Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/191

 

 

 

 

 

   2024          03          11                                     2024/ШЦТ/191

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Дашням,

Улсын яллагч: П.Итгэл /томилолтоор/,

Хохирогч ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403000320048 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20 цаг 07 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Амарсанаагийн гудамж CU сүлжээ дэлгүүрийн урд замд Тоёота Приус 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-д “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч, цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч ***г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Би ажлаасаа тараад явж байгаад машинд мөргүүлсэн. Миний зүүн хөлний булууны яс бяцраад углуурга яс цөмөрч орсон. Хагалгаа хийх шаардлагатай гэж хэлсэн. Хагалгааны төлбөрийг нэхэмжилж байгаа. Мөнгөө бүрдэхээр хагалгаанд орно, би хагалгаанд ормоор байна” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20:00 цагийн үед ажлаа тарчихаад гэртээ харихаар 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудлын тэндээс явган алхаад 3-р эмнэлгийн автобусны буудлаас Тахилт чиглэлийн автобусанд суух гээд алхаж яваад гэмтлийн эмнэлэг рүү явдаг дунд замын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлэд зам хөндлөн гарах үед 2-р эгнээнд явсан автомашин зам тавьж өгөхгүй, намайг мөргөж унагаасан” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

Шинжээчийн 745 тоот дүгнэлтэд: “...***гийн биед зүүн шаант ясны дээд булууны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 38-39/,

Мөрдөгчийн 64 дугаар магадлагаанд: “...Тоёота приус 20 маркийн ***улсын дугаартай тэвэрийн хэрэгслийн жолооч *** нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-д “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч, цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” Мөн дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч *** нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй байна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-н 40/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-н 5-9/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-н 30-35/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-49, 56-57/, хохирлын баримтууд /хх-н 69/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20 цаг 07 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Амарсанаагийн гудамж CU сүлжээ дэлгүүрийн урд замд Тоёота Приус 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-д “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч, цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч ***г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, шинжээчийн 745 тоот дүгнэлт, мөрдөгчийн 64 дугаар магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хохирогч ***г мөргөж, хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт ндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогчийг мөргөж, хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчид хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирол төлсөн, нийт 754.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдав.

Хохирогч нь шүүгдэгчээс цаашид эмчилгээ хийлгэх, хагалгаанд орох зардал нэхэмжилсэн ба тухайн хохирлын талаар баримтыг хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөөгүй, цаашид ямар хэмжээний хохирол гарах нь тодорхойгүй байх тул тухайн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.

Иймд дээрх хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж хохирогч нь шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хүндэвтэр хохирол нь гуравдугаар зэрэглэлд хамаарах ба тухайн зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.250.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Шинжилгээний байгууллага, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр торгох ял онодуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, группт байдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримттай хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах талаар санал гаргаагүй тул шүүх нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 754.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 8.250.000  төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  6. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР