Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 133/ШШ2021/00073

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багт оршин суух, А овогт Д-ийн М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдох,

Махны үнэ 7.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Д овогтой М миний бие 2019 оны 11 дүгээр сарын 26-нд Ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрны сурагчдын хүнсэнд мах нийлүүлэхэд хонины мах 1 киллограм нь 6000 төгрөгөөр өгөх үнийн санал өгч сургуулийн захиргаатай гэрээ байгуулсан. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 26-нд 1200 киллограм махыг нярав Г.Х-д хүлээлгэн өгсөн 1200*6000=7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг одоо болтол өгөхгүй аймгийн Аудитын газрын дүгнэлтээр 2020 оны 12 дугаар сарын 10-ны дотор ерөнхий боловсролын сургуулийг төлж барагдуулах дүгнэлт гарсан боловч одоог хүртэл барагдуулаагүй учир миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуультай мал нийлүүлэх гэрээ байгуулаад гэрээний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 26-нд нярав Х-д 1 тонн 200 килограмм махыг килограмм тутамд нь 6000 төгрөгөөр тооцож хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш корона вирус гарсантай холбоотой хөл хорио тогтоогоод сургуулийн үйл ажиллагаа зогссон учир нэг хэсгийг нь буцааж өгөөд заримыг нь зарж борлуулсан гэсэн.  Хавар мөнгөө авах гэтэл дутсан гэж хэлээд намайг хохироогоод байна. 2021 оны 01 дүгээр сарын 26-нд 3 сая төгрөг орж ирсэн. Одоо 4.200.000 төгрөг өгнө. Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө яах юм бол гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2019-2020 оны хичээлийн жилд дотуур байрны хүүхдийн хоолны хэрэгцээнд нэр бүхий малчдаас гэрээ байгуулан 4286 киллограм махыг 25.716.000 төгрөгөөр төсвийн хөрөнгөөр худалдан авсан. Улмаар 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн /ковид-19/ коронавируст халдварт өвчний улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг хааж хүнсний үлдэгдлийн судалгааг гаргах тооллогыг 2 дугаар сарын 24-ний өдөр хийхэд нягтлан бодогчийн бүртгэл дэх дансны үлдэгдэл 1219 киллограм мах агуулахад бүрэн байсан. Малчин Д.Б, Б.М нарын нэхэмжилж буй махыг худалдан авсан талаарх баримтыг нярав бүрдүүлж, нягтлан бодогчид мэдэгдээгүй тул төсвийн хөрөнгөөр төлөх боломжгүй байсныг уламжилж байна.  Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 02-нд хүлээж авсан. Тухайн хугацаанд Улаанбаатар хотод ажилтай байсан учир махыг өөрөө хүлээж аваагүй. Цар тахал гараад хичээл хаасан учир аймгийн боловсролын газар руу хүнсний үлдэгдлийн судалгаа гаргаж хүргүүлэх болсон. Ийм учраас агуулахад нярав нягтланг байлцуулаад өөрийн биеэр үлдсэн махыг тоолж үзсэн. 7 сая төгрөгийн дансан дээр үлдэх ёстой мах байсан. Малчдаас тодорхой хугацааны дараа махны нэхэмжлэл гаргаж ирсэн. 1 сард 3 долоо хоног хичээллэсэн. Энд хүүхдүүдийн идсэн махыг хассан. Аймгийн боловсролын газраас үлдсэн махыг зарж борлуул гэсэн. Улсын төсвөөс гарсан учир буцаагаад төсөвтөө төвлөрүүл гэсэн. 7 сая төгрөгийн махыг бид Баян-Уул сумд зар тавьж байгаад зарсан. Аймгийн төвд тухайн үедээ 8500 төгрөгийн үнэтэй байсан. Бид зардлаа тооцож үлдээд 6500 төгрөгөөр зарсан. Бид энэ хугацаанд үлдэгдэл мах 10 сая төгрөг болсон. 10 сая төгрөгөөс намар хичээл ороход 7 сая төгрөгөөр нь хоол бэлдсэн. 3.000.000 төгрөгийг нь эд хариуцагчаа шаардаж байгаад зээлээр өгсөн хүмүүсээс мөнгөө аваад нэхэмжлэгчид өгсөн. Эд хариуцагчийн өөрийн ажлын хариуцлага алдсантай холбоотой гэж үзэж байгаа учир байгууллагын зүгээс төлөх боломжгүй гэж үзэж байгаа. 02 дугаар сард махаа тоолоод дутсан байгааг мэдсэн. 9 дүгээр сард аудитын шалгалт ирээд шалгалтаар эд хариуцагчаар төлүүлэх дүгнэлт ирсэн. Эд хариуцагч богино хугацаанд төлөх боломжгүй учир 6 сарын хугацаанд төлж барагдуулъя гэсэн. Нэхэмжлэгч, нярав, нягтланг байлцуулж байгаад уулзалт хийсэн. Энэ талаар нэхэмжлэгч мэдэж байгаа. Үүний дараа эд хариуцагчтай уулзахад 6 сарын дараа төлж барагдуулъя гэж бичгээр бичиж өгсөн байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.М нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан махны үнэ 7.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжилсэн үнийн дүнгээс 3.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 4.200.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.  

Талуудын хооронд бий болсон үйл баримт, тохиролцоонд эрх зүйн дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Д.М нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд мах нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуулиас нийлүүлсэн махны үнэ шаардах эрхтэй байна.

Энэхүү гэрээ нь хэлбэр болон агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуультай мах нийлүүлэх гэрээ байгуулаад гэрээний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 26-нд нярав Хурандаад 1 тонн 200 килограмм махыг килограмм тутамд нь 6000 төгрөгөөр тооцож хүлээлгэж өгсөн. Хавар мөнгөө авах гэтэл дутсан гэж хэлээд намайг хохироогоод байна. 2021 оны 01 дүгээр сарын 26-нд 3 сая төгрөг орж ирсэн. Одоо 4.200.000 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж,

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...манай эд хариуцагч махыг хүлээж аваад өөрийн ажлын хариуцлага алдсантай холбоотой мах дутаасан учир байгууллагын зүгээс төлөх боломжгүй. 02 дугаар сард махаа тоолоод дутсан байгааг мэдсэн. 9 дүгээр сард аудитын шалгалт ирээд шалгалтаар эд хариуцагчаар төлүүлэх дүгнэлт ирсэн. Нэхэмжлэгч, нярав, нягтланг байлцуулж байгаад уулзалт хийсэн. Үүний дараа эд хариуцагчтай уулзахад 6 сарын дараа төлж барагдуулъя гэж бичиж өгсөн байгаа гэж тайлбарлажээ.

Зохигчид махны үнэ, чанар, хэмжээний талаар болон мах хүлээж авсан эсэх талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд гэрээний дагуу 1200 киллограм мах нийлүүлсэн болох нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн огноотой борлуулагч Мөнх, худалдан авагч Баян-Уул сумын ЕБсургууль, барааны нэр мах, тоо, хэмжээ 1.200.00, нэгжийн үнэ 6.000, бүгд үнэ 7.200.000 гэж бичигдсэн төлбөрийн даалгаврын Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, Д.М, РД:ДБ74111213, худалдан авагч ЕБС, 2019 оны 12 дугаар сарын 16, материалын үнэт зүйлийн нэр хонь мах, хэмжих нэгж кг, тоо 1200, нэгжийн үнэ 6000, нийт дүн 7.200.000 гэх зарлагын баримтын Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, хаанаас М, хаашаа Баян-Уул сургууль, бүтээгдэхүүний мэдээлэл хонь, төрөл мах, хэмжих нэгж кг, тоо 1200 гэх мал эмнэлгийн гэрчилгээний Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар гэрээний нэг тал болох Д.М нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 1200 киллограм махыг Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн няравт хүлээлгэж өгсөн нь тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль нь “Мах нийлүүлэх” гэрээний 2-д бараа, үйлчилгээний санхүүжилтийг хугацаанд нь олгоно гэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу махны үнийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуулиас махны үнэ 4.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Аварга овогт Д-ийн М-д олгох үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуулиас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 82.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуулиас махны үнэ 4.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А овогт Д-ийн М-д олгосугай.

2. Нэхэмжлэгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ЕБДС-иас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 82.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.                    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Н.ОЮУНБИЛЭГ