Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар   2024/ШЦТ/295

 

 

 

 

 

 

 

    2024          03         07                                     2024/ШЦТ/295

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Э.Намуун,

хохирогч Ц.М, Б.Х,

хохирогчийн өмгөөлөгч: Ч.Мөнхсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Амартогос

шүүгдэгч А.Э нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э холбогдох эрүүгийн 2308022530458 тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.                                    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ****-д төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,тогооч мэргэжилтэй, хувиараа хүргэлтийн ажил хийдэг гэх, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн **** хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо найзынхаа гэрт буюу Баянгол дүүрэгт /хаягийг мэдэхгүй/амьдарч байгаа гэх, цаашид төрсөн эгч А.О гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн ***** хороо ***** тоотод оршин сууна гэх, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, /РД:******/ Б овогт А.Э нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ, мөн жолооч хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

1/ Холбогдсон хэрэг, гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Э нь 2023 оны 7 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн **** хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр хорооллын  32 дугаар байрны урд замд Тоёота ланд 100 маркийн ***** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Б.М жолоочтой Форд фокус маркийн **** УЕВ дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөсний улмаас Б.М жолоодож явсан тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ц.М, Б.Х нарын бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэн Б.Мэзэмшлийн форд фокус маркийн 02-62 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөнгөн дүнгээр 3.596.018 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-7-10/,

         - Хохирогч Б.Х “Би 2023 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 03 цаг 30 минутын орчимд нөхөр М найз М, охин 1 ой 2 сартай Ө нарын хамт Архангай аймаг руу явах гээд нөхрийн Форд Фокус маркийн 02- 62 УЕВ улсын дугаартай цагаан өнгийн машинтай Хархорин захын баруун замаар зүүнээсээ баруун чиглэлд явж байгаад зорчих хэсгийн гуравдугаар эгнээн дээр ногоон гэрэл асахыг хүлээгээд зогсож байтал араас машин ирж мөргөсөн. Бид нар юу болов гээд сандраад буугаад иртэл арын машинаас 5-6 согтуу залуучууд буугаад ирсэн. Тэр залуус сүртэй юм бэ п...а нараа миний эхнэрийг цагдаа нар авч явчхаад байна би араас нь явмаар байна гээд манай машины хажуугаар тойроод зугтах гээд байсан. Урд нь машинууд зогсож байсан болохоор урагшаагаа яваагүй юм. Мөн тэр согтуу жолооч залуу сүртэй юм наад машиныг чинь төлөөд өгчихнө, зүгээр явуул хэдэн төгрөг юм гээд хэл амаар доромжлоод байсан. Яг тэгээд бужигнаад байж байтал хоёр цагдаа ирсэн, тэр хоёр цагдааг ирэхээр нь машин барьж явсан согтуу залууг зааж өгсөн. Нэг цагдаа нь манай нөхөртэй хамт метр бариад хэмжилт хийсэн, нөгөө цагдаа нь тэнд байсан бөгөөд согтуу жолоочийг үлээлгэх арга хэмжээ аваагүй. Бид нар түргэн дуудаад байж байтал согтуу жолооч залуу А гэх цагдаатай хамт байж байгаад алга болчихсон” гэх мэдүүлэг /хх-57/,

      - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023.07.18-ны өдрийн 8951 дугаартай “Б.Х биед хүзүүний 4-7-р нугалмын фиброзон цагираг урагдал, жийргэвч тархмал цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-18-19/,

         - Хохирогч Ц.М: “Би 2023 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 02 цагийн орчим манай найз Мөнхзаяа эхнэр Хандсүрэн болон жаахан охиныхоо хамтаар манай гэрийн гадаа буюу Баянзүрх дүүргийн Жанжан клубын автобусны буудал дээр өөрийнхөө Форд Фокус маркийн **** УЕВ улсын дугаартай  цагаан өнгийн машинтай ирээд намайг авсан. Тухайн үед манай найз Мөнхзаяа машинаа бариад хажууд нь би суугаад арын суудалд Х жаахан хүүхдийнхээ хамт суугаад Архангай аймаг руу гарах гээд шөнийн 03 цаг 30 минутын орчимд Хархорин захын автобусны буудлын зүүн талын явган хүний замын наана нь улаан гэрэл ассан байсан ба ногоон гэрэл асахыг нь хүлээгээд зогсож байтал араас машин ирээд мөргөсөн. Би болон манай найз Мөнхзаяа бид хоёр машинаасаа буугаад хартал араас мөргөсөн машин буцаж ухраад манай машины хажуугаар буюу хоёрдугаар эгнээ рүү ороод чигээрээ явах гэхээр нь Мөнхзаяа бид хоёр урдуур нь орж зогсоод явуулахгүй гэхэд тэр согтуу жолооч залуу нь “манай эхнэрийг согтуу цагдаа аваад явчихлаа би хойноос нь хөөж байна” гээд байсан. Тэр машин дотор 5- 6 залуучууд бүгдээрээ согтуу байсан ба тэд нар бүгдээрээ машинаасаа бууж ирээд “та нар муу сайн хүмүүс замд лай болоод байх юм эсвэл би мөнгө өгчихье надад том хүмүүс байгаа, надаас юу ч авч чадахгүй” гээд элдэв янзаар хэл амаар доромжлоод байсан. Гэтэл тэр үед хоёр цагдаа ирсэн, би нэг цагдаад нь араас мөргөсөн жолооч залууг “энэ мөргөсөн машины жолооч залуу шүү” гэж хэлээд хүлээлгэж өгсөн. Тэр цагдаа тэр залуутай ярилцаад цаашаагаа аваад явсан. Бид нар наана нь толгой тархи өвдөөд сууж байтал авч явсан цагдаа нөгөө залууг алга болчихлоо гээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-34/,

     - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023.07.18-ны өдрийн 8947 дугаартай “Ц.М биед хүзүүний 5-7-р нугалмын цагирагны урагдал цүлхийлт тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-23-24/,

            - Хохирогч Ц.М өвчний түүх /хх-205-216/,

            - Гэрч Б.А /замын зохицуулагч, цагдаагийн дэслэгч/: “2023 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгээд шөнийн 03 цагийн орчим Хархорин захын хойно буюу 32 дугаар байрны урд талын явган хүний гэрэл дохион дээр Тоёота ланд круизер маркийн 25-25 УБМ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл мөн цагаан өнгийн Форс форд маркийн 02-62 УЕБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөчихсөн зогсож байсан. Араас нь мөргөсөн машины хүмүүс нь жолооч Э хамт автобусны буудал дээр такси барих гээд зогсож байсан. Би очоод тэр хүмүүсийг авчраад дэслэгч Батбаярт энэ хүмүүсийг харж бай гэж хэлж үлдээгээд мөргүүлсэн машины жол..ооч залуутай хамт хэмжилт хийгээд дуусгаад хартал арын мөргөсөн машины жолооч алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-73-74/,

            - Гэрч Ш.Г: “2023 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө би Э ахтай Сонгинохайрхан дүүргийн нутаг Саппоро төв дээр тааралдсан юм. Тухайн үед Энх-Эрдэнэ ах эхнэр нь эмнэлэгт байгаа гээд эмнэлэг явна, баруун зүгт явна гэхээр нь би гэр лүүгээ дөхөөд буучихъя гээд Э ахын цагаан өнгийн 25-25 УБМ улсын дугаартай машинд нь суусан. Э ах машинаа бариад хажууд нь С ах суугаад харин би арын суудалд суугаад Саппоро төвөөс хөдлөөд төв замаар явж байгаад нэг машины араас нь мөргөсөн. Тэгээд Э ах машинаасаа буугаад жолоочтой ярилцаад уучлалт гуйгаад “мөнгө өгье” гэж хэлэхэд нөгөө жолооч нь “чи яасан их мөнгөтэй юм, яагаад дээрэлхээд байна” гээд цагдаад дуудлага өгсөн. Тэр үед нь би цаашаа гэр лүүгээ алхаад явсан, Э тэндээ үлдсэн” гэх мэдүүлэг /хх-76-77/,

            - Гэрч Э.Э: “...гэртээ харихаар болоод харих гэтэл би унаагүй байсан ба Энх-Эрдэнийн машинд нь дөхье гээд хөдөлцгөөсөн. Тухайн үед Э машинаа бариад хажууд нь би суугаад Г хойно суугаад “Өнөр” зоогийн газраас хөдлөөд баруун чиглэлд явж байгаад Хархорин захын арын зам дээр зогсож байсан машины араас нь мөргөөд зогсоон. Би машинаас буугаад шууд такси бариад гэр рүүгээ явсан, Энх-Эрдэнэ тэндээ үлдсэн” гэх мэдүүлэг /хх-79-80/,

            - Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023.10.11-ний өдрийн 97 тоот “Техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тус төвд ирүүлсэн форд фокус маркийн 02-62 УЕБ улсын дугаартай автомашин нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул тоног төхөөрөмж дээр техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болно” гэх албан бичиг /хх-94/,

            - Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023.09.21-ний өдрийн 12709/27663304 дугаартай “форд фокус маркийн 02-62 УЕБ улсын дугаартай автомашиныг засварлахад шууд зардлын дүн: 3.296.001 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн: 3596018 төгрөг” гэх дүгнэлт /хх-86-91/,

            - Мөрдөгчийн 2023.09.28-ны өдрийн 1051 дугаартай “Тоёота ланд круизер-100 маркийн 25-25 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Жолооч Б.М нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна” гэх магадалгаа /хх-117-118/,

            - ЦЕГ-ын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Б овогт А.Э РД:******, “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй” гэх жолоодох эрхийн лавлагаа /хх-191/,

            - Яллагдагч А.Э: “Тогтоолтой танилцсан, асуух зүйл байхгүй. Би өмнө нь мэдүүлгээ өгсөн, нэмж ярих зүйл байхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Хохирогч нарын хохирлыг шүүх хурал болохоос өмнө барагдуулна” гэх мэдүүлэг /хх-131/,

            - гэрч А.Э: “...шөнийн 02 цагийн орчим өөрийн ланд круизер-100 маркийн 25-25 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаагаад би өөрөө жолоодоод миний хажууд дүү С суугаад арын суудалд Г суугаад бид гурав Москва хороолол орохоор хөдөлсөн. Тэгээд төв замаар зүүнээсээ баруун чиглэлд яваад Хархорин захын арын автобусны буудлын гарцны гэрэл дохион дээр зогсож байсан Форд фокус маркийн ***** УЕВ улсын дугаартай машины араас нь мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад нөгөө машины жолоочид “уучлаарай манай эхнэрийн бие нь муу байгаа юм, хоёулаа тохиръё” гэж хэлэхэд нөгөө жолооч залуу “үгүй” гээд байсан. Тэгэхээр нь би машиныхаа хаалгыг хаагаад зам хөндлөн гараад машинд суугаад гэмтлийн эмнэлгийн урд байдаг манал оточ нэртэй эмнэлэг рүү эхнэр рүүгээ явсан. Манай эхнэр гэмтээд уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэр үед эхнэр эмнэлэгт хэвтсэн байсан болохоор хаяад явсан” гэх мэдүүлэг /хх-71/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч А.Э хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Э нь 2023 оны 7 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн **** хорооны нутаг дэвсгэр **** байрны урд замд Тоёота ланд 100 маркийн 25-25 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган хүний зохицуулдаг гарцын ногоон гэрэл дохио асахыг хүлээн зогссон Б.М жолоочтой Форд фокус маркийн 02-62 УЕВ дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөсний улмаас Б.М жолоодож явсан тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ц.М, Б.Х нарын бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэн Б.М эзэмшлийн форд фокус маркийн 02-62 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөнгөн дүнгээр 3.596.018 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-7-10/, хохирогч Б.Х, Ц.М нарын мэдүүлэг /хх-57, 34/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023.07.18-ны өдрийн 8951, 8947 дугаартай дүгнэлт /хх-18-19, 23-24/, гэрч Б.А, Ш.Г, Э.Э нарын мэдүүлэг /хх-73-74, 76-77, 79-80/, яллагдагч А.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-131, 71/, хөрөнгийн шинжээчийн дүгнэлт /хх-86-91/, мөрдөгчийн магадалгаа /хх-117-118/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

   Шүүгдэгч А.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-ийн “замын хөдлгөөний аюулгүй байдлыг хангаж гэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг хэлнэ” гэх заалт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” заалт, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, мөн дүрмийн 11.14-ийн “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу  зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна “ гэх заалт, мөн дүрмийн 12.3-ын “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчиж явган хүний зохицуулдаг гарцын ногоон гэрэл дохио асахыг хүлээн зогссон Б.М жолоочтой Форд фокус маркийн **** УЕВ дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөсөн зам тээврийн осол гаргасан буруутай болох нь дээр дурдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Э гаргасан зам тээврийн ослын улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдсон тул түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Прокуророос  А.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ /хх-239/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “согтуурсан, мансуурсан үедээ” гэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ хир хэмжээтэй “согтуурсан, мансуурсан” байсан гэдгийг Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д заасан ажиллагаа явуулан Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үр дүн байх шаардлагатай.  Мөн журмын 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэргийн шинжтэй осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, ...хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж, мөн дүрмийн 2 дахь хэсгийн 2.5-д “шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн ...цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж тус тус заасан болно. 

Дээр дурдсан сайд нарын хамтарсан тушаалаар баталсан журам нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт мөн тул  жолооч А.Э согтуурсан үедээ осол гаргасан  гэдгийг журамд заасан ажиллагаа явуулж нотолж ирүүлэх шаардлагатай байжээ. Шүүгдэгч А.Э нь зам тээврийн осол гаргаж, замын цагдаагийн ажилтан ирж ажиллагаа явуулах үед хэргийн газрыг орхиж яван зугтаасны улмаас түүний согтуурлыг шалгах ажиллагаа явагдаагүй болох нь баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч А.Э нь 2023 оны 7 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба энэ талаар гэрч Ш.Г, Э.Э, хохирогч Б.Х, Ц.М нар мэдүүлсэн байх боловч тэдний мэдүүлэг нь жолооч А.Э“согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэж яллах баримтад хамаарахгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч А.Э нь “согтуурсан үедээ” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хяналтын прокуророос шүүгдэгч  А.Энх-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Э нь 2023 оны 7 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй байх бөгөөд энэ шүүх хуралдаанаас тусдаа хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасан осолд холбогдсон жолоочийн үүргийг санаатайгаар зөрчиж, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч А.Э авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн жолооч хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Э гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б.Х, Ц.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Б.М эд хөрөнгөд мөнгөн дүнгээр 3.596.018 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 Дараахь зардлыг дор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж  тус тус заасан тул хохирогч Б.Х, Ц.М, иргэний нэхэмжлэгч Б.М, Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээд болох шүүгдэгч А.Э эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг шаардах эрхтэй байна.

            Хохирогч Б.Х эмчилгээний зардал 1543000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.М 3596018 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч А.Э бүрэн төлж барагдуулсан байх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Хохирогч М шинжилгээнд зарцуулсан 450000 төгрөг, ажилгүй байсан 1 сарын цалин болох 4,500,000 төгрөг нэхэмжилснийг үндэслэн түүнээс гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судалж үзэхэд 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр MRIхийлгэсэн төлбөрт 450000 төгрөг төлсөн нь нотлогдож байх тул тухайн төлбөрийг А.Э гаргуулж Ц.М олгох, хийсэн ажлын нарьяад нь “2022.07.29” гэх огноотой байх бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан “дутуу авсан цалин хөлс”-ний тооцоог гаргахад баримт хангалтгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор тус тус шийдвэрлэв.

            Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан бөгөөд хохирогч Б.Х, Ц.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, мөн хохирогч нарын бие махбодод учирсан гэмтлийн шинж байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /550000 төгрөг/ 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7150000 төгрөгийг тус тусын сэтгэл санаанд учирсан гэм хорын нөхөн төлбөрт гаргуулах нь зүйтэй байна.

            Хохирогч Б.Х, Ц.М нар нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

          3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч А.Э нь урьд шүүхээр 6 удаа ял шийтгүүлж байсан болох нь дараах  баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 211 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, 3 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасан,
  2.  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 529 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосны дагуу хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2000.11.07-ны өдөр 10 сар 28 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
  3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 9-р сарын 23-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсний дагуу хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2 жил 2 сар 8 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
  4. Баянгол дүүргийн шүүхийн 2011.08.04-ний өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж 1 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоон хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсний дагуу хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2012.01.26-ны өдөр 4 сар 26 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,
  5. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013.08.01-ний өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг чага дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсний дагуу хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2015.11.05-ны өдөр Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан өршөөлд хамрагдаж  1 жил 10 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан,
  6. Баянгол дүүргийн 2018.10.19-ний өдрийн 795 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгөөр торгох ял оногдуулсан ба уг ялыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эдэлж дуусгасан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар хувь, шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт зэрэг баримтуудаар /хх-137-189/ тогтоогдож байна.

          Шүүгдэгч А.Э нь урьд 6 удаа ял шийтгүүлээд ялыг биечлэн эдэлсэн, ял шийтгэлгүй болсон, мөн ялын тооцоогүй болсон байх тул тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

          Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг /оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зорчих эрхийг хязгаарлах ял биелэгдэх боломжгүй/ харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос  А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт А.Э авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн жолооч хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Э оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар А.Э оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1,511.3,  мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Э нийт 14976000 /арван дөрвөн сая есөн зуун далан зургаан мянган/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд 226000 /хоёр зуун хорин зургаан  мянган/ төгрөг, хохирогч Ц.М 7600000 /долоон сая зургаан зуун мянган/ төгрөг, хохирогч Хандсүрэнд 7150000 /долоон сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг тус тус олгосугай. 

7. Шүүгдэгч А.Э нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Х 1.543.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.М 3.596.018 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.М ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нэхэмжлэл, мөн Ц.М, Б.Х нар нь цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд  эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж А.Э иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11..Шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэхгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 мянган төгрөгийг тус тус хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино  гэдгийг А.Э мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ