Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 133/ШШ2020/00792

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг 0 тоотод оршин суух, Б овогт Х-ын Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА МСҮТ-д холбогдох

ГАА МСҮТ-ийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаар цалингаас хасагдсан нийт 619.256 төгрөгийг буцаан олгуулах, 2020 оны 1, 2 дугаар улиралд дутуу олгогдсон үр дүнгийн урамшуулал олгуулах тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие ГАА МСҮТ-д сургалтын албаны менежерээр ажилладаг. 2020 оны 06-р сарын 23-наас 8-р сарын 10-ны өдрийг хүртэл амарсан. Миний амралтын хугацаанд тус сургуулийн захирал Г.Г 2020 оны 07-р сарын 20-нд тушаал гаргаж, надад сахилгын шийтгэл ногдуулжээ. Сургуулийн захирал нь өөрөө амарч байгаа, ажилтан нь амарч байхад сахилгын шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг 8-р сарын 10-ны өдөр ажилдаа ороод хүлээж авсан. Иймд ГАА МСҮТ-ийн захирлын Б/20 тушаалыг хянаж үзэж, сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү. Үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн шалтгаанаар 2020 оны 1-р улирлын урамшууллыг 45 хувиас 29.7 хувиар, 2 дугаар улирлын урамшуулалыг 45 хувиас 29 хувиар тооцож 15.3%- 16%-иар хасаж олгожээ. Улирлын урамшууллаас үүрэг даалгавар биелүүлээгүй шалтгаанаар хасаад дахиад сахилгын шийтгэл ногдуулж буйг шийтгэл давхардуулж байна гэж үзэж байна. Сахилгын шимтгэл авсан тушаалын дагуу 8-р сард 186.523 төгрөг, 9 дүгээр сард 186.523 төгрөг, 3 дугаар улирлын урамшуулал үндсэн цалингийн 26.4 хувь буюу 246.210 төгрөг нийт 619.256 төгрөг цалингаас хасагдлаа. Иймд уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, цалингаас хасагдсан нийт 619.256 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ГАА МСҮТ-д сургалтын албаны менежерээр ажилладаг. 2020 оны 06 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 09-ний хооронд амраад 08 дугаар сарын 10-нд ажилдаа ороход тус сургуулийн захирал 07 дугаар сарын 20-нд Сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Би уг тушаалыг 08 дугаар сарын 10-нд ажилдаа орохдоо хүлээж авсан. Би уг тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талаас өгсөн тайлбарт уг тушаал баримталсан заалт нь сургуулийн дотоод журамд заасан заалтын дагуу удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн заалт байгаа. Үүнийг тайлбартаа 2 удаа биелүүлээгүй гэж үздэг. 2020 оны 01 дүгээр сарын 06-нд захирлын зөвлөлийн хурал хуралдаад 01 дүгээр сарын 07-нд үүрэг даалгаврын хуудсаар гарын үсэг зуруулах гэсэн, би хурал дээр тухайн цаг үед маш олон ажил байсан учраас энэ ажил хийгдэх боломжгүй гэж хэлсэн. Намайг гарын үсэг зураагүй болохоор тайлбар бичиж өг гэсний дагуу тайлбарыг бичиж өгсөн. Тухайн үед манай өвлийн төгсөлт болсны дагуу сурагч, төгсөгчдийн бичиг баримт хянах, баталгаажуулах, шинээр мэргэжлийн боловсролын сургалтад хэрэгжиж байгаа багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам шинэчлэхтэй холбогдуулан багш нарын цагийн ачаалалыг гаргаж тооцох зэрэг ажлуудтай давхцаж байсан. Гэтэл 01 дүгээр сарын 06-нд хуралдаад 01 дүгээр сарын 07-ны дотор багш, ажилчдын төлөвлөгөө гаргах, өөрийн үнэлгээний тайлан нэгтгэх, тайлантай холбоотой ажил дуусгах нь магадлан итгэмжлэлтэй холбоотой өөрийн үнэлгээний маш том ажил байдаг. Мөн захиргаа аж ахуйн менежертэй хамтраад тайлан нэгтгэх, ажилтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, багш ажилтнуудын улирлын ажил дүгнэх, журам боловсруулах, байгууллагын хөдөлмөрийн аварга, бүтээлч багш шалгаруулах, журам боловсруулах гэх мэтчилэн нэн шаардлагатай ажлуудыг өгсөн учраас энэ ажлуудыг хугацаанд нь биелүүлэх боломжгүй хэмээн тайлбар өгсөн. Дараа нь 05 дугаар сарын 29-ний өдөр захирлын зөвлөл хуралдаж үүрэг даалгавар өгөөгүй харин 05 дугаар сарын 27-нд аймгийн Засаг даргын захирамж гарч аймгийн ой угтсан, цэвэр орчин хүрээнд тус сургуулийн багш ажилчдыг 3 багт хуваагаад 06 дугаар сарын 05-ны дотор “айлуудаас судалгаа авах, гудамжид ажиллан хашааны өнгийг сэргээх, хаалга, гарниз хадах, хээ тавих” зэрэг удирдамжид заасан ажлыг тухайн хашааны ажилтнаар хийлгэх үүргийг багш нарт өгсөн. Гэтэл уг ажлыг манай багш нар хүлээж аваагүй, уг захирамжийг 05 дугаар сарын 29-ний өдөр багш нарт танилцуулсан, багш нар 06 дугаар сарын 05-нд амрах ёстой байсан. Багш нарыг амраах тухай шийдвэрийг Яамнаас гаргасан, амрахтай холбоотой бичиг баримтын цэгцлэлт, жилийн ажлын тайлан зэрэг бүх зүйлүүд хийгдээгүй байсан. Энэ ажлыг багш нар багийн Засаг даргын хийх ёстой ажил, мөн бид нарыг 4-ээс 5-н сар зүгээр байлгачихаад аймгийн Засаг даргын захирамж хэмээн хий гэж тулгаж байна гэж үзэн эсэргүүцсэн. Миний бие багш нар энэ ажлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэтэл үүрэг даалгаварын хуудас болгоод гарын үсэг зурсан. Мөн 3 багийн ахлагч багш нар бүгд эсэргүүцэн зурсан байдаг. Хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа сонсох ажиллагааны мэдэгдэлд тайлбар өгөөгүй гэж тайлбарлаж байна. Миний бие өөрийн биеэр уулзах гэж 2 удаа очсон боловч зөрөөд зугтаад явчихдаг ба бичээчид тайлбараа бичиж өг гэдэг. Миний бие уулзах гээд утсаар залгаж үзсэн боловч утсаа авдаггүй. Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирал өөрөө 07 дугаар сарын 31-нд ажилдаа орох ёстой байсан боловч ажлаа өгөх болоод ирэхээр 07 дугаар сарын 20-нд уг Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргасан байдаг. Иймд дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албан менежер Х.Д нь захирлын зөвлөлийн хурлаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй мөн хугацаа хэтрүүлэн хийсэн зэрэг зөрчлүүд гаргасан байх тул сонсох ажиллагааны мэдэгдлийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаар тоотоор өгсөн. Гэвч сургалтын албаны менежер Х.Д нь хариу тайлбар өгөхөөс татгалзсан. Иймд захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2 дахь хэсэг, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.13, 11.6, 11.7.4, 11.7.5, 11.8.7-г тус тус үндэслэсэн болно. Иймээс сургалтын албаны менежер Х.Дын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Х.Д-ыг үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн шалтгаанаар 1 дүгээр улирлын урамшуулалыг 45 хувиас 29.4 хувь, 2 дугаар улирлын урамшуулалын 45 хувиас 29 хувьтай тооцож 15.3 хувиас 16 хувь хүртэл хасаж олгосон байна хэмээн нэхэмжлэгчээс мэдээлэл хийсэн байгаа. Энэ нь 1 болон 2 дугаар улирлын урамшуулал буюу 2020 оны 07 дугаар сарын 20-ны сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаас гарахаас өмнө гарсан болов уу гэж харж байна. Би өөрөө 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хүний нөөц, гадаад харилцааны ажилтнаар ажилаа хүлээж авсан болохоор 07 дугаар сарын 20-н буюу өмнөх тушаалтай сайн танилцаагүй байна. 2020 оны 05 дугаар сарын 29-ний захирамжаар удирдамжид заасны дагуу хариуцсан гудамжны айл өрхийн хашааны өнгө сэргээх, хаалганы гарниз засах зэрэг ажлыг 06 дугаар сарын 05-ны дотор 3 баг гаргаад, 1 дүгээр баг нь багш ахлагчтай, 2 дугаар баг нь сургалтын менежер Х.Д ахлагчтай, 3 дугаар баг нь З ахлагчтай байхад хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй байна. Дараа нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн сонсох ажиллагаа мэдэгдэлд хариу өгөхөөс татгалзсан гэх үндэслэлүүдийг үндэслэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х.Д нь ГАА МСҮТ-д холбогдуулан ГАА МСҮТ-ийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаартай “Х.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаар цалингаас хасагдсан нийт 619.256 төгрөгийг буцаан олгуулах, 2020 оны 1, 2 дугаар улиралд дутуу олгогдсон үр дүнгийн урамшуулал олгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 2.13, 11.6, 11.7.4, 11.7.5, 11.8.7-г тус тус үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар сургалтын албаны менежер ажилтай Х.Д-д үндсэн цалинг 20 хувиар 3 сараар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Х.Д нь сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь ...Х.Д нь захирлын зөвлөлийн хурлаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй мөн хугацаа хэтрүүлэн хийсэн зэрэг зөрчлүүд гаргасан байх тул сонсох ажиллагааны мэдэгдлийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаар тоотоор өгсөн. Гэвч сургалтын албаны менежер Х.Д нь хариу тайлбар өгөхөөс татгалзсан. Иймд захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан... гэж маргаж байна.

ГАА МСҮТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 11.7.4-д удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь биелүүлээгүй бол, 11.7.5-д хууль болон журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлсэн ч зохих ёсоор биелүүлээгүй нь сануулах сахилгын шийтгэл хүлээлгэхээр бол албан тушаалын сануулах сахилгын шийтгэлд хамаарна. 11.8.7-д хууль болон журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлсэн ч зохих ёсоор биелүүлээгүй, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь сахилгын шийтгэл хүлээлгэхээр бол энэ журмын 11.7-д заасан зөрчлийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан хугацаанд 2 дахь удаа гаргасан болон дараах зөрчлийг гаргасан тохиолдолд албан тушаалын сарын цалинг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах буюу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заажээ.  

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.“албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж заасан ба ажилтны гүйцэтгэвэл зохих ажил үүргийг албан тушаалын тодорхойлолт болон гүйцэтгэлийн төлөвлөгөө зэрэгт заасан байх ёстой бөгөөд Х.Д-ын гүйцэтгэвэл зохих ажил үүргийн хуваарь нотлох баримтаар хэрэгт авагдаагүй байна. Ажилтны гүйцэтгэвэл зохих ажил үүрэг нь ажил үүргийн хуваариар тодорхойлогдох тул гүйцэтгэвэл зохих ажил үүргийн хуваарьт буюу гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан тушаалын тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг гүйцэтгэхийг шаардахгүй юм.

Нөгөө талаар хариуцагч тал тайлбартаа ...сургалтын албан менежер Х.Д нь захирлын зөвлөлийн хурлаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй мөн хугацаа хэтрүүлэн хийсэн зэрэг зөрчлүүд гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч ажилтны гаргасан сахилгын зөрчил нь хамт олны хурал, захирлын зөвлөл зэргээр хэлэлцэгдэж байгууллагын түвшинд урьдчилан тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд ийнхүү тогтоосон байдлыг үндэслэж шийтгэл ногдуулах тушаал шийдвэр гарах юм.

Өөрөөр хэлбэл зөрчил тогтоогдсон байх гэдэг нь тушаал гарсны дараа буюу шүүхийн ажиллагааны шатанд бус ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдахаас өмнө буюу тушаал гаргахаас өмнө тогтоогдсон байх ойлголт юм.

Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

Хариуцагч тал тайлбартаа ... 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн засаг даргын захирамжаар удирдамжид заасны дагуу хариуцсан гудамжны айл өрхийн хашааны өнгө сэргээх, хаалганы гарниз засах зэрэг ажлыг 06 дугаар сарын 05-ны дотор 3 баг гаргаад, 1 дүгээр баг нь багш ахлагчтай, 2 дугаар баг нь сургалтын менежер Х.Д ахлагчтай, 3 дугаар баг нь Занданбилэг ахлагчтай байхад хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй байна. Дараа нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн сонсох ажиллагаа мэдэгдэлд хариу өгөхөөс татгалзсан гэж тайлбарлаж байгаа нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн зөрчилд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна.

            Нэхэмжлэгч Х.Д нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа ...сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаар цалингаас хасагдсан нийт 619.256 төгрөгийг буцаан олгуулах гэжээ.

ГАА МСҮТийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаартай “Х.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Х.Д-ын эрхийн байдал буцаж сэргээгдэх учраас уг тушаалын үр дагаварыг тухайн байгууллага арилгаж 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш авах байсан цалин бүрэн хэмжээгээр олгогдох үндэслэлтэй тул тусдаа бие даасан шаардлага гэж үзэж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 1, 2 дугаар улиралд дутуу олгогдсон үр дүнгийн урамшуулал олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь 2020 оны 1, 2 дугаар улиралд дутуу олгогдсон үр дүнгийн урамшуулал олгуулах гэх шаардлагын тухайд энэ нь ажил албан тушаал эрхэлж ажиллахдаа үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг амжилттай гүйцэтгэн дүгнүүлснээр урамшуулал авах ойлголт юм. Гэтэл нэхэмжлэгч тухайн улиралд ажлын гүйцэтгэлээ тайлагнаж дүгнүүлсэн байдал тогтоогдохгүй байх ба эрх зүйн ойлголтын хувьд хохирол гэдэг бол зайлшгүй, бодитой байх шалгуураар хэмжигддэг. Тодруулбал уг урамшууллыг Х.Д зайлшгүй авах ёстой байсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд ГАА МСҮТ-ийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаартай “Х.Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс 2020 оны 1, 2 дугаар улиралд дутуу олгогдсон үр дүнгийн урамшуулал олгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГАА МСҮТөөс 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар ГАА МСҮТ-ийн захирлын 2020 оны  07 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаартай “Х.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг  хүчингүй болгож, нэхэмжлэлээс 2020 оны 1, 2 дугаар улиралд дутуу олгогдсон үр дүнгийн урамшуулал олгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГАА МСҮТ-өөс 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Ц.ҮЙТҮМЭН