Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 154

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Д.Цолмон,

хохирогч Б.Мөнхтамир,

шүүгдэгч Ж.Одбаяр, түүний өмгөөлөгч Н.Саранчимэг нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Ниийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бэсүд овогт Жанцангийн Одбаярт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн эрүүгийн 201625014444 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Бэсүд овогт Жанцангийн Одбаяр, 1974 оны 01 дүгээр 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 2-27 тоотод оршин суух хаягтай,

Урьд 1997 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхээр Монгол улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан зүйл ангиар 5 жил хорих ялаар шийтгүүлж 1998 онд тэнсэн суллагдсан, 2000 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 150 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ялаар,

  1. оны 12 сарын 19-ны өдрийн 754 дугаартай Баянгол дүүргийн шүүхийн таслан шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

2002 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 53 дугаар Хар хорин дахь сум дундын 2-р шүүхийн таслан шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дэх хэсэгт зааснаар ял эдэлж байхдаа гэмт хэрэг үйлдэж 1 жил хорих ялаар шийтгүүлж 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүгчийн 671 дугаартай захирамжаар тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан санаа бүрэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ЧМ74011972 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ж.Одбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кино үйлдвэрийн автобусны буудал орчим таксины жолооч Б.Мөнхтамиртай маргалдан зодож биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Одбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хохирогчид хохирлын мөнгийг нь өгч, уучлалт гуйж эвлэрэх хүсэлтэй байна.” гэв,

Хохирогч Б.Мөнхтамир шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би таксинд явж байсан. Би нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр ажил хийх боломжгүй. Би л ажил хийдэг. Би шүүгдэгчийг анх таксинд суухад нь та тооцоогоо хийх үү гэхэд санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд явж байхад миний зүүн гар уу цохиод элдвээр хэлээд, чиний муу Приус гээд цохиод байсан. Ард суусан залуу эгчээ та чимээгүй яваарай, энэ хүн архи уухаараа ийм зан гаргадаг гэсэн. Тэгээд шүүгдэгч намайг явдаг эмэгтэй гэж хэлэхээр нь би явдаг эмэгтэй хүн гэж байдаг байх би явдаг нь биш гэж хэлсэн. Кино үйлдвэрийн автобусны буудал дээр ирээд зогсох гэхэд шүүгдэгч тоормос дээр гишгих гээд байсан. Тэгээд би зогстол шүүгдэгч зугтаасан. Шүүгдэгчээс нөгөө залуу мөнгө аваад өгье гээд бид хоёр хамт шүүгдэгчийн араас буугаад очтол шүүгдэгч намайг цохиод байсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр очиход урьд шөнө энэ хүн надтай хоносон. Миний гар утсыг авсан гэж хэлсэн. Цагдаа намайг та биеэ үнэлдэг хүн юм уу, та энэ хүний гар утсыг авсан юм уу гэж хэлсэн. Би өөрийнхөө хөдөлмөрөөр амьдардаг хүн. Байцаагч намайг таныг энэ хүн биеэ үнэлдэг гэж хэлж байна гээд байсан. Намайг шүүгдэгч биеэ үнэлэгч, хулгай хийсэн гэж хэлсэнд нь би маш их гомдолтой байгаа. Би 2 удаа толгойгоо бариулсан эмчилгээ хийлгэсэн. Эхлээд би толгойгоо бариулахад зүгээр болоогүй. Харин дараа нь өөр хүн дээр очиход зүгээр болсон. Би шүүгдэгчээс 1.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Би бүтэн 7 хоног гэртээ хэвтсэн. Дээр нь бариулсан. 1 бариа 10.000 төгрөг юм билээ. Би 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн ар гэрээс нь надад нэг сая төгрөгийг өгч, өөрөө уучлалт гуйсан тул би одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Бид эвлэрсэн тул хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №16393 дугаартай дүгнэлт:

  1. Б.Мөнхтамирын биед тархи доргилт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Гэрч М.Отгонбаяр хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өглөө 10 цагийн үед ажилдаа гарахаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр үүдэнд сууж байсан чинь гаднаас таксины жолооч гэх эмэгтэй нэг согтуу эрэгтэй хүн зодуулчлаа гэсээр дагуулж орж ирэхэд нөгөө хүн нь манайд байнга саатуулагддаг Одбаяр гэдэг хүн байсан ба бид нартай маргалдаад согтуурхаад байхаар нь саатуулсан. Хохирогч эмэгтэйн хэлснээр гадаа машин дотор янз бүрийн үгээр доромжилж янхнаар дуудсан гэж хэлсэн. Цагдаагийн хэлтэс дээр орж ирэхдээ хохирогч эмэгтэй Одбаяр хоёр хоёулаа орж ирсэн өөр хүн байгаагүй, хохирогч эмэгтэй өөр нэг хүнтэй хамт хоёулаа такси барьсан гэж байсан. Тухайн үед хохирогч эмэгтэй нүүрэнд цохьсон гэж байсан өөрөөр ил харагдах шарх гэмтэл харагдаагүй...” гэсэн мэдүүлэг.

Яллагдагч Ж.Одбаяр хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “... Би 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр гэрт хамт архи уусан. Мөнхсайхан гарахдаа гар утас аваад явсан байхаар нь утсаа авахаар гэрт нь очсон байхгүй болохоор нь такси барихад эмэгтэй жолооч, хажууд нь хар хувцастай залуу суусан байсан. Тэгээд хороололд байдаг начин заан ломбардан дээр очиж эгчээс гэж 500.000 төгрөг авчаад шууд офицер руу явсан. Явах замдаа кино үйлдвэрийн орчим явж байгаад таксины мөнгө хэд гарсаныг асуухад 20.000 төгрөг гэхээр нь согтуудаа уур хүрээд шуналтай янхан бэ гээд үсдсэн, машинаа зогсоохоор нь буугаад зугтаасан чинь араас нөгөө эмэгтэй хамт явсан залуугийнхаа хамт замын хойд талд залуу нь намайг бариад авсан. Тэгтэл нөгөө залуу арын халаасанд байсан хэтэвчтэй мөнгө аваад явахаар нь араас нь явах гэсэн чинь жолооч эмэгтэй намайг зуурчаад болохоор нь үсдэж доош нь дарж гарыг нь тавиулаад хэтэвч авч явсан залуугийн араас нь очоод мөнгөө авсан чинь тэр хоёр намайг машиндаа суулгаад  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү жолооч эмэгтэй оруулж өгөөд саатуулагдсан. Би хохирогч эмэгтэйг үсдсэн, гарыг нь тавиулсан өөр гар хүрээгүй. Би ах дүү нараас мөнге нэхэж очиход дуудлага өгч баривчилгаанд явдаг, архи уугаад байдаг болохоор архины эмчилгээнд явуулдаг.  Би тухайн өдөр согтуу байсан, болсон үйл явдлыг санаж байна...” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Б.Мөнхтамирын мэдүүлэг /хх9-11, 31-32/, гэрч М.Отгонбаярын мэдүүлэг /хх39-40/, гэрч С.Ганцэцэгийн мэдүүлэг /хх33-34/, ял шалгах хуудас /хх-16/, гэрч А.Мөнгөнчөдөрийн мэдүүлэг /хх35-37/, гэрч Ж.Тунгалагийн мэдүүлэг /хх-38/, сэжигтэн Ж.Одбаярын мэдүүлэг /хх45-48/, хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ж.Одбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кино үйлдвэрийн автобусны буудал орчим таксины жолооч Б.Мөнхтамиртай маргалдан зодож биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Ж.Одбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Одбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Одбаяр нь урьд шүүхээр ял шийтгүүлж байсан боловч хуульд заасан ялтай байх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Одбаяр, хохирогч Б.Мөнхтамиртай сайн дураар эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрсэн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгч байх тул Ж.Одбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Мөн Ж.Одбаярын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд хохирол төлбөрт олгохоор байршуулсан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Б.Мөнхтамирт олгохоор шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ж.Одбаяр нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Ж.Одбаяр нь хохирогч Б.Мөнхтамиртай сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ж.Одбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бэсүд овогт Жанцангийн Одбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчтой сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Одбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид бэлнээр 700.000 /долоон зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

3. Энэ өдрөөс Ж.Одбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Ж.Одбаярын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд хохирол төлбөрт олгохоор байршуулсан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Б.Мөнхтамирт олгосугай.

5. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Одбаярт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР