Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2021/00396

 

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд онлайнаар нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг ******* тоотод оршин суух, ЖО71021569 регистрийн дугаартай, овогт д холбогдох

5 000 000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэн П.тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж ******* сумын 6 дугаар баг ******* /СМУ-гийн/ ******* тоотод байрлах хашаа, байшинг гражийн хамт 30 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед дагалдаж ирсэн граж нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байсан учраас гэрээнд гражийн талаар тусгаагүй. Үүнийг далимдуулж надтай хэл ам хийж, намайг байнга дарамтлах болсон. Анх энэ байрыг гражийн хамт худалдаж авахаар тохирсон. Тийм ч учраас гражийн төлбөр болох 5 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гийн данс руу шилжүүлсэн. Тэгээд анх тохирсон 30 000 000 төгрөгөөс гражийн үнийг хасаад төлөх ёстой мөнгөн дүн болох 25 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, сар бүрийн 9-ний өдрийн дотор 507 000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Бидний хооронд гражийн төлбөр тооцоо хийгдсэн, тооцоо дууссан учир гэрээндээ гражийн талаар тусгаагүй юм. Өнөөдрийн зах зээлийн ханшаар ч бүтэн засвар хийгдсэн, ******* /СМУ-гийн/ 2 өрөө орон сууц 30 000 000 төгрөг хүрэхгүй байхад 3 жилийн өмнө хаана ч байхгүй ханшаар буюу 30 000 000 төгрөгөөр хэн ч худалдаж авахгүй. Гэтэл П. нь граж огт оролцуулалгүй дээрх орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаанд 5 000 000 төгрөг авсан мэтээр гуйвуулж ярьж байна. Үнэхээр анхнаасаа 30 000 000 төгрөгөөр орон сууцыг авсан бол гэрээндээ үл хөдлөх хөрөнгийг 30 000 000 төгрөгөөр худалдаж авснаа, үүнээс урьдчилгаанд 5 000 000 төгрөг төлж байгаагаа тодорхой тусгах байсан. Миний хувьд гэрээний нөхцлийг зөрчилгүй үүргийн гүйцэтгэлээ хангаад, төлбөрийг сар бүр буюу 35 сарын хугацаанд төлөөд явж байна. Өөрийн худалдаж авсан гражийг одоог хүртэл ашиглаж байгаа. Өөрөө машингүй байхдаа бусдад түрээслүүлж байсан. Өөрийн гэсэн машинтай болоод гражаа байнга ашиглаж эзэмшиж байна. Миний хувьд гражийг хашаандаа үлдээх саналтай байна. Хэрвээ надаас гражаа буцааж авах юм бол би гражийн үнэнд төлсөн 5 000 000 төгрөгөө буцаан гаргуулах саналтай байна. Гражаа буцааж авна гэвэл өөрийн газар дээр граж байлгахыг зөвшөөрөхгүй. Харин буулгаж авахыг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч П. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* /СМУ-гийн/ ******* тоот 3 өрөө байрыг 30 000 000 төгрөгөөр Б.*******д худалдахаар харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулан гэрээ байгуулсан. Тухайн үед Б.*******д байрыг зарахдаа 5 000 000 төгрөгийн урьдчилгаа авч, үлдсэн 25 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр сар бүр 507 000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэхдээ би гражийг орон сууцанд оруулж зараагүй. Зөвхөн ашиглаж байхыг зөвшөөрсөн. Өөрөө гражаа ашиглах шаардлага гараад ашиглах гэхэд ******* энэ граж байртайгаа хамт ирсэн учраас өгөхгүй гэж хэлснээр бид хоёрын дунд маргаан үүссэн. Үүнээс гадна ******* удаа дараа байрыг буцаая гэж худлаа ярьж намайг сүрдүүлсэн. Үүнээс болж би санхүүгийн хувьд маш их хохирол амссан. *******ыг байраа буцаая гэж худлаа ярьснаас болж өөр хүнд байраа худалдаад урьдчилгаа мөнгө авсан. Гэтэл ******* байрыг буцаагаагүй учраас би тэр хүнд өртэй болоод хоцорсон. Дараа нь дахиад байраа буцаая гэж хэлэхээр нь би банкнаас 7 000 000 төгрөгийн зээл авч *******д өгсөн. Гэтэл удалгүй би байраа буцаахаа болилоо гээд буцаагаад над уруу 7 000 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Энэ талаарх нотлох баримтыг хавтас хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Худлаа ярьж намайг олон удаа хохироосон учраас би өмнөх шүүх хурал дээр гэрээгээ албан ёсоор цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 138/ШШ2021/00088 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэр гарах явцад ******* анх байгуулсан гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл ******* байрны урьдчилгаанд өгсөн 5 000 000 төгрөгийг гэрээнд тусгагдаагүйг далимдуулж гражийн төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн гэж худлаа ярьж байна. Мөн *******ы одоогийн гаргаж буй тайлбар нь өмнөх шүүх хурал дээр гаргасан тайлбараас зөрж байна. Анх гражийг байрны хамт дагалдуулж зарсан бол гэрээ байгуулахдаа гражийн хамт худалдсан гэж тусгах байсан. Тухайн үед энэ граж 10 000 000 төгрөгөөр үнэлэгддэг байсан. Би юу гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй гражийг 50 хувь хямдруулж зарах юм бэ. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгоогүй шалтгаан нь СМУ-гийн газрууд гэрчилгээгүй учраас гражид тусад нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох боломжгүй гэж холбогдох байгууллагын ажилтан хэлсэн. Үүнийг далимдуулж ******* уг гражийг зүгээр авах гэсэн санаа агуулж байна. ******* энэ хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авахуулсан байна. Гэрчийн мэдүүлэгтэй танилцах явцад энэ хэргийн талаар огт мэдэхгүй, ямар ч хамааралгүй хүмүүсээс мэдүүлэг авсан нь харагдаж байна. Зарим гэрчийн мэдүүлэгт энэ байр бусад байртай харьцуулахад хэтэрхий өндөр үнээр худалдагдсан гэж ярих боловч энэ байр миний өөрийн байр учраас би өөрөө үнийг тогтоосон. ******* байрны үнийг хүлээн зөвшөөрч худалдаж авсан. Надаас өөр хүн бол хувь лизинг хийгээд жилийн 8 хувийн хүүтэйгээр ийм хямдхан байр зарахгүй байх байсан. *******ы хувьд банкны зээлд хамрагдаж банкны нөхцөлөөр байртай болох боломжгүй байсан учраас би түүнд боломжийн үнээр байртай болох боломж олгосон. Би 2019 онд хэдэн хуучин шифр хүнээс аваад гражийнхаа хойд талд хурааж тавьсан. Яагаад гэвэл хуучин шифрүүд байсан учраас заавал гражид хийх шаардлагагүй байсан. Гэтэл үүнийг *******ы охин гэрчээр өгсөн мэдүүлэгтээ намайг шифр авчраад гражид хийгээгүй, үнэхээр өөрийнх нь байсан бол гражид хийх байсан гэсэн утгатай тайлбар өгсөн байсан. Мөн намайг байрнаас гарахдаа гражаа суллаж өгсөн гэж бичсэн байсан. Би *******д байраа зарахаасаа өмнө өөр хүнд түрээслэдэг байсан учраас тэр хүний дутуу үлдээсэн эд зүйлс гражид байсан болохоор эзэнд нь хүлээлгэж өгсөн. Мөн гэрч Батцэцэг мэдүүлэгтээ би гийн өмнөөс түүний утасны дугаарыг бичээд байр зарна гэж фэйсбүүкт зар оруулсан гэж худлаа ярьсан байсан. Учир нь би өөрөө хаанаас ч зар оруулах боломжтой. Батцэцэг өмнө нь манай байрыг түрээсэлж байхдаа ус, цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй гарсан учраас тухайн үед төлөөгүй мөнгийг нь би өөрөө төлж барагдуулсан. Миний хувьд энэ гражийг анхнаасаа зарах бодолгүй, өөрөө ашиглах бодолтой байсан. Тийм ч учраас би *******д зөвхөн ашиглахыг л зөвшөөрсөн. Түүнээс биш *******д зараагүй. Иймд миний эд хөрөнгийг надад зарна гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.д холбогдуулан гражийн үнэнд төлсөн 5 000 000 /таван сая/ төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно. Хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр П.тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 30 000 000 төгрөгөөр ******* сумын 6 дугаар баг СМУ-гийн ******* тоотод байрлах 2 өрөө орон сууцыг гражийн хамт худалдан авсан, гражийн үнэ 5 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө П.гийн дансанд шилжүүлсэн, хэрвээ гражаа өгөхгүй гэвэл шилжүүлсэн 5 000 000 төгрөгөө буцаан нэхэмжилнэ... гэж тайлбарладаг.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ...******* сумын 6 дугаар баг СМУ-гийн ******* тоотод байрлах 3 өрөө орон сууцаа 30 000 000 төгрөгөөр үнэлж 5 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, сар бүр 507 000 төгрөг төлөхөөр тохирч Б.*******д худалдсан, урьдчилгаанд 5 000 000 төгрөг төлж, үлдэх 25 000 000 төгрөгөн дээр гэрээ байгуулсан, гэхдээ Б.*******д гражаа огт худалдаагүй, ашиглаж байхыг зөвшөөрсөн, Б.*******ы урьдчилгаанд төлсөн 5 000 000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй... гэж маргадаг.

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд П. нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* /СМУ-гийн/ ******* тоотод байрлах 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.*******д 25 000 000 төгрөгөөр зээлээр худалдахаар, мөн Б.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүр 25 000 000 төгрөгийг хүүгийн хамт хэсэгчлэн /сар бүр 507 000 төгрөг/ төлөхөөр, ...төлбөрөө бүрэн төлж дууссанаар 3 хоногийн дотор худалдагч орон сууцны гэрчилгээг шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна.

Хариуцагч П. нь нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан дээрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаалгах тухай нэхэмжлэл гаргасныг Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2021/00088 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлийн талаар шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талууд гэрээгээр тохиролцсон нөхцлийн талаар маргаж байгаа учир гэрээг тайлбарлах шаардлагатай байна.

Хариуцагч П. нь нэхэмжлэгч Б.*******д 30 000 000 төгрөгөөр 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдаж урьдчилгаанд 5 000 000 төгрөг авсан гэж тайлбарлаж байгаа боловч талуудын байгуулсан гэрээний 2.1-д үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 25 000 000 /хорин таван сая/ төгрөгөөр худалдахаар тохиролцов гэж заажээ. Дээрх заалтаас үзэхэд талууд гэрээний гол нөхцөл болох үнийн талаар тодорхой тохиролцсон байх бөгөөд 25 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэж үзэхээр байна.

П. нь орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдахад граж ороогүй, харин нэхэмжлэгч Б.*******г түр хугацаанд ашиглаж болохыг зөвшөөрсөн гэж тайлбарладаг боловч гэрч С.Батцэцэгийн ... эгч тухайн байрыг зарах зарыг надаар фэйсбүүк дээр байршуулсан, би уг байрыг түрээсэлж байсан бөгөөд тухайн үед эгч хотод байсан, байрны өрөөнүүдийн зураг, хашааны гадна талаас авсан зураг, үүдний таамбарын гадна талаас авсан зураг, байрны гадна талаас авсан бүтэн зураг, гражийн зургийг тус тус байршуулсан, гражийн хамт зарна гэж зар тавиулж байсан... гэх мэдүүлэг, гэрч Э.Мишээл, С.Оюунцэцэг, Т.Доржпагам нарын ...орон сууцыг гражийн хамт 30 000 000 төгрөгөөр худалдан авсан талаараа Б.******* хэлж байсан... гэх мэдүүлэг зэргээр П.гийн тайлбар няцаагдаж байна.

Хариуцагч нь шүүхэд асуугдсан гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэдэг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч П.д 5 000 000 төгрөг шилжүүлсэн талаар талууд маргадаггүй боловч дээрх мөнгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ...орон сууц болон гражийг оролцуулаад 30 000 000 төгрөгөөр худалдан авсан, гражийн үнэ болох 5 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлсөн учир гэрээнд энэ талаар тусгаагүй гэх тайлбарыг хариуцагч тал няцааж чадаагүй болно.

Иймд хариуцагч нь граж худалдсанаа болон гражийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэгч Б.*******ы гражийн үнэнд төлсөн гэх 5 000 000 төгрөгийг П.гаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч П.гаас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.гаас гэрээний дагуу шилжүүлсэн 5 000 000 /таван сая/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч П.гаас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ