| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0028/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/026 |
| Огноо | 2022-02-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Т.Чингүн,
Шүүгдэгч: Э.Эрболд, түүний өмгөөлөгч Д.Мэндээ
нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000018 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас гавьяа шагналгүй Хөндлөн зэвэг овогт Элбэгзаяагийн Эрболд / Регистрийн дугаар: ВК94101415 /,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Эрболд нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын дугаар багийн нутаг дэвсгэр “Бургасан тохой” гэх газар нутаглах малчин Л.Ганбатын бэлчээрт байсан бог малаас 12 тооны бог тасарч өөрийн малд нийлснийг ашиглаж, алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж машинаар зөөвөрлөж айлын намаржаанд аваачин иргэн Г.Доржбатад зарж борлуулан завшсаны улмаас Л.Ганбатад бага хэмжээнээс дээш буюу 1.560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Эрболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хонио бүртгэж үзэхэд манай хонинд олон төрлийн эмтэй 10 тооны хонь нийлсэн байсан. Тэгээд 2 хоногийн дараа манай саахалт айлын Ганбат гэдэг хүн өөрийнхөө малаа тууж, том хүүгийнхээ гэрт хүргэж өгсөн. Тэгээд маргааш буюу 09 дүгээр сарын 19-ний орой манай хүргэн ах Баярсайхан манайд хүрч ирэхээр нь манай хонинд 10- аад хонь нийлсэн байна гэхэд Баяраа ах “энэ хонь айлуудын хонь байх, сайн харж бай, эзэн нь сураад ирэх байх гэж хэлсэн. Тэрнээс хойш 10 гаран хоногийн дараа манай саахалт айлын Ганбат ах хонио туугаад ирээд надаас мал хуй сурахгүй байсан. Манай хонинд нийлсэн хонийг хүн сурч ирээгүй. Тухайн үед би малаа хариулж явахдаа манайд малд нийлсэн хонийг Баяраа ахаас асууснаас өөр хүнээс асууж сураглаагүй. Ганбат ах ирчхээд хонь малаа маллаад 3-7 хоног болоход надаас мал сураглаагүй. Тухайн үед Ганбат ахын хонь манай хоньтой ойртоход Ганбат ах үлдэг байсан. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 07-ний орой Гантөмөр гэдэг хүнтэй утсаар залгаж “манайд хэдэн тооны хөгшин хонь байна, та маргааш ирээд ачаад Баяннуур гэх газарт байгаа малтайгаа нийлүүлчих” гэхэд “би маргааш сумын төв орж хуц ухна авна, тэгэхээрээ яваад очъё” гээд салгасан. Маргааш нь намайг Гантөмөр ах өөрийнхөө ачааны машинаар орой нар жаргаж байхад хүрч ирээд “нөгөө хонь чинь аль вэ” гэхээр нь “хонь дотор байгаа” гээд хотноосоо 10 тооны хонийг би өөрөө барьж өгөн ачуулж явуулсан. Тухайн үед намайг мал ачиж байхад Ганбат ах харж байсан. Маргааш нь би гэрээсээ мал авах хүн нь ирсэн байх гэж бодоод Гантөмөр ахын гэрт очиход мал хүн ирээгүй байсан. 2021 оны 09* сарын 20-дын үер Доржоо ахтай утсаар яриад “та хонь авах уу” гэж асууж байсан юм. Доржоо ахтай утсаар залгаад “10 тооны хонь байна, та ирээд аваадхаач, мөнгөний хэрэг байна” гэхэд “за” гэхээр нь “Баяннуурт Гантөмөр ахын үлдээсэн байгаа” гэхэд миний данс руу 120.000 төгрөгөөр бодоод миний данс руу хийчих” гээд салгачхаад, мессежээр дансаа явуулчхаад гэртээ ирсэн. ...11 дүгээр сарын дундуур Ганбат ахын гэрт очиж уулзаад “танай хонь байсныг мэдээгүй, ёстой муухай юм боллоо, би танай хонийг зүсээр нь авчраад өгье” гэхэд “би чиний зарсан хонийг очоод үзэхэд манай хонь байна лээ гэсэн. Би Ганбат ахын хонийг хулгай хийгээгүй, намайг эзэнгүй байхад манай хоньтой нийлсэн байсан. Хохирлыг барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 98-100 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрболд мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
3. Хохирогч Л.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Л.Ганбатын 2021 оны 12 сарын 07-ны өдөр өгсөн: “...Манайх 2021 оны 10 дугаар сарын 08-ны шөнө өөрийн намаржаа болох "Бургасан тохой” гэх газраас хотноосоо 12 тооны хонь алдсан. Тэгээд хонио ойр хавийн айлуудаар сурагласан. Тэгээд Баяннуур 4 дүгээр баг Батаа гэх айлын хонинд 10 тооны хонь маань зүсээрээ байсан. Тэгээд тэр хонинуудыг хэн өгсөн талаар асуухад “Галуут сумын 5 дугаар багийн залуучууд болох Э.Эрболд, Э.Гантөмөр нар манай ахад зарсан" гэж хэлсэн. Тэгээд Эрболд, Гантөмөр нартай уулзахад “өө танай хонь байсныг мэдсэнгүй, уучлаарай ахаа" гээд тухайн өдрөөс хойш арваад хоногийн дараа УАЗ 34-69 маркийн автомашинаар авчирч өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 10-11 /
...2021 оны 10 дугаар сард манайх "Бургасан тохой" гэх газарт байсан. Манай хажуу саахалт Эрболдынх байсан. Манайхаас Эрболдынх 500-600 метрийн зайтай байсан. Эрболдын малтай манай мал нийлэх боломжтой байсан. Манай мал Эрболдынхоос холгүй зайтай байсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 10-11/
4. Иргэний нэхэмжлэгч Г.Доржбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....Эрболд надад 2021 оны хэдэн сарын хэдний өдөр өдөр хонь өгсөн өдрийг санахгүй байна. Эрболд надтай утсаар яриад “та хонь авч байгаа юу” гэхээр нь “авна” гэхэд "10 тооны хонь өгнө, та мөнгийг нь түрүүлээд өгчхөөрэй, мөнгөний хэрэг гараад байна" гэхээр нь "дансаа өгчхөөрэй” гээд салгасан. Тэгээд удалгүй Эрболд дансны дугаараа мессежээр явуулахаар нь би уг данс руу нь 1.200.000 төгрөгийн шилжүүлсэн. Тухайн үед Эрболд надад хонь авчирч өгөөгүй. Утсаар ярьж байхдаа "танд зарах хонийг Гантөмөрийн гэрт үлдээсэн байгаа очоод авчхаарай” гэж хэлсэн. Тэрнээс хойш 11 сард би Гантөмөрийн гэрт нь очиж Эрболдын надад зарсан 10 тооны хонийг очиж авсан. Надтай Ганбат ирж уулзаагүй. Эрболд надад 10 тооны хонь зарснаас хойш ирж уулзахгүй байж байгаад 2021 оны 11 сарын сүүлчээр утсаар яриад “би хүнээс авсан 10 тооны хонийг танд зарсан байсан чинь тэр хүн хонио авна гээд байна, би танаас тэр хонийг аваад буцаагаад удахгүй тооцоог нь хийе” гэхээр нь “за тэгвэл очоод аваа” гэхэд салгасан. Тэрнээс хойш хэзээ Эрболд 10 тооны хонь авсан өдрийг нь санахгүй байна. Эрболд надаас авсан 1.200.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /,
5. Гэрч Ч.Бат-Оршихын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай хотонд Доржбат гэх манай хүргэн ахын манай намаржаанд буюу Галуут сумын 4 дүгээр баг бага Зараат гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын эхээр 10 тооны хонийг манай хоттой хонинд нийлүүлж тавьсан. Тухайн хонийг Эрболд гэх залуу Бор өнгийн УАЗ-69 маркийн тээврийн хэрэгслээрээ 2021 оны 11 дүгээр сарын сүүл хэсгээр буюу манайх 11 дүгээр сарын 28-ны өдөр өвөлжөөндөө буюу Баяннуур 4 дүгээр баг хүйтэн жалга гэх газар буусан өдөр ирж тухайн Доржоо гэх хүний тавьсан 10 тооны хонийг ирж өөрөө тоолоод аваад явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 36-37/,
6. Гэрч Э.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2021 оны 09 дүгээр сарын сүүл үеэр намайг Эрболд гэгч залуу нь өөрийнхөө 98945424 гэсэн дугаараас над руу залгаж “дүү нь Сэлэнгэ явах гэж байна, мөнгөний хэрэг гараад байна, 10 тооны хөгшин хонь борлуулаад зараадахъя” гэж над руу залгасан юм. Тэгээд тэр орой шууд харанхуй болохоос өмнө гэрт нь ороод “за өгөх гээд байсан 10 тооны хонь чинь хаана байгаа юм бэ" гэж асуухад Эрболд гэх залуу “өө ах минь хонинуудаа тэр чигт нь хашаанд хашсан байгаа” гэж хэлэнгүүт нь би тухайн Эрболдын хашсан байсан гэх хоттой хонин дундаас 10 тооны дандаа ногоон будагтай хонь салгаж аваад өөрийн эзэмшлийн Бонго маркийн 62-16 БHA тээврийн хэрэгслийн ачаан дээр ачаад Галуут Баяннуур 4 дүгээр багт байрлах Тээлийн гол гэх газарт өөрийн намаржаан дээр ч өгсөн...” гэх аваачсан. Баянхонгор аймгийн Жаргалант сум руу борлуулах гээд явсан. Жаргалант сум дээр бог мал авч байгаа хүн олдоогүй. Тэгээд буцаад манай намаржаан дээр хонио буулгачхаад надад Эрболд гэгч залуу хандаж хэлэхдээ за за Доржоо ах танайхаас ирээд авчих байх, би угаасаа Доржоо ахад өглөгтэй" гэж хэлчихээд яваад өгсөн. Эрболдын хотноос очиж авсан болохоор өөрийнхөө хонио зарах гээд байгаа юм байна гэж бодсон..." гэх мэдүүлэг / хх-ийн 45-46 /,
7. Гэрч Б.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Эрболд утсаар яриад “хэдэн хөгшин хонь борлуулах гэж байгаа, ачаад өгөөч” гэж ярьсан байсан. Тэгээд маргааш нь буюу 10 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Гантөмөрийн хамтаар хөдөө гэрээсээ сумын төв очиж ажлаа амжуулчихаад буцахдаа замаараа Эрболдын гэрт нь очсон. Тэгээд манай нөхөр Гантөмөр, Эрболд нар хонь ачихаар гараад явсан. Тэгээд удалгүй орж ирээд намайг болон хүүхдүүдээ аваад машинаараа гэрт ирсэн, тэр өдөр Эрболдын хонийг хуц ухнатай нийлүүлээд хашиж хоносон. Тэгээд манай нөхөр Эрболдын зарах гэж байсан хонийг ачаад Жаргалант сум руу зарахаар явсан боловч авах хүн байгаагүй гээд буцааж хонио ачаад ирсэн. Тэгээд хоньтой нийлүүлсэн. Тэрнээс хойш нэлээн хэд хоногийн дараа Доржоо ах ирж Эрболдын үлдээсэн хонийг ирж аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/
8. Гэрч Б.Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Галуут сумын төвөөс хуц ухна авахаар Гантөмөр, Нямдоржийн хамтаар ачааны машинаар хөдөө гэрээс яваад очиж авсан. Тэгээд сумын төвөөс хуц, ухна аваад хөдөө явах гэж байхад Гантөмөр надад хэлэхдээ “Эрболд гэрээс ирээд 10 тооны хонь зараад өгөөч” гэж байсан гэж хэлээд тэндээс Эрболдын байсан гэх Бургасан тохойн дэнж гэх газарт бүрэнхий болж байхад очсон. Гантөмөр, Эрболд хоёр хонь ачихаар үлдсэн. Би Нямдорж хүүхдүүдийнх нь хамтаар Эрболдын гэрт нь орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа Эрболд, Гантөмөр хоёр гэрт орж ирсэн. Тэгээд бид нар гэрээс гарч ирэхэд машинд хонь ачсан байсан. Тэгээд Гантөмөр машинаа асаагаад Эрболдын гэрийн гаднаас шууд хөдөө гэртээ очсон. Тэгээд би гэртээ орж амарсан. Маргааш нь өглөө босоод гэрээс гарч ирэхэд хуц, ухнатай хэдэн тооны хонь хашсан байсан. Тэгсэн тэр өдөр Эрболд Гантөмөрийн гэрт ирсэн байсан. Тэгээд хашсан байсан хонийг ачаад явсан хашаа явсныг мэдээгүй. Эрболдын ачуулсан хонь нь 10 тооны мал байсан. Хэний ямар зүсмийн мал байсныг мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/
9. Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор сумын Галуут сумын 5 дугаар баг Мандалын хангайд байх Эрболдын гэрт хоол идэхээр очиход надад манай малд 10 гаран хонь нийлсэн байна, танай мал мөн үү” гэж асуусан. Би гэрээс гарч харахад манай хонь биш байсан учир Эрболдод хандаж “манай мал биш байна. танай саахалтын хонь байх гэж хэлсэн. Надад 10 гаран хонь нийлсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 75 /
10. Энх-Нахиа ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 380 дугаартай шинжээчийн: 1. Хонь 12 тооны хонь 12 ширхэг нийт 1.560.000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 78/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13/, Мобиком компанийн албан тоот /хх-ийн 14-15/, Юнител компанийн албан тоот /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Эрболд нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бургасан тохой” гэх газар нутаглах малчин Л.Ганбатын бэлчээрт байсан бог малаас 12 тооны бог тасарч өөрийн малд нийлснийг ашиглаж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж машинаар зөөвөрлөж айлын намаржаанд аваачин иргэн Г.Доржбатад зарж борлуулан завшсаны улмаас Л.Ганбатад бага хэмжээнээс дээш буюу 1.560.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Л.Ганбатын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Доржбат, гэрч Ч.Бат-Орших, Э.Гантөмөр,Б.Түмэнбаяр, Б.Баярсайхан нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Эрболдыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Э.Эрболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Эрболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Эрболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Мөн хэрэгт иргэний нэхэмжлэгч Г.Доржбатад алдуул малыг зарж 1.200.000 төгрөг авсан байсаныг шүүгдэгч нь нөхөн төлсөн тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Эрболд нь алдуул малыг Ш.Хангайбаярын эзэмшлийн 62-16 улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачиж зөөвөрлөсөн бөгөөд уг авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг уг авто машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ш.Хангайбаярт буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Эрболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөндлөн зэвэг овогт Элбэгзаяагийн Эрболдыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Лувсан овогт Дорждаваагийн Ган Хөндлөн зэвэг овогт Элбэгзаяагийн Эрболдыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Эрболдод оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Эрболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Эрболд нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт иргэн Ш.Хангайбаярын 62-16 БНХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг авто машиныг эзэмшигчид нь буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Эрболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Эрболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ