Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2020/00706

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р баг, 11-р гудамж, 0 тоотод оршин суух, З овогт И-ын Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Ч.С, гэрч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие И.Б 2005 оноос Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багшаар тасралтгүй 14 жил ажиллаж байгаад 2019 оны 05 сард эрүүл мэндийн шалтгааны улмаас нэг жилийн чөлөө авсан юм. Гэрэл 4 дүгээр сургуулийн захирал Сэндэрмаа нь намайг ажлын ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй байхад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр сургуулийн захирлын Б/29 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ороод 7 хоног цаг бүртгүүлж ажлаа хийж байгаад 08 дугаар сарын 25-нд ажлаас чөлөөлөх тушаал гарсныг мэдсэн. Надад уг тушаалыг хүлээлгэн өгсөн албан ёсны мэдэгдэл, баримт олгоогүй болно. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан 4 дүгээр сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч И.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна. И.Б нь мэргэжлээрээ 19 жил ажиллаж байгаа. 2019 оны 05 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар 1 жилийн чөлөө авсан. 2020 оны 08 дугаар сарын 11-нд ажилдаа ороход 7 хоног хурууны хээг бүртгүүлж ажилдаа явсны дараа 2020 оны 08 дугаар сарын 17-нд ажлаас чөлөөлөгдсөн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тушаалын конандсан хуулбарыг харсан байдаг. Ингээд эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан байдаг. Ажил олгогч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг болон холбогдох гэрээ болон журмыг үндэслэж ажлаас чөлөөлсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үйлдэл И.Бад байхгүй. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй байдаг. Энэ хүн тушаал гарсанаа 08 дугаар сарын 17-нд мэдсэн. Хэргийн материалтай танилцахад хөдөлмөрийн гэрээ 2019 оны 04 дүгээр сарын 17-нд байгуулагдсан байдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд И.Б гарын үсэг зураагүй байгаа. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.3 дахь хэсэгт зааснаар чи ажлаа гүйцэтгэсэнгүй гэж шаардах боломжгүй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаад нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Гэтэл хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл юу юм бэ энэ талаар нарийвчилсан тохиролцоон дээр гарын үсэг зураагүй байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээг баримталж ажил олгогч ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалд нөхөн бичилт хийж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сургуулийн англи хэлний багш ажилтай И.Б-ын нэхэмжлэлтэй ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирал хариуцагч Ч.С миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. И.Б багш 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жилийн чөлөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өргөдөл өгөөд, шийдвэрлэгдээгүй байхад ажлаа таслаад явсан. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сургалтын менежер С.Мөнхзаяа холбогдох гэж оролдсон ч утсаа салгасан байсан. 2020 оны 05 дугаар сарын 10-аас сургалтын менежер Ё.Б, нийгмийн ажилтан С.М, бичиг хэргийн ажилтан А.О нар утас руу нь залгаж холбогдох гэхэд холбогдохгүй, хаягаар нь хайгаад олоогүй. Ажил тасалсан И.Б-ыг сургуулийн англи хэлний багшийн ажлаас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/29 тоот тушаалаар чөлөөлсөн. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Б-ын тухай ярихад 2019 оны 04 дүгээр сарын 15-нд 4 дүгээр сургуульд шилжиж очсон. 05 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын хөндлөнгийн үнэлгээний шалгалт гээд хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд жил бүр авагддаг. 05 дугаар сарын 10-ны өдөр шалгалттай байхад 05 дугаар сарын 09-ний өдөр 1 жилийн чөлөө олгож өгнө үү гэсэн өргөдлөө өгөөд өргөдлийг хуульд зааснаар 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байтал ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байхад 05 дугаар сарын 09-ний орой ажлаа орхиж явсан. Ажлаас чөлөөлсөн баримт байхгүй. Э захирал 06 дугаар сарын 09-ний өдөр өргөдөлтэй танилцаж тушаал гаргасан. 05 дугаар сарын 10-ны өдрийн хөндлөнгийн үнэлгээний шалгалт дээр анги даасан багш байсан. Тэгэхэд даасан ангиа орхисон мөн боловсролын бичиг баримт нэгийг ч хүлээлгэж өгөөгүй. Ажлаа хүлээлцээгүй, ангийн журнал хөтлөлт хөтөлсөн зүйл байхгүй. 05 дугаар сарын 10-наас эхлэн ажилдаа ирээгүй. Боловсролын байгууллагад 19 жил ажилласан гэж сонслоо. Тэгэхээр ямар нэгэн хариуцлага алга. 05 дугаар сарын 10-ны өдөр ажлаа орхиод явсан. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч байгуулсан байсан. И.Б өөрөө нэг хувийг аваад үлдсэн нэг хувь дээр нь гарын үсэг зураагүй байсан. Хөдөлмөрийн гэрээн дээр ноцтой зөрчил гаргасан гэдэг нь 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэж байгаа. Удирдлагын зөвлөлөөр хуралдаад 05 дугаар сарын 20-ны өдөр менежерүүд хурал хийсэн. Чөлөө авснаа хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол 05 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх ёстой байдаг бол 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл харахад өргөдлөө өгөөгүй мөн сургалтын менежер, нийгмийн ажилтан холбогдох гэж үзсэн. Өргөдөл дээр байсан утас руу маш олон удаа ярьсан. Тэгэхэд ажилдаа эргэж орооч, танхимын сургалт явагдахгүй байгаа ч гэсэн цахимаар сургалт байнга явагдаж байсан. Иймээс бид нар хүлээгээд 06 дугаар сарын 10-ны өдөр дотоод журмаа үндэслээд ажил тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа. Би 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан. Тэр хугацаагаар ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй. Үүнээс дураараа яваад дураараа ирж байдаг. Надтай уулзах гээд орж ирсэн. Тэгэхэд би 7 хоног хурууны хээгээр бүртгүүлж явсан. 7 хоногийн цалин авна гэж хэлсэн. Би гайхсан. Ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр ажлаа хаяж явчихаад хүүхдийн сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн. Би өөрөө өрөөндөө дуудаад энэ тушаалыг танилцуулсан. Ёс зүйн хувьд доголдолтой. Өмнө нь 3 дугаар сургуульд байхдаа хүүхдийн эрхэд халдаж хүүхдийг зодож байсан. Хамтран ажиллагчдаа цохиж зодож байсан үйлдэл давтагдаж байсан. Мөн захиргааны чөлөөтэй байсан гэдэг зүйл яриад байна. И.Б ямар нэгэн шийдвэр гарахгүйгээр явсан байгаад ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байсан. Тэгэхэд ажлаа хаяад хүүхдийн сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн гэж байгаа. 05 дугаар сарын 09-нд эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан гэж байгаа юм. Өргөдөл дээрээ 05 дугаар сарын 10-наас эхлэн жилийн чөлөө олгож өгнө үү гэсэн байгаа. Дотоод журамд хүсэлтийг үндэслэж байж шийдвэрлэдэг. Хүсэлтээ шийдвэрлүүлээгүй явсан. Нэг жилийн чөлөө 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байх ёстой. Тэгэхээр И.Б-ыг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч И.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч И.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч И.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 01ий өдрийн Б/28 дугаартай тушаалаар англи хэлний багшаар томилогдсон болох нь нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн, шүүхэд харъяалагдах асуудлаар шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч И.Б нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал  зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч И.Б нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргахдаа 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажилд ороод 7 хоног цаг бүртгүүлж ажлаа хийж байгаад 08 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсныг мэдсэн гэж тайлбарлаж, хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 дугаар тушаалыг хэзээ гардуулсан талаарх байдлаа нотлох баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.   

Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас чөлөөлсөн үйл явц, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч ажилтанг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөрийн Б/29 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлан дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч ажлаас чөлөөлөх үндэслэлээ тодорхойлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Монгол Улсын Бага боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.17 дахь заалт, захирлын зөвлөлийн хурлын 2020 оны 08 дугаар хурлын шийдвэрийг тус тус баримтлан бичиж ажлаас чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол...” ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. Ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг авч үзэхийн тулд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх, гэрээндээ энэ талаар тухайлан заасан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг судлан тогтоох шаардлагатай болдог.

Хөдөлмөрийн гэрээ нь хоёр талт гэрээний нэг төрөл бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ...ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж тус тус зааснаас үзэхэд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулахаар хуульчилсан байх ба бичгийн гэрээнд тавигдах стандарт шаардлага нь талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон болох илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулснаар байгуулагдсанд тооцдог.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан гарын үсэг зураагүй байх бөгөөд хариуцагч тал хоёр хувь үйлдээд ажилтанд өгсөн хувь дээр хоёр гарын үсэг зурагдсан гэж, мөн өөр сургуулиас шилжин ажиллаж байгаа тул хөдөлмөрийн гэрээ дахин байгуулахгүй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байж болно гэх зэргээр тайлбарлаж маргажээ.

Хэдийгээр өөр сургуулиас шилжин ажиллаж байгаа гэх боловч шинээр үүссэн хөдөлмөрийн харилцааны хувьд 4 дүгээр сургуулийн захирал ажил олгогч байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч И.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ажилтанд өгсөн хувь дээр гарын үсэг зурсан гэх байдлаа нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан бөгөөд харин байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх асуудал уг хуулиар зохицуулагдаагүй байгаагаар дээрх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д ...хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан байх бөгөөд уг заалтын органик хуулийн хамгаалалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.3-т ...хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүргийн гүйцэтгэлийг шаардаж болохгүй гэсэн заалтын агуулгаар хэрэгждэг.

Хуулийн шаардлагад нийцсэн байдлаар хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлээр мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан И.Б-ыг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй буюу ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Зураач овогт Ишнямын Буян-Ундрахыг урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 3 сарын буюу 2019 оны 5, 7, 8 саруудад ажиллаж авсан цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 262.742+935.623+935.623=2.133.988/3=711.329 төгрөг байх бөгөөд үүнээс нэг өдрийн цалинг тооцоход 711.329/21.5=33.085 төгрөг байх ба ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөх тушаал гарсныг мэдсэн гэх хугацаа буюу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс тодорхойлж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 47 өдрийн цалинг тооцоход 1.554.995 төгрөг байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 1.554.995 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч И.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.554.995 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 39.830 төгрөг, нийт 110.030 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, З овогт И-ын Б-ыг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Бад 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх  ажилгүй байсан хугацааны олговорт 1.554.995 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт  зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл,  хураамжийг  тооцон, И.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.554.995 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 39.830 төгрөг, нийт 110.030 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН