| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2021/00326/И |
| Дугаар | 138/ШШ2021/00380 |
| Огноо | 2021-05-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2021/00380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын ******* ******* багт түр оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, Ашабгад овогт Балчингийн д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга,
Нэхэмжлэгч ******* /онлайнаар/,
Хариуцагч ******* /онлайнаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2018 онд танилцан, 2019 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин маань мэндэлсэн. ******* нь намайг зодож, гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэн хамт амьдрахад хэцүү байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээрээ саяхан 30 хоног баривчлагдсан. Архи уудаг. Архи ууж ирээд хоолойг чинь хэрчээд дүүжилнэ гэж хэлдэг. Тиймээс би түүнээс айдаг болсон. Ингэж айдастай амьдармааргүй байна. ...Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймээс би аас гэрлэлтээ цуцлуулж, охин Анужингаа өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Бид 2019 оны 02 сарын 21-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бид 2021 оны 01 сарын 29-ний өдрийг хүртэл хамт амьдарсан бөгөөд энэ өдрөөс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Хамт амьдрах хугацаанд нь архи ууж ирээд, агсам тавьж намайг зоддог байсан. Ийм учраас тусдаа амьдрах болсон, Бид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, охин Анужинг өөрийн асрамжинд үлдээж, түүнийг насанд хүртэл нь ааваас нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******тай 2018 онд танилцан гэрлэлтээ батлуулсан. 2019 онд дундаасаа охинтой болсон. Энэ хүнтэй амьдрах гэж би маш их мэрийсэн. Ааш зан хурцтай, нийтэч биш, ажил төрөл хийх чадваргүй. ...Намайг худлаа гүтгэсэн зүйлүүд байна. Жишээ нь, намайг архи уулаа гэж цагдаад өгсөн. Би 30 хоног биш. 7 хоног баривчлагдсан. Мөн удаа дараа хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй. Харин ч намайг байнга урж мааждаг. Ийм хүнтэй амьдарч чадахгүй. Иймээс би гэрлэлтээ цуцлуулж, өөрийн охиндоо тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Энэ хүн дээр миний охин ямар хүн болж өсөж хүмүүжих бол гэхээс айж байна. Үнэндээ надтай нэг ч уулзуулж яриулдаггүй. Үүнд би гомдолтой байдаг.
гийн хэлж байгаа зүйл бүгд үнэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хариуцагч *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид нь 2018 онд танилцан, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж, мөн өдрөө иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2101000037 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд тэдний дундаас 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин төрсөн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 02 сарын 19-ний өдрийн 00/000030 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, 00/000031 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд, хүүхдийн эрүүл бойжиж байгаа тухай ******* сумын Хүн эмнэлгийн хүний их эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 5-6, 9, 18-19 тал)
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс хамт амьдрах хүсэл сонирхолгүй болж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байх бөгөөд Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй, эвлэрэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх 10-11 тал)
Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин г өөрийн асрамжид авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулах санал гаргасныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн охин г эхийнх нь асрамжид үлдээж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ...энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй ...хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг *******д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх *******д тус тус даалгах нь зүйтэй.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 233 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 34 833 төгрөг, нийт 175 233 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ашабгад овогт Балчингийн /РД: /, овогт /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин г /РД: ЖЮ19232486/-г эх *******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг *******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх *******д даалгасугай.
6. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4, 26.6 дахь хэсэгт тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 233 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 175 233 (нэг зуун далан таван мянга хоёр зуун гучин гурав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА