| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/0165/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/276 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/276
2024 03 04 2024/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,
улсын яллагч:Д.Ганчимэг
шүүгдэгч: Ц.А нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Амарсанаад холбогдох эрүүгийн 2308029121866 тоот хэргийг 2024.01.09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ***-нд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-4 эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн **** хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн *** хороо ***** тоотод оршин сууж байгаа гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй /РД:******/ Гэгээн овогт Ц.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.А нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8а байрны 63 тоотод байрлах гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өглөөний 10 цагийн орчимд хамтран амьдрагч Ө.Н хардалтын улмаас зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Шуурхай дуудлагын хуудас, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-4,5/,
- Хохирогч Ө.Н: "Манай нөхөр намайг нүүрээ будаад гоёж гангалаад хэндээ гоё харагдах гээд байгаа юм бэ? Чи хаашаа явах гэж байгаа юм бэ? гээд хардаад уурлаад байхаар нь би "Өнөөдөр би жолооны шалгалттай гаж өмнө нь чамд хэлж байсан шүү дээ, Чи яах гэж ингэж байдаг юм бэ" гэсэн манай нөхөр "Жолооны багш чинь чамайг дуудсан юм уу? Одоо гэрийн гадаа хүлээж байгаа юу” гээд намайг буйдан дээр сууж баруун, зүүн хацар руу хүчтэй алгадаад хоёр хөлөөрөө ээлжлээд хацар, толгой хэсэг рүү хүчтэй өшиглөж байснаа намайг үсдээд том өрөөний паркатен шалан дээгүүр чирээд би "Одоо болиочээ" гэж хэлсэн чинь намайг тонгойсон байхад нурууны гол хэсэгт гараараа хүчтэй цохиод босоод ир гээд уурлаад байхаар нь би "Чи зөв ойлголдоо, уураар битгий юмыг шийдэж бай би өвдөж байна" гэсэн чинь хоёр гарын шуу хэсгээс чанга базаад гар хөдөлгөхгүй барьж байснаа миний нүүр рүү нулимсан. Манай нөхөр "Би Цагдаагийн том ар талтай шүү чам шиг юмнаас айхгүй шүү тултал нь яваарай" гээд айлгаад сүрдүүлээд байсан. Би тухайн үед миний өмссөн гэрийн халаадны бүсийг шувт татаж аваад миний хоолойг боогоод чирээд би "болиочээ" гэж хашхирах үед миний амьсгал боогдоод нүд харханхуйлж унах гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан Үүний дараа миний хоёр шанаа чих рүү гараараа цохьсон. Тэгтэл манай гэрийн хаалгыг чанга нүдээд байхаар нь манай нөхөр онгойлгосон чинь цагдаа нар ирчихсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-30-34/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023.09.26-ны өдрийн 12106 дугаартай “Ө.Н биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, хоёр чих, зүүн хөхлөг сэртэн, дээд уруул, баруун, зүүн бугалга, сарвуу, баруун шуу, тохой, цээж, баруун гуянд цус хуралт, хоёр хацар, зовхи, зүүн хацар, чих, хөхлөг сэртэн, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хоёр тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун бугалганы цус хуралт гэмтэл нь үзүүлсэн өдрөөс 3- 5 хоногийн өмнө, баруун гуяны цус хуралт гэмтэл нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Харин бусад гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун бугалга, гуяны цус хуралт нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-39-40/,
- Яллагдагч Ц.А: “Намайг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед сэрэхэд эхнэр Ням-Очир өглөө эрт босоод хоёр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд буцаж ирээд гарах гээд нүүрээ будаж байсан. Би урд шөнө нь айлд машин янзалж байгаад шөнө 01 цагийн үед ирсэн байсан. Нүүрээ буддагүй хүн гоёж гангалаад хаашаа явах гэж байгаа юм бэ? гэхэд битгий хуцаад бай жолоондоо явах гэж байна. Чиний тэнэг индүү чинь хувцас түлээд хаячихлаа гэсэн. Индүүд чинь ус хийдэг биздээ чи тэнэг юм уу? Би ямар индүүг чинь барьж байгаад түлчихсэн юм уу? гээд хэрүүл эхэлсэн. Өмнө нь жолоондоо явахдаа нүүрээ будаад байдаггүй гэрийнхээ хувцастайгаа гараад явчихдаг хүн гоёж гангалаад байхаар нь гайхсан. Өмнө нь нэг удаа намайг хөдөө жуулчны автобус барьж явж байгаад ирэхэд гар утсаа авахгүй байхаар нь залгасаар байгаад гар утсыг нь авхуулаад очсон чинь хоёр залуутай хоёр хүүхэнтэй хамт нийтийн караокед уугаад сууж байсныг нь бодоод гэнэт гайхаад хардах сэтгэл төрсөн Миний өөдөөс хэрэлдээд байхаар нь би эхнэрийгээ нүүр рүү нь 2,3 удаа алгадаад миний нүүрийг маажхаар нь би үсдээд шалан дээгүүр чирээд нуруу руу нь гараараа эвгүй цохьчих шиг болсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан бөгөөд намайг уурлахаар хэмжээнд хүргэж миний дургүйг хүргэсэн болохоор тухайн өдөр эхнэр бид хоёрын хооронд таарамжгүй харилцаа үүсэж би эхнэртээ гар хүрсэн. Өөрийн хийсэн үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байна. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар орж ирээд эхнэр бид хоёроос мэдүүлэг авсан. Манай эхнэр тэр чигээрээ яваад хоёр хүүхдзэ цэцэрлэгээс нь аваад ээж, аавынхаа гэр рүү яваад өгсөн. Үүнээс хойш гэрээс ирж хамаг хувцас өөрийнхөө авч байсан гал тогооны тавилга гэх мэт зүйлсээ аваад явсан. Би одоо ганцаараа гэртээ амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хх-97-98/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Ц.А хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.А нь хохирогч Ө.Н 2016 оноос хойш гэр бүлийн баталгаагүй хамтран амьдарч, дундаасаа 3 настай охин, 2 настай хүү төрүүлж өсгөн бойжуулж байгаа болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хамтран амьдрагч, хүүхдүүд, төрсөн эгч Л.Ч, түүний хамтран амьдрагч болон аюулын эрсдлийн зэрэг “4 оноо” гэх үнэлгээ /хх-11-12/ зэрэг баримтуудаар тогтоогдож тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.А хохирогч Ө.Н нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.
Шүүгдэгч Ц.А нь Сонгинохайрхан дүүргийн **** хороо **** тоотод байрлах гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өглөөний 10 цагийн орчимд хамтран амьдрагч Ө.Н хардалтын улмаас зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 Дараахь зардлыг дор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус заасан тул хохирогч Ө.Н иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даагалын байгууллага нь шүүхээс гэм буруутайд тооцсон этгээдээс эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг шаардах эрхтэй байна.
Хохирогч Ө.Н нь нийт 818000 төгрөгийн баримт гаргаж Ц.А нэхэмжилж байх бөгөөд Ц.А нь 680000 төгрөгийг Н.Н эзэмшдэг данс руу шилжүүлсэн байх тул үлдэгдэл төлбөр 138000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.А нь 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд 120000 төгрөгийг шилжүүлсэн нь Төрийн банзны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул тухайн байгууллагад төлөх төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч Ц.А нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, одоо эдлээгүй үйлдсэн ял 3 сар 1 хоногийн хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байгаа болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.01.11-ний өдрийн 04/1062 тоот албан бичиг, шийтгэх тогтоолын хуулбар хувь, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр өөр бүлэгт заасан гэмт хэрэгт шийтгүүлж буй тул түүний урьд ял шийтгүүлэн, ялын үлдэгдэлтэй байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын ихэнх хэсгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон төрөл, хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, ялын хугацааг 400 цагийн хугацаагаар тогтоож ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.
Өмнөх гэмт хэрэгт шийтгүүлсэн зорих эрхийг хязгаарлах ялыг дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусд нь эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Ц.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.А өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.А оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.21-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг тус тусд нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.А 138.000 /нэг зуун гучин найман мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Н олгосугай.
5. Шүүгдэгч Ц.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Ц.А нь Эрүүл мэндийн даатгалын төрийн санд 120000 төгрөгийг шилжүүлсэн болохыг тус тус дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг Ц.А мэдэгдсүгэй.
.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ