Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 11

 

 

      

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох

иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Цолмон 

Нэхэмжлэгч Б.Батчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Капитал” банкны Сүхбаатар аймаг дахь салбарын захирал Б.Урантүлхүүр нар оролцов. 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 305 дугаар шийдвэрийг  эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Батчимэгийн давж заалдах гомдлоор хариуцагч Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох “үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №18/01 дугаартай үл хөдлөх хөрөнгөнд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах, үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны анхны үнийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын тогтоосон 995533400 төгрөгийн үнээс явуулах” тухай Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Б.Батчимэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Капитал банктай эвлэрч, Сүхбаатар аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамж гарсан. 

Б.Батчимэг миний эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 17170284/03 тоот шинжээч томилох тогтоолоор томилогдсон, үнэлгээчин Ц.Энхжаргал 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №18/01 дугаартай үнэлгээг хийсэн байх ба үнэлгээний тайланг надад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр танилцуулсан. 

Дээрхи үнэлгээ нь миний газар, үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнээр үнэлсэн байх тул энэхүү үнэлгээнд үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд хандаж байна. Үүнд: 

1. Миний өмчлөлийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ төв 2 давхрын Y-1213002235 улсын бүртгэлийн дугаартай, 000196914 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 443 м2 худалдаа үйлчилгээний зориулалттай хөрөнгийг, мөн миний өмчлөлийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүрийн 1 давхрын Y-1213001551 улсын бүртгэлийн дугаартай, 000187261 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 165 м2 худалдаа үйлчилгээний зориулалттай хөрөнгийг тус тус зах зээлийн жишиг хандлагын аргаар үнэлэхдээ Сүхбаатар худалдааны төвийн барилгын худалдаалагдсан бодит үнийг жишиг болгон сонгож авсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Учир нь Сүхбаатар худалдааны төвийн барилга нь Есөн-Эрдэнэ төвийн барилгаас хийц, байршил, барилгын дотоод, гадаад засал, тохижилтоороо эрс ялгаатай юм. Жишээ нь: Сүхбаатар худалдааны төвийн барилга нь сэндвичэн хана дээвэртэй, пильта шалтай, төв замаас хол бол Есөн-Эрдэнэ төвийн барилга нь цутгамал бетон суурьтай, тоосгоор дүүргэж, шавардаж эмүльсдсэн, паркетан шалтай, төв зам дагуу байршилтай гадаад дотоод засал тохижилтоороо Сүхбаатар худалдааны төвөөс илүү гэж үзэж байна. 

Нөгөө талаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын бүсчлэлээр 1 дүгээр бүсэд хамаарах, худалдаа үйлчилгээний зориулалтай, барилгын хийцийн хувьд ижил төстэй, байршил тохижилтын хувьд ойролцоо худалдааны төвийн талбайн худалдсан болон худалдаж байгаа зах зээлийн бодит үнэ нь 1м2 нь 1.700.000-1.900.000 төгрөгийн үнэтэй байна. Жишээ нь: Есөн-Эрдэнэ худалдааны төвийн замын эсрэг талд байрлах зүүн бүсийн худалдааны төвийн худалдаа, үйлчилгээний 1м2 талбайн худалдсан үнэ 1.700.000-1.800.000 төгрөг, бүсчлэлийн 1 дүгээр бүсийн залуус хотхоны 1 дүгээр давхрын худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайн худалдах 1м2-ын үнэ 1.900.000 төгрөг тус тус байна. Гэтэл үнэлгээчин Ц.Энхжаргал нь барилгын хийц, байршлын хувьд ойролцоо худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн худалдаж байгаа зах зээлийн үнэ байсаар байтал жишиг болголгүй, зөвхөн Сүхбаатар худалдааны төвийн арилжааны жишиг үнийг авч миний хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнээр үнэлсэнд гомдолтой байна. 

2. Миний эзэмшлийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүрийн баруун талын 130200992 нэгж талбарын дугаартай, 0110360 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 766 м2 газрын үнэлгээг иргэдэд өмчлүүлэх газрын үнэлгээгээр тооцсон байна. Гэтэл энэхүү газар нь худалдаа үйлчилгээний зориулалттай газар бөгөөд иргэнд өмчлүүлэх газраас үнэ цэнийн хувьд илүү зах зээлийн үнэлгээтэй гэж үзэж байна. Газар эзэмших эрхийн арилжааны үнийн мэдээлэл олдоогүй нь уг газрын үнийг харьцуулах боломжгүй үнэтэй жишин үнэлэх үндэслэл биш гэж үзэж байна. 

Иймээс миний эзэмшил, өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн үнэлгээг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №18/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тус шүүхийн шүүгчийн захирамжийн хүрээнд хийгдэж буй Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ төв 2 давхрын Y-1213002235 улсын бүртгэлийн дугаартай, 000196914 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 443 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай, Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ төв 1 давхрын Y-121300151 улсын бүртгэлийн дугаартай, 000187261 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 165 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдааны анхны үнийг 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын тогтоосон 995.533.400 төгрөгийн үнээс тогтоож явуулахыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэв. 

Хариуцагч Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Мөнхнаст шүүхэд гаргасан тайлбартаа: 

Сүхбаатар аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 231 тоот шүүгчийн захирамжаар Б.Батчимэгээс 256.999.540 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэжээ. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 17170284 дугаар тогтоолоор үүсгэж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул эрхийн улсын бүртгэлийн 000196914, 000187261, 0116350 дугаарт бүртгэлтэй Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17170284/02 тоот хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин Ц.Энхжаргалыг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргасан. 

Шинжээчийн тогтоосон үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгч Б.Батчимэгт танилцуулж тэмдэглэлээр баталгаажуулсан. 

Иймд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. 

Гуравдагч этгээдээр үнэлгээчин Ц.Энхжаргалыг шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэжээ. 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 305 дугаарт шийдвэрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан  Б.Батчимэгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн албадан дуудлага худалдаанд оруулахаар санал болгосон үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018.01.30-ны өдрийн 18/01 тоот үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үнэлгээчин Д.Алтанцэцэгийн 2018.03.24-ний өдрийн 01/18 тоот үнэлгээний дагуу албадан дуудлага худалдааны анхны үнийг тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Б.Батчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгний 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Б.Батчимэг давж заалдах гомдолдоо: 

1. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийхдээ маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс 4 дахин бага үнэлгээг үндэслэн дуудлага худалдаа явуулахаар тогтоосон. Тодруулбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж төлбөр төлөгч миний эд хөрөнгийн үнэ зах зээлийн ханшнаас бага байгаа эсэхийг үл тоож талуудын эрхийг тэгш хангалгүй зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох зорилгоор ажилласан тул тухайн хууль бус ажиллагааг зогсоолгох, дахин ийм үйлдэл гаргахаас сэргийлэхийн тулд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтад хандаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг урд үнэлсэн дүгнэлт үндэслэлтэй эсэх, өнөөгийн зах зээлийн ханш хэдэн төгрөг байгаа талаарх үнэлгээг гаргуулах хүсэлт гаргасан ба 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн бодит ханшийг 995.533.400 төгрөгөөр гэж тогтоосон. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээнээс даруй 4 дахин илүү гэх дүгнэлтийг гаргасан байдаг ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хийгдсэн шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай, миний эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн нь тодорхой харагддаг. 

2. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын дүгнэлтээр тогтоосон 995.533.400 төгрөгийн үнээс дуудлага худалдааны анхны үнийг тогтоох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасныг зөрчихгүй харин ч өмчлөгчийн эрхийн хуулиар шүүхийн дагуу хамгаалах бололцоог бүрдүүлэх юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах ба шүүх дээрх нотлох баримтад тулгуурлан дуудлага худалдааны анхны үнийг тогтоох нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасантай нийцэх юм. 

Иймд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ төв 2 давхрын Y-12130002235 улсын бүртгэлийн дугаартай, 000196914 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 443м2 худалдаа үйлчилгээний зориулалттай, Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ төв 1 давхрын Y-121300151 улсын бүртгэлийн дугаартай, 000187261 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 165м2 талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны анхны үнийг 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын тогтоосон 995.533.400 төгрөгийн үнээс тогтоож явуулахыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 305 тоот шийдвэрт                                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.Батчимэг нь “миний эзэмшил болон өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлснийг  хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67 дугаар зүйлд заасан ажиллагаа хийсэн байна.

Нэхэмжлэгч дахин 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ төвийн 2 давхарын Ү-1213002235 улсын бүртгэлийн дугаартай 443 м2, мөн төвийн 1 давхарын Ү-1213001551 улсын бүртгэлийн дугаартай 165 м2 худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны анхны үнийг 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын тогтоосон 995533400 төгрөгийн үнээс тогтоож явуулахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж өгнө үү” гэсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 05 сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлжээ./хх-69,70/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа бол түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх учиртай. Гэтэл шүүх хариуцагчид нэмэгдүүлсэн шаардлага гаргасан нэхэмжлэлийн хувийг гардуулж өгөөгүйгээс түүнд хуулиар олгогдсон мэтгэлзэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг  хязгаарласан байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ахмад Б.Мөнхнастад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлаж, танилцуулаагүй нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасныг зөрчжээ. 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 3/431 дугаар албан бичгээр “шүүх хуралдаанд үнэлгээчин Ц.Энхжаргалыг гэрчээр оролцуулах тухай” хүсэлт гаргажээ.  /хх-76/

Энэхүү хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “... шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж заасны дагуу шийдвэрлээгүй байна. 

Иймд анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болсон учраас нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 305 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ

                                            ШҮҮГЧИД                           С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                        Д.БАЙГАЛМАА