Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2023/00172

 

Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 209/МА2023/00049 дүгээр магадлалтай,

Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Т ХХК, А ХХК болон А.С-д холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 25,932,863,993.50 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б-ийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Х банк ХХК нь хариуцагч Т ХХК, А ХХК болон А.С холбогдуулан ЗГ-ТТХ-3 2018-123, ЗГ-ТТХ-3 2019-86 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 18,517,342,863 төгрөг, зээлийн хүү 5,567,768,646.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,280,11.68 төгрөг, нийт 24,358,391,622.2 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022.06.02-ны өдөр 478,914,273.3 төгрөгөөр, 2022.08.29-ний өдөр 503,734,480.55 төгрөгөөр, 2022.11.28-ны өдөр 591,823,617.40 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 25,932,863,933 төгрөг гаргуулахаар болсон, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дугаар зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1-т нэхэмжлэгч Х банк ХХК болон хариуцагч Т ХХК нарын байгуулсан 2018 оны 08 сарын 07-ны өдрийн ЗГ-ТТХ-3 2018-123, 2019 оны 09 сарын 30-ны өдрийн ЗГ-ТТХ-3 2019-86 дугаартай зээлийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч Т ХХК-аас нийт 25,932,863,993.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, хамтран хариуцагч А ХХК, А.С нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т ХХК нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зүйл болох:

2018 оны 08 сарын 07-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2018-124 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр барьцаалсан А ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, Д сум, ** дүгээр баг, * дүгээр хороололд байрлах **** м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга /комфорт зочид буудал/

2018 оны 08 сарын 07-ны өдрийн Б-ТТХ-ГЭ 2018-*** дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ”-ээр барьцаалсан А ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Д сумын ** дүгээр багт байрлах, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын 08***** дугаартай, 02***** дугаар гэрчилгээтэй газар,

2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2019-** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан А ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22***** дугаарт бүртгэгдсэн, Х дүүргийн ** дугаар хороо, С Ч-ийн өргөн чөлөө гудамжны * дугаар байр, **** тоот хаягт байрлах, ***.* мкв талбайтай үйлчилгээ, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2019-** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан, хамтран хариуцагч А.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22***** дугаарт бүртгэгдсэн, Х дүүргийн ** дүгээр хороо, Р /1***/, И гудамж, *** тоот хаягт байрлах *** мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2019-** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан хариуцагч Т ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-11**** дугаарт бүртгэгдсэн, Ө аймгийн Х сумын * дугаар баг, Х * гудамж, Ц ТЗ-* тоот, ***.** мкв талбайтай Ажилчдын байрны зориулалттай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-11***** дугаарт бүртгэгдсэн, Ө аймаг, Х сум, *-р баг, Х, 0 гудамж, Ц ТЗ-* тоот хаягт байрлах ****.** м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-11**** дугаарт бүртгэгдсэн, Ө аймаг, Х сум, *-р баг, Х, 0 гудамж, Ц ТЗ-* тоот хаягт байрлах ****.* м.кв талбайтай 50 %-ийн гүйцэтгэлтэй, зочид буудлын байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-11**** дугаарт бүртгэгдсэн, Ө аймаг, Х сум, *-р баг, Х, 0 гудамж, Ц ТЗ-* тоот хаягт байрлах ***.* м.кв талбайтай 50 %-ийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-11**** дугаарт бүртгэгдсэн, Ө аймаг, Х сум, *-р баг, Х, 0 гудамж, Ц ТЗ-* тоот хаягт байрлах ****.** м.кв талбайтай 50 %-ийн гүйцэтгэлтэй, зоогийн газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-11***** дугаарт бүртгэгдсэн, Ө аймаг, Х сум, *-р баг, Х, 0 гудамж, Ц ТЗ-* тоот байрлах ****.* м.кв талбайтай 50 %-ийн гүйцэтгэлтэй, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ИХ 2019-** дугаартай Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээгээр барьцаалсан Т ХХК-ийн эзэмшлийн ирээдүйд бий болох хөрөнгө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам дагуу баригдах автомашины зогсоол /Ө аймгийн Х сумын Х баг, Ц х-д байрлалтай 48 га талбайд 2,500 автомашины багтаамжтай/, Том машины засвар, сэлбэгийн дэлгүүр /Ө аймгийн Х сумын Х баг, Ц х-д байрлалтай *,*** м.кв талбайтай/, Зуухны барилга /Ө аймгийн Х сумын Х баг, Ц-ад байрлалтай/, Харуулын байр /Ө аймгийн Х сумын Х баг, Ц-ад байрлалтай 10 ширхэг/, шалган нэвтрүүлэх байр /Ө аймгийн Х сумын Х баг, Ц-д байрлалтай 8 ширхэг/ зэрэг хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 129,822,270 төгрөг, хамтран хариуцагч А.С, А ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 209/МА2023/00049 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч Т ХХК-аас нийт 25,932,863,993.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож” гэснийг “...хариуцагч Т ХХК-аас нийт 24,078,983,666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, 1,853,880,267 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 129,822,270 төгрөг” гэснийг “...хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 120,552,868 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,696,024 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 209/МА2023/00049 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

4.1.Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 209/МА2023/00049 дугаартай магадлалын 16 дугаар нүүр хянавал хэсгийн 12-т “Нэхэмжлэгч Х банк нь 2019.09.30-ны өдөр байгуулсан ЗГ-ТТХ-З 2019-86 дугаартай Зээлийн гэрээний 7.3-т “... зээлдэгчид учирсан хохирлыг тооцон үзэж, тохирсон хөнгөлөлт үзүүлж болно” гэж заасан гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул Х банкны зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 7,415,521,070 төгрөгийн 25 хувь буюу 1,853,880,267 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь дараах хуулийн үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Үүнд: ЗГ-ТТХ-З 2019-86 дугаартай Зээлийн гэрээний 7.3-т “Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан (үүнд байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг) нь Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд зээлдэгчид учирсан хохирлыг тооцон үзэж тохирсон хөнгөлөлт үзүүлж болно” гэж заасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу гэрээний дээрх заалтыг үгчлэн тайлбарлавал зээлдэгчид хөнгөлөлт үзүүлэх эсэх нь зээлдүүлэгчийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүхээс өөрийн санаачилгаар зээлдэгчид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх үндэслэл болохгүй. Шүүх өөрийн санаачилгаар зээлдэгчид хүүгийн хөнгөлөлтийг дур мэдэн хувь тогтоож хөнгөлөлт үзүүлж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан зарчмыг зөрчих юм. Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-д заасны дагуу харьцуулж үзвэл гэрээний 7.5-д “Төслийн ажил аливаа шалтгаанаар хойшилсон нь зээлдэгч гэрээний дагуу зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж заасан байх тул зээлдүүлэгч Х банк нь гэрээгээр зээлдэгчид зайлшгүй хөнгөлөлт үзүүлэх үүрэг хүлээсэн утгатай заалт биш бөгөөд уг үүргээ Х банк биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлгүй.

4.2.Зээлийн үндсэн хүү нь зээлдүүлэгч зээлдэгчид зээл олгосны хариуд төлж буй гэрээний төлбөр буюу зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн хариу үүрэг, нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч зээлийн үндсэн төлбөр, хүүг зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүйгээс зээлдүүлэгчид учирсан хохирол, алдагдлыг нөхөх зорилготой, хариуцлагын шинжтэй хүү юм. Гэтэл давж заалдах шатны шүүх зээлдэгч Т ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн зөрчил, хугацаа хэтрэлт, төгрөгийн худалдан авах чадварын бууралт зэрэг Х банк цаашлаад төр, нийтийн эрх, ашиг сонирхолд шууд болон шууд бусаар учирсан хохирлыг харгалзан үзэлгүй Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, зээлийн гэрээний 4.1-д “Зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө” гэж, 8.1.2-т “Зээлдэгч зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчиж өөрийн үзэмжээр зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 25 хувиар бууруулан тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 1,853,880,267 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь хуульд нийцээгүй. Х банкнаас зээлдэгчийн ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх шаардлагатай нэмэлт баримт бичгийг ирүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч нь баримт бичиг ирүүлээгүй буюу үүрэг гүйцэтгэгч өөрөө баримт бичиг ирүүлэх үүргээ биелүүлээгүй нөхцөлийг шүүх үнэлээгүй, мөн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон нөхцөлд хэрхэхийг талууд гэрээгээр харилцан тохиролцсон байхад уг тохиролцоог авч үзэлгүй шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

4.3.Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх шийдвэрийг хариуцагч Т ХХК, А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шуудангаар 2023.01.02-ны өдөр хүргүүлсэн байдаг. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлж 17 хоногийн дараа буюу 2023.01.19-ний өдөр гомдлыг монгол шууданд хийсэн тул Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.31-ний өдрийн 209/Ш32023/00005 дугаартай шүүгчийн захирамжаар давж заалдах гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, хэргийг буцаасан. Дээрх байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж Х банкны зүгээс Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023.03.02-ны өдөр хандаж гүйцэтгэх хуудас бичүүлэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хариуцагч нарын банкны харилцах бүх данснуудад битүүмж тавигдсан эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Авлигатай тэмцэх газар, арилжааны банкнуудаас лавлагаа, тодруулга авахгүйгээр, хариуцагчид нь шүүхийн улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн чадваргүй байсан эсэхийг бодит баримтаар тогтоолгүй хувийн үзэмжээр хандаж хариуцагч Т ХХК-ийн үйл ажиллагаандаа ашигладаггүй данс битүүмжтэй байгаа тухай тодорхойлолтыг үндэслэн 2023.04.26-ны өдөр 135/Ш32023/02635 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй. Х банкны зүгээс Авлигатай тэмцэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж Т ХХК-ийн банкны харилцах данснуудад тавигдсан битүүмжийн талаар тодруулахад давж заалдах гомдол гаргах үед битүүмж чөлөөлөгдсөн байсан тухай хариу ирүүлсэн. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч дээрх байдлаар нөхцөл байдлыг бүрэн дүгнэлгүй, өнгөц харж хэт нэг талыг баримтлан хариуцагч нарын давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосноор нэхэмжлэгч Х банканд чанаргүй зээлийн төлбөр төлөгдөх хугацааг хойшлуулж, банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн явдал юм. Давж заалдах гомдол гаргах хугацааг хууль бусаар сэргээсэн талаар Х банк анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбар, тодруулга, хүсэлт гаргасан ч тус шүүхүүд анхаарч үзээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2, 176.2.3 дахь хэсэгт заасны дагуу магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.09.21-ний өдрийн 001/ШХТ2023/00970 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7.Х банк ХХК нь 2022.02.14-ний өдөр шүүхэд хандаж, хариуцагч Т ХХК, А ХХК болон А.С холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 18,517,342,863 төгрөг, зээлийн хүү 5,567,768,646.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,280,11.68 төгрөг, нийт 24,358,391,622.2 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг  хангуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэмэгдүүлснээр нэхэмжлэлийн шаардлага нь нийт 25,932,863,993 төгрөг  болсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг “...Т ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 101 дүгээр тогтоолоор дэмжигдсэн Тайван зогсоол төслийг Ө аймгийн Х сумын Х багийн нутагт хэрэгжүүлэх, уг төслийг санхүүжүүлэх зорилгоор тус банктай 2018.08.07-ны өдөр ЗГ-ТТХ-З 2018-123 дугаартай зээлийн гэрээ байгуулан жилийн 11.59 хувийн хүүтэй, 2023.08.16-ны өдрийг хүртэл хугацаагаар 9,415,000,000.00 төгрөгийн зээл, 2019.09.30-ны өдрийн ЗГ-ТТХ-З 2019-86 дугаартай зээлийн гэрээгээр жилийн 12.7 хувийн хүүтэй 2023.08.16-ны өдрийг хүртэл хугацаатай 9,300,000,000.00 төгрөгийн зээлийг авахаар харилцан тохиролцсон. 2 удаагийн зээлийн гэрээгээр нийт 18,517,342,363 төгрөгийг банк олгосон. Эдгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж А ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх, А.С-ын өмчлөлийн хувийн сууц, Т ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, 50 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилгууд, төслийн хөрөнгөөр ирээдүйд бий болох хөрөнгө буюу 2500 автомашины зогсоол, том автомашины засвар, сэлбэгийн дэлгүүр, зуухны, харуулын болон шалган нэвтрүүлэх байрны барилгыг тус тус барьцаалсан. Зээлийн хугацаанд хариуцагч Т ХХК нь эхний зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 823,222,043.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,064,270 төгрөг, хоёр дахь зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүд 81,400 төгрөгийг төлсөн. 2019.12.16-ны өдрөөс үндсэн хүүгийн, 2020.03.16-ны өдрөөс үндсэн зээлийн төлбөрийн зөрчил үүссэн, шаардлага мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчил арилаагүй  тул төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, “...2 удаагийн зээлийн гэрээгээр авсан үндсэн зээл 18,517,342,363 төгрөгийг Ө аймгийн Х сум, Х баг, Г С боомт дахь 2500 том оврын тээврийн хэрэгслийн зогсоол, зочид буудал, халуун ус, зоогийн газар, эмнэлгийн зориулалттай Тайван зогсоол төслийн бүтээн байгуулалтад ашигласан тул энэхүү төлөгдөөгүй үндсэн зээлийг төлөхөд татгалзахгүй. 2019.09.30-ны өдрийн ЗГ-ТТХ-З 2019-86 дугаартай зээлийн гэрээний үүргээ Х банк ХХК зөрчиж, зээлийн олголтыг шалтгаангүйгээр зогсоож, гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас төслийг хугацаанд нь дуусгаж чадаагүйгээс зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн ч зээлийн хугацаанд бүгд 825,367,714.17 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийг Засгийн газрын шийдвэртэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг банк гэж ойлгож байна. Хариуцагч Т ХХК Засгийн газрын тогтоолоор дэмжигдсэн төслийг Х банк ХХК-ийн олгосон зээл дээр бусдаас нэмж зээл авч,  нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зохих нэмрийг бий болгож, ажил үйлчилгээгээ эрхэлж, бусдаас авсан зээлийн төлбөр хүүг төлж эхэлсэн. Нэхэмжлэгч Х банк ХХК нь Ковид 19-ийн улмаас ажил үйлчилгээ бүрэн зогсож орлого, ашиггүй, ажилчдадаа чөлөө олгосон 2 жил буюу 730 хоногт хариуцагчаас зээлийн хүүг бүрэн авахаар нэхэмжилж байгаа нь өөртөө давуу байдлыг бий болгож, хөрөнгөжиж байгаад  гомдолтой байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг дахин нэмэгдүүлэх зүй ёсны байдал үүссэнийг нэхэмжлэгч нотлоогүй байна. Хариуцагчийн хөл хорионд байсан үеийн зээлийн хүүгийн төлбөрийг талууд адил хэмжээгээр хариуцах байдлаар шийдвэрлүүлэх нь өмчийн ялгаваргүй, шударга ёсонд нийцнэ. Хариуцагчийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.” гэсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагч А ХХК болон А.С нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Барьцааны гэрээний хувьд бид маргаагүй. Х банк ХХК нь өөрсдийн томилсон үнэлгээчнээр үнэлгээ хийлгүүлээд 63 тэрбумын барьцааны хөрөнгө бий болсон гэж үзсэн байгаа. Т ХХК өөрсдийн барьцааны хөрөнгөөр зээлийг хангуулах  хүсэлтийг удаа дараа гаргаж, бусад барьцааг чөлөөлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд өгсөн байгаа. Гэрээний талууд тэгш эрхтэй байх ёстой. Нэгэнт зээлдэгчийн эд хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэж байгаа тул А ХХК болон А.С-ын өмчлөлийн барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...Зохигчийн хооронд банк, эрх бүхий этгээдээс зээл олгох болон барьцааны  гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр,  2018.08.07-ны өдрийн ЗГ-ТТХ-3 2018-123 дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь Т ХХК-д 9,415,000,000 төгрөгийг 2019.04.23-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр бүрэн, 2019.09.30-ны өдрийн ЗГ-ТТХ-3 2019-86 дугаартай зээлийн гэрээгээр заасан 9,300,000,000 төгрөгөөс 9,102,342,863 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр тус тус олгосон  нь тогтоогдсон. Хариуцагч Т ХХК нь зээлийн зарим төлбөрийг төлсөн боловч эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч 2019.10.30-ны өдрөөс хойших хүү, мөн нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг талууд хүлээн зөвшөөрсөн, нөгөө талаас хуульд заасан гэрээ цуцлах үндэслэл үүссэн. Хариуцагчийн хүлээх  үүргийг багасгах, бууруулан тогтоох, хувааж хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч Т ХХК-аас ЗГ-ТТХ-3 2018-123, ЗГ-ТТХ-3 2019-86 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүрэг болох үндсэн зээл нийт 18,517,342,863 төгрөг, зээлийн хүү 7,078,993,038.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 336,528,092.48 төгрөг, нийт 25,932,863,993.50 төгрөг гаргуулж Х банк ХХК-д олгох үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь зээлийн үүргийг бүхэлд нь Т ХХК, А ХХК, А.С нараас гаргуулахаар шаардлага гаргасан боловч А ХХК болон А.С нар нь зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн үүрэг хүлээгээгүй, харин хамтран хариуцагч А.С нь барьцааны гэрээний тал, А ХХК нь барьцааны болон батлан даалтын гэрээгээр үүрэг хүлээсэн. Иймд А ХХК болон А.С нараас зээлийн төлбөр шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 3 хариуцагчид холбогдуулан гаргасан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангав.” гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өөрчлөлт оруулсан ба үндэслэлийг  “...Талуудын хооронд байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээний 7.3-т зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /үүнд ...хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг/ нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэж, 10.6-д гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал /... хорио цээрийн дэглэм зэрэг банкны хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал/-ын улмаас банк зээл олгож чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэж тус тус тусгасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч тал ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй, хариуцагч тал ямар ч тохиолдолд үүргээс чөлөөлөгдөхгүй байх нөхцөл тусгагджээ. Эдгээрээс үзэхэд гэрээний талуудын чөлөөт байдал алдагдсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй. Нэхэмжлэгч Х банк ХХК нь 2019.09.30-ны өдөр байгуулсан ЗГ-ТТХ-3 2019-86 дугаартай гэрээний 7.3-т ...зээлдэгчид учирсан хохирлыг тооцон үзэж, тохирсон хөнгөлөлт үзүүлж болно гэж заасан гэрээний заалтыг биелүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 7,415,521,070 төгрөгийн 25 хувь буюу 1,853,880,267 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн зээл 18,517,342,863 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 5,561,640,803 төгрөг, нийт 24,078,983,666 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй.” гэж үзсэн байна.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, мөн давж заалдах шатны шүүх хариуцагч Т ХХК-ийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тодорхойлж эрх зүйн дүгнэлт хийхдээ холбогдох хуулийг агуулгаас зөрүүтэй хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдол нь хэргийг хэлэлцүүлэх үндэслэл болсон ба хяналтын шатны шүүхээс гомдлын зарим хэсгийг хангах  нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

10.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлснийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр сэргээсэн, улмаар давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ үндэслэлийг  хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  давж заалдах  гомдол гаргах хугацааг сэргээлгэхийг хүссэн хүсэлтийг хангаж  2023.04.26-ны өдөр 135/ШЗ2023/02635 дугаар захирамж гаргасан байх бөгөөд уг захирамжийн дагуу давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, эдгээр ажиллагаа нь тухайн шүүхүүдийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд байна.

11.Харин шүүхүүд зээлийн гэрээний үүргийн хэмжээг тогтоохдоо өөр өөр шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт холбогдох хуулийн агуулгад нийцээгүй талаарх гомдлын хүрээнд доорх дүгнэлт хийв.

11.1.Хоёр шатны шүүх, Х банк ХХК болон Т ХХК-ийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох 2 удаагийн гэрээ, нэхэмжлэгч болон хариуцагч Т, А ХХК, А.С нарын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн, мөн ирээдүйд бий болох хөрөнгийн талаар барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр ба зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгөд нийт 18,517,342,363 төгрөгийг  хариуцагч Т ХХК-ийн дансанд шилжүүлсэн, хариуцагч нь 2 удаагийн зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийтдээ 825,367,714.17 төгрөг төлсөн талаарх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тогтоож,   зохих эрх зүйн дүгнэлтийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1-д заасантай нийцүүлэн хийжээ.

11.2.Эхний зээлийн гэрээ 2018.08.07-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2019.09.30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Энэхүү гэрээний 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.1.8-д зааснаас үзэхэд хариуцагч Т ХХК нь үндсэн зээлийн төлөлтөөс зээл олгосноос хойш 13 дахь сар хүртэл чөлөөлөгдөх, уг хугацаанаас хойш сар бүр хэсэгчлэн, зээлийн хүүгийн хувьд  хуримтлуулж 2019 оноос эхлэн улирал тутамд төлөхөөр, хоёр дахь зээлийн гэрээнд мөн үндсэн зээл төлөлтөөс 2020.03 сар хүртэл чөлөөлж, цаашид улирал тутам тэнцүү дүнгээр, зээлийн хүүг  улирал тутамд төлөхөөр тус тус тохиролцсон, талууд зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг төслийн болон компанийн үйл ажиллагааны орлого, бусад эх үүсвэр гэж тодорхойлжээ.

Хариуцагч нь эхний зээлийн гэрээний зээлийн хүүгийн төлбөрт нийт 823,222,043.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,064,270.19 төгрөг, хоёр дахь зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүд 81,400 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй байна.

11.3.Хэдийгээр 2 удаагийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй боловч хариуцагч Т ХХК нь зээлийг эргэн төлөх хуваарьт заасан зээлийн  үндсэн хүү төлөх үүргийг 2019.12.16-ны өдрөөс, үндсэн зээлийн төлбөрөөс хэсэгчлэн төлөх үүргийг 2020.03.16-ны өдрөөс эхлэн тус тус зөрчсөн нь гэрээ болон хуульд заасан үүргийн ноцтой зөрчилд тооцогдож байх ба зээлийг төлөх талаар нэхэмжлэгч шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч тодорхой үр дүн гараагүй тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй байна.

11.4.Зээлийн гэрээний зээлдэгч тал нь зөвхөн хариуцагч Т ХХК бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас тухайн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д нийцээгүй, иймээс А ХХК болон А.С нараас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

11.5.Анхан шатны шүүх хариуцагч Т ХХК-аас 2 удаагийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэлээр шаардсан үндсэн зээл 18,517,342,363 төгрөг, гэрээний хугацаанд төлбөл зохих зээлийн хүүд 7,078,993,038 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 336,528,092 төгрөг нийт 25,932,863,993 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

12.Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний дээрх тооцооллыг үгүйсгээгүй ба харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 25 хувиар бууруулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөл, гэрээ үргэлжлэх хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүргийг хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон гэх үйл баримтад бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.

 Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, үргэлжлэх хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн нь нийтэд илэрхий үйл явдал, энэхүү дэлхий нийтийг хамарсан өвчин гарснаар тодорхой хугацаанд хөл хорио тогтоосон нь давагдашгүй хүчин зүйл боловч энэ нь хариуцагчийн зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргээс чөлөөлөх, хэмжээг багасгах үндэслэл болохгүй гэж үзэв.

12.1.Давж заалдах шатны шүүхийн хийж буй гэрээний зарим зохицуулалт тухайлбал, нэг талаас гэрээний 10.6-д гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал / байгалийн гамшиг,..., хорио цээрийн дэглэм зэрэг банкны хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал/-ын улмаас банк зээл олгож чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэж, нөгөө талаас гэрээний 7.3-т зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан / үүнд байгалийн гамшиг,..., хорио цээрийн дэглэм, гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг/ нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус заасан нь талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэсэн дүгнэлтийн агуулга нь хариуцагчийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаас үзэхэд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч аливаа этгээд гэрээ байгуулах эсэх, хэнтэй байгуулах эсэхээ өөрөө чөлөөтэй шийдвэрлэж, гэрээний агуулгаа гэрээний нөгөө талтайгаа тохиролцож тогтооно. Зохигч харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан бөгөөд харин энэхүү гэрээний 10.6-д заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал / байгалийн гамшиг,..., хорио цээрийн дэглэм зэрэг банкны хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал/-ын улмаас банк зээл олгож чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэсэн зохицуулалтын хувьд банкнаас санал болгож буй гэрээний стандарт нөхцөл байж болох боловч зохигчийн хооронд үүссэн маргаан, хариуцагчийн татгалзлын үндэслэлд энэхүү зохицуулалт хамаараагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзахгүй зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж шаардсан нь банк үндэслэлгүйгээр хөрөнгөжих байдлыг бий болгож байна” гэснээс гадна дээрх зохицуулалт нь банк зээлийн мөнгөн хөрөнгийг олгох буюу гэрээний үүргийг биелүүлж чадаагүй, энэ нь давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой бол зээлдэгч буюу хариуцагчийн өмнө өмнө хариуцлага хүлээх эсэх тухай байна. Зохигчийн хооронд ийм маргаан гараагүй байна.

Харин гэрээний 7.3-т зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /үүнд байгалийн гамшиг,..., хорио цээрийн дэглэм, гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг/ нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэж давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалд хариуцагчийн үүргийг хэрхэхийг тодорхойлсон бөгөөд гэрээний энэ зохицуулалт хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх нөхцөл гэж үзэхийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан. Энэ нь тухайлбал, зарим гэрээний хувьд давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний зүйл нь устаж үгүй болсноос гэрээний зорилгод хүрэхгүй болсон, эсхүл гэрээг үргэлжлүүлснээр эдийн засгийн хувьд илтэд хохиролтой болсон тохиолдолд энэ шалтгаан нь гэрээг цуцлах үндэслэл бий болдог бөгөөд харин энэхүү зээлийн гэрээний хувьд Ковид-19 цар тахлаас шалтгаалж шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, уг хөрөнгийг ашигласан хариу төлбөр болох хүү, хугацааг хэтрүүлсний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүгийн үүргээ чөлөөлөх үндэслэл болохгүй.

12.2.Ковид-19 цар тахлын улмаас эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бол талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж хоорондоо тохиролцох үйлдэл хийж болох байсан, хариуцагч Т ХХК-аас зээлийг эргэн төлөх хугацааг сунгах хүсэлтийг Х банк ХХК-д хүргүүлснийг зохигч маргаагүй боловч тус банкнаас хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай нэмэлт баримт бичгийг удаа дараа шаардсан, Т ХХК нь холбогдох баримт бичиг ирүүлээгүйгээс талууд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй тул гэрээний нөхцөлийг өөрчилж нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох боломжийг хариуцагч алдсан гэж үзэхээр байна.

12.3.Түүнээс гадна хариуцагч Т ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй нь гагцхүү Ковид-19 цар тахлаас шалтгаалсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй байна.

 Дээр дурдсанаар зээлийн гэрээгээр талууд зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг төслийн болон компанийн үйл ажиллагааны орлого, бусад эх үүсвэр гэж заасан, хариуцагч Т ХХК нь гадаад худалдаа, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын худалдаа, барилга угсралтын үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байна. Иймээс тодорхой эрсдэл үүссэнийг үгүйсгэхгүй боловч энэ эрсдэл нь зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийг багасгах үндэслэл болохгүй, хариуцагч нь бизнес эрхлэгч хуулийн этгээдийн хувьд энэхүү зээлийн хөрөнгөөр болон бусад эх үүсвэрээр өөртөө цаашид ашиг олох цогц үл хөдлөх эд хөрөнгө бий болгохыг зорьж төсөл хэрэгжүүлж зээл авсан, уг төслийн үйл ажиллагааны хүрээнд тухайн хөрөнгө бий болсон байна.

13.Давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөлийг харгалзаж дүгнэлт хийхгүйгээр зээлийн гэрээнд харилцан тэгш бус зохицуулалт байгаа, түүнчлэн нэхэмжлэгчийг гэрээний нөхцөлийг өөрчлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан дүгнэлт хийж зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 25 хувиар бууруулж шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Дээрх дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгч Х банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зөрчихгүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

15.Хариуцагч Т ХХК, А ХХК, А.С нар нь өөрийн өмчлөлийн болон эзэмших эрхийн зүйлээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээний барьцаалуулагч тал болсон байх тул барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасан “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгүүлэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэсэн зохицуулалтад нийцжээ.                                               

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Х банк ХХК-ийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                                                    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:                             

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 209/МА2023/00049 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                    

ШҮҮГЧИД                                                          Н.БАЯРМАА

                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                Х.ЭРДЭНЭСУВД