Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 91

 

Н.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00619/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 659 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х-” ХХК-д холбогдох

“8.735.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Хариуцагч “Х-” ХХК-ийн захирал Т.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.М-, хариуцагчийн төлөөлөгч Т.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Н.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Иргэн Н.М- миний бие нь “Х-” ХХК-ийн захирал Т.Б-тай амаар болон бичгээр тээвэрлэлтийн гэрээг байгуулан Улаанбаатар хотын Ганц худгийн тоосгоны үйлдвэр Налайх дүүргийн тоосгоны үйлдвэрээс тоосго ачсаны хөлс эхнийх 8.240.000 төгрөг, 2 дахь нь 495.000 төгрөг бүгд 8.735.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа учир “Х-” ХХК-иас тээврийн хөлс 8.735.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х-” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мөнгийг иргэн Т.Б-аас гаргуулахаар хувь хүнээс нэхэмжилснийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 432 тоот шүүхийн шийдвэрээр бүрэн хэрэгсэхгүй болгож. Энэхүү шийдвэрийн үндсэн дээр жолооч Н.М- өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн компаниас гаргуулахаар бичихдээ тээврийн хөлсний дүнг өөрчлөхгүйгээр бүх мөнгийг гаргуулахаар нэхэмжилснийг буруу хэмээн үзэж байна. Мөн шинээр нэхэмжлэл гаргахдаа хамтран ажиллаж тоосгоны наймаа хийхээр амаар тохиролцож, ярилцсан бөгөөд Улаанбаатар хотын Ганц худгийн С-гийн тоосгоны үйлдвэртэй тоосгоны гэрээ байгуулсан болохоос биш Н.М- бид хоёрын хооронд бичгээр байгуулсан тээвэрлэлтийн гэрээ юм. Иймд албан ёсны гэрээ байсан гэх хууль зүйн үндэсгүй болохыг харуулж байгаа. Шинэ нэхэмжлэлдээ аман гэрээ байсныг үгүйсгэсэн төдийгүй Налайхын Ичиваны үйлдвэрээс Дархан Халамж руу татахаар шинээр байгуулсан 100.000 ширхэг тоосгоны гэрээг Улаанбаатарын Ганц худгийн С-гийн тоосгоны үйлдвэрээс татсан тоосгоны тээврийн гэрээг нөхөн бичсэн мэтээр мушгин гуйвуулж намайг гүтгэсэн байна. Урд нь би тоосгоны мөнгийг С- руу тухай бүр нь шилжүүлж тээврийн хөлсийг ирэх бүрд нь Н.М-ад өгч бид хамтарч ажилладаг байсан Эгч Т.Б- “L I” ХХК-ийн барилгад хөдөлмөр хамгаалалтын инженерээр ажиллаж байхдаа тус компани барилгад тоосгоны хэрэг боллоо сардаа багтаагаад мөнгийг өгчих нь гэхээр нь 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Ганц худгийн тоосгоны үйлдвэрийн “С С” ХХК-ийн менежер Л.Э-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах зээлээр тоосго авч нийлүүлэхээр тохиролцсон Мөн “L I " ХХК 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр №15/04/02 бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг бас байгуулсан. Эдгээр гэрээнүүдийн үндсэн дээр тээвэрлэгч Н.М- хамтран ажиллахаар амаар ярьж тохиролцсон. Энэ ажилд Н.М- өөр бусадтай хамтран гэрээт тоосгыг Дархан-Уул аймаг руу тээвэрлэж дуусгасан бөгөөд “L I " ХХК-ийн тоосгыг өөрөө бүгдийг зөөсөн байсан. Тоосгоны төлбөрийн мөнгө саатсаны улмаас Ганц худгийн үйлдвэрийн эзэн С- намайг Баянзүрх дүүргийн цагдаад дуудуулсан. Энэ үед би надтай гэрээ байгуулсан “L I" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Х-аас цагдаад тодорхойлолт авч өгсөн. Цагдаа дээр С-гийн саналаар зохицож өөрийн байгуулсан “L I" ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг шилжүүлэн өгч захирал Л-гээс С- өөрөө мөнгөө нэхэхээр болж ярилцаж тохиролцсон. Учир нь уул компанийн төв Улаанбаатар хотод Зайсанд байдаг бөгөөд захирал Л-г С- өөрөө таньж байсан. Би олон удаа хот орж Зайсан дахь конторт хүрч хөөцөлдсөн ч мөнгөө олж авч чадаагүй. Хамгийн сүүлд очихдоо үлдэгдлийн тооцоо нийлэхэд 18.000.000 төгрөг байсан. Нэгэнтэй “L I" ХХК-ны компани мөнгөний үлдэгдэл 18.000.000 төгрөг байгаа болохоор гэрээ байгуулсан компанийн захирал уул мөнгөнөөс тээврийн хөлсийг эхэлж барагдуулах эрх байгаа. Хамгийн сүүлд байгуулсан гэрээ хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр дахин Налайхаас халамжийн тоосго зөөхөөр тохиролцсон гэрээ болохоос биш өмнөх Улаанбаатарын Ганц худгаас зөөсөн тоосгоны үйлдвэрээс зөөсөн тоосготой огт хамаагүй юм. Уул гэрээний 11 дүгээр зүйлд заахдаа “L I " ХХК-аас авах өмнөх тээврийн хөлстэй холбоотой 8.240.000 төгрөгийг жолооч Н.М-ад олж авахад тусална гэсэн болохоос биш “Х-” ХХК төлөх үүрэг хүлээгээгүй юм. Одоогийн шинэ нэхэмжлэлдээ төлөхийг зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж байгаа нь буруу юм. Шинэ гэрээний худалдагч нь Налайхын Ичиваны үйлдвэр бөгөөд нэгж тоосгоны тээврийн хөлс 70 төгрөг биш 90 төгрөг тээвэрлэлтийн тоосгоны үлдэгдэл 94.500 ширхэг, Н.М- гэрээгээ үргэлжлүүлэн биелүүлэхээс татгалзаж хамтран ажиллаж харилцан туслахаа зогсоож буй тул сүүлийн гэрээний 11 дүгээр зүйлд заасан Н.М-ад туслах үүрээ гүйцэтгэхэд хүндрэлтэй болж байгаа. Н.М- гэрээний бус үнээр 160 төгрөгөөр бодоод авчирч буулган борлуулж өгөхийг гуйсан 6000 ширхэг муу тоосгыг цахилгааны кабель булж байгаа компанид өгч далд оруулсны төлөө буруудаж байгаа бол үйлдвэр ажиллахаар уул тоосгыг иргэн Н.М-ад буцаан өгөх нь зүйтэй. Учир нь өөрийнхөө тоосгыг өөрөө борлуулах нь түүний үүрэг бөгөөд холбогдох тээврийн хөлс гэж яригдах ёсгүй юм. Өнөө хүчингүй тооцогдоод байгаа 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Налайхын Инваны үйлдвэрээс Дарханы Халамж руу татахаар тохиролцсон 70.000 ширхэг тоосгоны хамгийн эхний нэг таталтаар авч ирсэн 5.500 ширхэг тоосгоны 90 төгрөгөөр бодоод гэрээгээр нааш цааш хэрэгжүүлэхээс Н.М- татгалзаж байгаа гэрээг цаашид хэрэгжих бололцоогүй гэж үзэж хүчингүйд тооцсон тохиолдолд төлбөр болох 495.000 төгрөгийг компани төлж болно. Бусад үлдсэн мөнгийг иргэн Н.М- шүүхийн нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжийг төлж өгсөн тохиолдолд Улаанбаатар хотын холбогдох дүүргийн Шүүх дээр шийдвэр гаргуулах хамтран ажилласны хувьд Н.М-ад туслах хэрэгтэй хэмээн бодож байна. Хүний хэрэглэсэн юмны мөнгийг Н.М- ч гэсэн хүний өмнөөс төлөхгүй. Иймд энэ асуудлыг дахин шударгаар шалган зөв мэргэнээр шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 659 дүгээр шийдвэрээр:

 Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч “Х-” ХХК-иас 8.735.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.М-ад олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 154.710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.М-ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Х-” ХХк-ийн захирал Т.Б- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. ...Манай компани төлнө гэж шийдвэр гарсан нь буруу. 70.000 ширхэг тоосгыг  70 төгрөгөөр бодоход 4.900.000 төгрөг гарч байхад тээврийн хөлсний 6.860.000 төгрөг нь ойлгомжгүй байна. Хүчин төгөлдөр байгаа ачаа тээврийн гэрээнээс үндэслэн өмнөх хамтран ажиллах ам гэрээг ачаа тээврийн гэрээ гэж тайлбарласан нь буруу. Учир нь хамтран ажиллах ам гэрээний үндсэн дээр тоосго худалдах, худалдан авах гэрээ болон тоосго нийлүүлэх гэрээнүүд бичигдсэн байдаг.  

2. ...Байгуулласан гэрээгээ хэрэгжүүлэхээс жолооч татгалзаад байгаа тул компани хүнд байдалд орж ихээхэн мөнгөний хохирол учраад байна. Жолооч гэрээгээ хэрэгжүүлэхгүй бол түүний тээвэрлэсэн 5.500 ширхэг тоосгоны 495.000 төгрөгийг төлөх бололцоогүй.

3. Нэхэмжлэгч гэрээний үнэ 185 төгрөгөөр биш 160 төгрөгөөр өөрийн мөнгөөрөө худалдан авч ирсэн 6000 ширхэг тоосго нь гэрээнд заасан тоосго биш хямдхан стандарт бус тоосго байсан учраас уг тоосгыг кабель булж байсан найздаа хямдарсан үнээр өгсөн. Тоосгыг Н.М- Дархан-Уул аймаг руу хоосон явахгүйн тулд өөрийн мөнгөөр авсан бөгөөд манай компани захиалгат тоосго биш учир тээврийн зардал нэхэж байгаа нь утгагүй юм. Нэхэмжлэлийн бүх шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн  116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч  Н.М- хариуцагч “Х-” ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн  хөлс 8.240.000 төгрөг, худалдсан тоосгоны үнэ 495.000 төгрөг нийт 8.735.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргахдаа  шаардлагын үндэслэлд  2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн  ачаа тээвэрлэлтийн гэрээг  дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа   “... “L I”  ХХК-иас авах өмнөх тээвэрлэлтийн хөлстэй холбоотой 8.240.000 төгрөгийг жолооч Н.М-ад олж авахад тусална гэсэн болохоос төлөх үүрэг хүлээгээгүй...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

             Нэхэмжлэгч Н.М- хариуцагч  “Х-” ХХК  2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Ачаа тээвэрлэлтийн гэрээ” байгуулж Улаанбаатар хот Налайх дүүргээс  100.000 ширхэг улаан тоосго тээвэрлүүлэх, тээврийн зардлыг 1 ширхэг тоосгонд 90 төгрөг байхаар бодно, тоосгоны тоог ачуулсан талын падаан хүлээн авсан талын тэмдэглэгээг үндэслэн тогтооно гэж  тохиролцжээ.

             Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “С С” ХХК ,  “Х-” ХХК-ийн  хооронд  2015 оны 05 дугаар сарын 03-нд байгуулсан гэрээгээр  “Х-” ХХК тээвэрлэлтийг  өөрийн тээврээр тээвэрлэхээр,  “L I” ХХК, “Х-” ХХК-ийн хооронд  2015 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр байгуулсан гэрээгээр тээвэрлэсэн нийт 98.000 ширхэг тоосгоны үнэ 6.860.000 төгрөгийг “Х-” ХХК-иас гаргуулах нь зүйтэй  гэж  үзжээ.

            Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд тээвэрлэлтийн гэрээний хөлс  шаардаж нотлох баримтаар ачаа тээвэрлэлтийн гэрээг ирүүлсэн байхад  уг гэрээгээр хэн ямар үүрэг хүлээсэн, гэрээний  үүргийг талууд хэрхэн биелүүлсэн эсэх   нийт хэдэн ширхэг тоосго тээвэрлэсэн, хүлээлгэж өгсөн, авсан падаантай тохирч байгаа эсэх талаар Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн  холбогдох заалтад  нийцүүлж, бүрэн  дүгнэж чадаагүй, шүүхийн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс  залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

            “Х-” ХХК нь тоосго худалдах гэрээнд “өөрийн тээврээр тээвэрлэнэ” гэснийг  тээврийн зардлыг хариуцахаар тохирсон гэж үзэх эсэх нь учир дутагдалтай байгааг  шүүх анхаараагүйг дурдах нь зүйтэй.

             Иймд хэргийн үйл баримт, маргааны зүйлийг бодитой тогтооход хангалттай нотлох баримт бүрдээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна гэж үзлээ. 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 659 дүгээр шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.710 төгрөгийг шүүгчийн захирамжаар  гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ