Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар   2024/ШЦТ/263

 

 

 

 

 

 

   2024         02            28                                     2024/ШЦТ/263

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа,

улсын яллагч:Г.Нандин-Эрдэнэ

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.М

хохирогчийн өмгөөлөгч: Д.Ганхуяг

шүүгдэгч: Т.Г нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г холбогдох эрүүгийн 2303006620547 дугаартай хэргийг 2023.12.27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.                             

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт ******-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ландшафтын архитектор мэргэжилтэй, **** ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай гэх, ам бүл-5, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн **** хороо ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:******/ Г овогт Т.Г нь автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1/ Хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Г нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн **** хороо "Өгөөж тулга" хүнсний дэлгүүрийн гадна талбайд Тоёота аква маркийн *** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4 настай явган зорчигч Т.А мөргөж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

         - Гэмт хэргийн талаарх  гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-3/

         - Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-10/,

         - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М: "2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим манай ээж Уранчимэг нь ажпаасаа тараад манай дүү 16 настай, эмэгтэй Энхзулын хамт миний хоёр ихэр охин болох Анхжаргал, Анхзаяа нарыг Эх Нялхсын хажуугийн 86 дугаар цэцэрлэгээс аваад автобусанд суугаад Баянхошууны Хөтлийн автобусны буудал дээр буугаад урагшаагаа зам хөндлөн гараад "Өгөөж тулга" нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож байхад уг машины зогсоол дээр зогсох гэж байсан машин миний охин Анхзаяаг мөргөсөн" гэх мэдүүлэг /хх-13/,

            -  Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023.09.26-ны өдрийн 12144 дугаартай "Т.А биед баруун тавхайн дөрвөлжин ясны сэлтэрсэн хугарал, шаантаг хэлбэрийн дотор ясны цууралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-26-27/,   

       - Өгөөж тулга хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “2023-09-20 18:19:01 бичлэг эхлэхэд ягаан өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, ягаан өнгийн пүүзтэй хоёр ихэр эмэгтэй хүүхэд хоёр том эмэгтэй хүний хажууд зогсож байв. 18:19:11 цагт зорчих хэсгээс цагаан өнгийн Тоёота аква маркийн ***** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун эргэж, уг зогсож байсан хүмүүсийг чиглэн ирээд зогсох үед хоёр ихэр хүүхдийн нэг нь хаямт явсан эмэгтэй хүмүүсийн хамт АТМ-ийг чиглэн алхахад нэг ихэр эмэгтэй хүүхэд байрандаа үлдэх ба уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь уг газарт үлдсэн хүүхдийг тээврийн хэрэгслийнхээ баруун урд хэсгээр мөргөөд баруун урд талын дугуйгаараа дээгүүр нь гараад згсолт хийж байв. Жолооч талаас цагаан өнгийн пудволктай хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн /Т.Г/ бууж ирж байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл /хх-54/,

           -  Иргэний хариуцагч М.Н: “Т.Г нь миний ажиллуулдаг хоолны газарт хүргэлтийн жолоочоор ажилд орно гэж байсан юм. Т.Г нь манай нөхрийн танил байгаа юм. Тухайн осол болсон өдөр манай ажил дээр байц байгаад дэлгүүр ороод ирье гэхээр нь би машинаа өгөөд явуулсан байсан юм. Би Т.Г жолооч биш гэдгийг мэдээгүй машин бариад л явдаг байсан юм. Урд нь машинтай байж байгаад зарсан гэж надад ярьж байсан би жолооны үнэмлэхийг нь би үзээгүй юмгэх мэдүүлэг /хх-22/,

         - Яллагдагч Т.Г: 2023 оны 9-р сарын 20-ны өдөр орой 18 цаг өнгөр дэлгүүр орох гээд ажлын эгч  Наранчимэгийн машиныг гуйгаад “дэлгүүр орчихоод ирье” гэж хэлээд Тоёота аква маркийн ***** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Өгөөж тулга хүнсний дэлгүүрийн зогсоол руу ороод машинаа байрлуулах үед зогсоол дээр хүүхдүүд харагдсан. Тэгээд урагшаа харахад цуг явж байсан том хүмүүс нь хүүхдээ дагуулаад цаашаа явж харагдсан. Тэгээд би урагшаа хөдөлтөл нэг хүүхэд нь явалгүй үлдсэн байсныг машиныхаа жолооч талын урд крыло орчмоор мөргөөд тэр хүүхдийн хөлөн дээгүүр нь гарсан байсан. Тэр үед хүмүүс орилох үед нь хүүхэд байсныг нь мэдсэн юм. Тухайн үед бол тэр хүүхэд машины баган хэсэгт халхлагдаад харагдаагүй. Сүүлд нь харахад 2 ихэр хүүхдийн нэг нь байсан юм билээ. Адилхан хувцастай болохоор нь би цааш нь явчихлаа гэж харсан юм. Болсон явдалд гэмшиж байгаа” гэх мэдүүлэг /хх-52/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Т.Г хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Тухайн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

           Шүүгдэгч Т.Г нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо "Өгөөж тулга" хүнсний дэлгүүрийн гадна талбайд Тоёота аква маркийн **** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4 настай явган зорчигч Т.А мөргөж, бие махбодид нь  хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан бөгөөд тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож эрхгүй байсан болох нь Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023.09.26-ны өдрийн 12144 дугаартай дүгнэлт, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх  гомдол хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2023.10. 06-ны өдрийн 23-1/2030 тоот  "Гал овогт Түмэнгийн Ганбаатарын мэдээллийг жолоочийн бүртгэлийн нэгдсэн санд шүүхэд жолоочийн бүртгэлгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй/ байна" гэх албан бичиг, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1131 дугаартай "Т.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна" гэх магадлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч Т.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” заалт, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” заалт, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 “Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна” гэх заалт, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрнө” гэх заалт,  Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, мөн дүрмийн 3.7-ын "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтуудыг тус тус зөрчиж дэлгүүрийн гадна талын зогсоолд автомашинаа байрлуулахаар явахдаа 4 настай Т.Анхзаяаг харалгүй мөргөсөн зам тээврийн осол гаргасан нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүх тухайн тохиолдолд жолооч Т.Г хөдөлгөөнд оролцохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах үүрэгтээ хайхрамжгүй хандаж, явган зорчигчдыг явсан гэж тооцоолон хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн  үйлдэл зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон байна гэж дүгнэлээ.

Бага насны буюу 4 настай хүүхэд Т.А ихрийнх нь хамт  дагуулж явсан гэх 2 том хүн Замын хөдөлгөөний дүрмийн “Тав” дугаар зүйлийн 5.5-д заасан “явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа  өөрөөсөө салгахгүй /хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх г.м/ авч явна”  гэх заалтыг зөрчиж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж явсан хэтэрхий болгоомжгүй байдал жолооч Г.Г гэм буруутай үйлдлээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байх тул тухайн нөхцөл байдлыг Т.Г хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор шийдвэрлэв.

 Иймд шүүгдэгч Т.Г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад   зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

        Шүүгдэгч Т.Г үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.А  бие махбодид “баруун тавхайн дөрвөлжин ясны сэлтэрсэн хугарал, шаантаг хэлбэрийн дотор ясны цууралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан бөгөөд ГССҮТөвд гөлтгөнөн боолт хийлгэсэн, дүүргийн гэмтлийн эмчийн хяналтад орж 3 удаа үзүүлсэн болох нь ч, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12144 дугаартай дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр, Т.А эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 115.000 төгрөг зарцуулсан нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг баримтаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж  тус тус заасны дагуу өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Т.Гнь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын газар  нь эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хууль заасан арга, хэлбэрээр арилгахыг Т.Г шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М “эмчилгээ, эм тарианы баримтаар 537700 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Т.А түүний эх хууль ёсны төлөөлөгч Г.Мнь эмнэлэгт эмчилгээ болон асарсан 14 хоногийн ажлын хөлс 750000 төгрөг, эмчилгээний олон эм тарианы төлбөр баримтаар 187000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Т.Анхзаяаг эх Г.Мнь ажлаас чөлөө авч асрах үед зээлийн өрний төлбөр 463000 төгрөг, 234000 төгрөг, нийт 697000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох зэрэглэлийн 3-р зэрэглэлд тооцсон 550000 х 15= 7150000 төгрөг, нийт 9321000 төгрөг. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ“ гэх нэхэмжлэл, баримтыг хавсарган гаргасан болно. Шүүх дээрх баримт болон хавтаст хэрэгт хавсарган ирүүлсэн баримтуудыг шинжлэн судлаад эмчилгээ, эм тарианы зардалд 542700 төгрөг, сэтгэл санааны хохиролын нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 7150000 төгрөгийг, цалингүй чөлөө авсан 14 хоногийн цалин /дундаж цалин нэг хоногт 68086,2 төгрөг/ 953207,8 төгрөг, нийт 8645908 төгрөгөөс шүүгдэгчээс төлсөн мөнгийг хасч тооцон 8442700 төгрөгийг  Т.Ггаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох, мөн Т.Г115000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө буюу 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр авсан цалингийн зээл авч хувийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл нь энэ хэрэгт хамааралгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Бага насны хохирогч Т.А учирсан гэмтэл нь бүрэн эдгэрээгүй цаашид эмчилгээ шаардлагатай гэх тул цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд холбогдон гарсан төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй байна.

 

3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-62/

          Бага насны хохирогчийг дагуулан явсан этгээдийн хэт хайхрамжгүй байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөнийг  шүүгдэгч Т.Г хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

         Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. “Хохирогчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна. Улсын яллагч тодорхойгүй гэж яриад байна. Хавтаст хэрэгт тодорхой байгаа. Ажлын чөлөөг бид нар 20 хоногоор нэхээгүй. 14 хоног чөлөөтэй байсан хугацааны цалин болох 750,000 төгрөгөөр тооцсон. Сэтгэл санааны хохиролд 7,150,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчээс өмнө өгсөн 350,000 төгрөг дээр нэмээд сая өгсөн 182,000 төгрөг нийт 542,000 төгрөг өгсөн. Нийт хохирлын хэмжээ 9,671,000 төгрөг. Үүнээс шүүгдэгчийн өгсөн 542,000 төгрөгийг хасахаар үлдэгдэл 9,135,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Насанд хүрээгүй хохирогчийн хөл 2 удаа хугарсан. Одоо дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа. Хяналтын эмч уг гэмтэл сэдэрдэг, хэрвээ сэдэрвэл цаашид доголон болох эрсдэлтэй. Сайн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Цаашид  гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хохирлыг нэн даруй төлүүлмээр байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

         Дээрх нөхцөл байдал, шүүгдэгч Т.Г хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрх хязгаарлах ялыг сонгон хэрэглэж Т.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Г овогтой Т.Г тээврийн хэрэгслийн жолооч түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг жолоодох эрхгүй  үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Т.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Т.Гоногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг,  513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.Г8.577.000 /найман сая тавин долоо мянга долоо зуун/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхзулд 8.442.700 /найман сая дөрвөн зуун дөчин хоёр мянга долоон зуун/ төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд  115.000 /нэг зуун арван таван мянган/ төгрөгийг  тус тус олгосугай.

     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч талаас зээлийн төлбөрт нэхэмжилсэн 697.000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч цаашид  эмчилгээ хийлгэсэн тухай  нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн болон Т.Г оршин суугаа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

           6. Шүүгдэгч Т.Г нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид 532.000 мянган төгрөгийг төлж барагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Хэрэгт хавсаргагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг Т.Г холбогдох эрүүгийн 2303006620547 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

         10. Шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Т.Г мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ