Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 152

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Нина,

Шүүгдэгч И.Батхүү, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тариачин овогт Идэшийн Батхүүд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201301021880 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Тариачин овгийн Идэшийн Батхүү, 1981 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 7 дугаар байрны 42 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ХН 81011679 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч нь И.Батхүү нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүжин” дэлгүүрийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ төрсөн ах Идэшийн Баярбатыг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Батхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ах Баярбаттай уулзаад Бүжин дэлгүүрээс нэг шил архи аваад Гантөмөр, Өлзий бид дөрөв хувааж уусан. Тэгээд Баярбат ах бид хоёр салаад явсан. Тэр үед надад 2.000-3.000 төгрөг үлдсэн байсан. Баярбат ах тэр мөнгөн дээр нэмж архи ууя гээд байсан. Баярбат ах мөнгө булаацалдаад байхаар нь би гараа татаж аваад ахыг түлхээд ахыг орхиод явсан. Ах газар бөгсөөрөө унаад босож ирээгүй би шууд цаашаа яваад өгсөн. Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ахдаа тэр мөнгийг нь өгчихдөг байж л гэж бодож байна.” гэв.

Хохирогч И.Нина шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэр бүлийн гишүүн буюу төрсөн дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэв.

Хохирогч И.Нина мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Б.Намсрай руу утсаар ярьж Шүүх эмнэлэг дээр очиж цогцос таниулж манай дүү И.Баярбат мөн байна гэж таньсан байна лээ. Тэгээд надад дүү Баярбатыг нас барсан байна гэж хэлсэн... Манай 2 бага дүү Батхүү, Баярбат нар архи нилээн уудаг...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх27-28, хх85-87/,

Гэрч Д.Гам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед талийгаачтай хамт гэр бүлийнхэнтэйгээ Зайсан толгой гараад 1 цагийн үед гэртээ ирээд хоносон. Тэгээд 2013 оны 6 дугаар сарын 20-ны өглөө талийгаач ТҮК-д ажилладаг байсан ба тэр өдөр гэртээ амарна гэж байснаа нэг өдрийн өмнө ч гэсэн ажлаа хийе гэж хэлээд байж байтал гар утас нь дуугарсан. Талийгаачийн яриад байхаар нь гар утсыг нь булааж аваад сонсоход дүү Батхүү нь "Хурдан гараачээ" гээд байхаар нь битгий хуцаад байгаач ээ гэж хэлээд утсыг нь салгасан. Тэгээд гараад явсан. “...Тэгээд талийгаачийг нас барсныг маргааш нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх31-34, хх-89/,

Гэрч Л.Баярмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 14-15 цагийн хооронд манай дэлгүүрийн урд шил, лааз түүдэг Өлзий өвгөн, хааяа орж ирж үйлчлүүлдэг Батхүү гэх залуу, манай хойд талын түүхий эд авах цэгт туслах ажилтан хийдэг Буриад Ганаа, цаашаа хараад суучихсан нэг эрэгтэй нар сууцгааж архи ууж байсан. Тэгэхээр нь гараад "Наанаа архи уухгүй шүү босоод яваарай" гэж хэлтэл одоо ингээд явлаа гэхээр нь буцаад дэлгүүр рүүгээ ороод ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Тэгтэл 30 орчим минутын дараа манай дэлгүүрийн урд талын 100 айл чиглэлийн боржур дээр 30-35 орчим насны эрэгтэй хэн дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би Өлзий өвгөнийг гадна сууж байхад нь "Чи тэр хүнийг хараад ир" гэтэл Өлзий өвгөн үзэж ирээд зүгээр хэвтэж байна гэхээр нь гаднах байдлыг ажаад зогсож байтал...удалгүй алаг тэрэгтэй цагдаа ирж, дахин гараад хартал хэвтэж байсан хүн байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх37-38, хх90-92/,

Гэрч Д.Цэрэнжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 14-15 цагийн үед манай түүхий эд авдаг цэг дээр төмөр ачсан машин ирээд Гантөмөр, Лааваа, Бямбацэцэг нар уг төмрөө хашаандаа буулгаад хураагаад гудамжны үүдэнд гарч иртэл цагдаа нар ирсэн байсан. Тэгээд над дээр цагдаа ирээд зам дээрх хүн нас барсан байна. Та энэ хүнийг яагаад нас барсныг харсан уу гэхээр нь би хараагүй одоо л гарч ирж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, хх-46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Цагдаагийн ахмад С.Одончимэгийн 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн №1094 дугаарт дүгнэлтэд:

1. Нэр хаяггүй эрэгтэй нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

2. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь хүнд зэргийн согтолт илэрсэн
байна...Цус нь АВО-н системээр AII-р бүлэгтэй байна.

  1. Хацар хөмсөгний зулгаралт нь үхэлд нөлөөгүй гэмтэл болно.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Ходоод, нойр булчирхайд цус харвалттай байна...” /хх51-53/,

Шинчээч эмч С.Одончимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Гавал тархины битүү гэмтэл бол шинэ гэмтэл...Унах цохигдох үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...Гавал тархи болон хуйханд гэмтэл тогтоогдоогүй, тэгэхээр учиргүй зодоод энэ гэмтэл учирсан гэхэд хэцүү харин унах үед гэмтэл үүснэ...хуйх болон гавал тархины ясанд гэмтэл ерөөсөө байгаагүй тэгэхээр гавал тархины энэ гэмтлийг толгойны аль хэсгээс эхэлсэнийг хэлэх боложгүй учир нь хуйх болон гавал тархины ясанд гэмтэл байхгүй байсан, талийгаачийн гавал тархины гэмтэл бол ерөөсөө битүү гэмтэл юм, унах үед ч үүсэх боломжтой, нүүр болон биед ил харагдах шинэ том гэмтэл байхгүй байсан. “...И.Баярбатын зулгаралт, шалбаралт нь хуучин байж болно. Хуучин харагдаж байгаа учир нэг цаг хугацаанд үүсэх боломжгүй. Тухайн гэмтлийн хувьд уг гэмтлийг аваад үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй, газар дээрээ шууд ухаан алдана. Тархиндаа шарх, сорвигүй хуучны гэмтэлтэй ямар ч холбоо байхгүй...” /хх58-59, хх121-122/,

 

Гэрч Б.Гантөмөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бага үд өнгөрч байх үед буюу 13-14 цагийн орчимд Өлзий өвгөн ирээд гороо тушаагаад байж байтал Батхүү Бүрлээчийн хамт ирсэн юм. Тухан үед Батхүү Бүрлээч хоёр хоёулаа халамцуу байсан боловч бүрлээч илүү халамцуу байсан юм. Бүрлээч гэдэг нь Баярбатыг хэлээд байгаа юм. Батхүү, Баярбат хоёр манайд ирээд ундааны шил сав тушаагаад 4000 орчим төгрөгтэй болоод Батхүү, Баярбат хоёр хоорондоо 2 шил архи авна гээд маргалдсан. Тэгээд Батхүү нь дэлгүүр рүү ороод ирсэн. Бүжин дэлгүүр зүүн тийшээ харсан дэлгүүр бөгөөд ертөнцийн зүгээр хойд талын буланд нь Баярбат, Батхүү, Өлзий өвгөн нарын хамтаар би суусан юм...Тэгээд Баярбат, Батхүү хоёр архиа уулгүй босоод зам дагаад урагшаа алхаж байгаад замдаа маргалдаж явж байгаад Батхүү Баярбатыг түлхэж унагаасан. Баярбат тухайн үед хажуу талаараа унаад өгсөн. Тухайн унасан газрыг нь зааж өгч чадна. Ямар байрлалаар унасныг нь ч гэсэн би зааж өгч чадна. Тэгсэн чинь Баярбат хэвтсэн газраасаа босч ирж чадаагүй, хэвтсэн газартаа л хэвтээд байсан. Батхүү түлхэж унагаачихаад л урагшаа яваад өгсөн бөгөөд эргэж ирээгүй. Дахиж манай шилний цэг дээр ирж гороо тушаагаагүй юм. Тухайн үед би Баярбат дээр очих гэсэн боловч машинтай төмөр ирээд тэр төмрийг буулгаж жинлэж хашааруугаа зөөж байгаад дуусгаад эргээд гарч иртэл цагдаа нар ирээд талийгаач Баярбатыг аваад явчихсан байсан. Би тухайн үедээ Баярбатыг Батхүү түлхэх үед унаад босч ирэлгүй унтаад өглөө л гэж бодсон. Тэгээд согтуу хүнийг цагдаа аваад явчихлаа гэж бодсон юмаа...” гэсэн мэдүүлэг. /хх93-95/,

Яллагдагч И.Батхүү мэдүүлэхдээ: “...Надад урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байна. Урьдны өгсөн мэдүүлэгт Баярбат ахыг түлхээгүй гэж худлаа мэдүүлэг өгсөн. Би мэдүүлэг өгөх үедээ айж сандарсан байсан учраас Баярбат ахыг түлхээгүй гэж худлаа мэдүүлэг өгөх болсон юм. Тухайн өдөр Дарь эхийн "Бүжин" дэлгүүрийн үүдэнд ахтай хамт ирээд "Бүжин" дэлгүүрээс орж нэг шил 0.5 литрийн 2000 төгрөгийн үнэтэй архи аваад гараад иртэл зүс таних Өлзий нэг хүний хамт зогсож байхаар нь Өлзий, талийгаач Баярбат ах, нөгөө танихгүй хүн нарын хамтаар хувааж уучихаад Өлзий болон танихгүй залуугаас салж явахаар болоод явлаа гэдгээ хэлээд салсан юм. Тэгсэн чинь Баярбат ах надаас мөнгө нэхэхэд нь надад байсан мөнгө нь 2000-3000 байсан учраас тэрийгээ үзүүлээд би одоо автобусанд сууна ажилтай гэж хэлсэн чинь энэ хоёртой нийлээд дахиад уучихъя гээд миний мөнгийг авах гээд булаах гэхээр нь би та архи ууж яах гээд байгаа юм бэ гэж хэлээд мөнгөтэй гараа татаж авсан. Тэгэхэд талийгаач замын боржуранд тээглээд бөгсөөрөө газар шороон дээр унасан. Би Баярбат ахыг унасны дараа явлаа гэдгээ хэлээд яваад өгсөн юм. “...Би тухайн үед надад байгаа нь 2000-3000 төгрөг байна гээд үзүүлсэн чинь ах мөнгө авах гээд надтай булаацалдсан юм. “...Босч ирээд архиныхаа мөнгийг нэхнэ гэж бодоод орхичихоод явсан. “...Би өөрийн үйл хөдлөлөөрөө Баярбат ахыг хэрхэн яаж унасан болохыг үзүүлж чадна. Тухайн үед ах Баярбат нилээн согтуу байсан юм. Хөл дээрээ гуйваад яваад байсан. Тэгээд би мөнгөө гаргаж ирээд тоолоод үзүүлэх үед мөнгөтэй баруун гарнаас 2 гараараа бариад авсан. Тэгэхээр нь би мөнгөө өгөхгүй гэж өөр рүү нь гараа түлхээд буцаагаад татаад авсан чинь хөлдөө боржуурт тээглээд бөгсөөрөө унаад хэвтээд өгсөн юм..." гэсэн мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, хх139-143/,

Хохирогч И.Нинагийн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 27-28/, гэрч Д.Гамын мэдүүлэг /1-р хавтас хх31-34/, 89, гэрч Л.Баярмаагийн мэдүүлэг /1-р хавтас хх36-37, 90-91/, гэрч Д.Цэрэнжавын мэдүүлэг /1-р хавтас хх-46/, шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хх51-53/, шинжээч эмч С.Одончимэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх121-122/, гэрч Б.Гантөмөрийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх93-95/, И.Батхүүгийн ял шалгах хуудас /2-р хавтас, хх-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч И.Батхүү нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүжин” дэлгүүрийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ төрсөн ах Идэшийн Баярбатыг болгоомжгүй алсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч И.Батхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч И.Батхүүг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Нина шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч И.Батхүү нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан батлагдсан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тариачин овогт Идэшийн Батхүүг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг тогтоож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар И.Батхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, И.Батхүү нь 94 /ерөн дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

3. И.Батхүүд авсан цагдан хоригдсон таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Батхүүд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР