Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/190

 

 

 

 

 

     2024          03          11                                     2024/ШЦТ/190

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Дашням,

Улсын яллагч: Н.Энхтөр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305036200031 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Цоглог хотхоны сагсан бөмбөгийн талбайд насанд хүрээгүй хохирогч ***тай бохир тоглолоо гэж маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, нуруу хэсэгт өшиглөж биед нь хамар ясны хугарал, хүзүү, нуруу, цээжинд цус хуралт, цээж, зүүн тохойнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***: “...2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр манай хүүхэд сагсны талбай дээр зодуулсан орж ирсэн. Цагдаад дуудлага өгсөн, энэ хүн зугтаасан байсныг олж ирсэн. Одоо гадаа гарч тоглохдоо айдастай болсон. ...хамар ясны хугарал, таславч мурийсан. Тонгойхоор толгой, нүдний ухархай руу нь өвдөж байгаа. Гэрээсээ гарахад айдастай болсон. Маргад гэх хүний царайг харахад айсан түгшсэн байдалтай байдаг. Миний хүүгийн сэтгэл санаа, эрүүл мэндэд  учирсан хор уршгийг арилгаж өгнө үү. Нэг хагалгааны төлбөр 1.890.000 төгрөг гэсэн, нийлээд 3.980.000 төгрөг болно гэсэн. Тухайн мөнгийг нэхэмжилж байна. Баримтаар гарсан хохирлоо барагдуулна, хүүхдэдээ учирсан шаардлагатай төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 20 цаг өнгөрч байхад ганцаараа Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Цоглог хотхоны сагсны талбай орсон. Тэгээд тэнд байсан танихгүй хүүхдүүдтэй гурвын эсрэг гурав баг болж хуваагдаж тоглосон. Тоглож байхад манай эсрэг багт толгож байсан 20 орчим насны, надаас ах, халимаг үстэй, цагаан пудволк, хар шорттой ах намайг түлхээд байхаар нь би зөрүүлээд яагаад байгаа юм бэ гэхэд “юу гэнээ бацаан минь” гэж хэлсэн. Тэгээд миний пудволкноос зуураад боогоод газарт нуруугаар унагаагаад дээр гарч суучихаад нүүр хамар хэсэг рүү хоёр гараараа ээлжлээд 7-8 удаа цохиод байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд цээж хэсэг рүү нь нэг удаа жийхэд найз нь гэмээр нэг ах ирснээ тухайн хүнийг салгасан. Намайг газарт хэвтэж байхад намайг зодсон ах дахин миний нуруу руу 2-3 удаа жийсэн. Би босоод өлгөсөн байсан цамцаа авах гэж байхад араас ирснээ толгой руу дахин 1-2 удаа цохисон. Тэгээд цамцаа авчхаад гэр рүүгээ харьж ээжид болсон зүйлийн талаар хэлсэн. Тухайн үед хамарнаас цус гарсан, толгой өвдсөн, хүзүү, нуруу, зулгарч улайсан, гар, хөл шалбарсан байсан. Дараа нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хамар хугарсан байна гэж хэлсэн. Тэрнээс хойш өвчин намдаах эм уусан. Хамраа янзлуулаагүй. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан бүх гэмтлийг сагсны талбай дээр намайг зодсон ах үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Шинжээчийн 11425 тоот дүгнэлтэд: “...***ын биед хамар ясны хугарал, хүзүү, нуруу, цээжинд цус хуралт, цээж, зүүн тохойнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-н 21-22/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 26-33, 65-75/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 9/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 36-37/, хохирлын баримтууд /хх-н 59-62/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Цоглог хотхоны сагсан бөмбөгийн талбайд насанд хүрээгүй хохирогч ***тай бохир тоглолоо гэж маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, нуруу хэсэгт өшиглөж биед нь хамар ясны хугарал, хүзүү, нуруу, цээжинд цус хуралт, цээж, зүүн тохойнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч ***ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1.  Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь насанд хүрээгүй хохирогч ***тай сагс тоглож байгаад маргалдаж улмаар түүнийг цохиж, зодон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь насанд хүрээгүй хохирогч ***ыг цохиж, зодсон үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу насанд хүрээгүй хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хагалгаанд орох зардалд 3.980.000 төгрөг, баримттай хохирол 170.000 төгрөг тус тус нэхэмжилсэн ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хагалгаанд орох зардалд 3.980.000 төгрөг нэхэмжилсэнийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч нь дээрх хагалгаанд ороогүй ба түүний ээж буюу хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрсний дараа орно гэж шүүх хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Дээрх хохирол бодитой учраагүй, хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхойгүй тул дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид хийлгэх эмчилгээ, хагалгааны талаар нотлох баримтаар бүрдүүлж шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Харин хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.550.000 төгрөг, баримттай хохирол 170.000 төгрөг, нийт 5.720.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч түүний өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

Шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч насанд хүрээгүй хохирогч нь гадаа гарч тоглох айдастай болсон гэх мэдүүлэгт үндэслэн сэтгцэд учирсан хор уршгийг тухайн үед үйлчилж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолтой, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас хавтаст хэрэгт баримтаар авагдсан 170.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5.550.000 төгрөг, нийт 5.720.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч ***д олгосугай.
  6. Насанд хүрээгүй хохирогч У.Өнөрбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР