Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2020/00715

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөний шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт оршин суух Ши овгийн Э-ы А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: АУЭХС ТӨХК-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.А нь АУЭХС ТӨХК-д 2015 оны 06 сард Шарга сумын Эрчим хүчний салбарын цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр байцаагчаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2018 оны 12 сарын 18-нд Говь-Алтай аймгийн АУЭХС ТӨХК-н гүйцэтгэх захирал Б/137 тоот тушаалыг гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн нь хууль бус үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Э.А шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Э овогтой А миний бие нь 2015 онд АУЭХС ТӨХК-д монтёр байцаагчийн ажилд ороод 2018 оны 12 дугаар сарын 18-нд сахилгын зөрчил гаргасан гэж үзээд ажлаас халагдсан. Үүнийг сахилгын зөрчил гаргаагүй учир үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж байгаа. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгнө үү. Би 2015 оноос хойш АУЭХС ТӨХК-д ажиллаж байна. Гэхдээ гадуур үйлчилгээ, шугамын үйлчилгээ бүгдэд очдог байсан. Ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Ахлагчтай ярихад хүний нөөц хоорондоо зохиц гэж тайлбар хэлсэн. Тийм болохоор хүүхдийн бие өвдсөн учраас хүүхдээ хагалгаанд оруулах гэж амралтаа аваад явсан. Тухайн үед амралтын хуудас байдаггүй байсан гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  АУЭХС ТӨХК-н Шарга салбарын шуурхай үйлчилгээний монтёр байцаагч Э.А нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараагаар зөрчиж сахилгын зөрчил гаргасан. Түүнд оногдуулах шийдвэрийг АУЭХС ТӨХК-н гүйцэтгэх захирлын тушаалаар гаргаж ажлаас чөлөөлсөн. Өмнө нь шат шатны шүүх хуралдаанууд дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс тайлбарыг гаргаж оролцсон байгаа. Тухайн монтёр байцаагч нь ажиллаж байх хугацаандаа удирдлагууд болон инженер техникчдийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Цаг ашиглалт байдаггүй, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж явсан талаар нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Мөн АУЭХС ТӨХК-н дотоод журам хяналт шалгалтын журмын хүрээнд хийгддэг 3 дугаар шатны үзлэгүүд тухайн оны 12 дугаар сард болоод сум дээр нь очиж ажиллахад сум дээрээ байгаагүй. Амралтаа авсан нэрийдлээр амралтын хуудас гараагүй байхад ажлаа орхиж явсан. Мөн эрчим хүчний яам бусад байгууллагаас ирсэн аттестатчилал мэргэжлийн зэрэг дэв ахиулах шалгалтад хамрагдаагүй. Тухайн үед 12 дугаар сард ажлын байрыг дур мэдэн орхиж ажил үүрэгтэй хангалтгүй ажиллаж байсан үйлдэл гаргасан тул тухайн үед нь Хөдөлмөрийн хууль, дотоод журам, бусад холбогдох журмын хүрээнд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Мөн өмнө нь гаргаж байсан зөрчлүүдийг өөрт нь хэлж тайлбарлаж, сануулж ажлаа сайжруулах талаар хугацаатай үүрэг даалгавар амаар болон зааварчилгаагаар өгөгдөж байсан. Яамны шалгалт болоход Шарга сумаас ирж оролцоогүй. Тухайн үед Улаанбаатар хотоос ирж оролцсон байдаг. Яамны аттестатчилал шалгалтад хангалтгүй үнэлгээ үзүүлсэн. Иймээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Э.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Уг иргэний хэргийг тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00126 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2020/00371 тогтоолоор анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгч Э.А нь АУЭХС ТӨХКйн Шарга сумын эрчим хүчний салбарт цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагчаар ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь АУЭХС ТӨХК-н гүйцэтгэх захирлын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/60 дугаар тушаал, мөн компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/78 дугаар тушаал, мөн компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/137 дугаар тушаал, нэхэмжлэгч Э.Аийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Эдгээрээс үзэхэд АУЭХС ТӨХК нь Э.А-той 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагчаар ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, 10.3.14-ийн 12 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Э.А-ийг ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор заажээ.

Нэхэмжлэгч Э.А ... Би 2015 оноос хойш АУЭХС ТӨХК-д ажиллаж байна. Гэхдээ гадуур үйлчилгээ, шугамын үйлчилгээ бүгдэд очдог байсан. Ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Ахлагчтай ярихад хүний нөөц хоорондоо зохиц гэж тайлбар хэлсэн. Тийм болохоор хүүхдийн бие өвдсөн учраас хүүхдээ хагалгаанд оруулах гэж амралтаа аваад явсан. Тухайн үед амралтын хуудас байдаггүй байсан. Сахилгын зөрчил гаргаагүй учир үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарласан байна.

Хариуцагч тал татгалзлаа ... Тухайн үед 12 дугаар сард ажлын байрыг дур мэдэн орхиж ажил үүрэгтэй хангалтгүй ажиллаж байсан үйлдэл гаргасан тул тухайн үед нь Хөдөлмөрийн хууль, дотоод журам, бусад холбогдох журмын хүрээнд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Мөн өмнө нь гаргаж байсан зөрчлүүдийг өөрт нь хэлж тайлбарлаж, сануулж ажлаа сайжруулах талаар хугацаатай үүрэг даалгавар амаар болон зааварчилгаагаар өгөгдөж байсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа. Энэ хүний ажил тасалсан талаар өөрийнх нь мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтуудаар авагдсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэлийн шаардага, хариу татгалзал зэргээс үзэхэд талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан байх бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн хувьд ажил хөдөлмөр эрхлэх нь хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрх бөгөөд энэ эрхэд халдах тохиолдолд эрх зүйн өндөр шаардлага тавигддаг. Хөдөлмөрлөх эрхэд халдах буюу ажлаас халах нь хуульд зааснаар ажил олгогч, ажилтны аль алины санаачилгаар бий болдог ч ихэнхдээ /энэ хэргийн хувьд ч/ нэг талын идэвхтэй бодит үйлдлээр хэрэгждэг тул нотолгооны хуваарийн хувьд хариуцагч тал тэргүүн ээлжинд татгалзлаа нотлох үүрэгтэй байна.

Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэжээ. Энэ зүйлд заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.

Хариуцагчийн ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл болгосон АУЭХС ТӨХК-н хөдөлмөрийн дотоод журмын /Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 07-р тогтоолын хавсралт/ 6.2.1-д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө гэж, мөн дүрмийн 10.3.14-ийн 12 дахь заалтад Сахилгын ноцтой зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно. Үүнд: 12. Ажилтан компаний дотоод журамд заасан болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол гэжээ.

Зөрчлийн талаар хариуцагчийн итгэмжлгэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...Э.А 2018 оны 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 09 хүртэл чөлөө зөвшөөрөлгүйгээр ажлаа орхиж явсан. 12 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийг дуустал хугацаанд мөн байхгүй байсан гэж тайлбарлажээ.

Ажилтны гаргасан сахилгын ноцтой болон удаа дараагийн зөрчил нь хамт олны хуралд, захирлын зөвлөл зэргээр хэлэлцэгдэж байгууллагын түвшинд урьдчилан тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд ийнхүү тогтоосон байдлыг үндэслэж шийтгэл ноогдуулах тушаал шийдвэр гарах ёстой.

Хариуцагч тал тайлбартаа ...ажилтны ажил тасалсан талаар өөрийнх нь мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж байгаа боловч зөрчил тогтоогдсон байх гэдэг нь тушаал гарсны дараа буюу шүүхийн ажиллагааны шатанд бус ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдахаас өмнө буюу тушаал гаргахаас өмнө тогтоогдсон байх ойлголт юм.

 Ажил олгогчийн тушаалд дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг баримталсан байгаа боловч яг ямар зөрчил энэ үндэслэлд хамаарч байгаа болох нь тодорхойгүй, хариуцагч тал шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлахдаа ... Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа... гэж тайлбарлаж байгаа боловч яг ямар зөрчил тогтоож шийтгэл ноогдуулж байгаа болох нь урьдчилж байгууллагын түвшинд тогтоогдоогүй байх тул шүүх тухайн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул үндэслэл бүхий гэж үзэж хүлээн авах боломжгүй юм.

Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 06, 12 дугаар сарын цагийн тооцооны хүснэгтэд ажиллавал зохих өдөр цагийг тодорхойлсон боловч тухайн сарын ямар өдрүүдэд ажиллах ёстой, үүнээс хэд хоногт нь ажиллаагүй болохыг тусгаагүй байна.

Гэрч Э.Т нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ...Э.А надад хүүхэд өвдсөн. Ээлжийн амралтаа авмаар байна гэж хэлэхээр нь хүний нөөцтэй яриад зөвшөөрвөл болно гэж хэлсэн. Анх бол 09 сард амарна гэж саналаа өгч байсан. Гэхдээ 09 сард амраагүй. Тэгээд 6 сард хүүхэд өвдлөө гээд 06 сарын 09-нөөс ээлжийн амралтаа авлаа, хүний нөөцтэй ярилаа гэж явсан. 06 сард л амарлаа гэж явсан. Дахиж ээлжийн амралт гэж яваагүй. Ээлжийн амралтын мөнгөө хэзээ авсныг мэдэхгүй байна. 06 сарын 09-нөөс 07 сарын 09 хүртэл А гараагүй. Цо бид хоёр гарсан. 2018 оны 12 сарын 01-ний үеийг сайн санахгүй байна. хэдэн сарыг санахгүй байна. Нэг удаа Дэлгэр явлаа. Хадам ээжийн бие муудлаа гэсэн. Би дээрээс чөлөө аваарай гэж хэлсэн. Надад олон хоног чөлөө өгөх эрх байхгүй... гэж, гэрч Б.Ц нь нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ...Э.А ээлжийн амралтаа авлаа гээд явсан. Хүүхэд үзүүлнэ гэж ярьж байсан. 06 сарын 08-нд ээлжинд гараад 09-нөөс амарсан. 07 сарын 09-нд эргээд ажилдаа орсон. Тогтбаатар бид хоёр сая очиж журналтай танилцсан. Шуурхай ажиллагааны тэмдэглэлд 06 сарын 09-нөөс хойш ээлжийн амралт авсан гээд явсан учраас 07 сарын 09 хүртэл Т бид хоёрын л гарын үсэг байгаа. 10, 11 сард Э.А амраагүй. Харин ээлжийн амралтын мөнгө нь орсон байх. Ээлжийн амралтын мөнгөө аваагүй, мөнгөө авмаар байна гэж надад ярьж байсан. Э.А 2018 онд 6 сард л амарсан. Ахлагчид ээлжийн амралтаа авлаа гэж хэлсэн. Би албан ёсоор авсан эсэхийг мэддэг хүн биш. Дарга нарт хэлсэн байх. Би 6 сард олон хоногоор явсан болохоор нь ээлжийн амралт гэж ойлгосон. Бусад үед чөлөө авсан байж магадгүй. Миний мэдэхээр 2018 онд 06 сараас бусад үед ээлжийн амралт гэж олон хоногоор яваагүй. 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс хэд хоног байхгүй байсан. Тасалсан эсэхийг мэдэхгүй. Чөлөө авсан бол ээлжийн ахлагчаас чөлөө авсан байх. 06 сарын 08-нд хамгийн сүүлж ээлжинд гараад ээлжийн амралтаа авч яваад 07 сарын 09-нд ажилдаа орсон. Бусад юмыг нь сайн мэдэхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.А-ийг 2018 оны 06 дугаар 10-наас 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд чөлөө зөвшөөрөлгүй явсан, 12 дугаар сарын 1-5-ны хооронд 5 хоног ажил тасалсан гэж тайлбарлаж, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ...Э.А-ийн ээлжийн амралтыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс олгов гэх ээлжийн амралтын хуудас, цалингийн тооцооны картыг ирүүлсэн байх боловч гэрч Б.Ц, Э.Тнар нь Э.А 2018 оны 06 сарын 08-нд хамгийн сүүлд ээлжинд гараад ээлжийн амралтаа авч яваад 07 сарын 09-нд ажилдаа орсон, үүнээс хойш дахин ээлжийн амралт авсан гэж яваагүй гэж мэдүүлж байгаагаас дүгнэхэд Э.А нь 2018 оны 11 дүгээр сард ээлжийн амралтаа биеэр эдлээгүй, харин 2018 оны 06 дугаар сард ээлжийн амралттай гэж явсан байна. Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд ээлжийн амралтыг хэрхэн ямар журмаар авах талаар Хөдөлмөрийн хуульд нарийвчлан зохицуулаагүй бөгөөд Алтай-Улиастай Эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани нь Хөдөлмөрийн дотоод журамдаа мөн тодорхой нарийвчилж зохицуулаагүй байх тул нэхэмжлэгч Э.Аийг ээлжийн амралт авах журам зөрчиж ээлжийн амралт авсан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл тогтоосон хэм хэмжээ тогтоогоогүй зүйлийн хувьд зөрчил гэх ойлголт байхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ... гэж заасан байх бөгөөд ээлжийн амралтын асуудлыг журамлан зохицуулаагүй, талууд өөр өөрөөр тайлбарлаж байгаа тохиолдолд шүүх болсон үйл баримтад дүн шинжилгээ хийх замаар авч үзэхэд 2018 оны 11 дүгээр сард Э.А ээлжийн амралтыг биеэр эдлээгүй болох нь тогтоогдож байх ба харин 6 дугаар 9-ний өдрөөс биечлэн амарсан  болох нь тогтоогдож байх тул амралтын мөнгө хэзээ олгогдсоноос нь үл хамааран биечлэн эдэлсэн хугацаагаар тодорхойлох нь зүйтэй байна.

Мөн нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

Хариуцагч АУЭХС ТӨХК нь Э.А-ийг 2018 оны 06 дугаар сард ажлын байран дээрээ байхгүй байсан болохыг 2018 оны 06 сарын 21-ний өдөр илрүүлсэн болох нь аттестатчлалын ажлын хэсгийн илтгэх хуудсаар тогтоогдож байх бөгөөд зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн тайлбарт дурдсан дараагийн үндэслэл буюу 2018 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд ажил тасалсан гэх зөрчлийн хувьд авч үзвэл дээрхтэй мөн адил яг ямар зөрчилд шийтгэл ноогдуулж байгаа нь тодорхой бус, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө уг тушаал гарахаас урьд тогтоогдсон талаарх баримт хэрэгт байхгүй байх тул ажлаас халах тушаал үндэслэлтэй гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд ажлаас чөлөөлөх үндэслэлүүд буюу сахилгын зөрчлийг хамт олны хурлаар хэлэлцэж зөрчлийг тогтоосон эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхад Э.А-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, монтёрын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Э.А-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, 10.3.14-ийн 12 дахь заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Э.А-ийг АУЭХС ТӨХКйн Шарга сумын эрчим хүчний салбарт цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу Э.А-ийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 489 хоногийн олговор 12.648.474 /арван хоёр сая зургаан зуун дөчин найман мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ.

 

Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо дээрх журмыг баримтлан хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э.А-ийн 1104019 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 07, 08, 09 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг үндэсн цалингаас тооцдог ба 2018 оны 10 дугаар сарын хувьд А-ийн нийгмийн даатгалын дэвтэрт амрылтын мөнгө тооцогдож бичигдсан байх тул түүний өмнөх сар буюу 9 дүгээр сараас урагш 3 сарын цалингийн дундажаар авч үзсэн болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч АУЭХС ТӨХК-д даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 12.648.474 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 217.326 төгрөг, нийт 287.526 төгрөгийг хариуцагч АУЭХС ТӨХК-с гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш овгийн Э-ы А-ийг АУЭХС ТӨХК-н Шарга сумын эрчим хүчний салбарт цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч АУЭХС ТӨХК-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12.648.474 /арван хоёр сая зургаан зуун дөчин найман мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Э-ны А-д олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Аийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч АУЭХС ТӨХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 12.648.474 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 217.326 төгрөг, нийт 287.526 төгрөгийг хариуцагч АУЭХС ТӨХК-с гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН