Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/240

 

 

 

 

 

   2024          03          26                                     2024/ШЦТ/240

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,

Улсын яллагч: Б.Тэгшбаяр /томилолтоор/,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000123 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч ***нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүр орчимд хохирогч ***ийн нүүрэн тус газарт санаатайгаар гар болон хөлөөрөө цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд шарх, дээд, доод уруулын салстад шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Тухайн шөнө 22 цаг өнгөрч байхад ийм хэрэг болсон. Би такси бариад гэртээ харих гээд явж байсан. Тэц 4-н уулзвар руу эргэдэг эгнээнээс ***таксины жолоочтой эгнээ булаацалдаж орж ирээд цонхоор маргалдаад хэрэлдээд зогссон. Цонх нүдээд байхаар нь цонхоо онгойлготол намайг хэрцгий балмадаар зам дээр зодсон. Би Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж мэдүүлэг өгч, тэр шөнөдөө шүүх эмнэлэгт үзүүлж маргааш нь шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу хавтаст хэрэгт авагдсан байгаа. Би өмнө нь ийм гэмт хэрэгт холбогдож үзээгүй, мэдлэггүйгээс болоод эмчилгээний зардлын баримт, бариа засал хийлгэсэн баримт зэргээ баримтжуулж цуглуулаагүй. ***мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг ч удаа надтай холбогдоогүй, уучлалт гуйгаагүй тал дээр хамгийн их гомдолтой байна. Тухайн үед би маш хүнд нөхцөлд орсон. Ажлаа 14 хоног хийж чадаагүй гэртээ хэвтсэн. Би хөдөө ажилладаг учраас энэ хэрэг дээр бариа засалд орсон болон бусад эмчилгээний баримтаа цуглуулж чадаагүй нь миний буруу. Сүүлд нь мөрдөгч хэргийн материал прокурор руу шилжиж байгаа талаар хэлж, эмчилгээний зардлын баримт байгаа эсэхийг асуухад надад цуглуулсан баримт байгаагүй” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө 36-89 УБН улсын дугаартай таксинд суугаад Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Гурвалжингийн гүүр рүү ертөнцийн зүгээр урдаас хойш эргэх үед хажуугаар ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эргээд миний сууж явсан машинтай шахцалдаад байхаар нь би цонхоо доош нь буулгаад “чи яагаад дүрэм зөрчөөд байгаа юм бэ, дүрмээрээ яв” гэж хэлсэн чинь тухайн хүн намайг хараагаад байхаар нь гараараа машиных нь толь хэсгийг эвхсэн, энэ үед түгжрээд зогсож таарсан. ***улсын дугаартай машины жолооч бууж ирээд машины цонх цохих үед би цонхоо онгойлгосон чинь тухайн залуу миний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохих үед нь “чи яаж байна аа” гэж хэлээд машинаас буух үед миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Би түүнтэй зууралдахад миний төмсөг хэсэг рүү 3 удаа өшиглөсөн. Тэгээд би тэр хүний машины хамар дээр нь суусан. Миний хөмсөг сэтэрсэн, доод уруул сэтэрсэн, төмсөг хөндүүрлэж өвдөж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ...өөрийн приус-20 загварын 36-89 УБН улсын дугаартай сувдан цагаан өнгийн машинтайгаа явж байтал нэг эрэгтэй гараа өргөхөөр нь аваад Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороолол чиглэлтэй явсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Гурвалжингийн гүүрний урд талын уулзвараас урдаас хойшоо чиглэлтэй замын гэрлэн дохион дээр, замын 3 дугаар эгнээнд явж байтал, зүүн гар талаас “Приус 41” загварын авто машин миний явж байсан эгнээ рүү орох гээд шахаад байсан. Тэгэхээр нь ард сууж явсан эрэгтэй арын цонхоо буулгаж байгаад “энд эмэгтэй жолооч байна шүү дээ, эгнээгээрээ яв гэж хэлсэн”, тэгтэл тэр машинтай хүн улам шахаад байхаар нь таксигаар үйлчлүүлж байсан хүн уурлаад “чи болилдоо залуу хүн байж” гээд хэлтэл тэр хоёр хоорондоо маргалдаад бие биеэ элдэв бусаар хэлээд байсан. Тэгээд би урагшлаад уулзвараар нэвт гарах гэтэл түгжирсэн. Тэгээд шахцалдаад байсан машины жолооч үл таних эрэгтэй миний машины зүүн хэсгийн хойд талын цонхийг цохиод байхаар нь ард явж байсан эрэгтэй цонхоо доош буулгатал үгийн зөрөөгүй, надад үйлчлүүлж байсан эрэгтэйн нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Ард явж байсан эрэгтэй машинаас буутал цохисон эрэгтэй машинаас буусан эрэгтэйн эмзэг эрхтэн рүү нь цохиход доошоо гэдсээ дараад уначихсан. Үл таних хүн унасан байгааг нь далимдуулан дээрээс нь хөлөөрөө толгой хэсэг рүү нь удаа дараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 24-26/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед гэрлэн дохионы шар гэрэл нь асахаар нь манай найз залуу машин барьж байсан бөгөөд урдуур нь нэг машин орохоор нь жаахан тулаад очтол тэр машины хойд талын суудалд явсан нэг эрэгтэй зүүн талын цонхоо онгойлгоод зүүн гараараа дохиод байхаар нь манай найз залуу цонхоо онгойлготол тэр хүн “эгнээгээ зөв эзлээд яваач” гээд, элдэв бусаар хараагаад байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр хүнд хандан “танд хамаагүй” гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн жолооч талын толийг маань гараараа цохичхоод урагшаа хөдлөөд явсан. Тэр үед манай найз залуугийн уур нь хүрээд араас нь бууж очоод цонхоор нь тэр хүнийг 2 удаа цохиж байгаа нь харагдсан бөгөөд манай найз залуу буцаж машин дээрээ ирээд хөдлөөд  явах гэтэл тэр залуу машинаасаа бууж ирээд манай машины хамар дээр суухад нүүр хэсгээс нь цус гарсан байсан. ...Тухайн үед манай найз залуу тэр хүнийг машин дотор байхад нь 2 удаа цохиж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Гурвалжингийн гүүрний гэрлэн дохиотой уулзвар дээр иртэл нэг үл таних эмэгтэй ногоон өнгийн куртиктэй саарал малгайтай эрэгтэй нүүр хэсэг нилэнхүйдээ цус болчихсон, зүүн хөмсөгний дээд талд сэтэрчихсэн байсан. ...регистрийн дугаараар нь шүүж үзэхэд зодсон нь Балдандорж гэх эрэгтэй, зодуулсан гэх эрэгтэй нь Цасчихэр гэж ...эрэгтэй байсан ....Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэж өгсөн. Цасчихэрийн нүүрэнд гэмтэл үүссэн байсан бөгөөд зүүн хөмсөгний дээд тал сэтэрсэн, мөн уруул язарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 63-64/,

Шинжээчийн 1572 тоот дүгнэлтэд: “...***ийн биед зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд шарх, дээд, доод уруулын салстад шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 33-34/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 27-28/, хохирогчийн гэмтэл авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 38-47/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 70-86/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүр орчимд хохирогч ***тэй замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцоогүй байдлаас шалтгаалан маргалдаж улмаар нүүрэн тус газарт санаатайгаар гар болон хөлөөрөө цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд шарх, дээд, доод уруулын салстад шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, ***, ***, ***нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь хохирогч ***тэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа маргалдаж улмаар түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь хохирогч ***ийн цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлын талаар баримт хавтаст хэрэгт хавсаргаагүй, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөөгүй тул дээрх хохиролтой холбоотой баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Харин хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолтой, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос сэтгэцэд учирсан хохиролд 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч ***т олгосугай.
  6. Хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР