Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2021/00098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь см дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Говь-Алтай *** сумын Жинст баг 5-р байр, *** тоотод оршин суух, Б овогт Р-ийн Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ***д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Т нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтанаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 17-ны өдрийн “Р.Т-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/96 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Засаг дарга О.А нь хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг дуусгавар болгох, цуцлах нөхцөл байдал бий болоогүй байтал Р.Т надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Тодруулбал, тус захирамжийн гарах эрх зүйн үндэслэлийг тодорхойлохдоо хэд хэдэн хуулийг үндэслэл болгосон боловч тус хуулийн үндэслэлүүд нь Р.Т намайг ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл болж чадахгүй юм. Р.Т миний Говь-Алтай аймгийн Засаг даргатай 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил буюу 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр байхаар тусгагдсан. Гэтэл Засаг дарга О.А нь тус гэрээний үндсэн нөхцөлийг зөрчиж гэрээний хугацаа дуусаагүй, ямар нэг ноцтой зөрчил гаргаагүй байтал гэрээг цуцалж байгаа нь хууль болон бидний хооронд байгуулсан гэрээг ноцтойгоор зөрчсөн хэрэг болоод байна. Тус хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нөхцлүүдийг заасан бөгөөд эдгээр нөхцлүүдийн аль нэг нь бий болсон тохиолдолд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах эсэх асуудал яригдах юм. Гэтэл дээрх нөхцлүүдийн аль нь ч бий болоогүй байхад Засаг дарга О.А нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалж буй нь үндэслэлгүй юм. Иймд Р.Т намайг Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 674.350 гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү. Говь-Алтай аймгийн Засаг дарга Р, А гэх хэн нэгэн хувь хүнд биш Засаг даргад үйлчлэх албан тушаалын чиг үүрэг байсан. Энэ чиг үүргийн дагуу үйлчилж байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан. Хэрвээ намайг ажил тасалсан, бүртгэл хийгдээгүй гэж үзэж байгаа бол тухайн бүрд нь арга хэмжээ авалгүйгээр цалинг ажил хийсэн гэж үзэж олгож байсан гэдэг нь үндэслэлгүй байна. Би ажил үүргээ гэрээний дагуу гүйцэтгэж байсан. Засаг даргын Тамгын газарт ажиллах байр, өрөө байхгүй гэсэн учраас миний нутаг телевизийн байрнаас үйл ажиллагаа явуулаач гэсэн санал тавьсны дагуу тухайн газраас чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Гэхдээ Засаг даргын Тамгын газар байнгын ирж очин ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Аймгийн Засаг дарга О.А намайг халах үеэр дэлхий нийтэд цар тахал гарсан улмаас онц байдал зарласан үе байсан. Энэ үед Засгийн газрын Ерөнхий сайд болон Улсын онцгой комиссоос төрийн албаны нийт ажилчдад хамаарсан ажлаас чөлөөлж болохгүй тухай шийдвэр гарсан. Гэтэл энэ үеэр намайг ажлаас чөлөөлсөн нь ноцтой зөрчил гэж харж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт “Хэвлэл мэдээллийн ажилтан”-ны ажил, албан тушаалд ажиллаж байсан Р.Т-ийн аймгийн Засаг даргад холбогдох, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Р.Т нь аймгийн Засаг даргатай 2020 оны 05 сарын 15-ны өдөр гэрээ байгуулан орон тооны бус ажлын байр буюу хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж эхэлжээ. Тус ажлын байр нь талуудын байгуулсан гэрээнд зааснаар зөвхөн шаардлагатай үед аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд ирж ажиллах, Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтны үүргийг давхар хариуцах орон тооны бус ажлын байр байна. Мөн тус ажлын байр нь Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх хэвлэл мэдээллийн ажилтныг томилсон. Энэ хүрээнд нэхэмжлэгчийг буюу орон тооны бус ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул “Хэвлэл мэдээллийн ажилтан”-ны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э: Нэхэмжлэгч Р.Т-ийг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамж нь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэх бүрэн эрхийн хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хуулийн зохицуулалт хэрэглэсэн. Захирамжийн үндэслэлд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, Хөдөлмөрийн тухай  37 дугаар зүйл, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэсэн. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т “улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал” Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-т “хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан” 38 дугаар зүйлийн 38.1.2-т “ажил олгогч санаачилсан” гэж заасан тус тус заалтыг үндэслэсэн. Тухайн ажлаас чөлөөлөх захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч Р.Т болон аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний дуусгавар болох нөхцөлийг тодорхой тусгасан. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай зааж өгсөн. Мөн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай ажилтан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох тухай тусгаж өгсөн. Энэ нь тус хуулийн зохицуулалтыг нэг бүрчлэн тусгаж өгөөгүй учраас аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн захирамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр гэж үздэг. Ийм учраас хэлцэл хийхэд тавигдах хууль зүйн шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой. Харин уг шаардлагыг хангаагүй бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан гэрээ хүчин төгөлдөр бус болох агуулгатай. Тухайлбал ажил олгогч ажилтан өөртөө давуу байдлыг тогтоосон, хөдөлмөрийн гэрээний заалт хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх, ажил олгогч ажилтан аль нэг нь хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан гэх зэрэг үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгдөг. Хөдөлмөрийн гэрээгээр ажилтан байгууллагын дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийг норм нормативын дагуу албан үүргээ гүйцэтгэдэг. Харин гэрээнд заасны дагуу өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэх агуулгатай. Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-т “ажилтан шаардлагатай тохиолдолд Засаг даргын Тамгын газар ажиллах бөгөөд цагийн бүртгэлийг 7 хоног бүрийн 1 дэх, 3 дах өдөр бүртгүүлнэ” гэж заасан. Шаардлагатай үе гэж ямар үе байх вэ? гэдгийг хөдөлмөрийн гэрээнд тусгаж өгөөгүй.  Нэхэмжлэгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цагийн бүртгэл байхгүй байгаа. Цагийн бүртгэлд бүртгүүлээгүй талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүнээс юу харагдаж байна гэхээр ажилтан тухайн хугацаанд ирж ажиллаагүй байна. Эсвэл тухайн хугацаанд шаардлагатай тохиолдол гараагүй байна гэж харагдаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч болон хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой үндэслэл, татгалзалтай холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл цагийн бүртгэл хийж байсан тухай нэхэмжлэгчээс нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Мөн тухайн хугацаанд ажилласан гэх ажлын тайлан байхгүй байна. Хөдөлмөрийн гэрээний тухайд ихэвчлэн ажил олгогч өөрт давуу байдлаар гэрээ байгуулан улмаар шүүх дүгнэлт өгөх замаар гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх практик байдаг. Энэ тохиолдолд ажил олгогчоос илүү ажилтан өөртөө давуу байдал бий болгосон хөдөлмөрийн гэрээний нөхцөл дордуулсан байдаг. Тухайлбал гэрээний 2.2-т  “ажилтан ажил, амралтын цагийг чанд мөрдөнө” гэж заасан байгаа боловч 1.5-т “зөвхөн шаардлагатай тохиолдолд Засаг даргын Тамгын газар ирж ажиллана. 7 хоног бүрийн 1 дэх, 3 дах өдрүүдэд цагийн бүртгэл бүртгүүлнэ” 4.2.3-т “ ажилтан ажлын онцлогоос шалтгаалж цагийн бүртгүүлээгүй нь түүнийг ажил тасалсан гэж үзэх үндэслэл болохгүй” гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч шаардлагатай үед ажлын байранд ирэхгүй байж болохоор хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь харагдаж байна. Өөртөө давуу байдал олгосон хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд эргэлзээтэй байдал үүснэ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т заасан хууль тогтоомжид заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэсэн зохицуулалтыг харж болохоор байна. Мөн хөдөлмөрийн гэрээнд ажлын газрын байршлыг Засаг даргын Тамгын газар гэж тодорхой заасан боловч шаардлагатай үед ирж ажиллана гэдэг байдлаар хэрэгт авагдсан цаг бүртгэлийн системд нэг ч удаа ирж ажиллаагүй нөхцөл байдал байгаа. Тамгын газар байрлаж ажиллахгүйгээр тогтоосон гормын дагуу биш ажил үүргийг гүйцэтгэж байсан хэрэг авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй хавсаргаж хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт нь 05 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Ханлиг Тайшир ХХК болон аймгийн Засаг даргын Тамгын газраас зэрэг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь буюу үндсэн ажлын зэрэгцээ өөр ажил эрхэлж байсан байдал харагдаж байгаа. Энэ нөхцөлөөс харахад хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй.  Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харьяалагдана” гэж заасан. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол тухайн байгууллагатай харьяалагдаж тухайн байгууллагын дотоод журам болон ажлын цаг бүртгүүлээд ажлын байранд үйл ажиллагаа явуулах байсан. Ийм учраас нэгдүгээрт захирамж хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт хөдөлмөрийн гэрээ гэж байгуулсан гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байж болзошгүй нөхцөл байдал байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Р.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч Р.Т нь Говь-Алтай аймгийн ***д холбогдуулан “хэвлэл мэдээллийн ажилтанд” эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл бичилт хийлгэхээр шаарджээ.

Уг шаардлага нь хууль зүйн утгаараа урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага юм.

Нэхэмжлэгч Р.Т нь аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдсон болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаартай “Р.Т-ийг хэвлэл мэдээллийн ажилтнаар томилох тухай” захирамжийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,  Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/96 дугаартай “Р.Тийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн эх хувь, Р-ийн Т-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Р.Т нь засаг даргын тамгын газартай хөдөлмөрийн гэрээ байгуулан, ТҮ-7-1 шатлалаар цалинжин ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо иргэний хэргийн шүүхэд гаргасан нь нэхэмжлэгч хэргийн харъяалал  зөрчөөгүй байна.

Р.Т нь  Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/96 дугаартай “Р.Тийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.   

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Говь-Алтай аймгийн Засаг даргатай 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил буюу 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр байхаар тусгагдсан. Гэтэл Засаг дарга О.А нь тус гэрээний үндсэн нөхцөлийг зөрчиж гэрээний хугацаа дуусаагүй, ямар нэг ноцтой зөрчил гаргаагүй байхад гэрээг цуцалж байгаа нь хууль болон бидний хооронд байгуулсан гэрээг ноцтойгоор зөрчсөн. Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Р, О.А гэх хэн нэгэн хувь хүнд биш Засаг даргад үйлчлэх албан тушаалын чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийн дагуу үйлчилж байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч тал ...аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн захирамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчоос илүү ажилтан өөртөө давуу байдал бий болгосон хөдөлмөрийн гэрээний нөхцөл дордуулсан хүчин төгөлдөр бус гэрээ, мөн гэрээнд ажлын газрын байршлыг Засаг даргын Тамгын газар гэж тодорхой заасан боловч шаардлагатай үед ирж ажиллана гэдэг байдлаар цаг бүртгэлийн системд нэг ч удаа бүртгүүлээгүй, ирж ажиллаагүй нөхцөл байдал байгаа. Захирамж хуульд нийцсэн гэж үзэж байна гэж татгалзаж маргажээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/96 дугаартай захирамжинд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Г-ын бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хэвлэлийн төлөөлөгч Р.Т-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/33 тоот захирамжаар нэхэмжлэгч Р.Т-ийг засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т заасан улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал хамаарна гэснийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасан  хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэлийг, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогч санаачилсан гэснийг тус тус үндэслэжээ.

Нэхэмжлэгчийн шаардлага нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага байх ба үүнийг авч үзэхийн тулд түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын байдлыг тодруулахад нэхэмжлэгч нь анх ажилд томилогдсон захирамжийг шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, хариуцагч талаас Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаартай аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтнаар Р-ийн Т-ийг томилсон захирамжийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалыг уг захирамжаар тодорхойлж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаартай захирамжаар томилсон албан тушаалыг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаж маргаагүй байна.  

Нэхэмжлэгч Р.Т-ийг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаартай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг үндэслэж ...аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтнаар томилсон ба уг заалт нь тухайн хуульд төрийн улс төрийн албан тушаалыг тодорхойлж зохицуулсан хэсэгт хамаарч байх бөгөөд 11.1-д төрийн улс төрийн албан тушаалыг тодорхойлж, 11.1.10-т ...хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалыг оруулж заажээ. Өөрөөр хэлбэл энэхүү албан тушаал нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны хэвлэл мэдээллийн ажилтан буюу төрийн улсын төрийн албан тушаалд хамаарч байх бөгөөд улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдвөл зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны хэвлэл мэдээллийн ажилтан төрийн албан хаагчийн ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохоор байна.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хувьд авч үзвэл хариуцагч тал ...ажилтан өөртөө давуу байдал олгосон хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд эргэлзээтэй байдал үүснэ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т заасан хууль тогтоомжид заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэсэн зохицуулалтыг харж болохоор байна. Хөдөлмөрийн гэрээ гэж байгуулсан гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байж болзошгүй гэж маргажээ.

Ажил олгогчийг төлөөлж Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, ажилтанг төлөөлж хэвлэл мэдээллийн ажилтан Р-ийн Т нар нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Уг хөдөлмөрийн гэрээний 1.1-д эрхлэх ажил, албан тушаал хэвлэл мэдээллийн ажилтан гэж, ...1.8-д орон тооны бус ажлын байр, 1.9-д 2020 оны 05 дугаар сарын 15-наас 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай гэж тохиролцсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харьяалагдана гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний зарим заалт хүчин төгөлдөр бус байх нь түүнийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй ба Төрийн албаны тухай хуульд тухайн улсын төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд ажиллахаар тодорхойлсон нь ажиллах хугацааг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасны дагуу болох үйл явдлаар буюу албан тушаалтны бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлж заасан байхад 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тухайн заалт буюу хөдөлмөрийн гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч тайлбарлахдаа хувь хүнд бус албан тушаалд үйлчлэх ажлын байр гэсэн агуулгаар мөн тайлбарлажээ. Тухайн ажил албан тушаалыг улс төрийн албан тушаал байхаар хуульд тодорхойлсон зорилго нь ажиллуулж буй албан тушаалтан нь улс төрийн албан тушаалтан байгаа нь төрийн улс  төрийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ үйлчлүүлэх зорилгыг агуулсан байх ба хуульд орсон үгийн шууд утгаар болон энэ зорилгын агуулгаар хуулийг тайлбарлахад албан тушаалд бус албан тушаалтан, бие хүнд үйлчлэх албан тушаалтан байна.

Иймд хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б овогт Р-ийн Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-д заасныг үндэслэн хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б овогт Р-ийн Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН