| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2020/00462/и |
| Дугаар | 133/ШШ2020/00614 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 133/ШШ2020/00614
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын Оргил баг, 0 тоотод оршин суух, О овогт Г-ын А-ыннэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 тоотод оршин суух, Б овогт Г-ийн Н-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А, хариуцагч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А миний бие нь Г.Н-той 2014 оны 02 сард танилцан хамтран амьдарч эхэлснээс хойш 2017 оны 06 дугаар сарын 15-нд хүү Бодьсугарыг төрүүлсэн. Тухайн үед Г.Н нь бичиг баримтгүй гэх шалтгаанаар хүүгээ би өөрийн нэрээр овоглосон. Надтай хамтран амьдарч байх хугацаандаа давхар 3, 4 хүүхэнтэй холбогдож гадуур өөр дотно харилцаатай болсон нь тогтоогдсон учир хүү Б-ын эцэг болохыг тогтоож тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би нэр төрөө сэргээх гэж, хүүхэд нь мөн гэдгийг батлах гэж нэхэмжлэл гаргасан. Би тэтгэмж авахгүй, энэ хүнийг өөрөө хүүхдээ авч өсгө гэж өөрчилж байна. Би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Би сургуулийн байгууллагад ажилладаг. 3 настай хүүхдийнхээ эцгээ гээд зовоод шаналаад яваад байхыг харчихаад тэр хүүхэнтэйгээ нийлээд бид хоёрыг доромжлоод хүүхдийнхээ зовлонгоор жаргал хийгээд явдаг. Манай хүүхэд цэцэрлэг дээрээ унтахаа байсан, хоол унднаас гарсан. Би энэ хүнийг хүүхэдтэйгээ уулз гэхээр уулздаггүй. Тэр хүүхэнтэйгээ нийлээд сум дээр лам авч ирээд бид хоёрыг харааж ална гэдэг. Энэ хүн энд тэнд хүүхэд хийгээд яваад байдаг. Ямар ч хариуцлагагүй. Ийм учраас би энэ хүнд хүүхдийг нь өгч өсгүүлнэ. Би нэхэмжлэлээ өөрчлөөд энэ хүнийг хүүхдээ авч өсгө гэж хэлмээр байна. Монголын цагдаа миний төлөө ажилладаг гэж хэлдэг. Шүүхийнхэн миний төлөө хүүхдийг чинь биш гэж баталж өгнө гэж хэлээд явж байсан. Тангараг өргөсөн төрийн албан хаагч энэ хүний үгээр явахгүй байх. Би хүүхдээ авч өсгө гэж хэлмээр байна. Энэ хүн надтай байхдаа хэдэн ч хүнтэй явж байсан юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлүүлмээр байна гэв.
Хариуцагч Г.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А надад холбогдуулан гаргасан эцэг тогтоолгож, хүүхдийн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Г.А нь удаа дараа чиний хүүхэд биш гэж хэлж байсан. Мөн миний байхгүй байсан хугацаатай таарч байгаа тул миний хүүхэд биш гэж үзэж байна. Иймд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж өгнө үү. Иймд иргэн Г.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна. Учир нь би хүүхдийн тэтгэлгийг бүрэн төлөх боломжтой. Хүүхдийн тэтгэлгийг төлөхөөр байгаа. Би өөр дээрээ энэ хүүхдийг авч өсгөмөөргүй байна. Яагаад гэхээр энэ хүний барьцаанд орох гээд байна. Би энэ хүнээс салах сонирхолтой, цаашид хамтран амьдрах боломжгүй. Удаа дараа намайг сэтгэл санаагаар дарамталж байсан. Миний ар гэр ч гэсэн энэ хүнээс салах сонирхолтой. Би энэ хүнээс нэг мөр холдмоор байна. Энэ гаргасан нэхэмжлэл дээр нь хүүхдийн тэтгэлгийг бүрэн төлнө. Энэ хүн 2019 оны 05 дугаар сарын 29-нд миний ээжээс дарамталсаар байгаад 200.000 төгрөг авч лам, бөөгөөр явсан байсан. Энэ талаар миний ээж өөрөө ярьсан. *** ламаар явж байгаа нь өөрийнх бие болохгүй байсан учир өөрийнхөө эгчийг дуудаж ирж үзүүлж харуулсан гэсэн. Энэ *** гэдэг хүн хамааралгүй. Энэ хүн өөрөө мессеж бичиж дарамталдаг. Би энэ хүнээс салсан, бүрэн хоёр тийшээ болсон гэж үзсэн учир би Тунгалагтай нийлсэн. Хүүхдээ над дээр өгөх гээд байгаа шалтгааныг ойлгож байна. Би хүүхэдтэйгээ уулзах гээд 2 удаа очсон. Нэг удаа очиход гэрээ түгжчихээд намайг гаргахгүй байсан. Өмнөх долоо хоногт очиж уулзсан. Би хүүхдээ санаад байсан. Би ээжээсээ зөвшөөрөл аваад ээжтэйгээ хамт гэрт нь очоод ээжийг оруулахад энэ хүн зөрөөд гарч ирээд миний машинд суугаад эргээд нийлье хүүхдээ бодож байна гэсэн. Тэгэхээр нь үгүй би нэгэнт шийдсэн гэхэд би чамайг ажилгүй болгоно, сүйтгэнэ гэсэн. Би хүүхдийнхээ тэтгэлгийг 100 хувь төлнө. Тэгээд буухдаа миний машин руу 4, 5 чулуу авч шидсэн. Тэгэхэд намайг дайрах гэсэн гэж мэдүүлэг өгсөн байсан. Би хүүхдээ зөвшөөрөөд хэдэн жил өсгөж хүмүүжүүлээд явсан. Үүнийг баталгаажуулахын тулд шинжилгээ хийлгэсэн. Би хүүхдийн тэтгэлгийг 100 хувь төлнө. А-ын өөрчилж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авмааргүй байна. Хүүхэд эх дээрээ байсан нь дээр байх гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Г.Н-д холбогдуулан хүү А-ын Б-ын эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Г.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хүү А-ын Б-ыг эцэг Г-ийн Н-ын асрамжид өгөхийг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагын талаар хариуцагч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар татгалзалдаа ...нэхэмжлэгч Г.А нь хүүхдээ миний асрамжид өгч намайг барьцаалах гэж байна. Би энэ хүнээс салах сонирхолтой, дарамтнаас салахыг хүсэж байна. Би хүүхдийн тэтгэлэгийг 100 хувь төлнө. Тийм учраас хүүхдээ асрамждаа авахгүй, хүүхэд эх дээрээ байсан дээр...гэж маргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй хэдийч хариуцагч тал нь хүү А.Б-ыг өөрийн асрамжид авахгүй гэж маргаж байх тул хүүхдийн асрамжийн асуудлыг хүчээр буюу албадлагаар шийдвэрлэх боломжгүй юм. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн асрамжийн талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан байгаа боловч энэ зохицуулалтын агуулга нь хүүхдийг өөрийн асрамжидаа авах талаарх маргааны талаарх асуудал бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч талууд аль аль нь асрамжидаа авахаас татгалзаж байгаа маргааныг шүүх шийдвэрлэж, асрамжидаа авах сонирхолгүй байгаа этгээдэд хүүхдийг олгохоор шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д заасныг баримтлан Г-ийн Н-д холбогдох, хүүхдийн асрамж тогтоолгох тухай Г-ын А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН