайн үед манай тээврийн хэрэгсэл 40-50 км цагийн хурдтай явж байсан. ...” /1хх 33, 49/,

 

иргэний нэхэмжлэгч Ш.Наадамхүүгийн “...Э.Эрдэнэбатын жолоодон явсан 39-31 УБМ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн юм. Тухайн тээврийн хэрэгслийг эзэмшил ашиглалтыг миний хүү Э.Эрдэнэбат хариуцсан байсан. Ерөнхийдөө миний нэр дээр байдаг манай хүүгийн тээврийн хэрэгсэл. Ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 6.442.000 төгрөгийн хохирол учирсан. Би одоо тээврийн хэрэгслийг засварлах үед зарцуулсан 8.140.000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна. ...” /1хх 39/,

 

гэрч Э.Эрдэнэбатын “...2019 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү өөрийн аав Эрдэнэцогт, найз Оюунбаатар нарын хамт 39-31 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Налайх дүүргийн бөмбөрцөгтэй уулзвар дөхөөд өөрийн эгнээнд явж байх үед ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй буюу Дорноговиос Улаанбаатар чиглэлд явж байсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирсэн. Манай аав жолоочийн хажуу талын суудалд сууж яваад тухайн тээврийн хэрэгслийг харж надад хүүе миний хүү наад машин чинь өөдөөс чинь орж ирлээ согтуу юм биш үү цаашаа дар гэж хэлсэн. Би хараад гэрлээрээ дохиж сигналдаад замын хажуу тал руу дарж зөрөх гэтэл миний баруун гар талд замын тусгаарлах хашлага байсан учир тэр хашлага хүртэл дарж шахаад тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авч, тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Би баруун гар талруугаа маш их дарж зам чөлөөлж өгсөн, тэгж байж өөрийн тээврийн хэрэгслийн зүүн гар талаас мөргүүлсэн. Хэрэв би баруун дараагүй байсан бол хоёр тээврийн хэрэгсэл өөд өөдөөсөө мөргөлдөж их хэмжээний хохирол учрах байсан. Би осол болох үед өөрийн хянах самбараа харсан 30 км цагийн хурдтай явж байсан. ...” /1хх 40-41/,

 

гэрч У.Мөнхмандахын “...Бөмбөрцөгтэй уулзвараас салж Улаанбаатар хот чиглэл эргэж ортол эсрэг талын урсгалаас буюу Улаанбаатар хотоос Налайх дүүргийн чиглэлтэй хурц гэрэлтэй тээврийн хэрэгсэл хурдтай орж ирсэн. Миний сууж явсан тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч өөрийн эгнээ байрыг эзлэх гэж байгаад амжихгүй байсан учир эсрэг тал руу буюу эсрэг урсгал руу дарж тухайн тээврийн хэрэгслүүд өөд өөдөөсөө мөргөлдөж зогссон. ...” /1хх 51/,

 

гэрч Ш.Лүмбэнгийн “...Манай хүү Батбаяр жолоо барьсан, тэгээд би удаагүй унтсан байсан. Намайг унтаад явж байх үед гэнэт тээврийн хэрэгслийн хамгаалах бүс чангарч амьсгал авахад хэцүү болсон. Тэр үед би сэрээд хамгаалах бүсээ тайлах гэж хэсэг хугацаанд ноцолдож байгаад тайлж, машинаас буугаад хартал тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан. ...” /1хх 52/,

 

гэрч Д.Эрдэнэцогтын “...Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү явж байх үед Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бөмбөрцөгтэй  уулзвар дээр цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал сөрж орж ирсэн. Би тухайн үед өөрийн хүү Эрдэнэбатад “миний хүү наадах чинь согтуу байх шиг байна, баруун талруугаа шахаад өг” гэж хэлээд манай хүү хурдаа хасаж, гэрлээрээ дохиж сигналдаж баруун гар тал руугаа шахаж өгтөл нөгөө тээврийн хэрэгсэлтэй зүүн гар талаараа мөргөлдсөн. Тухайн тээврийн хэрэгслийг өөдөөс эсрэг урсгал сөрж ирсэн учир замын хажуу тал руу замаас гарч шахаж өгсөн. Осол болох үед тойрог зам байсан учир маш бага хурдтай явж байсан ба бараг 30-40 км цагийн хурдтай явж байсан байх. ...” /1хх 59/,

 

2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “...Жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8 “Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ. а/ Уулзвар гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байна. Жолооч Э.Эрдэнэбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 68-69/,

 

тээврийн цагдаагийн албаны 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 264 дугаартай “...Тоёота маркийн 04-83 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8. “...тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Альфард маркийн 39-31 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Эрдэнэбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 91-92/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “1. П.Оюунбаатарын биед зүүн атгаал ясны доод 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал гэмтэл тоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх №08 шэ/130 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 99/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “1. Л.Оюунчимэгийн биед баруун гарын шуун ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх №2499 дугаартай  шинжээчийн дүгнэлт /1хх 121/,

    

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний авто машин техникийн үнэлгээний тайлан /1хх 151-152/, “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн авто машины хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 247-248/, 2019  оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх 12-14/, 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн “Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл” /1хх 16-19/ зэрэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Л.Бын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.8-д заасан “...тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а. уулзвар, гарцаас гарахдаа тухай орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчиж, эсрэг урсгалд орж 39-31 УБМ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч П.Оюунбаатар, Л.Оюунчимэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Ганчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, М.Ганчимэгийн эзэмшлийн 04-83 УНУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 4.666.500 төгрөг, Ш.Наадамхүүгийн эзэмшлийн 39-31 УБМ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд 6.041.700 төгрөгийн хохирол тус тус учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүхийн хэргийн үйл баримт, гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Иймд шүүгдэгч Л.Б гэм буруугүй талаархи шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Азжаргалын давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Анхан шатны шүүхээс Л.Бт торгох ялыг сонгон оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэнд нийцжээ.

 

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж хуульчилсан тул шүүгдэгч Л.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар хуульчилсан тул шүүгдэгч Л.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй болно.  

 

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Азжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Азжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

 

                             ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                              ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ